| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2020/00465/И |
| Дугаар | 148/ШШ2020/00520 |
| Огноо | 2020-08-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2020/00520
| 2020 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2020/00520 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Апекс финанс ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******ын нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 5.406.500 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Апекс финанс ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хүннү, 102-ын 8 давхар, 9 тоотод оршин суух, 68-1 байрны 3 тоотод байрлах хаягтай, Апекс финанс ХХК-д хуулийн зөвлөх ажилтай
******* овгийн *******ийн *******
регистрийн дугаар: ОЛ- 94112214
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 2-154 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
******* овгийн *******ын *******
регистрийн дугаар:ЛЮ-72030119
Хариуцагчийн өмгөөлөгч:А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Апекс финанс ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Апекс финанс ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.*******тай 2044 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч талаас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидукци/-ээр 66-62 УБТ улсын дугаартай, Соната-6 маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.
Зээлдэгч нь гэрээний эргэн төлөлтөд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 600.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 581.250 төгрөгийг тус тус төлсөн.
2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 581.250 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хийсэн бөгөөд үндсэн зээлд 3.750.000 төгрөг үлдсэн. Уг үнийн дүнд зээлийн хүү гэрээнд заасан хувиар тооцогдож эхэлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан.
Зээлдэгчийг гэрээний хугацаа дууссаны дараа удаа дараалан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний хугацаанд хуримтлагдсан хүү, хугацаа хэтэрсэн хоногийн алдангиа төлөхийг шаардсан боловч шаардлагыг хүлээн авахгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, фидуцийн гэрээгээр шилжүүлэн өгсөн ашиглаж буй автомашинаа зээлдэгч /үүрэг хүлээгч/ биет байдлаар зээлдүүлэгч /үүрэг гүйцэтгүүлэгч/-д хүлээлгэн өгөхгүй үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байх тул зээлийн гэрээний үүрэгт дараах мөнгийг шаардаж хариуцагч Б.*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үндсэн зээлд -3.375.000 төгрөг, зээлийн хүүд- 337.500 төгрөг, алданги-1.687.500 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчээс гарсан нотариатын зардал -6.500 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна.
Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтыг баримталж 3.375.000 төгрөгийн алдангийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 100 хоногоор тооцож шаардаж байна. / 1 хоногийн алданги 16.875 төгрөг юм./
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн буруугаас маргаан шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд үүнтэй холбогдон гарсан бүх зардал, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу болон мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан компанийн гэрчилгээ, зээлийн гэрээ, фидуцийн гэрээг нотариатаар хуулбарлан гэрчлүүлэхэд нэхэмжлэгчээс үйлчилгээний хөлс, нотариатын зардалд төлсөн 6.500 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэж түүнийг хариуцагчаар арилгуулахаар шаардаж байна.
Иймд хариуцагч Б.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 5.406.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Апекс финанс ХХК-д олгож өгнө үү! ... гэжээ
Нэхэмжлэгч: Апекс финанс ХХК-ний итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Зээлдэгч Б.******* нь манай Апекс финанс ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 10-ны 2044 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидукцийн гэрээгээр 66-62 УБТ улсын дугаартай, Соната-6 маркийн суудлын автомашиныг Апекс финанс ХХК-ий өмчлөлд шилжүүлсэн байдаг юм.
Зээлдэгч Б.******* нь гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 09-нд 600.000 төгрөг, 10 дугаар сарын 09-нд 581.250 төгрөг, 11 дүгээр сарын 9-нд 562.500 төгрөг төлсөн байдаг юм.
Ингээд үндсэн зээлд 3.750.000 төгрөг үлдэснээс энэ үнийн дүнд зээлийн хүү гэрээнд заасан хувиар тооцогдож эхэлсэн. Б.*******, компани хоёрын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дууссан.
Манай зүгээс зээлдэгчийг гэрээний хугацаа дууссаны дараа удаа дараалан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн гэрээний хугацаанд хуримтлагдсан хүү, хугацаа хэтэрсэн хоногийн алдангиа төлөхийг шаардсан боловч шаардлагыг хүлээн аваагүй, мөн фидуцийн гэрээгээр шилжүүлэн өгсөн өөрөө ашиглаж буй Соната-6 маркийн суудлын автомашинаа ч зээлдүүлэгч болох Апекс финанс ХХК-нд хүлээлгэн өгөөгүй.
Ингээд компаний зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч Б.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3.375.000 төгрөг, зээлийн хүү 337.500 төгрөг, алданги-1.687.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Зээлдүүлэгчийн хувьд алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтыг баримталж 3.375.000 төгрөгийн алдангийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх нийт 160 гаруй хоног байснаас 100 хоногоор тооцож шаардсан юм.
Хоёр талын байгуулагсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар зээлдэгчийн буруугаас маргаан шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд үүнтэй холбогдон гарсан бүх зардал, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу болон мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан компанийн гэрчилгээ, зээлийн гэрээ, фидуцийн гэрээг нотариатаар хуулбарлан гэрчлүүлэхэд нэхэмжлэгчээс үйлчилгээний хөлс, нотариатын зардалд төлсөн 6.500 төгрөгийг нэхэмжлэлд оруулан нийтдээ 5406.500 төгрөгийг Б.Лхагвагаас нэхэмжилж байгаа юм. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсны улмаас шүүхэд материал бүрдүүлж өгөхөд нотариатын зардал мөн нэхэмжлэлдээ нэмж тооцсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү өгнө үү! ... гэв.
Хариуцагч: Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...
...Би авсан зээлээ төлөхгүй биш төлнө гэсэн. Гэхдээ надад хүү алданги төлөх боломж байхгүй. Одоогоор ажил хийхгүй байгаа болохоор алданги, хүү төлөх чадвар надад байхгүй. Миний хувьд гэвэл зээл авснаас хойш хугацаандаа 3 сарын төлөлтөө хийсэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдлээ л төлнө гэж бодож байгаа. Би нийтдээ 1700.000 гаруй төгрөг төлсөн байгаа.
Би зээлийн барьцаанд тавьсан байсан машинаа Налайхын Шийрэвжамц гэдэг хүнд худалдсан юм. Тэр хүн эхний удаад 600.000 төгрөг өгье, үлдсэнийг нь удаахгүй өгнө гэж хэлээд сураггүй болсон. Би энэ талаар зээлдүүлэгч байгууллагад удаа дараа мэдэгдэж хүсэлтээ гаргасан боловч ... та өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдээд манай зүгээс холбогдох бичиг баримт гаргаж өгч болно л гэсэн хариу өгсөн. Тэгээд хоёр ч удаа очиж уулзахад ...Намайг машинаа олоод ир... гэж хэлсэн. Түүнээс биш надад ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх талаар ямар ч юм хэлээгүй. Зээлийн гэрээ байгуулахад би өөрөө гарын үсэг зурсан. Миний хувьд хүү, алдангий төлөхөд хэцүү байна. Үндсэн зээлийг төлнө гэж бодож байгаа... гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ нь:
Апекс финанс ХХК-наас Б.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 5.406.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.******* нь ... Би авсан зээлээ төлөхгүй биш төлнө гэсэн. Гэхдээ надад хүү алданги төлөх боломж байхгүй. Одоогоор ажил хийхгүй байгаа болохоор алданги, хүү төлөх чадвар надад байхгүй... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл: Апекс финанс ХХК, Б.******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2044 дугаартай Зээлийн гэрээ Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидукцийн/ гэрээг байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 66-62 УБТ улсын дугаартай, Соната-6 маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлснээр Б.Лхагва нь 4.500.000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн байна.
Зээлдэгч Б.Лхагва нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөлтөнд 2019 оны 09 дүгээр сарын 09-нд 600.000 төгрөг, 10 дугаар сарын 09-нд 581.250 төгрөг, 11 дүгээр сарын 9-нд 562.500 төгрөг нийт 1.743.500 төгрөгийг төлсөн байна.
Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байн хугацаандаа Б.******* нь өөрийн хэрэглэж байсан, зээлдүүлэгчийн эзэмшилийн машиныг өөр бусдад худалдан борлуулсан ба уг машины мөнгийн авч чадаагүй, цаашид ажил эрхлэх боломжгүй, зээл төлөх тал дээр доголдол гарсан талаараа зээлдүүлэгч компанид удаа дараа мэдэгдэж байсан байна.
Хариуцагчийн зүгээс үндсэн зээлийнхээ үлдэгдлийн төлнө, харин хүү алдангийг төлөхгүй гэж байгаа боловч бусдад машинаа худалдан, үнэ хөлс, машин зэргээ авч чадахгүй болсон гэх нөхцөл нь алданги төлөхгүй байх хүндэтгэн үзэх нөхцөл байдал болохгүй байна.
Харин зээлдүүлэгч Апекс финанс ХХК-нь зээлдэгчийг ...зээл төлөх боломжгүй болсон, ажил төрөлд нь бэрхшээл тохиолдсон ... гэдгийг урьдчилан мэдэгдсэн, гэрээний үүргийг хугацаанд төлөхөд саад учирах болсныг мэдсэн атал зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж хариуцлага тооцон алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон төлүүлэхээр нэхэмжилснийг шүүх хасч тооцон, хариуцагааас үнэдсэн зээлийн үлдэгдэл 3375.000 төгрөг, зээлийн гэрээний дагуу зээлийн 2 сарын хүү 337.500 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцон ирүүлсэн алданги 1687.500 төгрөгний 60 хувь болох 1.012.500 төгрөгийг хариуцуулан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машин нь Н.Хүдэрчулуун гэдэг хүний эзэмшилд байсан тул Б.Лхагва нь хариуцах үнэдэслэлгүй... гэх тайлбар гаргаж байгаа боловч тулуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2044 дугаартай Зээлийн гэрээ Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидукцийн/ гэрээг байгуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 66-62 УБТ улсын дугаартай, Соната-6 маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх гэрээг Б.Лхагва нь өөрөө байгуулан зээл болох 4.500.000 төгрөгийг өөрөө авсан гэх тал дээр маргаагүй байна.
Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Б.*******гаас үндсэн зээлийн үлдэгдэл 3.375.000 төгрөг, зээлийн 2 сарын хүү 337.500 төгрөг, гүйцэтгээгүй үүрэгт тооцсон алданги 1.012.500 төгрөг нийт 4.725.500 төгрөгийг гаргуулан Апекс финанс ХХК-нд олгож, үлдэх 681.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101.454 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвагаас 4.725.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 90.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дугаар зүйлүүдэд зааснаар Б.Лхагвагаас 4.725.500 төгрөгийг гаргуулан Апекс финанс ХХК-нд олгож, үлдэх 681.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 101.454 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лхагвагаас 4.725.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 90.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа
өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
.