Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                                 Прокурор Б.Буяндалай /цахимаар/

                                                 Нарийн бичгийн дарга Б.Болортуяа нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтээр Ж.Б, Д.Д нарт холбогдох эрүүгийн 2027000000051 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                               

 

Д.Д, Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Т.О-н хашаанаас ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Т.О-д 1050000  төгрөгийн хохирол учруулсан,

мөн Д.Д, Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А.Ч-н улаан өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч А.Ч 1050000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Д.Д, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Хөхдоной овогтой Ж.Б, Бурхан овогтой Д.Д нарыг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Д.Д, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Д.Д, Ж.Б нарыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.Д, Ж.Б нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэн, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсзргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Буяндалай шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Гэтэл тус аймгийн прокурорын газраас Д.Д-г 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өлийн давааны ар гэх газраас хохирогч Н.Б-н 38 тооны адууг хулгайлж 16 170 000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Э 2 тооны адууг хулгайлж 3400000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх эрүүгийн 1912000470280 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д.Дид холбогдох эрүүгийн 1912000470280 дугаартай хэрэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй байсан ба хэрэв түүнд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжгүй байжээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын тухайд шүүгдэгчид ял завшуулсан, харин яллагдагч Д.Д-д холбогдох эрүүгийн 1912000470280 дугаартай хэргийг шийдвэрлэхэд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг биелүүлэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал шинээр илэрсэн байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Д-д Архангай аймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 1912000470280 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ хэрэгт яллагдагчаар татахаас өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 63 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийтгэгдсэн байна. Уг шийдвэр гарах үед Д.Д-н Архангай аймагт үйлдсэн гэмт хэрэг нь илрээгүй байсан учир уг нөхцөл байдал нь шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүний хэргийг шийдвэрлэсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

                                                 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын дүгнэлтэд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Прокурорын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт нь үндэслэлгүй байна.

 

Д.Д, Ж.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Т.О-н хашаанаас ногоон өнгийн Даюун маркын мотоциклийг, мөн А.Ч-н улаан өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч нарт тус тус 1050000 төгрөгийн хохирол учруулсан гэх 2027000000051 дугаартай хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн үүсгэгдэн яллагдагчаар татагджээ.

 

Уг үйлдэлдээ шүүгдэгч нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон шийтгүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Д.Д нь дээрх гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлсний дараа 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн нутаг дэвсгэр Өлийн давааны ар гэх газраас иргэн Н.Б-н 38 тооны адууг хулгайлж 16 170 000 төгрөгийн хохирол, иргэн Б.Э 2 тооны адууг хулгайлж 3400000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх эрүүгийн 1912000470280 дугаартай хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагджээ.

 

Тухайн гэмт хэргүүд нь бие даасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа Д.Дийн үйлдсэн гэх 1912000470280 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйлд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх боломжтой шинээр илэрсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 01 тоот дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 01 тоот дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.