| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/1051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1324 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1324
2025 5 20 2025/ШЦТ/1324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
шүүгдэгч Т , түүний өмгөөлөгч Ц.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн “З” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т д холбогдох эрүүгийн 2406 06370 0318 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо “0” центрийн Б1 давхарт байсан У ы өмчлөлийн суррон буюу цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, У д 9.250.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай найзууд сурронтой байсан. Тэгээд найзууд танай тэр хавьд эзэнгүй суррон байдаг. Эзэн нь гадаад явсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь эзэн нь гадаад явсан хойгуур унаж байгаад тавьчихья гэж бодсон. Тэгээд би дугуйг нь солиод мөн хааз нь сольсон байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байгаа.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч У ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд өөрийн авто машинаа зогсоол дээрээс авах гээд 0 центрийн Б1 давхар руу ороод 0 номерын зогсоол дээр миний машин байдаг юм. Тэндээс машинаа гаргах гэтэл цахилгаан дугуй болох суррон маань байхгүй болсон байсан. Тэр үед грашын хяналтын камер шүүхэд үл таних малгайтай цамцтай хүн өглөө 06 цаг 04 минутад граш руу ороод сурроныг унаад гарч байсан бичлэг үлдсэн байсан...
0 центрийн В1 давхарт танай машины зогсоол байдаг бөгөөд суррон дугуйгаа 2024 оны 07 дугаар сард худалдан аваад тэрнээс хойш оройдоо уг зогсоолд тавьдаг байсан бөгөөд дугуйных нь хий гарчхаад дугуйгаа янзлуулах гээд хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 15-ны үеэр тавиад тэрнээс хойш унаагүй. ...Би сурроноо гадаа хамеран дотроо тороостой унадаг дугуй түгждэг нарийхан түгжээгээр паартай холбон түгжсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 21 дүгээр хуудас),
Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэдэд хаалга онгойлгоход зориулсан чип байдаггүй. Харуулын цэгээс товчлуур дарж онгойлгодог. Гэхдээ зуны цагт ихэвчлэн манай хаалга онгорхой байдаг. Учир нь тухайн граж руу байнгын тээврийн хэрэгсэл орж гарч байдаг учир хаалга онгорхой байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Шүүгдэгч Т ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрөө Суррон дугуй унадаг. Би 2024 оны 08 дугаар сарын эхээр Сүхбаатарын талбайн машины зогсоол дээр байж байхад /тус зогсоол дээл суррон дугуй ундаг хүүхдүүд цуглардаг гэх/ сурронтой хүүхдүүд хоорондоо 0-ын яг урд талын байрны онгорхой гражид нь хуучин 2018 оны загварын суррон байдаг. Тэрийг хүн амьтан ерөөсөө унадаггүй юм шиг байсан. Тэндээ байгаад байдаг гэж ярьж байхыг нь сонсоод надад суррон байхгүй болохоор тэр сурроныг олж жоохон уная гэж бодсон. Тэгээд би тухайн өдөр 0-ын хойд талын гражид тухайн сурроныг үнэхээр байдаг эсэхийг нь харах гээд очсон. Намайг харах гээд очиход тэр суррон нэлээн тоос, шороонд дарагдчихсан байхаар нь эзэн нь гадаад явчихсан байж магадгүй, өөрөө жоохон унаж байгаад буцаагаад тавья гэж бодоод тухайн сурроныг паартай холбосон хамеран түгжээг гараараа татсан чинь түгжээ нь мултраад гараад ирсэн би тусдагчаа ашиглаагүй. Тэгээд би сурроныг унаад гражаас гарсан. Тэгээд сурроныг унаж явж байхад 2 дугуй нь хийгүй байхаар нь 32-н тойргийн ойролцоо байх дугуй засвар орж янзлуулаад гэр лүүгээ явсан мөн замдаа сурроныг анх түгжсэн байсан түгжээг хаячихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),
“Дамно үнэлгээ” ХХК-ийн “...алдагдсан суррон буюу цахилгаан унадаг дугуйны үнэлгээ 9.250.000 төгрөг...” гэх хөрөнгийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-34 дүгээр хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-40 дугаар хуудас),
Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас),
Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Т нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо “0” центрийн Б1 давхарт байсан У ы өмчлөлийн суррон буюу цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, У д 9.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо “0” центрийн Б1 давхарт байсан У ы өмчлөлийн суррон буюу цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, У д 9.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Дамно Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч У ы эзэшлийн Surron цахилгаан дугуйг 9.250.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба У ы эзэшлийн Surron цахилгаан дугуйг 9.250.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч Т г бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т нь хохирогч У ы эзэшлийн Surron цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Т гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь Т нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээс болж гарчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Хохирогч У ы эзэшлийн Surron цахилгаан дугуйг буцааж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэдийгээр хохирогч нь эзэшлийн Surron цахилгаан дугуйг буцаан авсан боловч тухайн цахилгаан дугуйнд хийсэн өөрчлөлтийг анхны байдалд нь буцаахад 8.250.000 төгрөгийг шаардлагатай гэж нэхэмжилсэн байх ба хохирогч У ы уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Т д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Т нь гэмт хэрэгт холбогдох үедээ мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр 17 нас 10 сар 28 хоногтой байсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.
Шүүгдэгч Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч У ы Surron цахилгааны дугуйны засвартай холбогдуулан нэхэмжилсэн 8.250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ