| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2020/00346/И |
| Дугаар | 148/ШШ2020/00597 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 148/ШШ2020/00597
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 148/ШШ2020/00597 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Б.Мөнхзул, Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 2-15 тоотод оршин суух, эмэгтэй, одоо МУИС-д багш ажилтай ******* овогт *******ын *******ын /МЬ-79070741/ нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 1 дүгээр хэсэг 136 тоотод оршин суух, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт ******* овогт *******ийн *******д /МЬ-64052003/ холбогдох
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч З.*******, хариуцагч Ж.*******, иргэдийн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.******* нь С.*******тай холбоотой хүн юм. С.******* нь намайг Солонгос Улсад байхад бид хоёр танилцаж намайг ирэхэд онгоцны буудлаас тосож аваад 2019 онд сараас бид 2 гэр барьж хамтран амьдарч байсан. Тухайн үед С.******* надад хэлэхдээ: Би эхнэртэйгээ таарамжгүйн улмаас салсан, бид хоёр хүүхэд өргөж авсан талаар ярьдаг байсан. 2019 оны 08 дугаар сард С.******* бид 2 Бөхлөөд өвс бэлдэхээр гарсан. Тэр болтол хэл амгүй чимээгүй л байдаг байсан. Гэтэл намайг байхгүй хойгуур буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манайд очиж С.*******тай муудалцан миний дээлийг урж гал руу хийх гэж байхад нь С.******* булааж авсан байсан. Миний дээл манай ээжийн надад өгсөн хавар, намрын дотортой дээл, торгыг нь Солонгос Улсаас авчирсан үнэтэй торгоор хийсэн шинэдүү дээл байгаа юм. Би дээлээ Ашид билгүүн ХХК-иар үнэлгээг гаргуулахад 200,000 төгрөгөөр үнэлсэн. Анх би үнэлгээг 500.000 төгрөгөөр гаргуулахаар хүсэлт гаргасан байсан. Иймд Ж.*******гаас дээлний үнэн 200.000 төгрөг,үнэлгээ тогтоолгоход гаргасан 30.000 төгрөг нийт 230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Ж.*******гийн төлсөн гээд байгаа 50,000 төгрөгийг С.******* шилжүүлсэн байсан. Энэ 50,000 төгрөгийг С.******* хохиролдоо төлсөн гэж үзэж байна. Учир нь С.******* нь согтуудаа ирж намайг зодоод миний биед гэмтэл учруулсан хохирлын төлбөр гэж ойлгосон. Түүнээс надад Ж.*******гийн дээлний хохирлын төлбөр гэж хэлээгүй юм.
Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.******* нь манай нөхөртэй 2 жил гаруй явалдсан. Одоо нөхөр маань гэрээсээ явсан байгаа. Нөхөр бид хоёр гэр бүлийн баталгаатай 10 жил гаруй ханилсан. Гэрээсээ яваад энэ хүүхэнтэй тусдаа амьдардаг байсан. Нэг өдөр С.******* ирээд Би гэртээ ганцаараа байгаа хүүгээ хэд хоног аваад хамт байж байгаад ирье гэхээр нь хүүгээ аавтай хамт явуулсан юм. Хүүгээ авахаар очиход орон дээр хүүд минь З.*******ын дээлийг нөмрүүлсэн маягтай байхаар нь би уурлаж Чи яахаараа янхны дээлийг хүүхдэд нөмрүүлдэг юм гээд аваад шидэх гэж байтал С.******* татаад энгэрийг нь урсан байхаа. Тухайн үедээ би энгэр нь урагдчихлаа л гэж бодож байсан. Түүнээс биш гал руу хийх гэж байсан зүйл байгаагүй. Энэ дээл нь гэрт өмсдөг болов уу гэмээр хуучин дээл харагдсан. Үүнээс болж цагдаад дуудагдан Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгуулсан. Би тухайн үед прокурор энэ дээл 50,000 төгрөг болох байх та үнийг нь төлөөрэй гэхээр нь нөхөртөө Чи энэ дээлнийхээ үнийг төлөөрэй, чамаас л болсон гэсэн. Дараа нь удалгүй 50,000 төгрөгийг чинь төлчихлөө гээд надад 50,000 төгрөг төлсөн хохирлын төлбөр гэсэн өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн баримт өгсөн. Мөн дараа нь 150,000 төгрөгийн баримт өгснийг би шүүхэд өгөөгүй. Би энэ дээлний төлбөрийг төлж чадахгүй. Надад тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №ТХҮ /518-012 Үнэлгээний дүгнэлт-ээс:
...Хавар, намрын дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, 200,000 төгрөг, Солонгос торгоор хийлгэсэн 2-3 удаа өмссөн шинэвтэр дээл... гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж:
ҮНДЭСЛЭХ нь:
З.******* нь Ж.*******д холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж дээлийг урсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...намайг байхгүй хойгуур буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манайд очиж С.*******тай муудалцан манайд очоод миний дээлийг урж гал руу хийх гэж байхад нь С.******* булааж авсан байсан. Миний дээл манай ээжийн надад өгсөн хавар, намрын дотортой дээл, торгыг нь Солонгос Улсаас авчирсан үнэтэй торгоор хийсэн шинэдүү дээл байгаа юм. Би дээлээ Ашид билгүүн ХХК-иар үнэлгээг гаргуулахад 200,000 төгрөгөөр үнэлсэн. Анх би үнэлгээг 500,000 төгрөгөөр гаргуулахаар хүсэлт гаргасан байсан. Иймд Ж.*******гаас дээлний үнэн 200,000 төгрөг, үнэлгээ тогтоолгоход гаргасан 30,000 төгрөг нийт 230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэх, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...Нэг өдөр С.******* ирээд Би гэртээ ганцаараа байгаа хүүгээ хэд хоног аваад хамт байж байгаад ирье гэхээр нь хүүгээ аавтай хамт явуулсан юм. Хүүгээ авахаар очиход орон дээр хүүд минь З.*******ын дээлийг нөмрүүлсэн маягтай байхаар нь би уурлаж Чи яахаараа янхны дээлийг хүүхдэд нөмрүүлдэг юм гээд аваад шидэх гэж байтал С.******* татаад энгэрийг нь урсан байхаа. Тухайн үедээ би энгэр нь урагдчихлаа л гэж бодож байсан. Түүнээс биш гал руу хийх гэж байсан зүйл байгаагүй. Энэ дээл нь гэрт өмсдөг болов уу гэмээр хуучин дээл харагдсан. Үүнээс болж цагдаад дуудагдан Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгуулсан... гэх тайлбар мэдүүлгүүд болон Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №ТХҮ /518-012 Үнэлгээний дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №0351986 тоот Шийтгэлийн хуудас зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Түүнчлэн Ашид билгүүн ХХК-ийн /Сэлэнгэ салбараас/ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №ТХҮ /518-012 дугаартай дээлний Үнэлгээний дүгнэлт-ийг хариуцагч Ж.******* нь эс зөвшөөрч дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1410 дугаартай захирамжаар ...хавар намрын дотортой эмэгтэй дээлний... зах зээлийн үнэлгээг гаргуулахаар Ашид билгүүн ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарыг шинжээчээр томилсон. Гэтэл шинжээч Ашид билгүүн ХХК-ийн Дархан дахь салбар ...үнэлгээний зүйлийн талаар хангалттай мэдээлэлгүй... тул бодитой үнэлгээг тогтоох боломжгүй... гэж мэдэгдсэн байх тул шүүх Ашид билгүүн ХХК-ийн /Сэлэнгэ салбараас/ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан №ТХҮ /518-012 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж дүгнэлээ.
Хариуцагч Ж.******* нь Ашид билгүүн ХХК-ийн /Сэлэнгэ салбарын/ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ХХК-ийн №ТХҮ /518-012 дугаартай 200,000 төгрөгөөр үнэлсэн дээлний үнэлгээний дүгнэлт-ийг эс зөвшөөрсөн буюу няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар нэмэлт хүсэлт гаргаагүй бөгөөд түүний ...Би энэ дээлний төлбөрийг төлж чадахгүй. Надад тэтгэврийн мөнгөнөөс өөр орлого байхгүй... гэх тайлбар нь хариуцагч Ж.*******г дээл урсан үйлдлийн улмаас учирсан хохирол 230,000 төгрөг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагч нь дээлний 200,000 төгрөгийн хохирол учруулснаас шүүх зарим хэсгийг нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нь хохиролд 50,000 төгрөг төлсөн болох нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг-ийн баримтаар нотлогдож байх тул энэ хэсгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.
Иймд Ж.*******гаас З.*******ад Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол-д 180,000 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 180,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 6,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Ж.*******гаас З.*******ад Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол-д 180,000 төгрөг гаргуулан олгож, үлдэх 50,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,550 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хэвээр үлдээж, хариуцагчаас 6,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ
Л.СОЁЛМАА