| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/1102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1328 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1328
2025 5 20 2025/ШЦТ/1328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
хохирогч Т ,
шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г эд холбогдох эрүүгийн 2506 01401 0697 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 байрны 0 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т тэй маргалдаж, улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирлоо нэхэмжилж байгаа. Нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хамрын хагалгаанд ирээдүйд орно гэж үзээд 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 23 цаг өнгөрч байхад манай Х гэх багын найз намайг Жуковоос ирээд авчих гээд чат бичсэн. Тэгэхээр нь би удалгүй гэрээс гараад 556 гэх байрны гадна очсон. Удалгүй манай найз болох Х ганцаараа гарч ирсэн. Тэгээд явах гэж байгаад Х надад хандаж хоёулаа эндээ хоночих уу гэхээр нь би танихгүй айлд яаж ордог юм бэ гээд санаа зовж байгаад орсон. Тэгээд орсон чинь миний үеийн 4 хүн байсан. Танилцаад бид 6 хамт уусан. Тэгээд Г гэх залуутай юм яриад байж байтал Г гэх залуу миний нүүр тус газарт 5, 6 удаа цохисон. Тэгээд би гараад гэр лүү явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
Гэрч Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Г-ийн гэрт Х, М, А, Ж бид тавуул байсан. Тэгээд орой Х явахаар болоод гарч яваад хэсэг хугацааны дараа Х , Т-ийг дагуулаад орж ирсэн. Т танилцаад Т дэлгүүр яваад 3 ширхэг пиво авчирч хувааж угаад сууж байгаад Г , Т хоёр том өрөөнд орж юм ярьж сууж байгаад хоорондоо зодолдож эхлэхээр нь би Ж бид хоёр нөгөө өрөөнөөс гарч ирээд салгаж аваад Х , Т хоёрыг гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Гэрч Ж-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр би 00 цагийн үед ажлаасаа тараад явж байхад Г намайг гэр лүү дуудсан. Тэгээд би тухайн гэрт очиход ууж байсан архи дууссан гэж Т цуг дэлгүүр гарч 3 ширхэг 2.4 литртэй пиво авсан. Тэгээд гэрт нь орж ууж эхэлсэн тэр үед би Т танилцсан. Тэгээд хамт юм уугаад дуусгаад ... бид хэд жижиг өрөөнд юм ярьж сууж байсан Т , Г хоёр том өрөөнд юм ярьж сууж байгаад тэр хоёр муудалцаж эхэлсэн бид хэд өрөөнөөс гарч ирэхэд тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгээд Ү бид хоёр тэр хоёрыг салгаж аваад Г , Т-ийг гэрээсээ явахыг шаардсан боловч Т гэрээс нь гарахгүй хэрүүл хийгээд гарахгүй үлдсэн. Тэгээд Үйтүмэн, Х тэр хоёрыг салгах гээд үлдэж би ... ... хоёрыг тайвшруулах гэж жижиг өрөөнд авч орсон. Тэгээд нэг удалгүй Ү өрөөндөө орж ирээд Т-ийг хөөгөөд явуулсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),
Гэрч М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороонд байрлах 0 байранд найз Г-ийн гэрт Х , А , Ү бид нар очоод гэрт нь хөзөр тоглоод бөөнөөрөө хононо гэж байсан тэр үед Г-ийн гэрт найз нь Хятадаас авчирсан гээд гэх нэртэй 2 шил архи гаргаад бөөндөө тэрийгээ уугаад хөзөр тоглож байсан. Тэр үед Х гэр лүүгээ харина гээд байсан. Тэгээд Т-ийг дуудсан юм. Ү бид хоёр жижиг өрөөнд юм яриад байж байсан. Тэр өрөөнөөс гараад ирэхэд Ж , Т хоёр гаднаас ороод ирсэн байсан. Г , Т хоёр том өрөөнд хоёулаа юм яриад сууж байсан, би очоод яриаг нь сонсоход Т-ийн аавынх талаар яриад Г уйлаад одоо наад яриагаа болно гээд байсан. Тэгтэл Т гэхдээ чиний аав чинь амьд биз дээ гээд хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн би салгах гээд тэр хоёрыг түлхээд бусдыгаа дуудсан. Тэгээд бөөнөө гарч ирээд салгах гээд байж байхад Ж 3 эмэгтэйгээ хамгаалаад бид 4 жижиг өрөөнд орсон. Тэгээд Х , Т-ийг аваад гараад явсан. Х юмаа мартсан. Т-ийн нүдний шилээ мартсан байсан тэр хоёр буцаж ирээд гарахдаа Г Т хоёр орцонд зодолдоод байсан. Тэгээд Х Т-ийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2140 дугаар: “...Т-ийн биед хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Г нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 байрны 0 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т тэй маргалдаж, улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 байрны 0 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т тэй маргалдаж, улмаар цохиж зодон гэмтэл учруулсан байна.
Хохирогч Т д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0725/2140 дугаар дүгнэлтээр “хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын ясны хугарал, хамрийн таславчийн хугарал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Г нь хохирогч Т-ийн эрүүл мэндэд нь халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Т д Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0725/2140 дугаар дүгнэлтээр “хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамрын ясны хугарал, хамрийн таславчийн хугарал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Г нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар хэрэгт авагдсан хохирлын баримтаар тогтоогдсон үнийн дүн болох 286.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.
Харин шүүгдэгч Г нь хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг түр завсарлуулж, уг хугацаанд хохирогч Т д 1.000.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 төгрөг торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл байдал тогтоогдсон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.
Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал гэмтэл учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Г эд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ