| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 188/2018/0058/Э |
| Дугаар | 453 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 453
О.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Ц.Бат-Өлзий, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 740 дүгээр магадлалтай, О.Б-т холбогдох 17030000010053 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт О-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгч Н.С, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч О.Б нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С гаргасан гомдолдоо “Миний бие нөхөр, хүүхдүүдийн хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгслээр явж байхад 13-41 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгслээрээ ирж мөргөсний улмаас бид бүгд гэмтэж хохирсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоон бидний хохирлоос миний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн тогтоож төлбөрийг нь гаргуулж шийдвэрлэсэн атлаа хүү С.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийг гүйцэд тогтоох, бүрэн гаргуулах талаар удаа дараа гаргасан санал, хүсэлт, гомдлыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн 17,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар буюу хохирол, хор уршгийн талаар заасан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн холбогдох хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, ... бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан байна. Мөн шүүх хүү С.Э-ийн биед учирсан хүний гэмтсэн эрхтний хохирол хор уршгийг тогтоолгох, нөхөн төлүүлэх талаар миний гаргасан хүсэлтийг харгалзаж үзээгүй зөвхөн 17 сая орчим төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг зөрчсөн. Учир нь миний хүү С.Э-ийн биед анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дэлүү бяцарсан гэмтлээс гадна цээжний битүү гэмтэл, уушгины доод дэлбэнгийн арын хэсгээр 3,8x1,2 см няцрал, уушгины авчилт зэрэг амь насанд аюултай хүнд гэмтлүүд учирсан нь тогтоогдсон болно.
Мөн миний биед хүзүүний нугалмын муруйлт гэмтэл нөхөр, хүүхдүүдийн маань биед хүнд, хөнгөн олон тооны ихээхэн хохирол учирсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар бидний гаргасан нэхэмжлэл, хүсэлтийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх замаар хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “С.Э нь эцэг, эх болон дүү нарын хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Н.С-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явахад нь 13-41 УНВ улс дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин тээврийн хэрэгслээрээ ирж мөргөсний улмаас бүгд гэмтэж хохирсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс О.Б-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоон, миний үйлчлүүлэгчдийн тээврийн хэрэгслийн хохирлыг бүрэн тогтоож төлбөрийг нь гаргуулж шийдвэрлэсэн атлаа С.Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийг гүйцэд тогтоох, бүрэн гаргуулах талаар бидний удаа дараа гаргасан санал, хүсэлт, гомдлыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн 17,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар буюу хохирол, хор уршгийн талаар тодорхой заасан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн хэрэглэвэл зохих заалтуудыг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд... бусад эрх, эрх чөлөөнд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан байна. Мөн шүүх нь С.Э-ийн биед учирсан хүний гэмтсэн эрхтний хохирол хор уршгийг тогтоолгох, нөхөн төлүүлэх талаар гаргасан хүсэлтийг харгалзаж үзэлгүй зөвхөн 17,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүхээс нотолбол зохих хуулийн заалтыг зөрчсөн. С.Э-ийн биед анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дэлүү бяцарсан гэмтлээс гадна цээжний битүү гэмтэл, уушигны доод дэлбэнгийн арын хэсгээр 3,8. 1,2 см няцрал, уушигний авчилт, мөн адил амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлүүд учирсан нь тогтоогдсон болно. Мөн О.С-ын биед хүзүүний нугламын муруйлт гэмтэл, түүний нөхөр хүүхдүүдийн биед хүнд, хөнгөн олон тооны ихээхэн гэм хор, хохирол учирсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар С.Э-ийн гаргасан нэхэмжлэл хүсэлтийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх замаар хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруутайд тооцогдох үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй холбоотой гомдлыг гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд хохирол, хор уршгийг бүрэн тогтоолгож төлүүлэх хүсэлтэй байдаг. О.Б-ийн гаргасан зам тээврийн ослоос болж хохирогчийн амь биед аюултай хүнд гэмтэл учирсан болох нь нэмэлт шинжээчийн дүгнэлтээр нотлогдож, тогтоогдсон. Энэхүү гэмтлийн улмаас учирсан үр дагавар нь тогтоогдоогүй. Дэлүү няцарсантай холбоотой хохирол, хор уршгийг нотлох баримтаар тогтоон тодорхойлсон боловч түүнтэй адил хэмжээний дээрх гэмтлийн хохирол, хор уршгийг тогтоогоогүй. Уг хохирлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа тул хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн хэлсэн саналдаа “Хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл байхгүй. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлж дүгнэсэн. О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 8.2 дахь заалтыг тус тус зөрчиж, гэм буруутай үйлдэл хийсэн нь тогтоогдсон. Шүүхээс оногдуулсан ял нь үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүх хуралдааны үед дэлүүг үнэлүүлнэ гэж байхад нь манайд ийм хууль зүйн орчин байхгүй гэж хэлсэн. Гэтэл “Итгэлт инвест” гэх эд хөрөнгийн үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Тухайн байгууллага нь машин, эд хөрөнгө үнэлдэг газар атлаа хүний эд, эрхтэн, сэтгэл санаа, ирээдүйд гарах зардлыг нь үнэлж өгсөн байсан. Хэрэгт авагдсан баримтаар 27,863,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. С.Э дэлүүгээ авахуулсан нь үнэн. Шүүгдэгч 8,000,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн. Шүүхээс 9,000,000 төгрөгийн эмчилгээний зардал төлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаан болох үед 17,556,000 төгрөгийг төлсөн байсан. Хохирогч нар гомдолтой байгаа учраас ялыг тэнсэн хянан харгалзах боломжгүй гээд биеэр эдэлж байгаа юм. “Итгэлт инвест” гэх эд хөрөнгийн үнэлгээний газар дэлүүг 3,000,000 төгрөгөөр үнэлснийг нь төлсөн. Бид хууль зүйн орчин байхгүй ч гэсэн хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. “Итгэлт инвест” гэх эд хөрөнгийн үнэлгээний газар нь хууль зүйн орчин байхгүй байхад хүний эрхтэн үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн сүлжээний эмийг 22 нас хүртэл нь хэрэглэнэ гэж тооцож хохирол гаргасан. Гэтэл уг эмийг 3-6 сар эмчийн заавартай хэрэглэх ёстой юм билээ. Анхан шатны шүүх баримтын хүрээнд хохирол гаргуулсан нь үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх мөн адил үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг нотолсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Хохирогчоос нийтдээ 27,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүх хувь хүнд 6,500,000 төгрөг, машинд 4,200,000 төгрөг, нийт 10,000,000 гаран сая төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Шүүгдэгч нь 17,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Хохирлыг хангалттай төлж барагдуулсан гэж үзэх үндэстэй байна. Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцоод нотлох баримтаар гаргаад өсгөн. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Энэ хэргийн тухайд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хөнгөн зэргийн гэмтэл юм. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн шаардлагыг бүрэн хангасан тул шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан заалтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзах боломж байгаа эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон. Хохирлын тухайд 17,500,000 төгрөгийг өөрийн санаачилгаар төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Монголын хохирол үнэлгээний холбоо” төрийн бус байгууллагыг шинжээчээр томилж, дэлүүг үнэлэх боломжтой, цаашид гарах зардал, дэлүүгээ авахуулсан хүний сэтгэл санааны хохирол зэргийг тогтоох боломжтой эсэх талаар тогтоолдоо дурдаж, шинжээч томилж байгаа нь буруу юм. “Итгэлт инвест” гэх эд хөрөнгийн үнэлгээний газар нь даатгал, хөрөнгө үнэлэх эрх зүйн орчинтой байхад хүний эрхтэн үнэлж, хуулиар зохицуулагдаагүй ажиллагааг хийж, иргэний нэхэмжлэгч нарт нэхэмжилж байгаа хохирлыг нь төлж болохуйц сэтгэгдэл төрүүлж байгаа нь буруу байна. Ял шийтгэлийн тухайд гэм буруугийн хэлбэрт тохирсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн учраас шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлыг үндэслэн О.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хьюндай Соната-5” загварын 13-41 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөнөөс замын эсрэг урсгалд орж Н.С-ийн жолоодож явсан “Тоёота марк-Х” загварын 33-82 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 3,780,000 төгрөгийн шууд хохирол, жолооч Н.С, зорчигч О.С, С.Р, С.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч С.Э-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нар зам тээврийн ослын улмаас С.Э-ийн дэлүү урагдаж авахуулснаас гадна цээжний битүү гэмтэл, уушгины няцрал, уушигны авчилт зэрэг амь насанд аюултай хүнд гэмтлүүд тогтоогдсон байхад шүүх хор уршгийг гүйцэд анхаарч үзэлгүй орхигдуулсан тул гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг нэмж тогтоолгохоор гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10734 дугаартай дүгнэлтэд С.Э-ийн эрүүл мэндэд дэлүүний урагдал, дэлүү авах мэс заслын дараах байдал, шуу, богтос ясны хугарал, духанд зөөлийн эдийн няцрал, зулгаралт гэмтэл учирсан гэж тогтоосон бөгөөд мөн хүрээлэнгийн шинжээчийн нэмэлт 976 дугаартай дүгнэлтээр цээжний битүү гэмтэл, уушигны няцрал, цээжний хөндий дэх хий хуралдалт, уушигны авчилт зэрэг шинэ гэмтлүүдийг нөхөн тогтоосон боловч эдгээр гэмтэл нь өмнө нь тогтоосон гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоор хуульд заажээ.
Мөн иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.
Анхан шатны шүүх хохирогч С.Э-ийн эрх, ашиг сонирхолд учирсан хохирлын талаар иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь бодитой /үндэслэл/ болон хуулийн шаардлага хангаж буй эсэхийг /нотлогдсон байдал/ үнэлж нийт 17,556,559 төгрөг гаргуулж, цаашид сувилгаа, эмчилгээтэй холбоотой төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 740 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.С, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН