| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Я, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч Ж.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ж-ын Э-ад холбогдох эрүүгийн 2535000680…дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ………….-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, …настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл …… хамт амьдардаг, Увс аймгийн ............. сумын ……… оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т овогт Ж-ын Э-, (регистрийн дугаар: ………);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн ............. сумын … дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-тэй маргалдан зодож улмаас баруун гарын богтос ясны дээд 1/3 хэсгээр зөрүүтэй, сэлтэрсэн, далд хугарал, баруун хацарт цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Э- нь согтуурсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн ............. сумын ….дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Э-тэй маргалдан зодож биед нь баруун гарын богтос ясны дээд 1/3 хэсгээр зөрүүтэй, сэлтэрсэн, далд хугарал, баруун хацарт цус хуралт гэмтлүүд учруулсан болох нь:
1. Прокурорын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 3 дахь тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн “................ сумын …-р багт байрлах “……..” төвийн хашаан дотор зодоон болсон...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал);
3. Хохирогч Г.Э-ийн өрдөн байцаалтын шатанд өгсөн "...2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ............. сумын …дугаар багт байрлах арьс шир авдаг цэгийн хажууд Ж.Э- гэх хүнтэй тааралдсан. Тэнд зогсож байтал арьс шир авдаг залуу та хоёр надад контейнер цэвэрлээд өг, та хоёрт мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цэвэрлэгээ хийгээд 40,000 төгрөг өгөхөөр нь мөнгөө аваад дэлгүүр ороод Ерөөл нэртэй 0,5 литрийн архи худалдаж аваад хуучнаар ......... төв байсан байрны арын хашаанд орж хоёулаа хувааж уусан. Архи хувааж ууж дуусгаад дахин нэг шил архи ууя гэж Ж.Э- хэлэхээр нь би тэгье гэж хэлээд 10,000 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхэд та ганцаараа нэг шил архи авчихгүй юм уу гэж хэлээд миний баруун гар луу гараараа нэг удаа цохих үед би хойшоо унасан. Дахин миний толгой руу өшиглөх үед би баруун гараараа толгойгоо хамгаалахад миний баруун талын гар луу хүчтэй өшиглөөд дахин зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөж зодчихоод яваад өгсөн юм. Тэгээд би тэр газраасаа босоод шууд цагдаагийн газарт ирсэн. ...Ж.Э- нь архинаас болж миний биед халдаж зодож цохисон. Бид хоёрын хажууд ямар ч хүн байгаагүй. ...Тэр өдөр миний баруун, зүүн гар луу өшиглөж цохиж, миний биед халдаж зодсон. Миний баруун шуу /бугуй/ хэсэг хугарсан, зүүн хөлний шилбэ хэсгээр мах нь тасарсан...Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. ...Ж.Э- нь надад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, нэмж шалгуулах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 51-53 дахь тал);
4. Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гражийн цэвэрлэгээ хийлгэсэн бөгөөд би уг хүмүүс 0,5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж хамт уусан. Цэвэрлэгээ хийж дуусахаар нь Г.Э-, Ж.Э- нарт тус бүрт нь 20,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. ...Тэдний биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. ...Г.Э-ийн баруун гарт ямар нэгэн зовиур байхгүй зүгээр байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал);
5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 149 дугаартай: “....Г.Э-ийн биед баруун гарын богтос ясны дээд 1/3 хэсгээр зөрүүтэй, сэлтэрсэн, далд хугарал, баруун хацарт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ... баруун гарын богтос ясны дээд 1/3 хэсгээр зөрүүтэй, сэлтэрсэн, далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 64-66 дахь тал);
6. Шүүгдэгч Ж.Э-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Ж.Э- нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн ............. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч Г.Э-тэй маргалдан зодож гэмтэл учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ж.Э- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Э-ийн биед баруун гарын богтос ясны дээд 1/3 хэсгээр зөрүүтэй, сэлтэрсэн, далд хугарал бүхий гэмтэл учирсан байх бөгөөд тухайн гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээч тогтоосон ба уг шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Ж.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
3. Шүүгдэгч Ж.Э- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Хохирогч Г.Э- мөрдөн байцаалтын шатанд “...Ж.Э- нь миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсандаа уучлалт гуйж хохирлоо нөхөн төлсөн ба би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 98 дахь тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,099,657 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 94 дэх тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Э- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал)-аар тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.
3. Шүүгдэгч Ж.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Ж.Э-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Ж.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ж.Э-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ад 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Ж.Э- түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.
7. Иймд шүүгдэгч Ж.Э-ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
8. Шүүгдэгч Ж.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ж-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ад 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ