Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0921

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Ч***г 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч А.Ч***г нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Ч***гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дүгээр захирамжаар А.Ч***гт 75000 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгогдсон.  Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжаар А.Ч***гийг газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр урьдчилан мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг нь цуцалсан байна.

3. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардан авч 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 07/6030 дугаартай албан бичгээр “... гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү ...”  гэсэн утгатай татгалзсан хариуг авснаар,

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дүгээр захирамжаар А.Ч***г нь 7,5 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд эзэмшиж эхэлсэн. Эзэмшиж эхэлснээс хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар 3 иргэнтэй нийлж дөрвүүлээ хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу цахилгаан татсан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-т заасныг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбар дээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг ойлголт нь барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг хэлнэ. 2008 оны буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу тайлбар гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулиар барилга байгууламж гэдгийг тайлбарласан байгаа. 2008 оны Барилгын тухай хуулиар цахилгааны шугам нь барилга байгууламж барьсанд тооцогдохоор байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс цахилгааны шугам татсан нь газрыг зориулалтын дагуу ашигласан буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ашиглаагүй гэдэг үндэслэлд хамаарахгүй. Улсын дээд шүүхийн тайлбар дээр барилга байгууламж барьсан байхыг ойлгоно гэсэн. Тухайн үед хүчин төгөлдөр байсан Барилгын тухай хуулиар цахилгааны шугам татсан нь барилга байгууламж барьсанд тооцогдоно. Тиймээс зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Ч***гт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2017 онд А.Э*** том шон болон чанартай утсаар цахилгаан татаж 100 гаруй сая төгрөгийн зардал гаргасан байдаг. Үүний дараа татагдсан нь арай жижиг шонтой, нарийн утастай байгаа. Тухайн шугам нь Г.М***ийн газраас гарсан байсан. А.Ч***г нь 2.5 га газар нэмэхдээ хошуу хэлбэртэй байгаа. Иргэн А.Ч***гийн хувьд тодорхой хэмжээний зардал гаргасан. Энэ ажлыг А.Э*** тухайн үед гадуур ажил хөөцөлдөх боломжтой нь байсан тул ажлаа хөөцөлдөөд явсан. Сүүлд 2018 онд А.Э*** хөөцөлдөж байгаад гадаад явах болсон тул 2020 оноос А.Ч***г гэрээ байгуулан бага үнийн дүнгээр шон татуулсан байгаа. Барилга байгууламж барьсан гэдэг ангилалд хамаарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А.Ч***г нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын 5817 дугаарт анх газар эзэмших хүсэлт гаргаж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын А/505 дугаар "Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Аялал Жуулчлалын цогцолборын зориулалтаар дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастын аманд 18627329287188 нэгж талбарын дугаартай 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай 000606602 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний "Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай" А/133 дугаар захирамжаар Аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар 25000 м.кв газрыг нэмэгдүүлж нийт 75000 м.кв газрыг 18627329218171 нэгж талбарын дугаар газрыг 5 жилийн хугацаатай 000622471 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. А.Ч***г нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улс уруу 10 жилийн хугацаатай амьдрах болсон тул 21 дүгээр хорооны Ахмадын сувилал барих зориулалтын газрыг сунгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/234 дүгээр захирамжаар дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастын аманд Аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар нэгж талбарын 18627329218171 дугаар 75000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, 000697461 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. А.Ч***г нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтыг зөрчин анх 2015 онд газар эзэмших эрхтэй болсноосоо хойш хашаа бариагүй 7 жил ашиглаагүй газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17/57 албан тоот албан бичгийг Монгол шуудангийн RD151337069 дугаар шууданд хийсэн, “хаягаар нь очиход ийм хүн байдаггүй, холбогдох утас руу залгахад ийм хүмүүс мэдэхгүй гэсэн” тайлбартай буцаж ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны Өглөөний сонинд №165(3470), 2021 оны 09 дүгээр сарын 15-ны №165 (3770) дугаар Өглөөний сонинд тус тус 2 удаа “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсний дагуу зөрчилтэй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулж байна” гэж зарлуулсан. Нэхэмжлэгч А.Ч***г нь дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан байна.

Мөн “миний бие нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж өөрийн хөрөнгөөр бусадтай хамтран шат дараатай хөрөнгө оруулалт хийн эрчим хүчний шугам сүлжээ татсан, хашаа барих хөрөнгө оруулалт хийгээд байна” гэжээ. Нэхэмжлэгч нь эрчим хүчний шугам сүлжээ татаагүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа хашааны шон зоосон байсан. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “...зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Нотлох баримтгүйгээр гаргаж ирэх нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2015 онд анх тус газрыг авахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.5 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр “Аялал жуулчлалын бааз байгуулах бизнес төсөл”-ийг Сонгинохайрхан дүүрэгт 2016-2018 оны хооронд хэрэгжүүлнэ, жилд дунджаар 200-300 жуулчинд үйлчилгээ үзүүлж, 200-300 уг төслийг сая төгрөгийн борлуулалт хийж, дүүргийн Татварын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллаж, 10-12 ажлын байр шинээр бий болгож, 2016, 2017, 2018 онуудад орлого үр дүнгийн төлөвлөгөөг ирүүлсэн. Дээрх онуудад төлөвлөгөөний дагуу ажиллах талаар төсөлд дурдсан атал Ковид-19 цар тахалтай холбон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “анх цахилгааны шугамыг төрийн байгууллагын буюу татвар төлөгчдийн мөнгөөр авсан. Манайхаас албан бичиг бичээд, зөвхөн А.Э***т өгөхийг зөвшөөрсөн. Гэтэл гэрч н.Уранчимэгийн мэдүүлгээр Багш хотхон болон бусад айл уруу тог зараад суугаад байдаг гэсэн. Би хувийн зүгээс эсэргүүцсэн боловч танай дарга нар зөвшөөрсөн гээд шөнөөр татсан байсан. “Гэрлийн урсгал” компани руу төлбөр төлсөн баримтуудаа өгнө үү гэхээр гаргаж өгдөггүй. Энэ гэрээгээ давхар нотолно уу гэхээр баримтуудаа гаргаж өгдөггүй. 2015 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй байна. Хөрөнгө оруулсан гэдгээ нотолж чадахгүй байна. Гэрээг анх нэхэмжлэл гаргахдаа өгөөгүй. Тиймээс 2018 онд төлбөр төлсөн гэдгээ нотолж чадахгүй байгаа. Энгийн иргэдэд 700 м.кв газар олгоход хэцүү байхад Ахмадын сувиллын зориулалтаар бааз байгуулна, ажлын байр бий болгоно гэж газар авчхаад түүнийгээ ашиглахгүй аргацаасан байдалтай байгаад байна. Тиймээс зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Ажлаа хийх гэхээр болохгүй байна гэхээр нь нэмж 25000 м.кв газар өгсөн. Үүн дээр дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Эдгээр нөхцөл байдлыг нарийн харж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч А.Ч***гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Үйл баримтын тухайд.

2.1. нэхэмжлэгч А.Ч***г нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын 5817 дугаарт анх газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар түүнд тус дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/505 дугаар захирамжаар дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастын аманд аялал жуулчлалын зориулалтаар, 50000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, 18627329287188 нэгж талбарын дугаарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000606602 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан;

2.2. дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний “Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/133 дугаар захирамжаар Аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар, 25000 м.кв газрыг нэмэгдүүлж, нийт 75000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, нэгж талбарын 18627329218171 дугаарт бүртгэн 000622471 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан;

2.3. улмаар иргэн А.Ч***г нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Гэр бүлээрээ Америкийн нэгдсэн улс уруу 10 жилийн хугацаатай амьдрах болсон тул 21 дүгээр хорооны Ахмадын сувилал барих зориулалтын газрыг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/234 дүгээр захирамжаар дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастын аманд “Аялал жуулчлалын цогцолбор”-ын зориулалтаар нэгж талбарын 18627329218171 дугаарт, 75000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр сунгаж, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000697461 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

3. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/621 дугаар захирамжийн хавсралтын 85 дугаарт зааснаар нэхэмжлэгч А.Ч***гийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулахаар “...газар эзэмших тухай гэрээ байгуулж, тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар 3 иргэнтэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хамтран ажиллах ерөнхий гэрээ”-г, “Гэрлийн урсгал” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, цахилгаан татаж, хөрөнгө оруулалт хийсэн байтал тухайн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй...” зэргээр болон Тодорхойлох хэсгийн 4-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...бодит нөхцөл байдал дээр газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, ...газрын төлбөрөө төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй, ...газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмын дагуу эзэмшсэн газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй” хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, энэ утгаараа газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай гэрээг, эсхүл Газрын тухай хууль тогтоомж зөрчих, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, ...мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласны “хүндэтгэн үзэх шалтгаан” нэхэмжлэгчид бий болсон, эсхүл нэхэмжлэгчээс үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдлын тухайд, хэдийгээр нэхэмжлэгч талаас “зардал гаргаж цахилгааны шон татсан нь барилга байгууламж барьсан гэх агуулгад багтаж, Дээд шүүхийн тайлбарт нийцнэ” гэж тайлбарлах авч шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр явуулсан үзлэгээр маргаан бүхий газар дээр ямар нэг байдлаар хашаа хатгасан, бусад этгээдийн газраас тусгаарласан зүйлгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баригдсан барилга байгууламжгүй хоосон газар байсан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь анх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “аялал жуулчлалын цогцолбор” байгуулах зориулалтаар газрыг эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу газраа ашигласан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байна.

7. Түүнчлэн “Ковид цар тахал” гарсантай холбоотойгоор газраа ашиглах боломжгүй байсан талаар дурдсан боловч газар эзэмших эрхээ олж авснаас хойш тухайн эрхийг олж авах үндэслэл болсон төслөө хэрэгжүүлэх талаар тасралтгүй 2 жил дараалан үйл ажиллагаа явуулснаар цар тахалтай золгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байсныг тэмдэглэж байна.

8. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 20/2080 дугаар албан бичгээр “иргэн А.Ч***г нь 18627329218171 нэгж талбарын дугаар бүхий газрын газар эзэмшүүлэх гэрээний дагуу 2016 оноос 2021 оны газрын төлбөр 33,308,785 төгрөг төлөхөөс 21,375,000 төгрөгийг төлсөн ба төлөгдөөгүй үлдэгдэл 11,933,785 төгрөг ... газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/234 дүгээр захирамжаар иргэн А.Ч***гт аялал жуулчлалын зориулалтаар 25000 м.кв газрыг шинээр нэмж эзэмшүүлсэнд Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 01/164 дүгээр албан шаардлагаар 132,000,000.00 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс А.Ч***г 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 130,000,000 төгрөгийг төлөөгүй байна” гэх үйл баримт хэрэгт авагдсаныг шүүхээс дүгнэхдээ,

9. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.“энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу маргаан бүхий газрын зарим хэсгийг дуудлага худалдаагаар авсан ба уг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй болох нь дээрх албан бичгээр тогтоогдсон гэж үзэв.

10. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарлахдаа: “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “удаа дараа” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “...ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохионо” хэмээжээ.

11. Маргаан бүхий захирамжид дурдсан энэ үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6.“газар эзэмшүүлэгчийн тавьсан шаардлагын дагуу газрыг эзэмшинэ” гэж заасан ба тухайн маргаан бүхий газрыг дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлсэн хариуцагчийн шаардлагыг нэхэмжлэгч нь биелүүлээгүй, дуудлага худалдааны үнийг төлөхгүйгээр зөрчсөн нь Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарна, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль үндэслэлтэй гарсан гэж шүүх дүгнэв.

12. Иймээс хариуцагч нь газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан тэр дундаа 20.2.1. “газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1.“газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй” бөгөөд мөн хуулийн 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон А/621 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч***гоос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн А.Ч***гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН