Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0829

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа

татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Н***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч***, гуравдагч этгээд Б.Г*** нарыг оролцуулан иргэн Б.Д***ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

     ТОДОРХОЙЛОХ нь:

Төлөөөлөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...

  1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 260 дугаар захирамжийн Б.Г***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
  2. Миний эзэмшиж байгаа газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох,
  3. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг 2008 онд дүүргийн газрын албанд өгсөн кадастрын зургийн дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах,
  4. Б.Г***ий эзэмшиж буй газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн  бүртгэл болон зургийг илт хууль бус болохыг тогтоолгох.
  5.  Мөн түүний газрыг 2008 онд гаргаж өгсөн кадастрын зургийн дагуу газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...шар хашаа гэж яриад байгаа нь учиртай. “Монкан консалтинг” ХХК-ийн гаргасан зураг шар хашаа 2 давхцаж байгаа. Тухайн үед кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан. Шар хашаа нь 2008 оны кадастрын зурагтай давхцаж байгаа эсэх талаар шинжээч томилох хүсэлт гаргаж байсан. Гэхдээ нэгэнт эвлэрэх асуудал хэлэлцэж байгаа тул шар хашаагаар газраа бүртгэхэд татгалзах зүйлгүй. Тухайн үед кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан. Хариуцагч захиргааны байгууллага тухайн газрыг одоогийн бодит байдал дээр байгаа шар хашаагаар хэмжээд кадастрын зурагт оруулах боломжтой гэж ойлголоо.

Иймд бүхэлд нь хүчингүй болгуулах нэгдүгээр шаардлагаасаа татгалзаад, үлдсэн 4 шаардлагаа дэмжээд эвлэрэх боломжтой” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч Б.Д***ий хашаа хавтаст хэргийн 50 дугаар хуудасны тойм зургаар тодорхойлогдож байна. Б.Д*** яг тухайн зургаар хашаагаа барьсан бол шар хашаагаар тодорхойлох боломжтой.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн таван шаардлагын 1 дүгээр шаардлага болох бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үлдсэн 4 шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З***, нь өнөөдөр шүүх хуралдаан давхардсан тул оролцох боломжгүй. Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргыг төлөөлөх эрхтэй оролцож байгаа. Тиймээс Г.З***г оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэв.

Гуравдагч этгээд Д.Г*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...одоо энэ байгааг хэмжээгээр кадастрын зургаа хийлгэе. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлэхэд миний бие иргэн хүний хувьд 700 м.кв газраа авах ёстой. Шар хашаагаар зааглан Газрын албанаас шинээр кадастрын зураг гаргаж өгөх байх. Энэ байдлаар асуудлыг шийдвэрлэе. Шар хашаагаар гэж тохирч байна” гэв.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар, саналыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Д***ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тайлбарлан тохиролцсоноор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*** нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*** нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд Б.Г***ийг шүүх хуралдаанд оролцуулж байр суурийг нь сонссоноор, шүүхийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*** нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан тухайд.

Тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Д***өөс гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 260 дугаар захирамжийн Б.Г***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “миний эзэмшиж байгаа газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг 2008 онд дүүргийн Газрын албанд өгсөн кадастрын зургийн дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Б.Г***ий эзэмшиж буй газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон зургийг илт хууль бус болохыг тогтоолгох, түүний газрыг 2008 онд гаргаж өгсөн кадастрын зургийн дагуу газрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлэн гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*** нь нэхэмжлэлийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 260 дугаар захирамжийн Б.Г***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагаасаа татгалзаж буй хүсэл зоригоо амаар илэрхийлснээр шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан.

Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.“...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л***д нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон, түүний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт хамаарах татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тухайд.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “миний эзэмшиж байгаа газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг 2008 онд дүүргийн газрын албанд өгсөн кадастрын зургийн дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Б.Г***ий эзэмшиж буй газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн  бүртгэл болон зургийг илт хууль бус болохыг тогтоолгох, түүний газрыг 2008 онд гаргаж өгсөн кадастрын зургийн дагуу мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нэмэгдүүлэн гаргасныг шүүх хүлээн авч, тус нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2022/8035 дугаар шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*** нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...миний эзэмшиж байгаа газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг 2008 онд дүүргийн газрын албанд өгсөн кадастрын зургийн дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Б.Г***ий эзэмшиж буй газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн бүртгэл болон зургийг илт хууль бус болохыг тогтоолгох, түүний газрыг 2008 онд гаргаж өгсөн кадастрын зургийн дагуу мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*** нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1.“нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй” гэсэн хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн сацуу маргаанаа дуусгавар болгож, хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, нэхэмжлэгч нь зарим шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй байр сууриа хэлж, хүсэл зоригоо шүүх хуралдаан дээр илэрхийлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1677 дугаар, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17/1255, 17/1385 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлүүдийг үнэлж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргасны дагуу түүнийг хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй, энэ нь хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцсон нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн санаачилгаар  гуравдагч этгээдээр татан оролцуулсан Б.Г***ий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болохыг тэмдэглэж байна. Учир нь гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зохицуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4.“нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно” гэх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй байх тул 50 дугаар зүйлийн 50.5.“Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д***өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л*** нэхэмжлэлийн зарим хэсэг болох “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 260 дугаар захирамжийн Б.Г***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Миний эзэмшиж байгаа газрыг бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг 2008 онд дүүргийн газрын албанд өгсөн кадастрын зургийн дагуу кадастрын мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Б.Г***ий эзэмшиж буй газрыг газрын мэдээллийн санд бүртгэсэн  бүртгэл болон зургийг илт хууль бус болохыг тогтоолгох, түүний газрыг 2008 онд гаргаж өгсөн кадастрын зургийн дагуу мэдээллийн санд бүртгэхийг даалгах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Д***ий нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох 128/2021/0869/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан уг шүүгчийн захирамжийг биелүүлэхдээ хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлд тэмдэглэгдсэн нэхэмжлэгч Б.Д***ий барьсан жижиг модон шар хашаагаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын хил заагийг тогтоож, шийдвэрлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус үүрэг болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.БАДАМСҮРЭН