Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/146

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д-, шүүгдэгч Р.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-гээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Р-гийн Н-ид холбогдох эрүүгийн 2535000000… дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ………………-нд …….. аймгийн …… суманд төрсөн, …настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ……………. амьдардаг, Увс аймгийн ......... сумын …. дугаар багийн …… түр оршин сууж буй, ………………. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Р-гийн Н-, (регистрийн дугаар: ……….);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Н- нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ......... сумын ….. дугаар багт байрлах “.........” караокены гадна хохирогч С.Е-тай хардалтын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан улмаар түүнийг унагааж, цээж тус газар нь өвдөглөж, гар болон хөлөөрөө нүүр, бие, хөл тус газар нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “биед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, 11 дүгээр (баруун 1 дүгээр) шүдний булгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд, цээжний зүүн дээд хэсэг болон зүүн суганы хонхорт цус хуралт, дух зүүн хөмсөгний дунд хэсэгт, баруун, зүүн хацрын төвгөрт, дээд уруулын зүүн хэсэгт, баруун мөр, баруун, зүүн бугалга, хоёр дал, бүсэлхийн баруун хэсэгт, цээжний баруун дээд болон зүүн дээд хэсэгт, хэвлийн баруун дээд хэсэгт, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтлүүд” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Н- нь 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ......... сумын .. дугаар багт байрлах “.........” караокены гадна хохирогч С.Е-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдан улмаар түүнийг унагааж, цээж тус газар нь өвдөглөж, гар болон хөлөөрөө нүүр, бие, хөл тус газар нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал); 

2. Хэргийн газарт болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал); 

3. Мөрдөгчийн шүүгдэгч болон хохирогчийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-16 дахь тал); 

4. Хохирогч С.Е-ын өрдөн байцаалтын шатанд өгсөн "...2025 оны 05 дугаар сарын 09-ний орой ......... сумын ….-р багт байрлах “.........” караокены гадна утаат тамхи татах гэж гарахад Р.Н- нь хоёр залуутай уулзаад зогсож байсан. Уг залуучууд нь надад хятад хүн шиг харагдсан болохоор би Н-ид хандаж “чи хятад хүмүүстэй найзалдаг болчихсон юм уу, чи наад хятад хүмүүсээ дагаад зайл” гэсэн. Р.Н- тухайн залуучуудыг дагуулаад хашаан хаалга руу явсан. Тухайн үед манай эхнэр Ц.Н- караоке дотроос гарч ирж, бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж, маргалдаж байтал Р.Н- ирээд Ц.Н-ийг өмөөрч эхэлсэн. Үүнээс болж Ц.Н-ийг би Н-той хардаж маргалдаж зодолдсон…би эхнэр Ц.Н-ийг хайж, “.........” караоке руу ороход Р.Н-, Ц.Н- хоёр хамт зогсож байсан болохоор би тэднийг хардаж, дахин Р.Н-тай маргалдаж зодолдсон. …тэр миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, газарт унахдаа миний цээж хэсэг рүү өвдөглөж унасан ба мөн өшиглөсөн….Уг хэргийн улмаас Р.Н- нь миний баруун 6 дугаар хавирга цохиж хугалсан. Би …Р.Н-ийн биед халдаж цохисон...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг хохирлыг нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал, цаашид нэг нэгнээсээ нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 46-48 дахь тал);

5. Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............ караокены гадна үүд хэсэгт С.Е- нь Р.Н-ийг өөрийн эхнэртэйгээ хардаж, маргалдаж эхэлсэн. Тэгээд Р.Н-, С.Е- хоёр хоорондоо барьцалдаж зодолсон. С.Е- эхэлж Р.Н-ийг гараараа хэд хэдэн удаа цохисон. Харин Р.Н- буцаагаад гараараа хэд хэдэн удаа С.Е-ыг цохисон. … Р.Н-, С.Е- хоёр хоорондоо зодолдож нэг нэгнээ гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөө нэг нэгнээ хэд хэдэн удаа өшиглөж байсан… С.Е- эхлээд Р.Н-ийг гараараа хэд хэдэн удаа толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Мөн Р.Н-ийг хэд хэдэн удаа өшиглөж байсан. С.Е- Р.Н-ийг эхлээд цохисон бөгөөд Р.Н- буцаагаад толгой нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиж, газар унагааж, хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 59-60 дахь тал);

6. Шинжээч Т.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 86 дахь тал);

7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай: “...С.Е-ын биед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал, 11 дүгээр (баруун 1 дүгээр) шүдний булгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд, цээжний зүүн дээд хэсэг болон зүүн суганы хонхорт цус хуралт, дух, зүүн хөмсөгний дунд хэсэгт, баруун, зүүн хацрын төвгөрт, дээд уруулын зүүн хэсэгт, баруун мөр, баруун, зүүн бугалга, хоёр дал, бүсэлхийн баруун хэсэгт, цээжний баруун дээд болон зүүн дээд хэсэгт, хэвлийн баруун дээд хэсэгт, зүүн тохой, шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Баруун 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам" -ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. С.Е-ын биед үүссэн 11 дүгээр ( баруун 1 дүгээр) шүдний булгаралт гэмтэл нь "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 81-82 дахь тал);

6. Шүүгдэгч Р.Н-ийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Р.Н- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Н-ийн үйлдлийн улмаас хохирогч С.Е-ын биед баруун 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл учирсан байх бөгөөд тухайн гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээч тогтоосон ба уг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Р.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

3. Шүүгдэгч Р.Н- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Р.Н-, хохирогч С.Е- нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

5. Хохирогч С.Е- мөрдөн байцаалтын шатанд “Р.Н-той буруу ойлголцож харилцан зодолдож нэгнэгнийхээ биед гэмтэл учруулсан ба учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Миний бие Р.Н-оос цаашид хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэх гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дахь тал)- ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Р.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Р.Н- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.

3. Шүүгдэгч Р.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Р.Н-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Р.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Р.Н-ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцлүүдийг хангаж байна.  

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ж.Энхбат түүний өмгөөлөгч Д.Д- нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Р.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 8. Шүүгдэгч Р.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Р-гийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ид 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Р.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл  хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ГАНСҮХ