| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/0689/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1332 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1332
2025 5 20 2025/ШЦТ/1332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д д холбогдох эрүүгийн 2306 01250 0026 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
2023 оны 01 дүгээр сарын 23-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны CU үйлчилгээний төвийн орчимд хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 4.342.500 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шөнийн зах худалдааны төвийн гадна хохирогч Г.Э-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Номын сангийн автобусны буудал дээр хохирогч Т.Н-ийн Айфоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5.034.050 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Халдвартын хойд талын автобусны буудал дээр хүнээс бичиг баримт авах ёстой байсан учраас тэнд очоод уулзах хүнтэйгээ утсаар ярьчихаад утсаа куртикныхээ зүүн талын халаасанд хийтэл уулзах хүн маань хүрээд ирэхээр нь бичиг баримтаа авч цүнхэндээ хийчихээд утсаа авах гэтэл алга болчихсон байсан. Ногоон өнгийн iPhone 13 pro мах загварын саарал өнгийн резинэн кейстэй гар утас байсан. 2022 оны 05 сард Сайн электрониксоос 4,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо үнэлж мэдэхгүй. 0 гэсэн имей кодтой байсан. Утсандаа 0 гэсэн дугаар ашиглаж байсан. Автобусны буудал дээр хүнтэй ярихдаа ашигласан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Сиди-нд хуулсан хяналтын камерын бичлэгт 2023 оны 03 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн: “1. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Уг СД-д 2-58-2222 гэсэн бичиглэлтэй бичлэг байх ба уг бичлэг рүү ороход нийт 23 секундийн бичлэг байв. Уг бичлэгт авто зам дагуу автомашинуудыг байрлуулсан байх ба явган хүний замын хэсэг харагдаж байв. Цааш үргэлжлүүлэн үзэхэд явган хүний замын хэсгээр улаан өнгийн цүнх урдаа барьсан хар куртиктэй, куртикний малгай өмссөн, хар өмдтэй, хар гуталтай хүн явж байх ба түүний зүүн ард талд хар куртиктэй цагаан өнгийн пүүзэн гуталтай хүн явж дагаад явж байв. /зургаар харуулав/. Улаан цүнх урдаа барьсан хар куртиктэй, эрэгтэй хүн нь цүнхэндээ юм хийж цахилгааныг нь татаж байх бөгөөд тухайн хүний ард дагаад явж байгаа урт хар куртиктэй эрэгтэй нь зүүн талын халаас руу зүүн гараа сунгаж байна. /Зургаар харуулав/ 17 цаг 14 минут 25 секундэд Улаан цүнх урдаа барьсан хар куртиктэй, эрэгтэйг цүнхээ хойноо үүрэх явцад ард нь явж байсан урт хар куртиктэй эрэгтэй зүүн халааснаас нь ямар нэгэн зүйл /гар утас/ авч буйг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулан үзэхэд улаан цүнхтэй, хар куртиктэй, эрэгтэй нь цүнхээ үүрээд цааш чигээрээ яваад өгөх бөгөөд тухайн эрэгтэй халааснаас гар утсыг нь хулгайлан авсан гэх урт хар куртиктэй эрэгтэй нь цааш эргэж өөрийн куртикны зүүн халаасанд хулгайлж авсан эд зүйлээ хийж бичлэгийн зүүн талд байрлах байшин руу орсноор бичлэгт ач холбогдол бүхий дүрс бичигдээгүй тул үзлэгийг дуусгав.” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 133-136 дугаар хуудас),
Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 215 дугаар байрны Сиюу үйлчилгээний төвийн ойролцоо явж байгаад зам хөндлөн гарах үедээ зүүн талын халаасанд байсан өөрийн эзэмшлийн гар утсыг хулгайд алдсан, тэгээд ойролцоо байсан хүний гар утсаар өөрийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд ...Айди кодыг хийж ороод байршлыг нь тогтооход 23 минутын өмнө Хороололд байрлалтай Хөгжил хотхонд байна гэж заахаар нь Хөгжил хотхонд очиж 25/1 дүгээр байрны урд талдын орцоор орж, давхар бүрт дуут дохиог дуугаргаж явахад 9 давхрын 907 тоотын гадна дуугарч, утас олдсон гэсэн бичиг гарч ирсэн., хаалгыг нүдсэн боловч нээж өгөөгүй, Миний утас Айфоне 14 про макс загварын 2022 оны 11 сард 5.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас),
Сиди-д хуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “....явган хүний замаар гарч буй 1 дэх хүн нь хар өнгийн куртиктэй, куртикны малгай өмссөн, 2 дахь нь цагаан саарал өнгийн урт куртиктэй, куртикны малгай өмссөн, хар нэг мөртэй цүнх үүрсэн 2 хүн явж байх ба араас нь хар куртик, цагаан малгай, хар өмд, цагаан пүүзэн гуталтай эрэгтэй хүн араас нь дагаж алхаж байв. Цагаан саарал өнгийн урт куртиктэй, куртикны малгай өмссөн, хар нэг мөртэй цүнх үүрсэн эмэгтэй хүний зүүн талын халааснаас хар куртик, цагаан малгай, хар өмд, цагаан гуталтай эрэгтэй хүн зүүн гараараа гар утсыг хулгайлан авч байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 178-181 дүгээр хуудас),
Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шөнийн захын үүдний явган хүний зам дагуу алхаж байхдаа халааснаасаа өөрийн эзэмшлийн айфоне 12 про макс загварын гар утсаа хулгайд алдсан. Миний алдсан гар утас нь шаргал өнгийн гар утас байсан ба ямар нэгэн сэв зураас байхгүй байсан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Теди худалдааны төвөөс 3.600.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо 2.800.000 төгрөгөөр үнэлж байна. Шөнийн захын хяналтын камерыг үзэхэд цагаан өнгийн куртка өмссөн эрэгтэй хүн миний халааснаас авч байгаа нь бичигдсэн байсныг би хуулбарлан авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар хуудас),
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “Хэргийн газраас бэхжүүлж авсан 1 ширхэг диск байсныг Windows 10 pro компьютерт уншуулж нээхэд "123" гэх бичигтэй 37 секундын камерийн бичлэгийг тоглуулахад 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 57 минут 44 секундээс дээрх бичлэг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандей зүүн урд талд байрлах хяналтын камерын бичлэг байсныг үзлэг хийхэд Сандей худалдааны төвийн урд туслах зам харагдах ба хар өнгийн куртиктэй, цүнх үүрсэн эмэгтэй, цагаан өнгийн гуталтай, хар өнгийн куртик цагаан оруулагатай, цагаан өнгийн малгай, цагаан өнгийн куртиктэй улаан өнгийн малгайтай бага насны хүүхэд дагуулсан хоёр эмэгтэй хүүхдээ хөтлөөд зүүн тийш чиглэж алхаж байх үед юүдэнгээ өмссөн цагаан куртиктэй, саарал өмдтэй, хар өнгийн пүүзэн гуталтай этгээд нь хохирогч Г.Э-ын зүүн халааснаас зүүн гараараа утас шиг эд зүйлийг аваад зүүн халаасандаа хийн буцаж эргээд явсан байсан хяналтын камерын дүрс бичлэг байна.” гэх тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас),
Хохирогч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 02 сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Гэрээгээ төвийн 2 давхарт байрлах кофе шопод нэг найзын хамт орсон ба тэндээ сууж байгаад 16 цагийн орчим тэндээс гарсан. Тухайн үед би өөрийн гар утсаа ариун цэврийн өрөөнд орхисон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба цагдаагийн алба хаагчтай гэрээгээ төвийн хяналтын камер шүүж үзэхэд би ариун цэврийн өрөөнд гар утсаа хаяагүй байсан бөгөөд тэндээс гараад Сүхбаатар дүүргийн 1 хороо Номын сангийн автобусны буудал руу найзуудтайгаа алхаж байгаад Баянгол зочид буудлын автобусны буудлын гэрлэн дохионы наана халааснаасаа гар утсаа алдсан байсан. Миний алдсан гэх гар утас Айфоне 14 про загварын гар утас байсан ба ягаан өнгийн 128 гв, 2023 онд 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас),
Сиди-д үзлэг хийсэн: “... Уг бичлэгийг албаны хэрэгцээнд ашиглах Dell загварын компьютероор нээж үзэхэд “Халаас гэсэн бичиглэлтэй файл байх бөгөөд уг файл руу нээж орох үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн бичлэг байх ба 16 цаг 31 минутад хохирогч нь найз эрэгтэйн хамт ертөнцийн зүгээр урд зүгээс хойш чиглэн алхах ба хохирогч нь цэнхэр өнгийн куртик, хар өмд, цагаан гуталтай алхаж байгаа нь дүрс бичлэгт харагдаж байна...” гэх тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас),
Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-9 р хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэсэн. Би өдрийн 13 цагаас хойш Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг үүрэг гүйцэтгэж байгаад 15 цаг өнгөрч байхад 1 хороо Төв номын сангийн автобусны буудлын ойролцоо явж байхад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн бүртгэл судалгасанд байдаг Д гэгчтэй таарч биедээ хулгайн эд зүйл авч яваа эсэх талаар шалгахад сэжигтэй зүйл байгаагүй, тэгээд би Д тухайн үеийн зургийг гар утсан дээрээ авсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас),
Шүүгдэгч Д ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 01 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хороо, халдвартын автобусны эцсийн буудал дээр байхдаа Айфоне 13 про мах загварын гар утас нууцаар хууль бусаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тийм болохоор хохирогчид учирсан байсан 3.075.000 төгрөгийг хохирогчийн өгсөн данс руу би 0000000000 Хаан банкны данснаас “Гүйлгээний утга дээр нь Д төлбөр төлөв” гээд хохиролыг төлж барагдуулсан байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 хороо Элизабет хотхоны хажууд байрлах CU үйлчилгээний төв орчимд явж байхдаа Айфоне 14 про макс гар утас авсан байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас намайг дуудаад тухайн үед авсан байсан Айфоне 14 про макс утасыг хохирогчид нь өгч хохиролгүй болгосон. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох Шөнийн захын худалдааны төвийн гадна явж байхдаа Айфоне 12 про макс гар утас хулгайлан авсан үнэн бөгөөд хохирогчид гар утас эргүүлэн өгч хохиролгүй болгосон байгаа. 2023 оны 03 сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 хороо Төв номын сангийн урд автобусны буудал руу гарах гарц үед Айфоне 14 про загварын гар утас авсан одоо тухайн хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна, одоогоор хувиараа ажил хийж байгаа хохиролыг мөнгийг цуглуулж байгаа миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БЗ1-23-253 дугаартай “Iphone 13 pro max загварын гар утас 3.075.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас),
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Н-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл (1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас),
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас),
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БЗ1-23-189 дугаартай “Iphone 14 pro max загварын гар утас 4.342.500 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 184 дугаар хуудас),
2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 229 дүгээр хуудас),
2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Аривжих-эстимейт” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан “айфоне 12 про макс загварын гар утсыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас),
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-23-679 дугаартай Н-ийн эзэмшлийн "Айфоне 14 про" загварын гар утсыг 5.034.050 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 132 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Д нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны эцсийн буудал дээр хохирогч Т-ийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 3.075.000 төгрөгийн хохирол учруулсан8 2023 оны 01 дүгээр сарын 23-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны CU үйлчилгээний төвийн орчимд хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 4.342.500 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шөнийн зах худалдааны төвийн гадна хохирогч Г.Э-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Номын сангийн автобусны буудал дээр хохирогч Т.Н-ийн Айфоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5.034.050 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д нь 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн автобусны эцсийн буудал дээр хохирогч Т-ийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 3.075.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 01 дүгээр сарын 23-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны CU үйлчилгээний төвийн орчимд хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 4.342.500 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шөнийн зах худалдааны төвийн гадна хохирогч Г.Э-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Номын сангийн автобусны буудал дээр хохирогч Т.Н-ийн Айфоне 14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5.034.050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн БЗ1-23-253 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т-ийн эзэмшлийн Iphone 13 pro max загварын гар утас 3.075.000 төгрөгөөр,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн БЗ1-23-189 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н-ын эзэмшлийн Iphone 14 pro max загварын гар утас 4.342.500 төгрөгөөр,
“Аривжих-эстимейт” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлангаар хохирогч Г.Э-ын эзэмшлийн айфоне 12 про макс загварын гар утсыг 2.000.000 төгрөгөөр,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн СБ1-23-679 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Н-ийн эзэмшлийн Айфоне 14 про загварын гар утсыг 5.034.050 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Д нь хохирогч Т-ийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утас, хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утас, хохирогч Г.Э-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утас, хохирогч Т.Н-ийн Айфоне 14 про загварын гар утас зэргийг авсан байх бөгөөд тухайн хохирогч Т-ийн эзэмшлийн Iphone 13 pro max загварын гар утас 3.075.000 төгрөгөөр, хохирогч Б.Н-ын эзэмшлийн Iphone 14 pro max загварын гар утас 4.342.500 төгрөгөөр, хохирогч Г.Э-ын эзэмшлийн айфоне 12 про макс загварын гар утсыг 2.000.000 төгрөгөөр, хохирогч Т.Н-ийн эзэмшлийн Айфоне 14 про загварын гар утсыг 5.034.050 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д нь хохирогч Т-ийн эзэмшлийн Айфоне 13 про макс загварын гар утас, хохирогч Б.Н-ын эзэмшлийн Айфоне 14 про макс загварын гар утас, хохирогч Г.Э-ын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утас, хохирогч Т.Н-ийн Айфоне 14 про загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч Д нь дээрх гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь Д нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээс болж гарчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д нь хохирогч Н-д шүүхийн шатанд хохирлын 5.034.050 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Д г бусдад төлөх төлбөхгүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д нь хохирогч Э, Н, Т нарт төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Д д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж үзэж байна. Өмнө болж бүтэхгүй хүмүүстэй нийлж гэмт хэрэгт орооцолдож байсан. Одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Шүүгдэгч нь гэр бүлгүй байсан ба саяханаас эхнэр хүүхэдтэй болсон. Гэрийнхэнээ ганцаараа тэжээн тэтгэж амьдардаг. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байдаг. Прокурорын гаргасан хорих ялыг өөр ялаар сольж өгч итгэл үзүүлнэ үү. Урьд нь хүнтэй суугаагүй байж байгаад саяхан хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Одоо дахиж гэмт хэрэг хийж явах хүсэл зориггүй байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэж заасан.
Шүүгдэгч Д гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд, нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлага нь заавал биелэгдэх ёстой.
Шүүгдэгч Д гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдлыг үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журмалан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журмалан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ