Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 118/2013/0477/з |
Дугаар | 221/MA2017/0292 |
Огноо | 2017-04-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 221/MA2017/0292
2017 оны 4 сарын 13 өдөр Дугаар 221/МА2017/0292 Улаанбаатар хот
Ө.Жүгдэрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа, гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, гуравдагч этгээд 8, 9 дүгээр байр болон Александра 20 дугаар байрны оршин суугчдын өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Ө.Жүгдэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Насандэлгэрийн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Ж.Батбаатарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй. Нэхэмжлэлийг Ж.Батбаатар тус шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Гэтэл шүүх Ж.Батбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг Ө.Жүгдэр гаргаагүй, Ж.Батбаатар гаргасан. Жинхэнэ нэхэмжлэгч болох Ө.Жүгдэрийн гарын үсэгтэй нэхэмжлэл хэрэгт огт авагдаагүй байхад нэхэмжлэлийг Ө.Жүгдэр гаргасан гэж дүгнээд байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч, эсхүл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн маргаан бүхий газарт Ж.Батбаатар барилга барихаар төлөвлөж байгаа бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар ч түүний нэр дээр гарсан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон, нэхэмжлэгч Ж.Батбаатарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байхад шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийг хүлээн авах үед Ө.Жүгдэрээс нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад Ж.Батбаатар нь өөрийн нэрээр гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ж.Батбаатарт эрх олгогдсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тохиолдолд хэргийг шийдвэрлэхгүйгээр зөрчлийг засахаар хуульд заасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэлд бидний “дээрх хуульд зааснаар анх нэхэмжлэлийг эрхгүй этгээд гаргасан байна” гэсэн тайлбарыг “хүлээн авах боломжгүй байна” гэж үзсэн боловч “ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Энэ нь шүүхийн үндэслэл тодорхой, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй нэг үндэслэл болж байна. Уг барилгыг барихаар төлөвлөсөн захиргааны үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, хот төлөвлөлт, барилгын норм, дүрэм зөрчсөн 8, 9 дүгээр байрны оршин суугчдын эрх бүхий нийтийн эзэмшлийн зам талбай, тохижилтыг эвдэж устгасан, иргэдийн зүгээс зөрчигдөж буй нөхцөл байдлыг үгүйсгэсэн шийдвэр боллоо. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа үйл баримтууд төдийгүй шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс тайлбарынхаа үндэслэл болгон маргаж буй нөхцөл байдлуудыг үнэлж үзэлгүй, дүгнэлт хийсэнгүй. Шүүх гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа үйл баримт болон холбогдох норм, дүрэм, хуулийн заалтуудад дүгнэлт хийлгүйгээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж барилга барих эрх олгосон болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12 А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд нийцэж, зэргэлдээх барилгын оршин суугчдын эрх ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй байна гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Александра 20 дугаар байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Арчсис” ХХК-ийн захирал нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, мөн хэргийн нотлох баримтыг тал бүрээс бүрэн үнэлж дүгнэх, талуудын маргаж буй үндэслэлд болон шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй шалтгаан үндэслэл дурдаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт бидний хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэсэн шүүхийн дүгнэлт хийгдсэний үндсэн дээр “Шинжээчийн дүгнэлт” шүүхийн ажиллагааны журмаар хийгдсэн, үүгээр холбогдох норм дүрмийг зөрчсөн болохыг мэргэжлийн байгууллага шалгаж тогтоосон байхад “үнэлэх боломжгүй” гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтээр Эрчим хүчний тухай хууль болон Барилгын норм дүрэм зөрчигдөж байгаа тухай дүгнэлтүүд байсаар байхад үнэлэлгүй орхигдуулж, хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэллээ. Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй төлөвлөлт хийх, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдахгүй байх, аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох эрх зүйн зохицуулалтууд батлагдан хэрэгжиж байгаа гэж иргэд бид ойлгож байна. Манай байрны оршин суугчдын эрх ашиг сонирхол хөндөгдөж, тухайлбал, гал түймрийн болон эмнэлгийн түргэн тусламж яаралтай авах боломжууд алдагдаж, манай 12 давхар байрны оршин суугчдын нийтийн эзэмшил талбай машин тэрэгний төвлөрөл, орц гарцын асуудлыг зохицуулахгүй байгаа захиргааны үйл ажиллагааны үр дүнд бидэнд аюул эрсдэл хохирол улам бүр нэмэгдсээр байна. Иймд нөхцөл байдал тодорхой байхад шүүх холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж дүгнэж мөн нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргалаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хэд хэдэн хэргийн оролцогч гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ө.Жүгдэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаатар нь “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Александра 20 дугаар байрны нэр бүхий оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бие даасан шаардлага гаргаж “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж болон 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12, А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.
“Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжаар иргэн Ө.Жүгдэрт орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, хот төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай орц гарцыг хаасан” гэх үндэслэлээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын “г”, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан хүчингүй болсонд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал,
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар “Алатаусункар” ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 842 м.кв газрыг орон сууцны зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх ба энэхүү газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар иргэн Ө.Жүгдэрт шилжүүлж, мөн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 дүгээр захирамжаар газар эзэмших зориулалтыг өөрчилж “орон сууц, үйлчилгээ” болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх үйл ажиллагаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байх ба “Алатаусункар” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх үед захиргааны байгууллага албан тушаалтны Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг зөрчиж газар эзэмших эрх олгосон үйл ажиллагаанд хожим хуульд заасан үндэслэлээр газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгч иргэнийг буруутгах боломжгүйгээс гадна газар эзэмших эрх шилжүүлэн авсан Ө.Жүгдэрийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тухайд хариуцагч маргаагүй.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл бүрдээгүй, хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал үүсээгүй байхад хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэж “хот төлөвлөлт, барилгын норм дүрэм зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай орц гарцыг хаасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгожээ.
Өөрөөр хэлбэл, “барилгын норм, дүрэм зөрчсөн” эсэх нь тухайн газар дээр баригдах орон сууцны барилгатай холбоотой бөгөөд хариуцагч нь газар эзэмших эрх олгохдоо зориулалтыг заахаас ямар барилга баригдах эсэхийг шийдвэрлэдэггүй атал дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд маргаан бүхий газарт баригдахаар төлөвлөж буй орон сууцны барилга хөрш зэргэлдээ 8 болон 9 дүгээр байрны барилга хоорондын зай, барилгын норм, дүрэм зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Харин хэрэгт авагдсан хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтүүдэд барилга хоорондын зайг тогтоосон хэмжээ ижил байхад шүүх шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь буруу бөгөөд барилгын норм, дүрэм зөрчигдсөн эсэхийг шүүх тогтоох үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Мөн хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хаасан” гэх үндэслэлээ шалгаж тогтоогоогүй, 2008 онд газар эзэмших эрх үүссэн газар ямар үндэслэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарах болсон, ямар орц гарц хаагдсан эсэх нь ойлгомжгүй байх ба Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 8, 9 дүгээр байрны оршин суугчдаас гаргасан гомдолд үндэслэн нэхэмжлэгчийн хуульд заасан журмаар олж авсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэснийг зөрчсөн байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтнаас бусдын эрхийг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс орц гарц гаргах боломж, бусдын эзэмшил газар аль хэсгээрээ, ямар хэмжээгээр нийтийн эзэмшлийн зам талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгаж тогтоолгүй 842 м.кв газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосоноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигджээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/649 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.
“Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж, 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ХУД31/12, А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А/152 дугаар захирамжаар иргэн Ө.Жүгдэр, И.Болд нарт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 8 дугаар байрны урд талд 0.095 га газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгосон байх ба уг захирамжийг үндэслэн 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12, А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар иргэн Ө.Жүгдэрийн нэр дээр гарч, 1 блок, газар доорх гарааштай, 9 давхар төмөр бетон каркасан бүтээцтэй орон сууцны барилгыг 0.072 га талбайд барихаар, мөн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар иргэн И.Болдын нэр дээр гарч, 1 блок, 1 давхар зоорьтой, төмөр бетон хийцтэй 12 давхар орон сууцны барилгыг 0.032 га талбайд барихаар тус тус төлөвлөгджээ.
Иргэн И.Болдын захиалгаар 49 айлын орон сууцны барилга баригдаж 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба уг байр нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамжны 20 дугаар байр гэж нэршсэн, гуравдагч этгээдүүдийн нэрлэснээр Александра 20 дугаар байр.
Гуравдагч этгээд Александра 20 дугаар байрны нэр бүхий оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж, 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ХУД31/12, А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргаж, үндэслэлээ “нарны гэрэл хаасан, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, галын аюулгүй байдал, барилга хоорондын зай зөрчигдсөн” гэж тайлбарласан.
Гэвч маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар олгогдсон газарт Александра 20 дугаар байр баригдсан, уг барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар 2013 онд батлагдахаас өмнө нэхэмжлэгч Ө.Жүгдэрийн нэр дээр 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ХУД 31/12, А/152-1.34 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байх тул маргаан бүхий захирамж болон Архитектур төлөвлөлтийн даалгавар сүүлд баригдсан Александра 20 дугаар байрны оршин суугчдын эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Хэдийгээр хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй барилга болон Александра 20 дугаар байр хоорондын зай, холбогдох барилгын норм, дүрмийг зөрчсөн болох нь нотлогдож байгаа ч Александра 20 дугаар байр баригдахаас өмнө батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хууль бус гэж үзэх, тус байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, нарны гэрэл хаасан, галын аюулгүй байдлын хууль тогтоомж, норм дүрэм зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Аливаа зориулалтаар баригдах гэж байгаа барилга Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д зааснаар “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” шаардлагыг хангах ёстой бөгөөд маргаан бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хуульд нийцүүлж өөрчлүүлэх хүсэлт гаргах эрх талуудад нээлттэйг дурьдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргаан бүхий захирамж Газрын тухай болон Барилгын тухай хуулийг зөрчөөгүй талаар, Архитектур төлөвлөлтийн даалгаварыг баталсан үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй талаар дүгнэлт хийж гуравдагч этгээд Александра 20 дугаар байрны нэр бүхий оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан гуравдагч этгээд Александра 20 дугаар байрны нэр бүхий оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
Мөн гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлага гаргаагүй атлаа Александра 20 дугаар байрны нэр бүхий оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан нь үндэслэлгүй тул “шүүх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа үйл баримт болон холбогдох норм, дүрэм, хуулийн заалтуудад дүгнэлт хийгээгүй, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан үйл ажиллагаа нь Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд нийцэж, зэргэлдээх барилгын оршин суугчдын эрх ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй байна гэсэн дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн, Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан тул иргэн Ж.Батбаатар өөрийн эцэг Ө.Жүгдэрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, харин Ө.Жүгдэрээс 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ж.Батбаатарт итгэмжлэл олгож нэхэмжлэлд дурдсан маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх эрх олгосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий болсон, нэхэмжлэгч Ж.Батбаатарын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөгүй байхад шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол, гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг хүлээн авах үед Ө.Жүгдэрээс нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад Ж.Батбаатар нь өөрийн нэрээр гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ж.Батбаатарт эрх олгогдсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасантай нийцэхгүй, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Харин шүүхийн шийдвэрт хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг орхигдуулсан, Ө.Жүгдэрийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн атлаа Ж.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн алдаа байх тул зөвтгөх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “40 дүгээр зүйлийн 40.1 гэсний дараа 61 дүгээр зүйлийн 61.1 гэж нэмж, Барилгын тухай хуулийн гэснийг Барилгын тухай хуулийн /2008 оны/ гэж, Ж.Батбаатарын гэснийг Ө.Жүгдэрийн гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд 8, 9 дүгээр байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Александра 20 дугаар байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Арчсис” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нийт 210.600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН