| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0324/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/352 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0324/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа,
Хохирогч ******* ,
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518001650420 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* овогт******* (РД:******* )******* оны******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, ****** ажилтай, , хамт Дархан-Уул аймгийн Дархан сум дугаар хороолол тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ****** нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн. Дараа нь дахин 500,000 төгрөг төлсөн. Замын нөхцөл байдал осол гаргахад нөлөөлсөн. Өөдөөс нар гялбасан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...Би 7 сартай жирэмсэн байсан. Шинжилгээ өгөхөөр эмнэлэг явж байхдаа уг таксинд суусан юм. Осолтой холбоотой сэтгэцэд учирсан хор уршгийг дүгнэлтийн дагуу нэхэмжилнэ. Осолд орсноос болж хүүхэд маань хугацаанаасаа өмнө төрж байнгын эмчилгээ хийлгэж агаар салхинд байлгадаг болсон. Мөн нөхөр маань ажлаасаа чөлөө авч намайг асарсан. Иймд гарсан бүх зардлаа баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ...” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэт гэлцээгүй болно.
Шүүгдэгч*******ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын******* дугаар баг хороолол ар талын авто зам дээр Toyota Prius Alpha-XW маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1 дэх заалтад “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтад “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас засварын ажил хийгдэж байсан нүх рүү унаж, зорчигч *******ийн эрүүл мэндэд баруун талын эгэм ясны хугарал, баруун 3-9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газар үзлэг хийсэн: “Тухайн зам тээврийн осол болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сум,******* дугаар багийн нутаг дэвсгэр ... ар талын DBS-н уулзвараас Олон улсын худалдааны төв рүү чиглэсэн авто зам байна. ...зам нь тасархай цагаан зураастай, 2 чиглэлийн 4 урсгалтай /эгнээтэй/ авто зам байна. Авто замын зүүн хэсэгт Магноли гэх нэх хаягтай 8 давхар барилга ...баруун хэсэгт Энх-Дент гэх хаягтай шүдний эмнэлэг ...урд хэсэгт гэрлэн дохиотой 4 зам салаа уулзвар ...баруун хэсэг, DBS уулзвараас Олон улсын худалдааны төв явах чиглэлд авто замын ирмэг тулгасан нүх байх бөгөөд тухайн ухсан нүхний өргөн 4м 10см, урт 8м 10 см, гүн 3 метр байна. Нүхний ирмэгээс парлиараар хэмжихэд 60х110 метр зайд замын бетонон боржууруудыг босгож “анхаар аюултай” гэсэн бичигтэй улаан өнгийн тууз ороож тавьсан байна. Зам дээр үүссэн замын зурагдсан зураас ...мөрөөр “А” цэгийг тогтоов. “А” цэгээс баруун урд хэсэгт 110 метр зайд тухайн ухсан нүхний ирмэг байрлаж байна. ...Замын хажууд ухагдсан шороо овоолсон хэсгийн урд талын нүх дотор болон “А” цаг дээр тээврийн хэрэгслийн хагарсан бутарч унасан эд анги байх бөгөөд ...А цэгээс баруун зүгт парльераар хэмжихэд 220х210 зайд байх 39 тоотой шон үл хөдлөх цэгээр тэмдэглэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
Осол, хэрэг гарсан хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 10 дахь тал),
Хохирогч 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цаг 05 минутад би гэрээсээ эмнэлэг орохоор гарсан юм. Таксинд суухдаа би Нийгмийн даатгалын газрын арын автобусны буудлаас суусан. Жолоочийн ард сууж явж байхад DBS-н 4 замын уулзвар өнгөрөөд урд сууж байсан нэг хүн нь буусан юм. Тэгээд явж байснаа машин дайвалзаад зогсчихоор нь би юм мөргөчихлөө гэж бодтол машин хажуу тийшээ нүх рүү уначихсан, гэнэт ухаан ороход хажууд сууж байсан хүүхэд, жолооч машинаас гараад дээшээ гарчихсан байсан. ...Дараа нь жолооч надад хэлэхдээ арын такси хүн авах гээд байхаар нь хэрүүл хийгээд хөдлөөд нар гялбаад осол гарчихсан гэсэн. Миний баруун талын 7 хавирга хугараад хэлээ хазаад 2 шүд үзүүрээрээ хугараад эгмийн яс бас хугарсан. Мөн би 04 дүгээр сарын 20-ны өдөр төрөх ёстой байсан боловч 03 дугаар сарын 05-ны өдөр кесарь хагалгаагаар төрсөн. Ослын улмаас ургийн ус багадаад яаралтай хагалгаанд орсон. Би эмнэлгийн баримтууд гаргаж өгнө. Мөн нөхөр намайг хараад ажлаасаа чөлөө авсан. Цалинг нь нэхэмжилнэ. Би тухайн ослоос болоод хүүхдээ ч хөхүүлж чадахгүй, гар өвдөөд сууж чадахгүй сэтгэл санаагаар их унасан. Хөхний сүү хүртэл ширгэсэн. Уйлж сэтгэлээр унаснаас болоод хүүхдээ ч хөхүүлж чадахгүй байгаадаа их хямарсан. Хүүхэд маань төрөх хугацаанаасаа өмнө төрсөн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаартай: “... *******ийн биед баруун талын эгэм ясны хугарал, баруун 3-9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
Шинжээч 2025 оны 03 дугаар сарын-ны өдрийн “...Toyota Prius Alpha XW маркийн улсын дугаартай атвомашины жолооч******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримтаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчин явж байсан чиглэлээ өөрчилсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius Alpha XW маркийн улсын дугаартай автомашины жолооч******* нь энэ дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын*******-ны өдрийн ЕГ0225/472 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Приус 41 маркийн26 улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол үйлдэгдэхээс өмнө техникийн стандарт шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Урьд бамбайгүй, баруун урд их гэрэл унжсан, зүүн урд, баруун хойд хаалганы борооны хаалт хагарч , цуурсан, зүүн хойд хаалга дээд хэсгээрээ хэв гажилтад орсон борооны хаалтгүйг, баруун хойд далбаа хэв гажилтад орсон, баруун хойд тоормосны гэрэлгүй, хойд бамбай хагарсан, тээшний хаалганы шил хагарсан, баруун зүүн талын хойд жижиг гурвалжин шал хагарсан, дээвэр гулзайсан гэмтэлтэй байна. Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн тоормосны идэвхижилт MNS4598-2020 стандарт шаардлага хангаж байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 54-56 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цагийн орчим би гэрээсээ сургууль руугаа явах гээд Магнолигийн урд талын автобусны буудлаас цагаан өнгийн приус 41 маркийн машинд суусан. Намайг суух үед жолооч ах ганцаараа байсан Мөн надтай хамт нэг ах суусан. Ингээд Хээтэй хорооллын цаад талын автобусны буудлаас нэг эгч нэмэгдэж суусан. Тэгээд цааш яваад Шинэ хорооллын 18 дугаар байранд надтай хамт суусан ах буусан. Тэр ахыг буулгачхаад цааш явж байтал замын хажуу руу боржур мөргөөд замын хажуу руу орох шиг болсон. Тэгээд машин уначихсан. Жолоочийн эсрэг талын хаалганы цонх хагарчихсан байсан тул би тухайн цонхоор нь гадагш гараад хараад нүхэн дотор уначихсан байна гэдгээ мэдсэн. Нүхний хажууд нэг ах зогсож байсан. Тэр ах намайг татаж гаргаад би цүнхээ тайлж тавьчхаад буцаж буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод жолоочд ахыг гаргаж авсан. Нэлээд байж байгаад түргэний эмч ирээд араас нь онцгой байдал ирээд машин дотор байсан эгчийг гаргаж авсан. Би тэгээд тэр газраас ахынхаа гэр лүү орчхоод буцаж гараад ахтай хамт унасан нүхэн дээрээ очоод тэндээсээ эмнэлэг орсон. Нуруу л жаахан өвдөж байна. Эмчид үзүүлээд хэвтрийн дэлгэм бариарай гээд акт бичиж өгсөн. хэд хоног ажигла гэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),
Гэрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...Тойрог системийн гэмтэлтэй шугам шинэчлэх зорилгоор гаргасан нүх юмаа. Хүслийн хотхон , 13, 31, 23, 24, 25 дугаар хорооллуудын усны даралт унаж цэвэр ус даралтгүй байгааг хэвийн горимд оруулахаар ажиллаж байсан. Тухайн шугам солих цэг нь шинээр хийгдсэн авто зам дор байрлаж байсан тул авто замыг эвдэхгүйгээр хийж байгаа юм. Цэвэр усны диаметр 200-н шугамыг диометр 100-н ган шугамаар сүвлэх ажил хийгдэж нийт 90 метр хийхээс 36 метрийг 02 сарын 24-ний өдрийн байдлаар хийж 22 цаг 30 минутад тухайн газарт аваарын туузыг татаж бичлэгээр баталгаажуулсан. Мөн цацруулагч конус гурвалжингуудыг авто зам дээр байрлуулж зурагт хавсаргасан байгаа. Тухайн ажил нь 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөөний 09 цагийн орчим эхлээд оройны 22 цаг 30 минутад дууссан. Нийт 5 засварчин, 1 инженер, 1 жолооч болон миний бие ХАБ-н хамт тогтмол хяналтыг тавьж ажилласан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),
Гэрч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “.... Тухайн ажлыг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө эхлүүлж 3 метрийн гүнтэй 8*3 хэмжээтэй нүхийг гаргасан байгаа. ...ажил дуусаад нүхний ирмэгээс авто зам тал руугаа 1 метр гарантай зайд цацруулагч конус гурвалжин тавьж, нүхээ тойруулаад байр хүртэл тойруулаад аваарын тууз татсан. Мөн засмал замын хөвөөнөөс гарсан боржууруудыг босгож туузаар ороогоод тавьсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн )
****** 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2025 оны сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслээр эхнэрийгээ ажилд нь хүргэж өгчхөөд Хуучин Дарханаас Магнолийн урдаас хүүхэд суулгаад цаашаа явж байгаад нэг эмэгтэй суусан. Тэгээд ард талын зам дээр явж байтал ард явж байсан машин дохио өгөөд урдуур орж хүн аваад хөдлөхөөр нь би хүнээс болж үхлээ лдээ гээд яриад явж байтал урдаас нар гялбаад юу ч харагдахгүй болоод гэрлэн дохиогоор баруун эргэх байсан тул дохио өгөөд жолооны хүрдээ баруун тийш дараад л юм мөргөх шиг болсон. Тэгээд машин зогссоноо баруун тал руу гаа нүх рүү уначихсан. Тэгээд миний ард талын суудал дээр сууж явсан зорчигч эмэгтэй орилоод байсан. Би Онцгой байдал руу залгаж дуудлага өгсөн, эмнэлгийг өөр хүн дуудсан юм шил байна лээ. ... Би хохирлыг барагдуулна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан баруун талын эгэм ясны хугарал, баруун 3-9 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д заасан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч*******ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Гэмт хэргийн улмаас хохирогч нь эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад зардлыг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс сэтгэцэд учирсан хор уршиг 8,753,400 төгрөг гаргуулж хохирогчт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь 5,000,000 төгрөгийг шүүх хуралдаан завсарласан хугацаанд төлсөн тул шүүгдэгчээс 3,753,400 төгрөг гаргуулан хохирогчт олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “....Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага торгох ялыг оногдуулж, торгох шийтгэлийг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Б. нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 15 сарын хугацаанд сар бүр 180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг 15 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 180,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 3,753,400 төгрөг гаргуулж хохирогчт олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР