Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2020/00544

 

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 148/ШШ2020/00544

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах ХААН банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1 дүгээр 5 дугаар байр 07 тоотод оршин суух, /түр оршин суух хаяг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Хилчин 44-22 тоот/ ******* овогт *******ийн ******* /ШЖ67022175/-д холбогдох

 

7,301,366 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч Ц.******* нь тус банкны Зүүнхараа салбараас 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ЗГ14/802 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,766,824 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд мөлхөө тавилга, зурагт, хөлдөөгч, хөргөгч, шкаф зэргийг тус тус барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 1142 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд банк гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,709 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,821,462 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 479,195 төгрөг нийт 7,301,366 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Мөн зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү! ...гэжээ.

 

Хариуцагч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие ******* банкны Зүүнхараа салбараас 2014 оны 05 дугаар сарын 01-нээс 10766824 төгрөгийг 332344,1 хувийн хүүтэйгээр 14,090267,100 болгож өгөхөөр 30 сарын хугацаатай 1,8% хүүтэйгээр, зээлийн барьцаанд мөлхөө тавилга-1 зурагт-1, хөргөгч-1, хөлдөөгч-1, шкаф-1 зэргийг барьцаалуулан зээл авснаас 9673,721 төгрөгийг төлж барагдуулсан.

Гэтэл би 2015 онд гэнэт ажлаасаа халагдаж төлөх чадваргүй болж энэ тухайгаа ******* банкны захирал н.Наранчимэгт зээлийг гэрээг цуцлах, хүүг зогсоох, зээлийн үлдэгдлийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж өгсөн боловч өөрсдөө шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрчихээд, өөрсдийн буруутай үйл ажиллагааны хугацаандаа хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайлбал гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сард гэрээг цуцалж шүүхээр шийдвэрлэх ёстой боловч гэрээнээс гадуур иргэн миний эрхэд халдаж хүлээн зөвшөөрөхгүй байхад өөрсдөдөө давуу байдал олгон мөнгөө хүүлснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Хариуцагч нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* банкны Зүүнхараа салбараас барьцаат зээлийн гэрээ байгуулан 10,766,824 төгрөг сарын 1,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд мөлхөө тавилга, зурагт, хөргөгч, хөлдөөгч, шкаф зэргийг барьцаалан зээл авсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зээл хүүгийн төлбөрийг төлбөрийн хувиарын дагуу үндсэн зээл 6,766,115 төгрөг, хүүгийн төлбөрт 2,899,743 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7863 төгрөг, нийт 9,673,721 төгрөг төлж барагдуулсан.

Зээлдэгч нь гэрээ ёсоор зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 1142 хоног хугацаа хэтэрсэн. Энэ удаасан шалтгаан нь энэ хүнийг оршин суугаа хаяг нь тогтоогдохгүй байсан учраас эрэн сурвалжилж, хаягийг нь олж тогтоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээний 2.4.3-д зааснаар зээлийн гэрээний хугацаанд багтаагүй зээлийг бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуустал зээлийн хүүг нэхэмжилнэ гэсэн заалт ч байгаа.

Мөн зээлийн гэрээний 8.2 дээр зээлийн гэрээний хугацаа дуусгана үүргээ биелүүлээгүй нь зээлийн төлбөр болон бусад төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэсэн байгаа.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна гэж заасны дагуу гэрээний дуусах хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.

Иймд зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн тус нэхэмжлэлийг гаргасан. Манай зүгээс хариуцагчийн одоо байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзээд хүүгээ бодохдоо 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тооцсон. Харин 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тооцвол хүүгийн төлбөр 1,309,251 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 164,308 төгрөгийг болж байгаа ч үүнийг нэмж нэхэмжлээгүй!...гэжээ.

Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Зээл авсан нь үнэн. Би энэ зээлийг авахдаа ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. Одоо бол бие өвдөөд группт орсон. Би энэ талаар н.Батнасан болон н.Ууганбаяр гэх захирал дээр ч өөрийн биеэр очиж зээлээ төлж чадахгүй байна гэж уулзаж байсан. Зээлийн үлдэгдэл болох 4,070,009 төгрөгийг төлнө. Энэ төлбөрөө төлөхдөө барьцаа хөрөнгөөс хангуулж хасаж тооцуулъя гэсэн саналтай байна. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж чадахгүй. Яагаад гэхээр би группт орсон. Цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас үндсэн зээлийн үлдэгдлээ төлье гэсэн бодолтой байна. Группийн мөнгө сард 320,000 төгрөг авдаг. Энэ мөнгөөр эм тариагаа аваад л таардаг!...гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХААН банкны Зүүн хараа салбар нь Ц.*******д холбогдуулж 7,301,366 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зээлдэгч Ц.******* нь 2014 оны 05 дугаар сарын 01ий өдөр ХААН банкны Зүүн хараа салбараас ЗГ14/802 дугаар зээлийн гэрээ байгуулж 10,766,824 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалттайгаар зээлж авсан болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах бөгөөд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. 

Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд болон хариуцагч зээлийн эргэн төлөлтөд төлсөн төлбөр, зээлийн гэрээний үүргийг зөрчиж, тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй талаар маргаагүй ба хариуцагч нь ...одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээс үндсэн зээл болох 4,000,709 төгрөгийг төлнө. Зээл авсан нь үнэн юм чинь яаж ийж байгаад л төлнө, гэхдээ зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөөр барагдуулна. Харин зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх ямар ч боломжгүй, группийн мөнгө л авдаг.Тэр мөнгөө эм тариа аваад л дуусчихдаг тул хүүг төлөхгүй... гэж маргажээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тухайд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор,  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2014 оны 05 дугаар сарын 01ий өдөр №ЗГ14/802 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. 

Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаагаар хангагдсан үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс барьцаалагч шаардлагаа хангуулах эрхтэй байна.

Хэдийгээр хариуцагч ажлаасаа гарч төлбөрийн чадвар доройтсон болон эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон, энэ тухайгаа банкинд мэдэгдэж зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлтийг гаргаж байсан ч шийдвэрлээгүй гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд түүний төлбөрийн чадвар доройтсон явдал нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Ц.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 7,301,366 төгрөг гаргуулан ХААН банкны Зүүн хараа салбарт олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

Мөн хариуцагч Ц.*******гээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Эмнэлгийн магадалгаа, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудаснууд, Зүрхний бичлэгийн хуудас, Эмчийн тэмдэглэл, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрүүд, Шилжүүлэх эпикриз, үзлэгийн тэмдэглэл, Тархины соронзон резонанст томографийн оношлогоо /тодосгогч бодисгүй/, Цусны ерөнхий шинжилгээний хариу, Эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, гарах үеийн эпикриз...гэх мэт 20 хуудас баримт нь зээлийн гэрээний хугацаанд хамаарагдахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******гээс 7.301.366 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 01ий өдрийн ЗГ14/802 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд барьцааны зүйл болох мөлхөө тавилга, зурагт, хөлдөөгч, шкаф зэргийг худалдах бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс 343.495 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Зүүнхараа салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ