Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                            Прокурор Д.Ганцэцэг

                                         Хохирогч Ч.Г

                                        Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү

                                        Шүүгдэгч Б.П

                                        Нарийн бичгийн дарга Б.Дашдэмбэрэл нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн давж заалдах гомдлоор Б.Пд холбогдох эрүүгийн 2026000710238 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.П нь хохирогч Ч.Г-г 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвд байрлах ажлын өрөөндөө зодож дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд үүссэн цус хуралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч гэцэл овгийн Б.П-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн  хугацаанд  сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1125000 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Г нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Ч.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ч.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Б.П-д холбогдох 2026000710238 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.П бид хоёр гэр бүл болж бидний дундаас 1 хүүхэд төрж, хуримаа хийж хамт амьдарч байсан. Гэр бүлийн хүчирхийлэл болон Б.П-гийн зохисгүй зан ааш, гэр бүлээс гадуурх харилцааны олон удаагийн үйлдлээс шалтгаалж 2020 оны 02 дугаар сарын 17-нд шүүхээс хүүхдийн асрамжийг надад тогтоож, Б.Пгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэж бид тус тусын амьдралтай болсон. Б.П хүүхдийн тэтгэлгийн мөнгөнөөс болж намайг дандаа үг хэлээр доромжилдог болсон. Эмнэлэгт үзүүлж гэмтлээ тогтоолгож байгаагүй болохоос 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө Б.П удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Надад хүнд гэмтэл учруулсан хэргийг шалгах үед гэмтлийн эмнэлэг болон шүүхийн шинжээч эмчид үзүүлсэн учир өмнөх гэмтлүүд эдгэрсэн байсан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан. Уг хуулинд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг 5.1.1-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж заасан. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж заасан байхад прокурор, шүүхээс Б.П-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээгүйд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэснийг 11.1 дүгээр зүйлийн 2.1-т болгон өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Хохирогч Ч.Г нь байнга хүчирхийлэлд байдаг байсан талаар ярьж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байдаг гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүчирхийллийн шинж нь байнга гэсэн шинжийг агуулж байдаг. Дээрх шинж нь үйл баримтаар тогтоогдоогүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Х, Э нарын мэдүүлэгт тухайн өдөр болсон үйл явдал Ч.Г болон Б.П-гийн хувийн таарамжгүй харилцааны улмаас болсон гэдэг нь харагдаж, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байгаа. Хохирогчийн буруутай үйлдэл буюу Б.П-гийн ажил дээр нь байнга очиж хэрүүл маргаан үүсгэсэн нөхцөл байдлууд хавтаст хэргийн материалиас харагддаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогч Ч.Г-с гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.П-гийн ажил дээр очдоггүй байсан. Намайг байнга ажил дээр нь очиж шаналгаж байсан гэж ярьж байна. Би хэзээ ч тэгж байгаагүй. Миний гэр бүл салж сарниад байж байхад би үр хүүхдээ бодож Б.П-тэй уулзахыг бодно. Гэрт нь очихоор хаалгаа онгойлгож өгдөггүй. ...Би Б.П-д хоёулаа уулзъя гэсэн хүсэлтийг тавихад Б.П над руу дайраад өрөөнд байсан хоёр хүн гараад явсан. Тэрнээс биш би хэрүүл хийгээгүй. Хадгийг нь шидэж өгөөгүй, би гараа компьютерын ширээн дээгүүр тавихад Б.П хоёр гараараа тосоод авч байсан. Би гуйсан хадгаа ав гэсэн болохоос гуйлгачин аавынхаа хадгийг ав гэж хэлээгүй. Удаа дараа сэтгэл санааны цочиролд оруулсан гэх юм. Тэгвэл Б.П намайг 5 жилийн хугацаанд өчнөөн муухай үгээр хэлж миний ар гэрийг ч гэсэн адилхан доромжилж дээрэлхэж байхад нь би яагаад сэтгэл санааны хохиролд ороод өөдөөс нь барилцаад авч болоогүй юм. Намайг зодож байхад би биенд нь битгий хэл хувцсанд нь ч гар хүрч байгаагүй. Хэрүүл хийсэн ч гэсэн миний эр нөхөр гээд хүндэлдэг байсан. Би Б.П-г чи тэглээ ингэлээ гэж хэрүүл хийдэг болохоос биш, чи гуйлгачин гэж хэзээ ч хэлж байгаагүй. Хүнийг арай дэндүү гүтгэх юм. Би цагдаад Энхцэцэгийн талаар гомдол гаргахад хэргийг нуун дарагдуулсан. Хэргийг нуун дарагдуулчихаад гадуур баахан яриа тараагаад яваад байх юм. Би машин авч өгдөг хүн болчихоод явж байна. Би энэ талаар цагдаад гомдол гаргахад цагдаа нь хүлээж авахгүй эрүүгийн хэрэгтэй холбогдолтой болохоор шүүх хамт шийднэ гээд өчигдөр буцаасан. Би тэгэхээр одоо хаана гомдол гаргаад шийдүүлэх юм мэдэхгүй байна. Р.Шүрхүү өмгөөлөгч хүнийг сэтгэл санааны цочролд оруулсан гээд сонин зүйлийг ярьдаг. Би 5 жил тэвчиж гүрийчихээд, миний гэр бүл нураад унаж байхад дөрвөн удаа ажил дээр нь очоод уулзаж болно биз дээ. Б.П ганц ч удаа уулзахгүй хүүхдээсээ зугтаадаг. Хоёрын хоёр хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож эрүүл мэндээр нь тоглочихоод 10 000 000 төгрөгийн торгуулийг улсад төлчихөөд зүгээр ажлаа хийгээд ямар ч шийтгэл хүлээхгүй явж байна. Би тэр 10 000 000 төгрөгийг чинь өр зээл тавиад олоод өгчихье. Миний эрүүл мэндийг төлөөд өгчихөөч, миний хохирлыг барагдуулж чаддаггүй юм бол ядаж миний гомдлыг барагдуулж өгөөч гэж хүсэж байна. Би анхан шатны шүүхээс ийм шийдвэр гаргана гэж бодоогүй. Эцсийн эцэст би насаараа эрэмдэг зэрэмдэг болчихлоо, Б.П 10 000 000 төгрөгийн торгуулиа төллөө гэхэд би эрүүл мэндээ яах вэ. Би нялх нойтон хүүхэдтэй ажил төрөл яаж хийх юм, хүүхэд харах хүн байхгүй байхад намайг дарамталсан. Миний бие махбодид халдсан уу, халдсан, санхүүгийн дарамтад оруулж байсан уу, оруулж байсан, намайг гутаан доромжилсон уу, доромжилсон, үл хайхарсан уу, үл хайхарсан, тэжээхээс зайлсхийсэн үү, зайлсхийсэн. Надад мянган төгрөг ч өгч байгаагүй. Би Б.П-г ямар цалин авдаг талаар мэдэхгүй. Ингэж байхад яагаад энэ хэрэг нь хүндэрдэггүй юм. Гэр бүлийн хүчирхийлэл биш юу юм бэ. Би ухаан алдаж унаад ухаан санаа орж гараад байна. Би өөрийгөө удирдах чадваргүй болох гээд байна. ...Гомдлоо дэмжиж байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би Б.П-гийн эрх ашгийг хууль зүйн үүднээс хамгаалж шүүх хуралдаанд оролцож байгаа. Хохирогч эхлээд Б.П рүү гомдолтой байна гээд дайраад байдаг байсан. Одоо над руу дайраад байх юм. Би эд нарын хооронд болсон асуудал болон ямар харилцаатай байсан талаар мэдэхгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримт болон үйл баримтыг харахаар үнэхээр эргэлзээтэй байгаа. ...Сэтгэл санаа нь цочрон давчидсан талаарх зүйлүүд байдаг... Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэслэлийг хохирогч өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж тавьсан. Тухайн асуудлыг прокурор шалгаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээгүй, хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Ажлаа хийгээд сууж байгаа хүн дээр хохирогч очиж янз бүрийн асуудал үүсгэснээс болоод энэ хэрэг үйлдэгдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хуулийг буруу хэрэглэлгүй хуульд заасан ялыг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Гтэй 2018 оны 10 сард хуримаа хийсэн. Албан ёсоор гэр бүлээ батлуулсан зүйл байхгүй. 14 хоноод Ч.Г нь хүүхдээ аваад намайг хаяаад явсан. Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас болж сэтгэл санаагаараа би хохирсон. Хурим найр хийчихсэн гээд найз нөхөд маань гэрт ирлээ гэхэд гэрт хүн байхгүй байхад надад үнэхээр хэцүү байсан. ... Асуудал даамжраад мессеж бичиж дарамталж Өвөрхангай аймгийн фэйсбүүк групп рүү миний зургийг оруулаад муулаад янхан банзлаар нь дууддаг. Манай аав, ээжийг гуйлгачин түүлгэчин гэж дууддаг. Танайхан шиг гуйлгачин хүмүүс байдаггүй юм манай ээжийг харж байгаа биз дээ, би бол ээжээсээ мөнгө аваад амьдарчихдаг. Танайхан юу ч үгүй болохоороо хүүхэддээ хэдэн төгрөг олоод өгч чадахгүй гэж хэлж байсан. Тухайн үед байшин бариад хэдэн төгрөгийн өртэй байсан юм. Өрнөөсөө болоод хааяа бухимддаг асуудал надад байсан. Намайг бухимдах болгонд намайг дарамтлаад байхаар нь 2019 оны 08 сард манай аав, ээж намайг чиний нас чинь явлаа одоо амьдралаа бодоо наад хүн чинь ирэхээсээ өнгөрсөн юм байна гэж хэлсэн. Ч.Г ч өөрөө манай аав, ээжид эртхэн хүүхдийнхээ амьдралыг бодоорой, би бол хэзээ ч танайд дахиж очихгүй шүү гэж хэлсэн байсан. Би нэг хүнтэй үерхээд хүүхэдтэй болсноос хойш Ч.Г намайг дарамтлаад болох болохгүй үгээр дайрч гэрийн хаалга, цоож эвдээд байдаг. Би түрээсийн байранд байдаг. Эвдэлсэн болгоныг нь би өөрөөсөө мөнгө гаргаж янзлуулдаг. Ажлын байран дээр удаа дараа ирж хүнд үйлчилж байна гэж ерөөсөө бодохгүй. Ажлын өрөөнд орж ирээ л гуйлгачин түүлгэчин, янхан банзал, хөгшин хүүхэнтэй явалддаг гээд янз бүрээр хэлж удаа дараа дарамт шахалт үзүүлсэн. Хэрэг болсон өдрийн урд өдөр би хоёр хүнд шийтгэл бичээд хялбаршуулсан журмаар арга хэмжээ авч байсан гэтэл шийтгэх хуудас болон бүх материалуудыг маань бүгдийг аваад зугтаасан. Тэгээд би цагдаад өгч байж орой нь авчруулсан. Дараа нь манай ажил дээр дахиж орж ирээд миний албан хэрэгцээнд хэрэглэдэг байсан компьютер, принтер, техник тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь авч шидэж, утсыг нь тастаж намайг ороолгоод маргаан болж цагдаад мэдэгдэж байсан. Би цагдаа дээр очоод хүүхдийн маань ээж нь юм гэж бодоод ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлээд байгууллагын даргаасаа гуйгаад ингээд өнгөрөөчихье хариуцлага тооцогдоод эрүүгийн хэрэг болох юм байна гээд Ч.Гийг бодож байсан үе надад байдаг. Хэрэг болсон өдөр манай өрөөнд орж ирээд манай аавын бэр гуйсан хадгийг миний өөдөөс шидээд чи гуйлгачин аавынхаа тавьсан хадгийг ав, би танайд эргэж очихгүй гэж хэлж байсан. Чи ер нь надтай амьдар, надтай буцаж нийлэхгүй бол би чамайг шоронд ямар нэгэн байдлаар явуулна чи сайнаа үзэхгүй гэдэг. Иймэрхүү удаа дараагийн дарамт шахалт ирэх болгонд надад үнэхээр хэцүү байдаг. Тайван ч ажлаа хийж чадахгүй байна. Сүүлдээ манай ажлынхан хүртэл Ч.Гийг ажилд дээр ирэхэд яана нөгөө хүн чинь ирж байна чи нуугдах уу? зугтаах уу? гэж хэлдэг. Хохирогчийн зүгээс үзүүлж байгаа шахалт дарамт болон намайг сэтгэл санаагаар хохироож байгаа байдал маш их байсан. Би үнэхээр тэвчиж чадахгүй 2-оос 3-н удаа цохисон асуудал байгаа. Харин би хана мөргүүлсэн талаараа санадаггүй, уурандаа мөргүүлсэн байж магадгүй. Би хэргээ хүлээхгүй, би хана мөргүүлээгүй гэж байгаа зүйл биш. Дараа нь Ч.Гийн нүүрний тухайн үеийн зургийг харж байхад духан дээр нь байдаг бөөрөнхий сорвиноос болоод хүнд гэмтэл үүсчихэв үү? гэж бодсон. Тухайн үед гартаа бөгжтэй байсан бөгжөөрөө цохьчихов уу? гэж олон талаас нь бодож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Бундын Пүрэвсүрэн нь хохирогч Ч.Гийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвд байрлах ажлын өрөөндөө зодож дух ясны шугаман хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэнд цус хуралт гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Г, гэрч Б.А, Г.М, Б.Э, Л.У, Д.Д, шинжээч эмч Э.Хүрэлсүх, Б.Ундармаа нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 103, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 152, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 745 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хохирогч Ч.Г нь шүүгдэгч Б.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хэргийг буруу зүйлчилж ял шийтгэл оногдуулсан, шүүгдэгч хохирлыг барагдуулж чадаагүй талаарх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.П нь хохирогч Ч.Гийг гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, байнгын шинжтэй үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй, харин нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан болсон өөрөөр хэлбэл хохирогч нь шүүгдэгчийг ажлын өрөөндөө, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Монгол ёс заншлын дагуу бэр гуйхдаа эцэг эхэд нь барьсан хадгийг нь буцаан өгч маргалдсанаас болж гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг үйлдэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй.

Анхан шатны шүүх нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Пг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Шүүгдэгчээс нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг хохирогчид төлсөн, анхан шатны шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн байгаа зэрэг нь шүүгдэгчийг хохирол барагдуулж чадаагүй гэж үзэх боломжгүй. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Г-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.