Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Н-,

Шүүгдэгч: Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Л-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000620124 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..............-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, ... настай, эмэгтэй, .... боловсролтой, ...... мэргэжилтэй, ............. .... ажилтай, ам бүл ...... хамт амьдардаг, Увс аймгийн ............. сум, .... оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Ө ургийн овогт Лх-ийн Б- (регистрийн дугаар:..........);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн ............. сумын ..................... байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн нөхөр М.Б-тай маргалдан модон сандал шидэж, нүүр тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед зүүн нүдний эргэн тойронд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүүний зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-д холбогдох эрүүгийн 2535000620124 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар товлон зарлаж, талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хохирогч М.Б- нь товлогдсон шүүх хуралдаанд оролцохоор шүүхийн байранд ирсэн боловч амьсгал дахь спиртийн агууламж 1.89 промиль буюу согтуурсан байсан нь тус шүүхийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Б-ын илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогджээ. Тодруулбал согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй тул хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн ............. сумын ....... байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн нөхөр М.Б-тай тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдаж, улмаар модон сандал шидэж, нүүр тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд соёл урлагийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай өөрийнхөө үйлдлийг ойлгох урхамсарлах чадвартай, гэр бүлийнхээ амьжиргааг авч явж байгаа гол хүн юм. Шүүгдэгчийг ажил ихтэй оройд гэртээ ирэхэд заримдаа нөхөр нь хоолоо хийгээгүй, заримдаа согтуу ч байдалтай хэцүү байдаг талаар дурдаж байсан, мөн 8-............... ойтой холбоотойгоор концертын бэлтгэл ажилтай, сум орон нутаг руу явах тохиолдол гарч байгаа. Иймд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би аймгийн ..... ойн тоглолтод бэлдэж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй, надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2535000620124 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6, 49-52 дахь тал);

3. Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 61 дэх  тал);

4. Гэрч Б.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал);

5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Л.Б-гийн хувийн байдлуудыг тогтоосон баримтууд болох ............. сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн103-107 дахь тал);

2. Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дэх  тал);

3. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал)

4. Гэрч Л.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү Л.Б- нь 2013 оноос Увс аймгийн ............. ...... өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Л.Б- нь нийтэч, бусадтай зөв  боловсон харилцаатай, ах дүү, хамт олондоо хүндтэй, өөрөөсөө ахмад хүнийг хүндэлж эелдэг харьцдаг, маш нөхөрсөг зантай. Хүнд муу санаад байдаггүй, Л.Б-, М.Б- нар гэр бүл болоод 12 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд М.Б- тодорхой эрхэлсэн ажилгүй хийгээгүй ба Л.Б- ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа авч явж байсан. Л.Б- энэ хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл Зөрчлийн тухайн хуулиар баривчилгаанд удаа дараа орж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь  тал);

5. Хохирогч М.Б-ын “...“Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 111 дэх  тал);

6. Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83  дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Б- нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн ............. сумын ....... байрлах гэртээ өөрийн нөхөр М.Б-тай тухайн тохиолдолд үүссэн нөхцөл байдлын улмаас маргалдан улмаар модон сандал шидэж, нүүр тус газар нь цохисон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Хэргийн газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6, 49-52 дахь тал);

-Хохирогч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б-Э-э найз 0,5 литрийн савлагаатай шимийн архи авчихсан ирснийг эхнэр Л.Б- ганцаараа ууссан юм. Тэгээд би эхнэрт хандаж чи эмэгтэй хүн байна, чи хүмүүсийн хажууд аятайхан бай гэж хэлэхэд эхнэр уурлаад сандал аваад миний зүүн талын шанаа хэсэг рүү хүчтэй нэг удаа цохисон. Одоо миний зүүн талын нүд болон шанаа хэсэг хавдаж хөхөрсөн байдалтай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59, 61 дэх  тал);

- Гэрч Б.Б-Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Б-, Л.Б- нар архи согтууруулах ундаа ууж согтоод хоорондоо маргалдаж, нэг нэгнээ цохих гээд байхаар нь би тэднийг больцгоо гээд хэлээд зогсож байхад Л.Б- хажууд байсан жижигхэн дөрвөн хөлтэй модон ногоон өнгийн сандал авч, М.Б- руу шидэхэд тухайн сандалын тавцан хэсэг нь М.Б-ын нүүр хэсэгт цохиж, шалан дээр унасан...тухайн үед Л.Б-гийн шидсэн сандалд оногдож, М.Б-ын зүүн хацар, нүд хэсэгт хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх тал);

- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 143 дугаартай: “...М.Б-ын биед зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журам” -ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 71-72 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Л.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн ............. сумын ............ байрлах гэртээ өөрийн нөхөр М.Б- руу сандал шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 6.2-д ”Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заажээ.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Л.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

Хохирогч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  “Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Л.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Л.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг гаргаж байна. Л.Б- нь одоо ч аймаг, сумын 100 жилийн ойтой холбоотойгоор концертын бэлтгэл ажилтай, сум орон нутаг руу явах тохиолдол гарч байгаа. Иймд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч Л.Б- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би аймгийн 100 жилийн ойн тоглолтод бэлдэж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй, надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Б- нь хувийн байдлын хувьд ........ хамт амьдардаг, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 86-92 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б-гийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 66-67 дахь талд авагдсан гэрч болон түүний төрсөн ах Л.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, одоо ял эдэлж байгаа болох нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 95-97 дахь тал)-оор нотлогдож байна

6. Иймд шүүгдэгч Л.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчийн хохирол гомдолгүй гэх хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сар зорчих эрх хязгаарлах ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Л.Б-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух ... аймгийн ............. сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б-гийн урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд торгох ялыг биелүүлээгүй болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/1368 тоот албан тоотоор тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар  тус тус солихыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ногоон өнгийн будагтай эвдэрхий модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ө овогт Л-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 3 (гурав) сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Л.Б-д зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух ... аймгийн ............. сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар  тус тус солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Л.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ногоон өнгийн будагтай, эвдэрхий модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                              

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ