Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2020/00551

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2020/00551

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Эрчим хүчний гудамж 74/2 И-Мэйл:[email protected] хаягтай М Ти Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, 1 дүгээр баг, Тарвагатай гэх газарт байрлах, Хурниад хүдэр ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 36.468.614.7 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Ти Эс ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Хурниад хүдэр ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17/01 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 3000 литр раунд ап, 500 литр пумасупер, үйл ажиллагааны зардлын хамт нийт 11.009.53 ам доллараар Хурниад хүдэр ХХК мапай компаниас худалдаж авахаар тохиролцсон.

Төлбөрийн нохцөлийн хувьд гэрээнд "Урьдчилгаа 30%-ийг гэрээ байгуулсан өдөр өгч, үлдэгдэл 70%-ийг бараа хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээний гуравдугаар зүйлд ...төлбөрөө төлөөгүйгээс гарах гааль, тээвэр зууч болон төмөр амын байгууллагуудтай үүсч болох зардлыг захиалагч тал бүрэн төлж барагдуулна гэж, мөн тээврийн зардлын төлбөрийг бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд тооцож худалдан авагч төлнө гэж заасан ба гэрээнд заасны дагуу гаалийн татвар 269 ам доллар, тээврийн төлбөр 12 ам доллар, нийт төлбөр нь 11,890.53 ам доллар болсон.

Хариуцагч нь урьдчилгаа 3,321 ам долларыг төлж барагдуулсан ба үлдэгдэл 8,569.53 ам долларыг төлж барагдуулаагүй байна. Бид хариуцагчийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг хойшлуулж 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болгосон ч өнөөдрийг хүртэл олж барагдуулаагүй байх тул төлбөрийг, алдангийн хамт шаардаж байна. Үндсэн төлбөр 8.659.53 ам долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1ам доллар=2,807.59 төгрөг гэсэн ханшаар бодоход 24.312,409.83 төгрөг болж байна.

Гэрээний гуравдугаар зүйлд Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор... заасан алдангийг тооцоолоход:

Гүйцэтгээгүй

үүрэг

Гүйцэтгэх ёстой байсан огноо

Алданги

бодсон

хугацаа

Алданги

тооцсон

хоног

1 хоногийн алданги

/0.5%/

Нийт

алданги

 

24.312,409.83

 

2017.12.25

 

2020.06.04

 

892 хоног

 

121.562

 

108,433,347.8

 

Дээрх хүснэгтэд заасны дагуу алданги 108.433.347.8 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэггээгүй үүрэг болох 24.312.409.83 төгрөгийн 50 хувь 12.156.204.9 төгрөгийн алдангийг манай компани шаардах эрхтэй байна.

Иймд Хурниад хүдэр ХХК-тай байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17/01 дугаар Худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 24.312.409.83 төгрөг, алданги 12.156.204.9 төгрөг, нийт 36.468.614.7төгрөгийг гаргуулж

өгнө үү! ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Тус шүүхэд манай М Ти Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй Хурниад хүдэр" ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна.

Манай компани "Хурниад хүдэр ХХК-иас Худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр 24.312.409.83 төгрөг, алданги 12,156.204.9 төгрөг, нийт 36,468,614.7 төгрөгийг нэхэмжилсэн ба тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талтай дараах байдлаар эвлэрсэн

1.Үндсэн төлбөр 24.312 409 83 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулах,

2.Алданги 12.156.204.9 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах,

Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү.

Талууд эвлэрсэн тул 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү!... гэжээ.

Хариуцагч Хурниад ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

...Хурниад ХХК нь 2017 онд нэхэмжлэгч байгууллагаас ургамал хамгаалалын бодис 30 хувь урьдчилгаа төлөх үлдэгдэл төлбөрийг тухайн жилийн ургац хураалтаас төлөхөөр харилцан тохиролцож, барааг хүлээн авч ашигласан.

2017,2018,2019 онуудад цаг агаарын болон бусад нөхцлөөс шалтгаалан ургац алдах тухайн төлбөрийг хугацаандаа барагдуулж чадаагүй өдий хүрсэн нь үнэн болно.

Манай компани мөн Голомт банкны 350.000.000 төгрөгний хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй зэрэг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан 2019,2020 онуудад бага талбайд тариалалт хийсэн.

Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн дүнгээр төлөх санхүүгийн боломжгүй тул үндсэн зээлийн төлбөрөө төлж барагдуулах, хүү алдангийг чөлөөлүүлэх, хөнгөлүүлэх талаар эвлэрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье! .. гэжээ.

Хариуцагч Хурниад хүдэр ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 27 минутад [email protected] гэх хаягаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

....М Ти Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй Хурниад Хүдэр" ХХК-аас 36.468.617,7 \Гучин зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга зургаан зуун арван долоон төгрөг 7 мөнгө\ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн билээ.

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болж эвлэрэх санал гаргаснаар 7 хоног хойшилсон. М Ти Эс ХХК-ий ерөнхий нягтлантай уулзаж нэхэмжлэлийн үндсэн төлбөрийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, хүү, алдангийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулахаар боллоо. Иймд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зарлагдсан шүүх хуралд оролцохгүйгээр М Ти Эс ХХК-ийн ХХК-ий өмгөөлөгчийн тавьсан саналыг дэмжиж байгаа болно... гэжээ.

Хариуцагч Хурниад хүдэр ХХК нь 2020 оны 09 дүгээр 31-ний өдрийн 09 цаг 35 минутад [email protected] хаягаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... М Ти Эс ХХК-ийн нэхэмжлэлтэй Хурниад Хүдэр" ХХК-аас 36468617,7 \Гучин зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга зургаан зуун арван долоон төгрөг 7 мөнгө\ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн билээ.

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан болж эвлэрэх санал гаргаснаар 7 хоног хойшилсон. М Ти Эс ХХК-ийн өмгөөлөгч Г.Энхтуяатай ярилцаж тохиролцсоноор үндсэн төлбөрийн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор, хүү, алдангийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зарлагдсан шүүх хуралд оролцохгүйгээр эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Талууд эвлэрсэн тул өмгөөлөгч авах эрхээсээ татгалзаж байна... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Ти Эс ХХК нь хариуцагч Хурниад хүдэр ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 36.468.614.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хурниад хүдэр ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 06 дугаар сарын 30ы өдөр гардаж авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл: Шүүх М Ти Эс ХХК-ний Хурниад хүдэр ХХК-нд холбогдуулан 36.468.614.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг 2020 оны 6 дугаар сарын 30ы өдөр хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулсан байна.

 

Мөн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдэж шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд зохигчид гарын үсгээ зурж, хэргийн материалтай танилцсан байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 25ы өдрийн 09 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааныг зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тул хойшлуулж өгөөч гэх хүсэлт гарсныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 2020 оны 09 дүгээр 01-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлосон боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, зохигчдын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч М Ти Эс ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 3 сарын 15-ны өдрийн 14/01 тоот гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Учир нь: Зохигчдын хооронд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр раунд ап 3000 литр, пума супер 500 литр, үр ариутгагч 60 литр, алмазис 10 кг-ийг тус тус худалдах- худалдан авах гэрээ байгуулсан байх ба энэ үйл баримт дээр зохигч маргахгүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах барааны үнэ нь үйл ажиллагааны зардал, тээврийн зардлын хамтаар 11.009.53 ам доллараас хэтрэхгүй байх ба гэрээний 3 дахь хэсэгт худалдан авагч нь худалдан авсан барааны урьдчилгааг 30 хувийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 70 хувийг бараа хүлээн авахад төлөх, Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамын 0,5 алданги тооцох ба төлбөрөө төлөөгүйгээс тээвэр зууч болон төмөр замын байгууллагуудтай үүсч болох зардлыг худалдан авагч тал бүрэн төлж барагдуулна ... гэж тохиролцжээ.

Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөр 24.312.409.83 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр зохигчид эвлэрсэн гэх тайлбарыг ирүүлсэн ч энэхүү тайлбарыг үндэслэж шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 14/01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 24.312.409.83/хорин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун есөн төгрөг наян гурван мөнгө / төгрөг, түүний хугацаа хэтрүүлсэн алданги 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 892 хоногийг тооцоход 108.433.347.8 төгрөг болсоныг Иргэний хуулийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 12.156.204.9 /арван хоёр сая нэг зуун тавин зургаан мянга хоёр зуун дөрвөн төгрөг есөн мөнгө/ төгрөг, нийт 36.468.614.7 төгрөг болж байна.

Иймд Хурниад хүдэр ХХК-аас 36.468.614.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 340.294 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Хурниад хүдэр ХХК-наас 340.294 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэхь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хурниад хүдэр ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 36.468.614.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Ти Эс ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М Ти Эс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340.294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хурниад хүдэр ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 340.294 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Ти Эс ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ