Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 88

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0096/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

       Нарийн бичгийн дарга: Н.Энхзул

      Улсын яллагч: Д.Отгонтуяа

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Амаржаргал

  Шүүгдэгч: Г.Ариунболд нарыг оролцуулан            

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Ариунболдод холбогдох 201723000105 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт : Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг 13-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 5 жил 4 сарын хорих ялаар шийтгэгдэж 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдөр 3088 дугаар өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 1 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн суллагдсан, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 7 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Баатар овогт Гаваасамбуугийн Ариунболд /РД: СМ88122511/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:  

Шүүгдэгч Г.Ариунболд нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний орой Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд байрлалтай “Хаан уул” ХХК-ны зүүн талд иргэн П.Өсөхбатын нүүрэнд цохиж өшиглөж боох зэргээр хүч хэрэглэн довтолж 300 000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэг Г.Ариунболд нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний орой Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд байрлалтай “Хаан уул” ХХК-ны зүүн талд иргэн П.Өсөхбатын нүүрэнд цохиж, өшиглөж, боох зэргээр хүч хэрэглэн довтолж 300 000 төгрөгийг дээрэмдсэн болох нь:

Хохирогч Д.Өсөхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Тэгээд архи маань дуусаад Баадай Отгон нар зоогийн газар орж дахиж архи авна гэж хэлээд ороод явсан.Би тухайн үед Ариунболдтой зоогийн газрын гадаа үлдсэн чинь Ариунболд надад юу ч ярихгүйгээр миний нүүр хэсэгт цохиод хамар луу өшиглөөд намайг газар унагаагаад боогоод миний хувцасны энгэрийн халаасанд байсан. Мөнгийг маань аваад явсан.Тэгээд би тэндээсээ гэрлүүгээ явсан.Намайг гэрт очиход хамтран амьдрагч Уранбилэг, бэр эгч Отгонцэцэг нар байсан.Тэгээд би нүүр амаа толинд харахад миний нүүр цус болсон байсан. Миний халаасанд 300000 төгрөг байсан гэсэн мэдүүлэг.....” /хх-ийн 12, 15 хуудас/

Гэрч Н.Уранбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Хамарнаас нь цус гарсан байдалтай хувцас хунар нь шороо болчихсон дээл нь урагдчихсан орж ирсэн гэсэн мэдүүлэг....” /ХХ-ийн 17 хуудас/

Гэрч Ч.Баатархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “.....Өчигдөр шөнө Ариунболд намайг зодоод цамцны халаасанд байсан 300000 төгрөг аваад явсан байна гэж хэлсэн. Нүүрний зүүн шанаа хэсэг нь жоохон цустай байсан гэсэн мэдүүлэг.....” /ХХ-ийн 18 хуудас/

Гэрч С.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....2017 оны 04 сарын 12-ны шөнө гэртээ унтаж байхад манай нөхрийн төрсөн дүү Өсөхбат манай гэрт ирсэн. Тухайн үед Өсөхбатын толгой, малгай нүүр нь цус болсон байдалтай Отгоны дүү Ариунболд гэгчид зодуулчихсан мөнгө төгрөгийг маань Ариунболд авсан гэж орж ирсэн гэсэн мэдүүлэг....” /ХХ-ийн 21 хуудас/

Гэрч Д.Очирпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Тэгээд Ариунболд өөрөө хэргээ хүлээгээд Өсөхбатыг зодож мөнгийг нь авсан талаараа хэлээд Ариунболд би хохирлыг чинь барагдуулж өгье нэг адуу байдас өгье гэж яриад байсан гэсэн мэдүүлэг....” /ХХ-ийн 32 хуудас/

Сэжигтэн Г.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 45 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ариунболдын иргэн П.Өсөхбатын нүүрэнд цохиж, өшиглөж, боох зэргээр хүч хэрэглэн довтолж 300 000 төгрөгийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Өсөхбатад 300 000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч П.Өсөхбат “хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн нотариатаар баталгаажуулсан бичгийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ариунболдын урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж ялтай байхдаа иргэн П.Өсөхбатын нүүрэнд цохиж, өшиглөж, боох зэргээр хүч хэрэглэн довтолж 300 000 төгрөгийг дээрэмдсэн үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “давтан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хассан тул шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа ба  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоогдсон байх тул шинэ хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Баатар овогт Гаваасамбуугийн Ариунболдыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ариунболдыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ариунболдод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ариунболдын цагдан хоригдсон 63 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ариунболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.ГАНЗОРИГ