| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0123/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/137 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч У.О нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.О-т холбогдох эрүүгийн 2525000000065 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,,, Б овогт У-ын О /РД: ********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.О нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ***** багийн ******, **-** тоотод хохирогч Э.Г-тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдож, зодолдох явцдаа тухайн гэрт байсан жижиг төмөр хутгыг авч, хохирогчийн зүүн гарын шуу хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь "зүүн шуунд сорви" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч У.О-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчийн мэдүүлэг буруу байна. Хадам ээж, Э.Г 2 хамт гарч тамхи татсан. Орж ирээд намайг “хотод биеэ үнэлэгч” гэж хэлсэн. Дүү нар найзуудаараа алуулна” гэхээр нь би тэгж хэлсэн. Миний гар, бие урагдаж хөхөрч үснээс их унасан үүнийг яллах дүгнэлтэд оруулаагүй байна. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Намайг тэвчихийн аргагүй доромжилсон гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000065 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Э.Г-ийн мэдүүлсэн... 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би найзындаа очоод 4 пиво уугаад найзынхаасаа гараад авга ах Э-ийн гэрт очсон. Намайг очиход Э ахыннэр У түүний бэр У.О нар байсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба ах Энхтайвантай юм яриад сууж байталнэр У эгч 2-уулаа гарч тамхи татъя гээд байхаар нь би гараагүй. У эгч ганцаараа гарсан. Тэгтэл У эгчийн бэр О үүдний орон дээр хагас хэвтэж байхаар нь би “сайн уу дүү ямар ажил хийж байгаа” гэх зэргээр хууч хөөрч байгаад О нь “Улаанбаатар хотод ажиллаж байгаа” гэхээр нь “чи энд ирж ажил хийвэл 2 хүүхэдтэйгээ ойрхон байна шүү дээ” гэдэг утгаар хандаж хэлтэл О “өр зээлтэй Эрдэнэт цалин бага” гэхээр нь “чи 2 хүүхэдтэйгээ ойрхон байвал гэж бодож л эгч нь хэллээ” гэтэл О “чамд ямар хамаатай юм чи өөрөө олигтой амьдралтай юм уу гээд” л үгийн зөрүүгүй үсдээд авсан. Тэгэхээр нь би тавиач гээд тавиулах гэтэл миний үснээс тавихгүй байсан ба О намайг янхан гичий гэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд үсдэлцээд “чи өөрөө янхан болоод хүнийг янхан гэж хэлж байгаа биз” гэж би хэлсэн. Тэгтэл У эгч орж ирээд Э ахтай хамт бид 2-г салгасан. Тэгээд нэг мэдэхэд О миний гарын шуу хэсгийг хутгаар зүссэн байсан. Тэгээд би эгч рүүгээ хэлээд манай эгч Ц ирсэн. Тэгтэл О манай эгчийн хажууд “харин ч би чиний хоолойг чинь хэрчих байсан шүү” гэж байсан. Тухайн үед О архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..." гэх мэдүүлэг, /хх-н 13-14-р тал/,
-Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “иргэдээс яаралтай тусламж үйлчилгээ хүлээн авах” бүртгэлийн 1 хуудас хуулбар, хохирогчийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р тал/
- гэрч Б.Э-ийн мэдүүлсэн:.. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед унтах гээд хэвтэж байтал манай ахын охин Г согтуу 1 шил архи барьж орж ирсэн. Тэгээд надтай юм ярьж сууж байснаа миний бэр О-той очоод юм яриад байсан. Тухайн үед юу ярьсан талаар нь би анзаараагүй. Тэгтэл нэг мэдэхэд л миний бэр О, дүү Г 2 үсдэлцээд авсан. Тэгэхээр нь би салгасан. Тэгээд Г намайг хутгалчихлаа гэхээр нь хартал гар нь цус болсон байсан. Гэхдээ сүртэй асуудал бол биш л байсан. О-г хутга бариад Г-ийн гарыг зүсэж байхыг би хараагүй. Хоорондоо үсдэлцээд авсан байхаар нь салгасан. Үсдэлцэх хоорондоо л хутга барьж зүссэн байх салгасан чинь л Г-ийн гарыг зүссэн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/
-гэрч Ц.У-ийн мэдүүлсэн:.. Би нойлд жаахан удаж байгаад гэртээ ороход Г О 2 хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь чи битгий охинтой янз бүрийн юм яриад бай ахтайгаа ганц юмаа уугаад эндээ мөрөөрөө суу гэж хэлсэн. Тэгтэл Г миний бэр Оийг “янхан чи биеэ үнэлдэг биз дээ” гээд “чаддагийн бол ал” гээд орилоод байсан. Миний бэр ч шартай хүн. Тэгээд л барьцалдаад авсан. Хутга бариад авсныг бол анзаарч хараагүй барьцалдаж авахаар нь салгатал Г-ийн гар зүсэгдсэн байсан....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26-27-р тал/,
-гэрч Э.Ц-ын мэдүүлсэн:..2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед миний төрсөн дүү Г над руу утсаар залгаад намайг О хутгаар зүсчихлээ бас хэл үгээр доромжлоод байна гэхээр нь би юу болоод байгаа юм бэ, утсаа спикер дээр нь тавь даа гэтэл утасны цаана О “би чиний хоолойг хэрчих байсан” гээд хараал хэлээд орилоод байсан. Тэгээд би сандраад бушуухан Э ахынд очсон. Намайг очиход О орон дээр сууж байсан ба авга ах Э хажууд нь сууж байсан. Харин миний дүү Г-ийн зүүн гарын шууг хутгаар зүссэн байдалтай цус нь гоожоод хатчихсан, үс гэзэг нь сэгсийчихсэн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад О “наад дүү чинь миний дургүй хүргээд хэл үгээр доромжилсон. Тэгээд би тэссэнгүй” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, /хх-н 26-27-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 219 дугаартай ...Э.Г-ийн биед зүүн шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн үедээ үзүүр, иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн шуунд үүссэн сорви нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар гэмтэл тул хүний эрүүл тэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 36-37-р тал/
-Шүүгдэгч У.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн:…2025 оны 01 дүгээр сарын 02-ны орой би хадам аавындаа байж байтал хадам аавын хамаатан болох Э.Г эгч архи согтууруулах ундаа уучихсан согтуу ирсэн. Тэгээд хадам аавтай архи ууж байснаа намайг чи хаана юу хийж байна гэхээр нь би Улаанбаатар хотод ажиллаж байгаа гэтэл чи Эрдэнэтэд ирж ажиллаач гэхээр нь Эрдэнэт цалин муу гэж хэлтэл Г нь намайг” чи Улаанбаатарт биеэ үнэлж л байгаа биз, миний ах эгч 2-т хүүхдээ үлдээчхээд янхандаж л яваа биз” гэх зэргээр хэл үгээр доромжилж хэрүүл маргаан гарч бид 2 бие биеэ үсдэж авсан. Тухайн үед ширээн дээр байсан жижиг хутгаар Г-ийн гарын шуу хэсгийг зүссэн нь үнэн... гэх мэдүүлэг, /хх-н 49-50-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч У.О нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум ****** багийн ******* **-** тоотод гэртээ байхад нь гаднаас согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн Э.Г “чи Улаанбаатарт биеэ үнэлж л байгаа биз, миний ах эгч 2-т хүүхдээ үлдээчхээд янхандаж л яваа биз” гэж хэлснээс шалтаглан маргалдан харилцан үсдэлцэн зодолдож зодолдох явцдаа жижиг төмөр хутгыг авч Э.Г-ийн зүүн гарын шуу хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь "зүүн шуунд сорви" бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч У.О-ийн үйлдлийн улмаас Э.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тодорхойлсон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч У.О хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч У.О-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.Хэрэг гарах шалтгаан нөхцөл нь,үл ойлголцол,согтууруулах ундааны хэрэглээ гэж үзэх үндэслэлтэй гэж,
-шүүгдэгч У.О өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хэрэг гарахад хохирогчийн зүй бус үг үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгч У.О-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Э.Г шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт У-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А