Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022.10.10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Д.Б-ааг албан тушаал бууруулан сургалтын менежерээр томилжээ.

3. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 10 сарын 20-ны өдөр ирүүлсэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

 4. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэж Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн захирамжаар захирлаар томилогдон ажиллаж байсан. Захирлаар ажиллаж байх хугацаандаа зохих хэмжээний ажил үүргээ хийж  гүйцэтгэсэн. 2022 оны 10 дугаар сарын 10-нд Улаангом сумын Засаг даргын захирамжаар захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн шалтгааныг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Г-ийг Улаангом сумын Засаг дарга болсны дараа анх удаа очиж уулзсан.Тэр үед “ажлаа сайн хийгээрэй, хүнээр дарамтлуулахгүй, хариуцсан ажилдаа үр дүнтэй ажиллах, ажлын төлөвлөгөөгөө гаргах, хариуцлага тооцох, тэтгэвэрт гарч байгаа хүний судалгааг гаргаж ирүүлэх” зэрэг чиглэлийг өгсөн. 12 дугаар сард бид нарын ажлыг дүгнэж 35 хувийн урамшуулал өгсөн. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө 1 дүгээр сарын 15-нд батлуулаарай гэж хэлэхэд тэр өдөр яваад очсон. Бүх захирлуудын төлөвлөгөөг батална гэж хэлээд батлахгүй хойшлуулсан. Ганцхан шинээр томилогдсон Буянтогтох гэдэг захирлын төлөвлөгөөг батална гээд баталсан. 01 дүгээр сарын 17-нд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж сумын ИТХ-ын дарга Ганцогтоор батлуулаарай гэж хэлэхэд төлөвлөгөөг боловсруулж батлуулсан. 2022 оны 2 дугаар сарын 14-нд энэ хүнийг ажилд аваарай гэж нэг хүний өгсөн. Тэр хүнийг нийгмийн ухааны багшаар аваарай гэсэн байсан ба орон тоо байгаагүй. 2022 оны 2 дугаар сарын 21-нд Улаангом сумын Засаг даргаар төлөвлөгөөгөө батлуулах гэж очиход бүх цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөвлөгөөг баталж дууссаны дараа батална гээд намайг буцаасан. 7 хоногийн дараа 2-р цэцэрлэгийн эрхлэгч, 5 дугаар сургуулийн захирал хоёр төлөвлөгөөгөө батлуулахгүй үлдсэн байна гэж над руу нэг захирал ярьж төлөвлөгөөгөө батлуулаарай гэж хэлсэн. Тэгээд яваад очиход цэцэрлэгүүд дээр ажилтай явна  гээд гараад явчихсан байсан. Би 3 цагаас 5 цаг хүртэл нь үүдэн дээр нь сууж хүлээсэн. Би сууж байгаад өнөөдөр ажилтай юм байна гэж бодоод явсан. 3 дугаар сарын 01-нд намын баярын өдрөөр нааштай хүлээж авах байх гэж бодоод очиход хамтарч ажиллахгүй хүний төлөвлөгөөг батлахгүй гэж хэлсэн. Батлахгүй бол захирамжаа гаргаад өгчих гэхэд та судалгаа гаргаагүй байна гэж хэлсэн. Тэгэхэд би ямар учиртай судалгаа юм бэ гэхэд тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгаа гэж хэлсэн. Гэтэл би 2022 онд тэтгэвэрт гарах хүмүүсийнхээ судалгааг өгчихсөн байсан. 3 дугаар сургуулиас судалгаа ирэх ёстой тэрийг хүлээж байгаад хариу өгнө, та нартай уулзана гэж хэлсэн. Намайг “Та 4 сард 55 нас хүрсэн байна” энэ судалгаанд таны нэр байхгүй байна гэж хэлсэн. Би болохоор Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиар 56 нас 3 сартай буюу ирэх онд гарах ёстой гэсэн. Та ажлаа авсан бол өгч сур гэж хэлээд намайг гаргасан. Захирлуудыг 3 дугаар сарын 30-нд тайлангуудаа тавь гэж хэлсэн. Миний төлөвлөгөөг батлаагүй байсан ч гэсэн засаг даргын зөвлөлийн гишүүдэд тайлангаа тавья гэж хэлээд тавьсан. Тайлангаа тавьсны дараа 4 сард бид нарт урамшуулал олгосон.2022 оны 8 дугаар сарын 04-нд  дарга дуудаж байна гээд бичиг хэргээс нь ярьсан.Яваад очиход та элсэлтийн ерөнхий шалгалтын чанарын үнэлгээгээр байр ухарсан учраас сургалтын менежер хий. Багш нартаа арга хэмжээ аваагүй. Тийм учраас таныг 2 жилийн хугацаатай сэлгүүлэн ажиллана. Ийм зохицуулалттай хууль байдаг юм байна. Үүнийг зөвшөөрөхгүй бол танд арга хэмжээ авна гэж хэлсэн. Би ирэх хавар тэтгэвэртээ гарах  учир 9 сарын 01-ний нээлтээ хийчихье гэж хэлсэн. Засаг дарга хоёулаа 9 сард уулзъя гээд гаргасан. Гантөмөр даргын утсыг хадгалаад авчихсан байсан. Хэзээ над руу утасдаж дарамтлах бол гэж бодож нэг жилийн хугацаанд түгшүүртэй ажилласан. 2022 оны 10 дугаар сарын 10-нд Засаг дарга Ц.Г нь 6-7 хүний бүрэлдэхүүнтэй ажил дээр ирээд танд сахилгын шийтгэл оногдуулж байна гэсэн захирамжийг уншсан. Тэр захирамжаа надад өгөх гэж байгаад нягтлан Түвшинтөгсөд өгсөн. Одоо хүртэл надад уг захирамжаа гардуулж өгөөгүй. Яагаад гомдолтой байна вэ гэвэл намайг ажлаа 7 хоногийн дараа, сарын дараа өгөөрэй гээд хугацаа заагаад ёс зүйтэй авсан бол надад гомдох зүйл байхгүй байсан. Би боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан. Элсэлтийн ерөнхий шалгалт, чанарын ерөнхий үзүүлэлтээр албан тушаал бууруулж байгаа нь зохимжгүй байна. Намайг менежерүүддээ арга хэмжээ ав гэж хэлсэн.  Элсэлтийн ерөнхий шалгалт нь 6 сард болсон. Тэгээд би 9 дүгээр сард чанарын үнэлгээгээрээ доош орсон багш, менежерүүддээ арга хэмжээ авсан. Хариуцсан сургалтын менежер, дундын менежерийг ажлаас нь чөлөөлсөн. Чанарын үнэлгээгээр бусад төвийн сургуулиуд манай дараа, урд орсон нөхцөл байдлууд байгаа. Урьд өмнө нь надад ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулахгүй байж байгаад гэнэт ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.Би гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулах гэж 6-7 удаа явсан. Эцэст нь өөрөө төлөвлөгөөгөө батлуулаагүй гэсэн үндэслэлээр хариуцлага тооцсон. Би ИТХ-ын даргаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөгөө 2 хувь батлуулж өөрт нь нэгийг нь өгсөн. Түүнийг Улаангом сумын Засаг даргын зөвлөлийн гишүүд нь мэдэж байгаа. Хэрвээ би батлуулаагүй байсан бол надад аль хэдийн хариуцлага тооцчихсон байх ёстой. Манай байгууллага дээр шалгалт ирэхэд би сайдад өргөдлөө өгсөн. Сайд намайг ажлын дарамт шахалтгүй ажиллуулах талаар аймгийн Засаг даргад чиглэл өгсөн. Би өөрийгөө алдаа дутагдал гаргалгүй ажилласан гэж үзэж байна. Би хүний нутгийн хүн. Энэ нутагт ирээд дотуур байрны багшаас ажлын гараагаа эхэлсэн. 2016 оноос 5 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан. Намайг сэтгэл зүйн дарамтгүй тэтгэвэрт нь гаргачихсан бол зүгээр байсан юм болов уу гэж бодож байна. 2023 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарахаар материалаа төсөвт суулгуулахаар өгчихсөн байгаа.Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна...” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Маргаан бүхий захиргааны акт нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/26 гэсэн захирамж байгаа. Захирамжийн үндэслэл нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 гэсэн 2 заалтыг үндэслэж гаргасан байдаг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д засаг даргын захирамж гаргах бүрэн эрхийг заасан учраас үүн дээр яриад байх зүйл байхгүй.Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-ийг баримталж энэ захирамжийг гаргахдаа ажлын үр дүн буурсан гэж үзэж гаргасан байдаг. Миний үйлчлүүлэгч сая тайлбартаа гэрээ байгуулаагүй гэдэг шалтгаан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны дотор байгуулах ёстой. Харин гэрээ байгуулах үүрэг бол аль аль талд нь байгаа. Улаангом сумын боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны талаар Гантөмөр дарга нь өөрийн гэсэн хүлээсэн үүрэгтэй учраас энэ үүргээ биелүүлэхийн тулд сургуулийн захиралтай гэрээ байгуулах үүрэгтэй. Тийм учраас ганцхан Бэрхмаа захирлыг гэрээ байгуулаагүй, гэрээгээ өөрөө авч ирж батлуулах ёстой гэж хэлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь гэрээгээ батлуулах гэж удаа дараа авч очсоноо тайлбарлаж хэлж байна. Гэрээ авч очихгүй байх тохиолдолд Гантөмөр дарга нэхэж шаардаж гэрээг байгуулах ёстой. Чанарын үнэлгээ буурсан гэдэг дээр урьд жилүүдийн нөхцөл байдлыг бодож үзэх ёстой байсан. 2019, 2020, 2021 онуудад ковид-19 цар тахлын ид үе байсныг бодох хэрэгтэй. Сургууль ихэнхдээ цахимаар хичээллэж байсан. Ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд харгалзаж үзэх нэг зүйл байсан. Тус сургууль нь дотуур байртай. Ихэнх нь Улаангом сумын 8-р баг, 2-р баг, Түргэн, сагил сумууд зэрэг хөдөөгийн  хүүхдүүдээс их байдаг. Энэ хүүхдүүд нь цахимаар хичээлд хамрагдах боломж нөхцөл байгаагүй. Үүнээс шалтгаалаад буурсан байхыг үгүйсгэхгүй. БСШУС-ын 2019 оны журам батлах тухай А/803 тушаал гарсан. Энэ журмын хавсралтад Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг үнэлэх журмын 7.2-т хөндлөнгийн үнэлгээгээр байр эзлүүлэхийг хориглосон. Энэ үнэлгээг эрх бүхий байгууллагаас 5 дугаар сургуулийн үйл ажиллагаа доголдолтой, болохгүй байна гээд эцсийн байдлаар дүгнээд гаргасан зүйл байдаггүй. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т сумын засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасан.Боловсролын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу Б-г чөлөөлөх тухай Боловсролын газрын даргатай зөвшилцсөн зүйл байхгүй.Хөндлөнгийн үнэлгээний байгууллагын холбогдох дүрэм журмыг баримтлаагүй. Бэрхмааг ажлаа хийж чадахгүй байна гэсэн эрх бүхий байгууллагаас ямар нэгэн дүгнэлт гараагүй байхад энэ захирамжийг гаргасан. Захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэлтэй байх гэсэн энэ зарчмын шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 4.2.6-т оролцогчдын эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн зарчмуудыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоосон ямарваа нэгэн зүйл байхгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчдод сонсох ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдээгүй. Мөн сөрөг үйлчлэл бүхий захиргааны актыг гардуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн захирамжийг өнөөдөр хүртэл гардуулаагүй байна. Засаг дарга нь албан тушаал бууруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсгийг үндэслэсэн. Харин мөн хуулийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Гэтэл ажлын үр дүн буурсан гэж үзэж байгаа үндэслэл нь гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод дурдсан зүйл байна уу? гэхээр байхгүй байна. Ийм үндэслэл байсан бол маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэ хэсгийг дурдах ёстой. Боловсролын газраас чанарын үнэлгээ хийсэн баримтыг хэзээ мэдсэн бэ гэж асуухад 8 сард мэдсэн гэж хариулсан. Харин хавтаст хэрэгт авагдсан баримтад чанарын үнэлгээг гаргасан баримтад огноо байхгүй, зүгээр хүснэгтэн мэдээлэл байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна заасан. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан. Д.Б-ийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай мэдэгдсэн, тайлбар авсан зүйл байхгүй байна.Тийм учраас миний үйлчлүүлэгч Бэрхмаагийн хуучин эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дэмжиж байна” гэв.

6. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Сая хэлсэн тайлбарыг нь сонслоо. Надад хүнийг дарамталдаг, хүн рүү ширүүн үг хэлдэг ёс суртахуун байдаггүй. Одоо надтай хамтарч ажиллаж байгаа Улаангом сумын Засаг даргын тамгын газар, ИТХ, урд нь хөдөлмөр халамжийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан үеийн бүх хүмүүс гэрчилнэ. Ялангуяа хамтарч ажиллаж байгаа байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын  нийгмийн асуудлыг шийдэх, төрийн албан хаагчийг түргэн шуурхай, нээлттэй хүртээмжтэй үр дүнтэй явуулах тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Ямар үндэслэлээр албан тушаал бууруулсан бэ гэвэл гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй. Яагаад батлаагүй бэ гэвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэг ч ажил тусгаагүй байсан. Энэ ажлаа Улаангомын сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөр батлуулж, төлөвлөгөөндөө тусгаж ир гэж хэлсэн. Хоёрдугаарт, тухайн байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах тал дээр гүйцэтгэлийн төлөвлөгөөнд туссан зүйл байхгүй байна. Гуравт, багш нарынхаа ёс зүйг яаж дээшлүүлэх, энэ талаар яаж хамтарч ажиллах талаар гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусгаж ир гэсэн шаардлагуудыг тавьсан. Бусад сургуулиудын захирлууд хугацаандаа авч ирээд батлуулсан. Бэрхмаа захирал нь Засаг дарга намайг дарамталлаа гэж хэлж байна. Шүүхийн танхимд зөвхөн үнэнийг хэлдэг гэж боддог. Нэхэмжлэгч та үүнийг баримттай хэлэх ёстой. Баримтгүй бол хүнийг гүтгэсэн, нэр төрд халдсан гэж үзэж байна.Би зүй ёсны шаардлагаа тавьсан гэж бодож байна. Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль нь 2021-2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноогоор 19 сургуулиас 16 дугаар байранд орж 10-аад байраар хойшилсон үзүүлэлтэй байна. Боловсрол шинжлэх ухааны газраас  зохион байгуулсан чанарын үнэлгээний нийлбэр дүнгээр 30 сургуулиас 20-д орсон. Сургалтын чанар яагаад муудаж байна. Үүнээс болж ард түмний хүүхдүүд хохирох вий гэж дуудаж хэлсэн. Харамсалтай нь нэхэмжлэгч хүний үг авахгүй, нөхрөө дуудаж ирүүлээд  манай өрөөнд бөөн хэрүүл болсон. Намайг зодох гэж дайрахад манай албан хаагчид орж ирж салгаж авсан.  Би бол зүй ёсны шаардлага тавсан. Та хариуцлагатай алба хашиж байгаа, хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулах ёстой. Монгол улсын ирээдүйн боловсон хүчин, сэхээтнүүдийг төрүүлэх ёстой сургуулийг удирдаж байгаа захирал хүн ёс зүйтэй байх ёстой. Та байж байгаад Кызыл, Тува руу явахаа боль гэж анхааруулж хэлсэн. 10 сараас хойш 3 удаа сургуулийн захиралдаа мэдэгдэхгүй 6 удаа хил давсан байсан. Танд хаалттай сануулах арга хэмжээ авсан. Төрийн алба бол ёс зүйтэй, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг байх ёстой гэж хэлсэн. Би ийм шаардлагуудыг тавьсан. Би өөрт нь шаардлага тавихаар сургууль дээрээ очоод бүх багш нартаа хариуцлага тооцож цалингийн арга хэмжээ авч, сануулж, сургалтын менежерүүдээ бүгдийг нь ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулсан байдаг. Байгууллагыг удирдана гэдэг бол дарга менежерээс бүх зүйл шалтгаалдаг. Та удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж чадаагүй. Тийм учраас та хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Зөвхөн сургалтын менежерүүд нь хариуцлага хүлээгээд захирал нь цэвэрхэн үлдэж болохгүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй хүн яаж ажил хийх вэ гэдэг асуудал байна. Сургууль дээрээ очоод хамт олноороо ярилцаад шийдвэр гаргах асуудал байх байтал шууд очоод менежерүүдээ албан тушаал бууруулаад цалингийн арга хэмжээ авсан. Ийм учраас би өөртэй нь уулзаад бүх багш, менежерүүдийг нь цуглуулж өөрт нь албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Яагаад албан тушаал бууруулсан бэ гэвэл чанарын үнэлгээ буурсан, мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулахгүй ажилласан. Энэ хүнийг тэтгэвэрт гарах гэж байсныг мэдэж байсан учраас чөлөөлөхгүйгээр албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Нөхөр нь надтай 10 сард уулзахдаа Гантөмөр ахын дүү багш нарын баяр өнгөрүүлээд Бэрхмаа эгчээ чөлөөлж өг гэж хэлсэн. Би он гараад чөлөөлье гэж бодож байсан. Гэтэл нөхөр нь өөрөө тэгж хэлсэн учраас Бадрал гэдэг менежерийг дуудаж авч ирээд та үүрэг гүйцэтгэгчээр ажиллах зүй ёсны цаг ирлээ. Би танд итгэл хүлээлгэе. Сургалтын чанарыг энэ хаврын элсэлтийн шалгалтаар унагаавал танд хариуцлага тооцно гэж бүх багш менежерүүдийн өмнө хэлсэн. Бид нарын хийж байгаа ажил хөрсөн дээрээ бууж, иргэд үр шимийг нь хүртэж байх ёстой ажил. Энэ шаардлагын үүднээс би ийм арга хэмжээ авсан.Ажлын үр дүн буурсныг ковид-19 цар тахалтай холбож тайлбарласан. Хэрэв ковидоос болсон бол бусад сургуулиудын чанар адилхан унана. Чандманы сургууль бол туршлагатай сайн сургууль. Хүүхдүүд нь потенциал сайтай хүүхдүүд байдаг. Гол нь заах арга зүй, тухайн сургалтын орчныг ямар арга зүйгээр хангаж ажиллах вэ гэдэг нь дутагдсан. Ажилдаа хариуцлагагүй, удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж чадахгүйн улмаас сурагчдын чанар муудаж, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, багш ажилчдын чанар муудсан.Тийм учраас энэ арга хэмжээг авч албан тушаал бууруулсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлөөс сонгож хэрэглэнэ гэж заасны дагуу арга хэмжээ авсан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022.10.10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “..захирлын ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсрол,шинжлэх ухааны газрын санал аваагүй, сонсох мэдэгдэх ажиллагаа хийгээгүй,элсэлтийн шалгалтын дүнгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар олон удаа хандсан байхад батлуулаагүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэх хугацаа өнгөрсөн...” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

4. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас “...Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй, Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн чанарын нэгдсэн үнэлгээний нэгдсэн дүнгээр нийт 30 сургуулиас 20 дугаар байрт орсон, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хэмжээст онооны дунджаар 19 сургуулиас 16 дугаарт эрэмбэлэгдэж сургалтын чанар буурсан, хамт олноо удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж чадаагүй...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

5. Нэхэмжлэгч Д.Б нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн Б/45 дугаар захирамжаар Улаангом сумын Чандмань-Эрдэм ахлах сургууль буюу одоогийн 5-р сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

6. Маргаан бүхий акт болох Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Д.Б-г ажлын хариуцлага алдаж сүүлийн жилүүдэд хариуцсан сургууль нь сургалтын чанарын үзүүлэлтээр аймгийн хэмжээнд доогуур байр эзэлж,хамт олноо удирдлага арга зүй,зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй гэж үзэн албан тушаал бууруулан сургалтын менежерээр томилж шийдвэрлэжээ.

7. Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас гаргасан 2021-2022 оны хичээлийн жилийн чанарын нэгдсэн үнэлгээний нэгдсэн дүнгээс үзэхэд Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль нийт 30 сургуулиас 20 дугаар байрт орсон, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хэмжээст онооны дунджаар 19 сургуулиас 16 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

8. Хариуцагч сумын Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа сургалтын чанарын үзүүлэлт доогуур байр эзэлснийг хамт олноо удирдлага арга зүй,зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүйтэй холбоотой тул захирлын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэн нэхэмжлэгчийг захирлын албан тушаалаас чөлөөлж,сургалтын менежерээр томилсон нь холбогдох хуулийн заалтад нийцээгүй байна.

9. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, 40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж тус тус зааснаар төсвийн шууд захирагч нь харьяалагдах дээд шатны төсвийн захирагчтай гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг харьяалах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр зохицуулсан байна. 

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2019 оноос мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой үр дүнгийн гэрээг гүйцэтгэлийн төлөвлөгөө нэртэйгээр байгуулахаар байна.

10. Мөн Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж тус тус зааснаас үзвэл сум, дүүргийн Засаг дарга сургуулийн захирлыг чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэхээр хуульчилжээ. 

Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 312 дугаар албан бичигт “Улаангом сумын Засаг даргаас захирал Д.Б-ааг ажлаас чөлөөлөхтэй холбоотойгоор зөвшилцөх санал ирүүлээгүй” талаар лавлагаа ирүүлсэн, хариуцагчаас шүүх хуралдаанд аймгийн боловсролын газарт санал хүргүүлээгүй талаар тайлбар гаргасан.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4. дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулан, захирлын албан тушаалаас чөлөөлөхдөө аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас санал авах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “боловсролын газрын саналыг авах шаардлагагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

11. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга, нэхэмжлэгч Д.Б-аа нарын хооронд 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулагдсан баримт байхгүй ба хариуцагчаас Д.Б нь гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө ирүүлээгүй гэх, нэхэмжлэгч талаас гүйцэтгэлийн төлөвлөгөөг хүргүүлсэн гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

Гэрч Э.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар бүгд боловсруулж өгсөн. Сумын Засаг дарга Ц.Г сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын төлөвлөгөөг хянаж үзээд нэмэлтээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил төлөвлөж ирсний дараа төлөвлөгөөг батална гээд буцаасан. Ингээд зарим захирал, эрхлэгч нар төлөвлөгөөндөө нэмэлт хийгээд надаар дамжуулахгүйгээр Засаг даргад өгсөн байсан. Д.Б-ийн хувьд дахин надад өгөөгүй, Засаг даргад өгсөн эсэхийг мэдэхгүй байна” гэж, И.О мэдүүлэгтээ “Сургуулийн захирлууд 2022 оны нэгдүгээр улирлын тайлангаа сумын Засаг даргын зөвлөлийн өмнө танилцуулсан. Энэ үед 5 дугаар сургуулийн захирал Д.Б 1 дүгээр улирлын тайлангаа танилцуулсан. Зөвлөлийн гишүүд гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулаагүй хүний тайланг сонсох боломжгүй гэж хэлэхэд Д.Б-аа захирал “би төлөвлөгөө батлуулаагүй ч гэсэн 1-р улиралд хийсэн ажлаа танилцуулна” гээд тайлангаа танилцуулсан. Зөвлөлийн гишүүд 2022 оны 1-р улиралд хийсэн ажилд 80 хувьтай гэж үнэлгээгээ өгсөн” гэж мэдүүлсэн байна.

Улаангом сумын Засаг даргын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн А/70 дугаар “Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт урамшуулал олгох тухай” захирамжийн 2 дугаар хавсралтад Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Д.Б-ийн тайланд өгсөн үнэлгээ 80 гэж үнэлэн 40 хувийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

12. Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах үүрэг сумын Засаг дарга, сургуулийн захирал нарт хоёуланд нь хамааралтай бөгөөд сумын Засаг даргаас гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт оруулахаар сургуулийн захирал нарт төлөвлөгөөг буцаасан, дахин төлөвлөгөөг ирүүлээгүй талаар шаардаж байсан талаар нотлох баримтгүй, ямар учраас батлагдахгүй байгаа талаар нөхцөл байдлыг судлан тогтоож, Д.Б-с тайлбар аваагүй, нэхэмжлэгчийн 2022 оны 1 дүгээр улирлын ажлын тайлан тавиулж, хэлэлцэн дүгнэж урамшуулал олгож байсан зэргээс үзэхэд гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүйд гагцхүү Д.Б-ааг буруутгах боломжгүй юм.

13. Хариуцагч нэхэмжлэгчийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг эхний болон сүүлийн хагас жилээр үнэлээгүй, аймгийн боловсролын газраас санал гаргаагүй, сумын Засаг даргаас санал хүргүүлээгүй байхад маргаан бүхий захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

14. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1.-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно.” гэж заасан бөгөөд маргаан бүхий захирамжид энэ талаар тодорхойгүй байгаа болохыг тэмдэглэв.

15. Мөн хариуцагчаас нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй тул маргаан бүхий актыг гаргах нэг үндэслэл болсон гэж тайлбарласан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т зааснаар захиргааны актад уг актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заахаар хуульчилсантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжид Д.Б нь “ажлын хариуцлага алдаж сүүлийн жилүүдэд хариуцсан сургууль нь сургалтын чанарын үзүүлэлтээр аймгийн хэмжээнд доогуур байр эзэлж,хамт олноо удирдлага арга зүй,зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй” гэсэн нөхцөл байдлыг тодорхойлсон ба гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй гэх нөхцөлийг тодорхойлоогүй байна.

16. Иймд дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022.10.10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгон, Д.Б-г урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй.

17. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Б-г Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.АЛТАНЦЭЦЭГ