2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1139

 

 

     2025         5           05                                         2025/ШЦТ/1139

 

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,

хохирогч Д ,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох эрүүгийн 2406 00000 1906 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б , Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дкүүргийн 0 дугаар хороо, 0 байранд үйл ажиллагаа явуулах “0” нэртэй үсчин гоо сайханы газарт Д тай үл ялих зүйлээс болж маргалдаж төмөр сандал өшиглөж Д ын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар эрүүл мэндэд нь баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид хоёр харилцаатай байсан, үеэрхээд хэдэн сар болсон байсан. Тухайн үед таарамжгүй харилцаа үүссэн нь үнэн, нөхөртэйгээ нэг биш удаагийн үйлдлэээр уулзаж, ярьж байна гэхээр нь би дотроо гомдож байсан. Тэр өдөр уураа барьж дийлэхгүй сандал өшиглөсөн. Өөд өөдөөсөө харж сууж байгаад, зайтай, би үсчингийн сандал дээр, хохирогч маникюрийн сандал дээр сууж байсан. Тэр сандалыг өөр лүү нь чиглүүлж өшиглөнө гэсэн санаа байгаагүй, мэдэхгүй, өшиглөх нь өшиглөсөн. Гэхдээ бэртээх санаа төрөөгүй, тухайн үед бухимдаж байсан нь үнэн. Ширээн доогуур ороод оносон байсан. ...Та бид хоёрын хооронд сандал, санаандгүй өшиглөхөд очоод мөргөсөн ийм зүйл болсон. Урд талд Б байгааг мэдэж байсан” гэв.

Хохирогч Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр, эхний шүүх хурал 10 сард болоход би гомдолгүй гэж байсан боловч одоо 4 дүгээр сарын 02-ны өдөр миний хугарсан хөлөнд дахиж хөлөөрөө өшиглөсөн. ХУД-ийн Цагдаад дуудлага өргөдөл өгсөн. Тухайн цагдаагаас над руу залгаагүй, өөрөө танил тал руугаа ярьсан гэсэн. Тэгээд өөрийн хөлөөр овойтол өшиглөсөн. Одоо ажил төрлөө хийхэд маш их нөлөөлж байгаа, тэрнээс хойш надад их гар хүрсэн. Надад мөнгө, төгрөг барагдуулаагүй, шүүх хурлаар өгнө гэж хэлчихээд өгөөгүй, өөрт нь 8.000.000 төгрөгийн өртэй, өрөөр далимдуулж  дарамталдаг. Хэрэг гарсан өдөр ажил дээр байж байхад үдээс хойш урьдны уулздаг байсан хүүхэнтэйгээ уулзаад орж ирсэн. Бид хоёрын харилцаа муу байсан. Хүүхэд рүүгээ тэр өдөр очих төлөвлөгөөтэй байсан. Нөхөртэйгөө яриад явья гэтэл шууд тэр сандалыг ширээн доогуур өшиглөсөн. Гомдолтой, сэтгэл санааны хохиролтой, маш их дарамтад байгаа ... огт мөнгө аваагүй, тэр үед гуйгаад байхаар нь тохирсон... сандал бусад зүйлд ойж оноогүй. Шууд ирж оносон. ... уурлаад л шууд урдах сандалаа өшиглөхөд миний хөлийг оносон... би над руу чиглүүлсэн гэж бодож байна ... хоорондын зай ойрхон, метр хэртэй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо ажил дээрээ буюу “0” үсчин гоо сайхны дотор ажлаа хийж байхад өмнө нь уулздаг байсан Б гэх залуу орж ирсэн. Удалгүй би хуучин нөхөр Н утсаар ярьж /бид хоёрын дундаас гарсан 1 хүү байдаг юм хүү маань аавтайгаа хамт байдаг/ би хүүгийнхээ талаар ямархуу байгааг асуучхаад утсаа тасалтал Б хажуу талаас ёжлох маягтай ажлаа “тараад чи нөхөр лүүгээ явах гэж байна уу” гэж асуухаар нь би хариуд нь “тиймээ би хүүдээ эм тариа аваачиж өгнө, бие нь өвдсөн байгаа” гэж хэлэхэд Б урлаад урд байсан үйлчлүүлэгч сууж үйлчлүүлдэг төмөр хөлтэй сандлыг өшиглөхөд миний хөлийг оноод миний хөл бэртсэн би айгаад  ажлаасаа зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн... Миний эмчилгээний зардал болох 1,000,000 сая төгрөг, ажлын сарын түрээс 1,200,000 мянган төгрөг, нийт 2,000,000 мянган төгрөгийг Б миний данс руу 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж, хохирол барагдуулсан тул надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 10-11 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаар: “...1.Д ын биед баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой   3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “0” нэртэй үсчинд Б хамт ажилладаг юм. Тухайн үед цохиж зодсон зүйл болоогүй. Б тухайн үед намайг хэл амаар өдөж хатгаад байхаар нь би уураа барьж дийлэхгүй урд байсан маникурын сандлыг өшиглөсөн чинь Б хөлийн шилбийг оночихсон юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дкүүргийн 0 дугаар хороо, 0 байранд үйл ажиллагаа явуулах “0” нэртэй үсчин гоо сайханы газарт Д тай үл ялих зүйлээс болж маргалдаж төмөр сандал өшиглөж Д ын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар эрүүл мэндэд нь баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б нь 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дкүүргийн 0 дугаар хороо, 0 байранд үйл ажиллагаа явуулах “0” нэртэй үсчин гоо сайханы газарт Д тай үл ялих зүйлээс болж маргалдаж төмөр сандал өшиглөж гэмтэл учруулсан байна.

Хохирогч Д д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаар дүгнэлтээр “баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б нь хохирогч Д ыг сандалаар өшиглөж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Д д Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаар дүгнэлтээр “баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б хохирогчид гэмтэл учруулсан санаа зорилго байгаагүй гэх тайлбарыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч “...Нөхөртэйгөө яриад явья гэтэл шууд тэр сандалыг ширээн доогуур өшиглөсөн. Гомдолтой, сэтгэл санааны хохиролтой, маш их дарамтад байгаа ... сандал бусад зүйлд ойж оноогүй. Шууд ирж оносон. ... уурлаад л шууд урдах сандалаа өшиглөхөд миний хөлийг оносон... би над руу чиглүүлсэн гэж бодож байна ... хоорондын зай ойрхон, метр хэртэй” гэх мэдүүлэг болон хэрэгт түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаар дүгнэлт зэргээр хөтөлбөргүй тогтоогдсон тул шүүгдэгч Б тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогчид баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Б тохирсон байсан гэхдээ хохирол барагдуулаагүй гэх агуулгаар мэдүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөр, цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмт хэрэг гарсан шалтгаан хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар:   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Д  нь хохирол төлбөр, цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус    дурдсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                             М.ТҮМЭННАСТ