2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1259

 

             

  2025           5            14                                          2025/ШЦТ/1259

 

                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш, Б.Бумчимэг,

улсын яллагч А.Марал,

хохирогч О , түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа, 

шүүгдэгч П , түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-д холбогдох эрүүгийн 2503 00000 0014 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

П , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П  нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 07 цаг 04 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0  автобусны буудлын урд замд Тоёото акуа маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч О ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 07 цагт ажилдаа явж байсан. Би явган хүний гарцаар гарч автобусанд суудаг. Явган хүний гарцаар гарах үед машинд мөргүүлсэн. Шүүгдэгч сая хэлэхдээ мөнгө нэхээд байсан учир ярьдаггүй байсан гэж байна. Хагалгаанд орох үед манай эхнэр мөнгө ярьж байсан. Би бие эрхтэн, сэтгэл санаа, ажил хөдөлмөр бүх зүйлээрээ хохирсон. Би гомдолтой байна. Шүүгдэгч миний ээж шиг хүн байна. Зөвхөн өөрийнхөө нөхрийг ярьж байна. Миний амьдралыг сүйрүүлсэн талаараа ярихгүй байна” гэв.       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдрийн өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Ингээд Чулуун овооны хойд абтобусны буудлаас автобусанд суухаар замын ертөнцийн зүгээр урдаас хойш ниглэлтэй явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан бөгөөд автомашины шүнээс баруун тийш явах зорчих хэсгийн дуусахын алдад баруун талаас нэг машин мөргөсөн. Ослын дараа намайг мөргөсөн машины жолооч 60 орчим насны эмэгтэй хүн бууж ирээд “согтуу байгаа юм уу гарцаараа гарахгүй яав” гээд уурласан, би учир гайдлаа хэлсэн... би хэвтрийн дэглэмтэй эмчилгээ хийлгэж байна зүүн хөлдөө хугаралтай, зүүн гар хөдөлж болохгүй биед их зовуурьтай толгойд 5 оёдол тавиулсан байгаа, намайг зам хөндлөн гарч байхад автомашины хөдөлгөөн сийрэг байсан, тэр машин явсаар байгаад л ирээд мөргөсөн, гомдолтой байна, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ, мөн ажилгүй байгаа өдрийн цалингаа нэхэмжилнэ, их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 49.920 төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг яллагдагч П-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 0 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №555 дугаар: “1. О ын биед зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн шинжээч Э.Тэмүүжиний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 016507 дугаартай “1. Тоёото маркийн Акуа-Р10 загварын 00 00  улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байсан, урд ба хойд хоёр дугуйн тэнхлэг дээрх тоормосны хүчний зөрүү хэвийн, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Баруун гар талын их гэрэл асахгүй байна. Зогсоолын тоормос зогссон. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд. Уг тээврийн хэрэгслийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, баруун их гэрэл хагарсан, баруун толины гадна гэр хагарсан, урд капуд хонхойсон, ухрах арааны гэрлийн зүүн тал асахгүй, хойд куперийн зүүн булан хонхойсон зэрэг эвдрэлтэй, иж бүрдэл байхгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, баруун их гэрэл хагарсан, баруун толины гадна гэр хагарсан, урд капуд хонхойсон, ухрах арааны гэрлийн зүүн тал асахгүй, хойд куперийн зүүн булан хонхойсон эвдрэлтэй байна. Тоёото маркийн Акуа-Р10 загварын тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. 00 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр болон жолоодлого хийн шалгаж үзэхэд, тээврийн хэрэгслийн дугуйн тоормос бүрэн ажиллагаатай байна. 00 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь стандартын шаардлага хангаж байна. Тоёото маркийн Акуа-Р10 загварын 00 00  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Баруун гар талын их гэрэл асахгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Дэмбэрэл 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3009 дугаар: “1. Жолооч П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч О  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

Жолоочийн нэгдсэн мэдээллийн сангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн тодорхойлолт (хавтаст хэргийн 21-28 дугаар хуудас),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

Э-ийн өргөдөл (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),

Бэлэн мөнгөний орлогын баримт (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

“Итгэлт хөрөнгө” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас),

О аас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 90-98, 120-133 дугаар хуудас),

О ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 99 дүгээр хуудас),

О ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, БЗДЭМТ-ийн комиссын шийдвэр, БЗД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, Цээжний КТ, ХААН банкны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөрх тодорхойлолт, цалингийн карт, Голомт банкны дансны хуулга (20 хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч П  нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 07 цаг 04 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0  автобусны буудлын урд замд Тоёото акуа маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч О ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлтэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П  нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 07 цаг 04 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0  автобусны буудлын урд замд Тоёото акуа маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч О ыг мөргөсөн үйл баримт тогтоогдож байна. 

Хохирогч О ын эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №555 дугаар дүгнэлтээр “зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг зааж өгчээ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч П  нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 07 цаг 04 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0  автобусны буудлын урд замд Тоёото акуа маркийн 00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч О ын эрүүл мэндэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №555 дугаар дүгнэлтээр “зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч П  нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл буюу хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй байсны улмаас уг гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос Эрүүл мэндэд учирсан баримттай зардалд 94.960 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрт 2.150.000 төгрөгийг, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардалд 90.200 төгрөг, куртикний төлбөрт 1.394.070 төгрөгийг мөн цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирол зэргийг тус тус нэхэмжилсэн.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад дээрх зардлаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 2.150.000 төгрөг, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардалд 90.200 төгрөг, куртикний төлбөрт 1.394.070 төгрөгийг, нийт 3.634.270 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзлээ.

Шүүгдэгч П аас хохирогчид 1.540.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул дээрх баримтаар тогтоогдсон бодит хохирол буюу 3.634.270 төгрөгөөс хасаж, 2.034.270 төгрөгийг шүүгдэгч П аас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн дээрх нэхэмжлэлээс эрүүл мэндэд учирсан баримттай зардалд 94.960 төгрөгтэй холбоотой баримтыг шинжлэн судалахад 2 дугаар сарын 09, 10-ны өдрийн баримтууд байх шүүгдэгч П  нь 02 дугаар сарын 09-ний өдөр хохирол төлбөрт мөнгө шилжүүлсэн гэх баримтууд мөн адил авагдсан байх дээрх зардлаас хасаж тооцов.

Хохирогч О ын цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд хор уршиг учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлт гаргасны эцэст шийдвэрлэх нь зүйтэй,  харин цалингийн зөрүүг бодоход нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны баримтаас гадна холбогдох бусад баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П  нь шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулах шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж, уг хугацаанд  2.034.270 төгрөгийг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч П д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчид “...Шүүгдэгч П  27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн учир жолоодох эрхийг 1 жил хугацаагаар хасах, 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хэдий ч шүүгдэгч маань хорт хавдрын 4 дүггээр үе шатандаа орсон байгаа. Энэ хүнд 500.000 төгрөг илүү байсан ч хүнд тусна. Торгох ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.  

Харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч П ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд шарх гэмтэл учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч П д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

Шүүүгдэгч П  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Шүүүгдэгч П  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч О ын цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирлын тухайд сэтгэцэд хор уршиг учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, 2.034.270 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ