Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/13

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                Прокурор Д.Алимаа /цахимаар/

                                Шүүгдэгч Ж.Жанцансамбуу /цахимаар/,

                                Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Жанцансамбуу болон түүний өмгөөлөгч Г.Гандөш нарын гомдлоор Ж.Жанцансамбуу, Д.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2027001420088 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                    

Ж.Жанцансамбуу, Д.Ууганбаяр нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутгаас хохирогч Б.Цэрэннадмидын 1 тооны даагыг  хулгайлж 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Жанцансамбуу, Д.Ууганбаяр нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.         

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Монгол овгийн Жанчивдоржийн Жанцансамбуу, Гонгор овгийн Донидын Ууганбаяр нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн
гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жанцансамбууг 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Ууганбаярыг 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугааар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Жанцансамбууд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн ажлын 8 цагийг ажлын 1 хоногт шилжүүлэн 57 хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 07 /долоо/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Жанцансамбууд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Жанцансамбууд цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Жанцансамбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй болохыг хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4,5-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий адууны үнийг 500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Жанцансамбууд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Д.Ууганбаярт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Жанцансамбууд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Ууганбаярт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Жанцансамбуу гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Д.Ууганбаяр надад хэлэхдээ миний даага, та надад мөнгө болгоод өг адуунаас салаад алга болчих гээд байх юм гэсэн. Хэд хоногийн дараа би Ууганбаярт ахад нь мөнгөний хэрэг гараад байна ахдаа тэр даагаа зээлчих хавраас мөнгө юм уу, орны даагыг нь өгий гэсэн. Маргааш нь хадам аавынд чинь аваачаад өгсөн шүү, дүү нь ажил ихтэй яараад уулзсангүй гэж байсан. Би тэр даагыг нь хулгайн даага гэж мэдээгүй, махны ченжид 200000 төгрөгөөр зарсан. Хэд хоногийн дараа цагдаа ирэхээр нь л хулгайн даага гэж мэдсэн. Шүүхээс бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж надад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолд ...гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан малыг захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцно гэж тайлбарлан надад ял оногдуулсан байна. Гэтэл би хулгайн үйлдэлд гар бие оролцоогүй. Энэ нь шүүгдэгч Д.Ууганбаяр, гэрч П.Донид, Б.Нямдаваа нарын мэдүүлгээс тодорхой байгаа. Хулгайн адууг учир мэдэхгүй зарж борлуулсанаас өөр буруу надад байхгүй. Зарсан нь буруу шүүгдэгч Д.Ууганбаярт зарж өгч тусалсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасныг журамлан хэргийг шалгаж шийдвэрлэх байсан. Гэтэл бүлэглэж хулгай хийсэн гэж яллаж байгаа нь хууль буруу хэрэглэлээ гэж үзэж байна. Иймд хэргийг хянан шалгаж хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ж.Жанцансамбуугийн өмгөөлөгч Г.Гандөш гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т  эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйл буюу Эрүүгийн хариуцлага хүлээлгэх 1-т шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. 3-т Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна гэж тус тус заажээ. Дээрх заалтуудтай холбогдуулан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгдэгч Ж.Жанцансамбуугийн хэргийн дараахь нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал анхнаасаа хэргийг үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч мэдүүлэг тайлбараа өгч байсан байдал, шүүгдэгчийн хохирлоо барагдуулсан байдал буюу шүүхэд хүсэлт гаргасны дагуу 5 хоногийн хугацаатай хохирол төлөх тухай завсарлага авч хохирлын үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдлуудаас харагдана. Тухайлбал Ж.Жанцансамбуугийн хувьд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршгийг арилгахаар хохирогчтой уулзан уучлалт гуйж байсан бөгөөд хохирлын мөнгөө шүүхэд хэрэг шийдвэрлэхээс өмнө төлөхөөр төлөвлөж байсан бөгөөд үүнээс хойш шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч хохирогчоос уучлалт гуйж, хохирлын мөнгийг цувуулж хагасыг нь төлсөн байдаг. Хохирогч энэ талаар шүүх хуралдаанд хохирлоо бүрэн барагдуулж төлсөн, нэг нутгийн найз нөхдийн харьцаатай холын хамаатан садан учир хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа, мөн хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөөч гэж бичгээр тайлбар ирүүлсэн байдаг.

Мөн шүүгдэгч нь зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу, мал маллахын хажуугаар хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг залуу байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судалсан.

Гэтэл анхан шатны шүүхээс дээр дурьдсан хуульд заасан зарчмуудыг анхаарч үзэлгүйгээр, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал зэрэг гол нөхцөл шаардлагыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно, хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдгийг ялтан ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан байдаг. Шүүгдэгч Ж.Жанцансамбуугийн хувьд хэдийгээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон нөхцөл байдал байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэх хэсгийг хуульд зааснаар тус тусад нь эдлүүлж болохоор хуульчилсан гэж ойлгож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Жанцансамбууд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх тухайлбал шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих, 1.12 дугаар зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудтай нийцэж буй асуудалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү гэж хүсч байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч Ж.Жанцансамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсний эдлээгүй үлдсэн 460 цагийн нийтэд тустай ажилд хийлгэх ялын ажлын 8 цагийг ажлын 1 хоногт шилжүүлэн 57 хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож гэснийг өөрчилж, шүүгдэгч Ж.Жанцансамбууд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсний эдлээгүй үлдсэн 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоож, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тогтоогдсон нөхцөл байдлаар хохирогч Цэрэннадмидын 1 тооны адууг 200.000 төгрөгөөр зарж борлуулаад үүнээс 60.000 төгрөгийг нь Д.Ууганбаяр авч үлдсэн мөнгийг Ж.Жанцансамбуу авсан байдаг. Мөнгөний хэрэгцээ Ж.Жанцансамбууд гарсан байдаг. Хохирлыг нөхөн төлөхдөө анхан шатны шүүх хуралдаанд завсарлага авч 450000 төгрөгийг шүүгдэгч нар нь адил тэнцүү хувааж төлсөн байдаг. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ж.Жанцансамбуу шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Д.Ууганбаяраас би 2018 оны 10 дугаар сард даага авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэгтэй байсан болохоор надад нэг даага өгчих, даага авах гэж байгаа хүмүүс ирсэн ах нь хавраас мөнгийг нь өгнө гэж хэлж авсан. Би тэр даагыг нь аваад хашаандаа уячихсан байсан юм. Тэгээд маргааш нь ченжид 200000 төгрөгөөр зарсан. Хэд хоноод байж байсан чинь манайд цагдаа ирээд ийм ийм зүстэй адуу чинь хулгайн адуу байсан байна гэхээр нь би Ууганбаяраас авсан юм, хулгайн адуу гэдгийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Дараа нь Ууганбаяртай таараад тэр даага чинь ингэсэн байна шүү дээ гэж хэлэхэд надад юм хэлээгүй. Тухайн үед би хамт хулгай хийгээгүй, хулгай хийхэд нь гар бие оролцоогүй байж 6 сарын хорих ялаар шийтгүүлсэндээ гомдолтой байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ж.Жанцансамбуу, Д.Ууганбаяр нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа хэдий ч шүүгдэгч Ж.Жанцансамбууд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн хугацааг яаж тодорхойлсон болон шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ялыг ялгамжтай оногдуулсан талаараа дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж дээрх байдлыг зөвтгөх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Жанцансамбууд урьд авсан цагдан хорих, Д.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Ж.Жанцансамбуу, Д.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2027001420088 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ж.Жанцансамбууд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.