Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Я, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б т овогт А-ын Э-т холбогдох эрүүгийн 2535000000... дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................нд Увс аймгийн ..........суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл ........... хамт амьдардаг, Увс аймгийн ......... сумын ......... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б т овогт А-ын Э-, (регистрийн дугаар: ...............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Увс аймгийн ......... сумын … дүгээр багийн нутагт байрлах “.........” хүнсний дэлгүүрийн урд замд согтуугаар өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай .........” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Увс аймгийн ......... сумын ... дүгээр багийн нутагт байрлах “.........” хүнсний дэлгүүрийн урд замд согтуугаар ......... улсын дугаартай “.........” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал); 

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-4 дэх тал);

3. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6 дахь тал);

4. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “А.Э-ын согтуурал шалгасан тэмдэглэл /2,15%/ промиль/, гэрэл зураг, согтуурал шалгах багажийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 7-8 дахь тал);

5. А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 29 дэх тал);

6. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/849 дугаартай шийтгэврийн хуулбар, (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

7. Цагдаагийн байгууллагын сангаас А.Э-ын хувийн байдлыг тодруулахаар авсан баримтууд, (хавтаст хэргийн 11-28 дахь тал);

8. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/996 дугаартай албан бичиг түүний хавсралт (хавтаст хэргийн 31-32 дахь тал);

9. Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ......... сумын .. дүгээр багт байрлах өөрийн аавын гэр лүү өөрийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрийн төрсөн дүү болон түүний хүүхдүүдийн хамт явж байгаад замдаа “.........” гэх дэлгүүрийн гадна зогсоод манай дүү буухдаа надад хүүхдээ үлдээгээд дэлгүүр ортол гэнэт миний тээврийн хэрэгслийн хажуу талаас нэг хар саарал өнгийн ......... улсын дугаартай жийп машин мөргөсөн бөгөөд би машинаасаа буутал нэлээн согтуу усан цэнхэр өнгийн фудболктой хүн бууж ирсэн бөгөөд би тэр дор нь цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 35-36 дахь тал);

10. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэгтэл 19 цагийн үед ......... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “.........” хүнсний дэлгүүрийн урд ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шүргэлдсэн байдалтай байсан юм. Тэгээд очоод юу болсон талаар асуухад ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тухайн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн байсан юм. Тэгээд уг ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул жолоодох эрхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан юм. Тэгээд тухайн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох А.Э-ын согтуурлыг ажлын газар авч ирж согтуурлыг шалгахад 2,15% промиллын согтолттой гарсан юм” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 37-38 дахь тал);

11. Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагаас 02 цаг хүртэл Увс аймгийн ......... сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн үүргийг цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Ц-ийн хамт гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 19 цагийн үед ......... сумын ...дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ......... хүнсний дэлгүүрийн урд ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шүргэлдсэн байдалтай байсан юм. Тэгээд очоод юу болсон талаар асуухад ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тухайн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн байсан юм. Тэгээд уг ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул жолоодох эрхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан юм. Тэгээд тухайн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох А.Э-ын согтуурлыг ажлын газар авч ирж шалгахад 2.15% промиллын согтолттой гарсан юм” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 39-40 дэх тал);

12. Шүүгдэгч А.Э-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Э- нь урьд “2024 оны 10 дугаар сарын 04-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  “.........” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 18-ны өдрийн 2024/ЗШ/849 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж,  2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, сүүлийн зөрчил үйлдэгдсэн өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 189 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

Шүүгдэгч А.Э- нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Увс аймгийн ......... сумыдүгээр багийн нутагт байрлах “.........” хүнсний дэлгүүрийн урд замд согтуугаар өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай “.........” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” загварын “ARSM-0531” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад А.Э-ын амьсгал дахь спиртийн агууламж 2.15 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 7-8 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Э-ын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч А.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд байхгүй тул л шүүгдэгч А.Э- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч А.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч А.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3. Прокуророос шүүгдэгч А.Э-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Түүнчлэн шүүгдэгч А.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч А.Э-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.  

5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч А.Э- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлэж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэмлэх нь зүйтэй.

7. Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б т овогт А-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай

5. Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ