Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02591

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/02591

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: ТЖ ХХК

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 12,729,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, хариуцагч ТЖ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч ТЖ ХХК-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 12,729,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э тайлбарлахдаа: А ХХК нь ОХУ-аас жимс импортоор оруулж ирдэг. 2021 оны 11 дүгээр сарын 20-доор жимс оруулж ирэн 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ТЖ ХХК-нд 130,000,000 төгрөгний үнэ бүхий 11 төрлийн жимсийг хүлээлгэн өгч, жимснээс муудсан, элэгдэл хорогдлийг хасаж тооцон зарлагын баримтаар бараа бүтээгдэхүүн хүлээлцэж эцсийн байдлаар барааны үнэ 99,729,800 төгрөгөөр тооцоо нийлж, хариуцагч үнийг төлөхөөр тохиролцсон. Барааны үнэд хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 07-нд 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 12 дугаар сарын 13-нд 8,000,0000 төгрөг, 12 дугаар сарын 14-нд 2,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 02-нд 10,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 04-нд 10,000,000 төгрөг 01 дүгээр сарын 18-нд 10,000,000 төгрөг, 01 дүгээр сарын 27-нд 10,000,000 төгрөг 01 дүгээр сарын 20-нд 10,000,000 төгрөг, 03 дугаар сарын 17-нд 2,000,000 төгрөг, 03 дугаар сарын 25-нд 3,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 25-нд 2,000,000 төгрөг нийт 87,000,000 төгрөг төлсөн. Энэ үнийн дүнд хоёр тал маргахгүй байгаа. Хариуцагч ТЖ ХХК нь үлдэгдэл төлбөр 12,729,800 төгрөгийг төлнө гэдэг боловч сүүлдээ цахим төлбөрийн баримтыг НӨАТ-тэй дүнгээр илгээсэн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн хариу өгсөн. Бидний хооронд НӨАТ төлөх талаар ямар ч тохиролцоо байхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Яагаад тухайн үедээ баримтанд НӨАТ төлөх талаар тохиролцоогүй юм. Хариуцагчийг тайлбарласан эвлэрэх саналаас харахад төлбөрийг үндэслэлтэй гэдгээ зөвшөөрч, төлөх ёстой гэдгээ ч ухамсарлаж байна. Иймд хариуцагч ТЖ ХХК-наас гэрээний үлдэгдэл төлбөр 12,729,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ТЖ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон компаний захирал Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай ТЖ ХХК нь 25 жил жимсний наймаа эрхэлж байна. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийт 99,729,800 төгрөгний үнэ бүхий жимсийг хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 88,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 12,729, 800 төгрөг байна. Гэхдээ бид гарын үсэг зуралцаж падаан аваагүй. Нэхэмжлэгч нь жимсэнд ялгалт хийгээд баримт үйлдээд худалдагчид үлдээсэн байсан. Одоо НӨАТ-ын дүнгээр и баримтыг шивж өгөх үүрэгтэй тул энэ баримтаа бидэнд цахимаар өгсөн тохиолдолд нэхэмжилсэн мөнгийг нь төлнө гэв.

3. Нэхэмжлэгчээс Зарлагын баримт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах төлөгчийн гэрчилгээ гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд бараа бүтээгдэхүүн хүлээлцэж эцсийн байдлаар 99,729,800 төгрөгөөр тооцоо нийлж, хариуцагч үнийг төлөхөөр тохиролцсон тул үлдэгдэл төлбөрөө гаргуулна

3. Хариуцагч 99,729,800 төгрөгний үнэ бүхий жимсийг хүлээн авсан. Үлдэгдэл төлбөр 12,729, 800 төгрөгийг НӨАТ-ын дүнгээр и баримт шивж өгсөн тохиолдолд төлнө гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч А ХХК нь 99,729,800 төгрөгний бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгч, хариуцагч ТЖ ХХК нь барааны үнийг төлөх үүргийг хүлээж, талууд зарлагын баримт үйлдсэн.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн нийлүүлж, худалдагч хэлэлцэн тохиоролцсон үнийг төлөх үүрэг хүлээсэн болох үйл баримт тэдний тайлбараар тогтоогдсон, энэ байдалд зохигч маргаагүй.

Шүүх хуралдаанд хариуцагч нь НӨАТ-аар и баримт шивж өгсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн тайлбар гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зарлагын баримтаар талууд 11 нэр төрлийн 99,729,800 төгрөгний жимс нийлүүлж, хариуцагч нь 88,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,729,800 төгрөгний үлдэгдэлтэй байгаа болон энэ үнийн дүнгээс НӨАТ төлөх баримт шивэх талаар хоёр тал тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн татгалзлыг нотлох баримтаа бүрдүүлээгүй тул татгалзал үндэслэлгүй, үлдэгдэл төлбөрийг гэрээгээр төлөх үүрэгтэй байна.

5. Иймд хариуцагч ТЖ ХХК-наас гэрээний үүргийн биелэлтэд 12,729,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч нь ОХУ-аас жимс импортоор оруулж ирсэн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн боловч албан ёсны орчуулга хийгдээгүй, Хаан банкны дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч баримтаар шилжүүлсэн үнийн дүнд хэн аль нь маргаагүй байна.

7. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТЖ ХХК-наас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч ТЖ ХХК-наас 12,729,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,627 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ТЖ ХХК-наас 218,627 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА