| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2021/01371/И |
| Дугаар | 101/ШШ2021/02084 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2021/02084
2021 07 09 101/ШШ2021/02084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр давхар, 0 тоот хаягт байрлах, “ПТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, А.Б-д холбогдох,
3,436,009 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч А.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэл гаргагч компани нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөд БНХАУ-аас уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмж болон хүнд машин механизмыг Монгол Улсад импортоор оруулж ирэн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг юм.
Иргэн А.Б нь манай компанид 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалаар ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргаж, ажил тасалсны улмаас гүйцэтгэх захирлын 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 30 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халагдсан болно.
А.Б нь ажиллаж байх хугацаандаа идэвх зүтгэл болон санал санаачилга муутайгаас гадна ажлын цагаас хоцрох болон ажил таслах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтрэх зэрэг зөрчлүүдийг давтан гаргаж байсан нь хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах үндэслэл болсон.
Улмаар А.Б нь ажлаас халагдсаны дараагаар манай компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “ПФЧБ” ХХК-д ажилд орж манай компанитай байгуулсан нууц хадгалах гэрээг зөрчсөн болохыг бид 2021 оны 02 дугаар сард олж мэдсэн болно. Тиймээс бидний хооронд байгуулагдсан нууц хадгалах гэрээний дагуух түүний ажиллаж байсан хугацааны нийт цалин 6,872,019 төгрөгийн 50%-тай тэнцэх хэмжээний төлбөр болох 3,436,009 төгрөгийг иргэн А.Б-оос нэхэмжилж байна.
Манай компани болон иргэн А.Б нарын хооронд 2019 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан нууц хадгалах гэрээний 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн А.Б-оос түүний ажиллаж байсан хугацааны нийт цалингийн 50 % болох 3,436,009 төгрөгийг гаргуулан манай компанид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Б нь шүүхэд болон өмгөөлөгч А.А-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч “ПТ” ХХК нь нууц хадгалах гэрээний үүргээ зөрчсөн тул 3,436,009 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Миний бие нь тус “ПТ” ХХК-д 2019 оны 08 сарын 01-ний өдөр борлуулалтын ажилтнаар орж тус компанийн үйл ажиллагаанд хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн. Гэтэл 2020 оны 03 сараас “ПТ” ХХК-ийн зүгээс ямар ч шалтгаангүйгээр дарамт шахалт ирж, илүү цагаар хэтрүүлэн ажиллуулах болсон.
Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халагдсан нь үнэн. 2020 оны 06 сараас хойш “ПТ” ХХК-иас хэд хэдэн удаа залгаж хэл амаар доромжилж, өөр газар ажил хийж болохгүй мэтээр сүрдүүлж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхэнд минь удаа дараа халдсан.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т: “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан иргэн миний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
А.Б миний бие “ПФЧБ” ХХК-д ерөөсөө ажиллаж байгаагүй.
“ПТ” ХХК-ийн зүгээс намайг нууц хадгалах гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, илт үндэслэлгүй намайг гүтгэсэн гэж үзэж байна. Учир нь нууц хадгалах гэрээний 4-т... нууц хадгалах гэрээг зөрчсөн тохиолдолд цалингийн 50 хувь хүртэлх хэмжээний нөхөн олговрыг авна гэж заасан нь хуульд нийцээгүй зүйл заалт юм. Хэрэв гэрээг зөрчсөн бол нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байх ёстой, ийнхүү тогтоогдсон бол хариуцагч хариуцах ёстой, гэтэл тус компанид ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний дагуу авч байсан цалингийн маань 50 хувиар тооцож, гэрээний үүрэг зөрчсөн гэдгийг зөвшөөрөхгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн явуулдаг үйл ажиллагаатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанид ажилласан нь нууц хадгалах гэрээг зөрчсөн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсонгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн тухайд нууцлагдвал зохих ямар журмыг нууц гэж үзсэн болох, уг нууц гэх ямар журмыг нь А.Б зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Уг гэрээнд тус компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, компанийн хамгаалалтдаа авсан, задруулсан тохиолдолд хууль ёсны ашиг сонирхолд хор уршиг учруулж болох нууцыг ойлгоно гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн компанийн ямар нууц гэдгийг тодорхойлж өгөөгүйгээс гадна А.Б ямар нууцыг нь хувьдаа ашигласан болох, эсхүл бусдад задруулсан эсэхийг тодорхойлсонгүй.
Нэхэмжлэгч компанийн зүгээс тус компанид нууцын ийм журам үйлчилдэг гэж танилцуулж байгаагүй бөгөөд тус компанийн үйл ажиллагаатай ямар нууцын журам үйлчлдэг болохыг мэдэхгүй байна.
Иймд А.Б-оос нууц хадгалах гэрээний 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн ажиллаж байсан хугацааны нийт цалингийн 50 % болох 3,436,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ПТ” ХХК нь хариуцагч А.Б-д холбогдуулан 3,436,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалаар А.Б-ийг “тус компанийн борлуулалтын ажилтан”-аар мөн өдрөөс ажиллуулах, түүний сарын хөдөлмөрийн хөлсийг 600,000 төгрөгөөр тогтоосон,
-мөн захирлын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот тушаалаар А.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй ажил тасалсан, удаа дараа энэ үйлдэл нь давтагдсан, ажлын өдөр бусдыг уруу татаж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, удирдлагаас өгсөн тушаал шийдвэрийг дагаж мөрдөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 7.6.5-7.6.11 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн түүнтэй 2019.08.01-ний өдөр байгуулсан №010 дугаартай хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр цуцалж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна.
/хх-ийн 5-6 тал/
Түүнээс гадна нэхэмжлэгч нь тус компанид борлуулалтын менежер албан тушаалд ажиллаж байсан А.Б-д 2019 оны 8 сараас 2020 оны 5 сар хүртэлх хугацаанд 6,872,019.19 төгрөгийн цалин, хөлс олгосон талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.
/хх-ийн 7 тал/
Үүнээс үзэхэд хариуцагч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч “ПТ” ХХК-д “борлуулалтын ажилтан” ажил, албан тушаалд, сарын 600,000 төгрөгийн цалин, хөлстэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, ажил олгогч нь 2019 оны 8 сараас 2020 оны 5 сар хүртэлх хугацаанд 6,872,019.19 төгрөгийн цалин, хөлсийг ажилтанд олгосон,
Ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаар талуудын хооронд 2019.08.01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үйл баримт тогтоогтогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг А.Б ажлаас халагдсаны дараа тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “ПФЧБ” ХХК-д ажиллах болсон нь талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан нууц хадгалах гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч нь нууц хадгалах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч компанийн нууцлагдвал зохих ямар нууцыг хувьдаа ашигласан, эсхүл бусдад задруулсны улмаас компанид хэдий хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож тодорхойлоогүй мөртлөө тус компаниас хөдөлмөрийн гэрээний дагуу олгосон цалин, хөлсний 50 хувиар тооцож, гэрээний үүрэг зөрчсөн гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй маргасан.
Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Нууц хадгалах гэрээ”-нд Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, компанийн Нууцын журмыг үндэслэл болгосон байх ба гэрээний 4-т: “Хэрэв нууцын гэрээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчиж компанийн нууцыг задруулбал Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас гадна компанид сүүлийн 12 сарын нийт цалингийн 50%-тай тэнцэх хэмжээний төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэж тусгажээ.
/хх-ийн 10 тал/
Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаас үзэхэд хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг байгууллагын нууц гэж үзэн, байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болох ба энэхүү нууцыг байгууллага өөрөө тогтоохоор байна.
Нууц хадгалах гэрээний 3-т: “Компанийн нууц гэдэгт компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор компанийн хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууцыг ойлгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн компанийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой ямар зүйлийг нууцад хамааруулсан болохыг тодорхойлох үүрэгтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь өөрийн компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нууц гэж тогтоосон ямар мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэдийд ямар шийдвэрээр нууцын журамд хамааруулахаар тогтоосон болох, энэхүү шийдвэрийг хариуцагчид хэзээ, хэрхэн танилцуулж баталгаажуулсан болох, уг нууцын журамд хамаарах мэдээлэлийг бусдад хэрхэн задруулсан болох, ийнхүү задруулсны үндсэн дээр өөрийн хууль ёсны ашиг сонирхолд нь хэрхэн хор уршиг учруулсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Түүнээс гадна А.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №30 дугаартай “ПТ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын 5-д “...компанитай байгуулсан нууц хадгалах гэрээний заалт, гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг танилцуулах”-аар заасныг хэрхэн хэрэгжүүлснийг болон нэхэмжлэлийн үндэслэл болгосон өөрийн компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “ПФЧБ” ХХК-д А.Б-ийг ажилладаг гэдгийг баримтаар нотолсонгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор компанийн хамгаалалтад авсан нууцыг бусдад задруулсан гэх байдал нь баримтаар тогтоогдсонгүй.
Тодруулбал “ПТ” ХХК нь талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан нууц хадгалах гэрээний 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн А.Б-оос түүний ажиллаж байсан хугацааны нийт цалингийн 50 хувь болох 3,436,009 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнээс гадна дээрх гэрээний 4-т: “Хэрэв нууцын гэрээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчиж компанийн нууцыг задруулбал Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах...” гэж заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэхүү нууцын гэрээнд заасан үндэслэлээр бус Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д: “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, нууц хадгалах гэрээний дагуу хариуцагч нь ажил олгогчийн нууцад хамааруулахаар тогтоосон ямар мэдээлэлийг хэрхэн задруулсан болох, ийнхүү задруулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хэрхэн хор уршиг учруулсан болох нь тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч А.Б-оос 3,436,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ийн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.
/ хх-ийн 62-63 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн хуулийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Б-оос 3,436,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ПТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ