2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1435

 

 

     2025         5           29                                         2025/ШЦТ/1435

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Г.Тулга нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2506 01574 0579 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б  нь 2025 оны дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-ын  урд талд байрлах үйл ажиллагаа явуулж буй зочид буудлаас Улиастайн гүүр орох явдцаа хохирогч О-ыг нөхөртэйгээ гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотойгоор хэрүүл маргаан хийж, түүний үснээс нь зулгааж машиндаа суулгаж, толгой, нүүр, бие хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээжинд зулгаралт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэ тойгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 06 цагийн үед би 0-ын урд талын нэг буудлыг эхнэр Б зааж өгсөн орсон чинь Б нь намайг болон нөхрийгөө зодож эхэлсэн. Би гараад зугтах гэсэн чинь Б үснээс барьж аваад машиндаа суулгаж байгаад зодоод эхэлсэн хөдөлвөл 4 өндөр лүү чинь хутга шаана шүү гээд. Тэгээд хоёулаа цуг үхнэ гээд намайг авч яваад Улиастай гүүрний урд ирсэн нэг сэрсэн чинь миний ам руу ус хийж байсан О сэрээчээ гээд тэгж байсан. ... миний үснээс цаг гаруй хугацаанд зулгаасан. Утсаараа миний толгой руу маш их цохисон би тоолж мэдэхгүй байна. Хүзүү хэсэг рүү гараараа баахан цохисон. Зүүн талын гар гуя, хэсэг рүү гараараа хэвлий хэсэг рүү 3 удаа цохисон тэгээд ухаан балартсан байсан тул өөр хаашаа яаж цохисоныг мэдэхгүй байна. ... Улиастайн гүүрэн дээр ирээл миний нүүрэн тус газарт цохиж байхад би ухаан алдсан байсан. Тэгээд сэрэхэд михий хамрын доод хэсэг эрхий хурууны хэсэгт дараад сэрээж байхад би сэрсэн хэсэг зуур ухаа алдсан байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас),

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би О-тай 21 цагийн орчимд уулзаад нэг газар орж ууж байгаад тэндээсээ гараад 0-д байрлах нэг зочид буудал /нэрийг нь мэдэхгүй/ руу орсон. Ороод байж байхад манай эхнэр над руу залгахад нь би утасныхаа дууг нь хаагаад тавьсан ч дууг нь хаах биш дуудлагыг нь санамсаргүй аваад орхичихсон юм билээ. Тэгээд л манай эхнэр Б  нь дахин О бид хоёрыг уулзаж байгааг мэдээд манай дүүгийн утсаар О руу залгаад “та хоёр хамт байгаа юм байна шүү дээ, Г-ыг утсаа ав гэж хэл, Та хоёрыг очиж байгаад ална, Одоо хаана байгаагаа хэл” гэх зэргээр орилж байсан. Утсаа таслахаар нь байдал бишдсэнийг мэдээд О-ыг гаргаж өгөөд таксинд суулгаад явуулсан. Би өөрөө нөгөө буудал руугаа буцаж ороод амарч байсан. Тэгээд унтаж байхад хаалга нүдэхээр нь сэртэл манай эхнэр О-ыг дагуулаад ирсэн байсан. Орж ирээд “та муу хоёртой одоо алалцана" гээд юм хум аваад шидээд байхаар нь эхнэрээ тэвэрч аваад орон дээр дараад О-ыг гараад зугт гэж хэлсэн. О гарч явсны дараа манай эхнэр миний гараас мултраад О-ын араас гарч явсан. Тухайн зочид буудлын өрөөнд орж ирээд О-ыг өшиглөж хойш унагаагаад тухайн өрөөнд байсан эд зүйлсийг О бид хоёр руу шидпээд байхаар нь би очиж дарж авсан. Тэгээд тэр хоёр хөөцөлдөөд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

 Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2301 дугаар: “... 1. О-ын биед тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээжинд зулгаралт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэ тойгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих, чангаах үрэгдэх нидрэгдэх үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дугаар хуудас), 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б  нь 2025 оны дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-ын  урд талд байрлах үйл ажиллагаа явуулж буй зочид буудлаас Улиастайн гүүр орох явдцаа хохирогч О-ыг нөхөртэйгээ гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотойгоор хэрүүл маргаан хийж, түүний үснээс нь зулгааж машиндаа суулгаж, толгой, нүүр, бие хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээжинд зулгаралт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэ тойгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан болно. 

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б  нь 2025 оны дүгээр сарын 17-ны өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0-ын  урд талд байрлах үйл ажиллагаа явуулж буй зочид буудлаас Улиастайн гүүр орох явдцаа хохирогч О-ыг нөхөртэйгээ гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэнтэй холбоотойгоор хэрүүл маргаан хийж, түүний үснээс нь зулгааж машиндаа суулгаж, толгой, нүүр, бие хэсэгт нь гараараа цохих зэргээр гэмтэл учруулсан байна.

Хохирогч О-д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2301 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээжинд зулгаралт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэ тойгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б  нь хохирогч О-ыг зодож түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч О-д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2301 дугаар дүгнэлтээр “тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээжинд зулгаралт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэ тойгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б  нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч О нь хэрэгт баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол, саналгүй, суухгүй” гэжээ.

Гэвч хохирогчид Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0725/2301 дугаар дүгнэлтээр олон тооны гэмтэл тогтоогдсон байх тул өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлэээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой нэг доор ажилладаг. Хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй.  Тус зүйл ангид заасан торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр буюу 450 нэгжээр торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч хоёр бага насны хүүхэдтэй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Б ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид тархи доргилт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний дээд зовхи, зүүн хацар, цээжинд зулгаралт, нүүр, зүүн бугалга, баруун бугалга, баруун сарвуу, зүүн шилбэ тойгт цус хуралт гэмтэл учирсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, Мөнх” караокед зөөгчөөр ажилладаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Хохирогчид О нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ