| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04785/И |
| Дугаар | 101/ШШ2022/03409 |
| Огноо | 2022-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/03409
| 2022 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2022/03409 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ..................,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б. Дашдондог шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрлах Үйлдвэрчний эвлэлийн Пионерийн цэцэрлэг, лагерьт слесариар ажиллаж байсан. Аймгийн архивт шүүлгээд баримт гарч ирээгүй. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилласан жил хүрэхгүй байна. Иймд слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Хүсэлт гаргагч нь 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрлах, Үйлдвэрчний эвлэлийн Пионерийн цэцэрлэг, лагерьт слесариар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ......................-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Цэнд-Аюуш, Б.Чадраабал нарын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлтийг хангаж .......................-г 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрлах, Үйлдвэрчний эвлэлийн Пионерийн цэцэрлэг, лагерьт слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ................. регистрийн дугаартай, Долоон лам овогт ....................-г 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байрлах, Үйлдвэрчний эвлэлийн Пионерийн цэцэрлэг, лагерьт слесариар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ