Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Б/томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.А-,

Шүүгдэгч: С.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт С-ийн О-д холбогдох эрүүгийн 2535000650... дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..............-нд .......... аймгийн ........... суманд төрсөн, ....настай, эмэгтэй, ....... боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт амьдардаг, ........... аймгийн ....... сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овогт С-ийн О- (регистрийн дугаар:................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О- нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр шилжих шөнө Facebook нийтийн цахим сүлжээн дэх өөрийн “........................” гэх хаягаас хохирогч Б.Г-ийн “Б.Г-” гэх хаягтай харилцаж, дуу-дүрсний дуудлага хийж бэлгийн шинжтэй үйлдэл хийх явцдаа Б.Г-ийн нүцгэн зургийг авч, улмаар 3,500,000 төгрөг эсхүл гар утас авч өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл болох нүцгэн зураг зэрэг мэдээллийг Facebook нийтийн цахим сүлжээн дэх “........... сум, зар сур...” гэх группт оруулна гэж, “Би маш их гомдолтой байна ........... сумын зэвсэгт хүчинд ажилладаг Г- гэх энэ залуу надтай ингэж чаталж ярьж надаар юм зөөлгүүлж авахдаа хүчиндсэн үнэхээр муухай заваан завхай хүн ........ байж болдог юм уу. ............ байгууллагууд анхааралдаа аваач би гомдолтой байна” гэх пост оруулж тараахаар сүрдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.О- нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр шилжих шөнө өөрийн фейсбүүк "........................" гэх хаягаас хохирогч Б.Г-ийн "Б.Г-" гэх хаягтай харилцаж цахимаар буюу фейсбүүк видео колл хийж бэлгийн шинжтэй үйлдэл хийх явцдаа Б.Г-ийн нүцгэн зургийг авч, улмаар 3,500,000 төгрөг аль эсвэл гар утас авч өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл болох нүцгэн зураг, бэлэг эрхтний зураг болон түүнийг "........... сум, зар сур..." гэх группт пост оруулна гэж "Би маш их гомдолтой байна ........... сумын зэвсэгт хүчинд ажилладаг Г- гэх энэ залуу надтай ингэж чаталж ярьж надаар юм зөөлгүүлж авахдаа хүчиндсэн үнэхээр муухай заваан завхай хүн ....... байж болдог юм уу. ........ байгууллагууд анхааралдаа аваач би гомдолтой байна" гэх пост оруулж тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч ирсэн. Маш их гэмшиж байгаа нь харагддаг. С.О- нь 7 сартай бага насны хүүхэдтэйгээ ........... аймгаас 3 удаа Улаанбаатараар дамжин .......д ирсэн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2535000650... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Г-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 03-04 дэх тал);

2. Фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 06-18 дахь тал);

3. Эд зүйлд /гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-26 дахь тал);

4. С.О-гаас гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга, Б.Г- гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан чатын хуулбар (хавтаст хэргийн 27-31 дэх тал);

5. Б.Г-оос гаргаж өгсөн ........... тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-35 дахь тал);

6. Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-43 дахь тал);

7. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал);

8. Шүүгдэгч С.О-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал);

2. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал);

3. С.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 64 дэх тал);

3. С.О-гийн хувийн байдлуудыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67-73 дахь тал);

4. ...... аймгийн ........... сумын ........ багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дахь тал);

5. С.О- болон өмгөөлөгчийн хамтаар гаргасан “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлт” (хавтаст хэргийн 85 дахь тал);

6. Хохирогч Б.Г-ийн “миний бие С.О-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал);

7. С.О-гийн одоогийн нөхөр М.-ийн “................ харуулын даргаар ажилладаг” талаарх тодорхойлолт  (хавтаст хэргийн 87 дахь тал);

8. С.О- болон М.Б- нарын дундаас төрсөн охин Б.Э- төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон  үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

1. Шүүгдэгч С.О- нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр шилжих шөнө Facebook нийтийн цахим сүлжээн дэх өөрийн “........................” гэх хаягаас хохирогч Б.Г-ийн “Б.Г-” гэх хаягтай харилцаж, дуу-дүрсний дуудлага хийж бэлгийн шинжтэй үйлдэл хийх явцдаа Б.Г-ийн нүцгэн зургийг авч, улмаар 3,500,000 төгрөг эсхүл гар утас авч өгөхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл болох нүцгэн зураг зэрэг мэдээллийг Facebook нийтийн цахим сүлжээн дэх “........... сум, зар сур...” гэх группт оруулна гэж, “Би маш их гомдолтой байна ........... сумын зэвсэгт хүчинд ажилладаг Г- гэх энэ залуу надтай ингэж чаталж ярьж надаар юм зөөлгүүлж авахдаа хүчиндсэн үнэхээр муухай заваан завхай хүн ..байж болдог юм уу. ...... байгууллагууд анхааралдаа аваач би гомдолтой байна” гэх пост оруулж тараахаар сүрдүүлсэн нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.Г-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд /гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, С.О-гийн Хаан банкны дансны хуулга, Б.Г- гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй харилцсан чатын хуулбар, Б.Г-ийн 5800940471 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Б.Г-, гэрч Б.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч С.О-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл “Хүн бүр халдашгүй дархан байх эрхтэй”, 12 дугаар зүйл “Хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Б.Г-ийн “2025 оны 03 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө сексээ яаж хийж байна утсаар секс хийх үү гэж видео коллоор залгаж орж ирсэн. О- нь нүцгэн байсан ба 20 орчим минут бид хоёр нэгнээ харж video call хийж байгаад би чамаас нэг юм асуух уу гэхээр нь би юу асуух юм гэхэд чи надад утас авч өгч чадах уу? Утсаа солих хэрэгтэй байна гэхээр нь би маргааш болох уу гээд утсаа тасалсан. Удалгүй над руу миний нүцгэн зураг болон бэлэг эрхтний зургийг над руу чатаар явуулж, хэрэв чи надад утас авч өг эсвэл 3,500,000 төгрөг өг, хэрэв өгөхгүй бол би чиний нүцгэн зургийг фейсбүүкт тавьж од болгон гэх байдлаар намайг дарамталж эхэлсэн” гэх мэдүүлгээр  шүүгдэгч С.О- нь хохирогчтой фэйсбүүкээр харилцаж түүний нүцгэн зураг, бэлэг эрхтний зургийг утсандаа дарж авч, улмаар 3,500,000 төгрөг аль эсвэл гар утас авч өгөхийг шаардаж, өгөхгүй бол олон нийтийн цахим сүлжээнд тараана гэж айлган сүрдүүлж, 600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.О- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2. Иймд шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч С.О- нь гэм буруугийн таллаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Г.А- дэмжиж шүүх хуралд оролцсон болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Хохирогч Б.Г- мөрдөн байцаалтын шатанд: “миний бие С.О-гаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал), “...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал) зэргийг үнэлж, шүүгдэгч С.О-гаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “С.О-гийн хувийн байдал, хохирогчийн зүгээс хохирол, гомдолгүй гэх хүсэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгнө үү”  дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч С.О- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

С.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 64 дэх тал);

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх  дүгнэлээ.

Шүүгдэгч С.О-гийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2017-2023 он/, .... аймгийн ........... сумын .... багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт, 2024 онд төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, ......... байсан талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67-80 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг  сонгож оногдуулахаар заажээ.

5. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч С.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт С-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч С.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ