| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/149 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Я, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж- овогт М-гийн Н-ад холбогдох эрүүгийн 2535000000131 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..................-нд Увс аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл .... хамт амьдардаг, Увс аймгийн .............. сумын 5 дугаар /........./ багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ж- овогт М-гийн Н- (регистрийн дугаар: ............);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Увс аймгийн .............. сумын 5 дугаар багийн нутагт гэр хорооллын замд согтуугаар иргэн О.А-О-ын эзэмшлийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй “.........” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Увс аймгийн .............. сумын 5 дугаар багийн нутагт гэр хорооллын замд согтуугаар иргэн О.А-О-ын эзэмшлийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй “.........” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
3. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр М.Н-ын согтуурал шалгасан тэмдэглэл /2,39% промиль/, гэрэл зураг, согтуурал шалгах багажийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 8-10 дахь тал);
4. М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаа” гэх баримт (хавтаст хэргийн 23 дахь тал);
5. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/497 дугаартай шийтгэвэр, гүйцэтгэх хуудасны хуулбар, (хавтаст хэргийн 25-27 дахь тал);
6. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн М.Н-ын эрх хасах шийтгэлийн биелэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал);
7. Цагдаагийн байгууллагын АСАП сангаас М.Н-ын хувийн байдлыг тодруулахаар авсан баримтууд (хавтаст хэргийн 12-22 дахь тал);
8. Гэрч Э.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед .............. сумын .........- 5 дугаар баг сумын төв дотор хэсгийн төлөөлөгчийн хамтаар албаны ......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гудамж талбай, замын хөдөлгөөнд хяналт, эргүүл хийж явахад иргэн М.Н- нь ......... маркийн улсын бүртгэлд бүртгэлгүй мотоцикл унаад гэр хорооллын замд явж байгаад зогсоход ар талд нь сууж явсан Ц.А-О- гэх хүн буугаад дэлгүүр орж байсан ба хэсгийн төлөөлөгчийн хамтаар ......... маркийн улсын бүртгэлд бүртгэлгүй мотоцикл жолоодож явсан иргэн М.Н-ыг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан этгээд байсан. Мөн согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир .............. сумын цагдаагийн тасагт авч ирж согтуурал шалгах ABFC 6810 маркийн 0324 серийн дугаартай багажаар шалгаж үзэхэд 2.39% согтолттой гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал);
9. Гэрч Ц.А-О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед .............. сумын 5 дугаар багийн иргэн Д- гэх айлд өөрийн ......... маркийн улсын бүртгэлд бүртгэлгүй мотоциклоо унаж очсон ба очиход Д- эхнэрийн хамтаар хашаандаа машин засаж байсан. Мөн миний хуурай дүү М.Н- нар байсан юм. Тэгээд удалгүй М.Н- нь дээлнийхээ өврөөсөө Агар нэртэй 0.5 литрийн архи 1 шилийг гаргаж ирээд бид хоёр Д-гийн гэрт хувааж уусан. Харин Д- нь эхнэрийн хамтаар гэрийнхээ гадаа машин засаж байсан уугаагүй юм. Тэгээд М.Н- бид хоёр тухайн архийг хувааж ууж дуусахад миний тамхи дууссан байсан дэлгүүр явж тамхи авна гэхэд М.Н- нь хамт явъя би таны мотоцикл жолоодон гээд хашаан гадаа байсан миний эзэмшлийн мотоциклын жолоо авсан юм. ....Тэгээд .............. сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг О- эгчийн дэлгүүрийн ард талын замд зогсоод би буугаад дэлгүүр орж байхад М.Н-ын араас цагдаагийн машин ирээд зогсож байсан юм. Тэгээд би дэлгүүрээс тамхи аваад гараад ирэхэд цагдаагийн алба хаагчид М.Н-ыг эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд .............. сумын цагдаагийн тасагт авч ирж согтуурал шалгах ABFC 6810 маркийн 0324 серийн дугаартай багажаар шалгаж үзсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал);
10. Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13-14 цагийн үед эхнэр Оюунцэцэг бид хоёр машинаа засаж байхад манайд М.Н- нь тал шил архитай ирсэн юм. Тэгээд эхнэр бид хоёр тосол болон бензин авахаар дэлгүүр гарах үед Ц.А-О- ......... маркийн мотоциклтой ирээд манайх руу орж байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр тосол болон бензин авчхаад хүнсний дэлгүүр орохоор явж байхад О- эгчийн дэлгүүрийн арын хорооллын замд М.Н- нь А-О-ын мотоцикл унаж яваад цагдаагийн алба хаагч нар зогсоон шалгаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал);
11. Шүүгдэгч М.Н-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.Н- нь урьд “2024 оны 5 дугаар сарын 08-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “.......” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/497 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, сүүлийн зөрчил үйлдэгдсэн өдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 81 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.
Шүүгдэгч М.Н- нь 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд Увс аймгийн .............. сумын 5 дугаар багийн нутагт гэр хорооллын замд согтуугаар иргэн О.А-О-ын эзэмшлийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй “.........” загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6810” загварын “ARFC-0324” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад М.Н-ын амьсгал дахь спиртийн агууламж 2.39 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 8-10 дахь талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Н-ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч М.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
4.Шүүгдэгч М.Н-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч М.Н- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч М.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч М.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3. Прокуророос шүүгдэгч М.Н-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Түүнчлэн шүүгдэгч М.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч М.Н-ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 260 (хоёр зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч М.Н- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 260 (хоёр зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ гэмт хэрэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн давтамжийн шинжээр гэмт хэрэгт шилжиж байгаа тул урьдах зөрчилд нь оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд багтах тул шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлэж дууссанаар энэ төрлийн ял, шийтгэл биелэгдсэнд тооцохыг тэмдэмлэх нь зүйтэй.
7. Шүүгдэгч М.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж- овогт М-гийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 260 (хоёр зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай
5. Шүүгдэгч М.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ