| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/139 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2525000000082 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,, Ө ургийн овогт Г-ийн Э /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум ********** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** баарны гадна 2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим хохирогч Д.Б-г бусдыг болон өөрийг нь хэл үгээр доромжилсон гэх шалтгаанаар Д.О-р дуудуулан баарнаас гаргаж нүүрэн тус газар нь 1 удаа алгадаж блок руу дагз хэсгээр нь унагаан эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Г.Э-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Бид нарыг биеийн гадаад үзэмжээр доромжлоод, явах гээд гадаа гарсан байхад дунд хуруугаа гаргаж доромжлоод байхаар нь 1 алгадсан чинь уначихсан. Эмчилгээнд нь 300,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2525000000082 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11-р тал/
-хохирогч Т.Б-ийн мэдүүлсэн...намхан үл таних******* орж ирээд гараад ир гадаа хүн дуудаж байна, танд дэлгүүрээс пиво авч өгье гэж байна гэсэн. Тэгээд гадаа гартал нэг бүдүүн том биетэй*******г Г.Э гэж дуудаад нөгөө эгчийг чинь аваад гараад ирлээ гэсэн. Тэр******* ирээд би таныг таньдаг гээд шууд түлхсэн үү цохисон би нэг мэдсэн газар хэвтэж байсан. Юу болсон талаар ч мэдээгүй, түр зуур ухаан алдсан байх цуг явсан найз дотор байсан. Тэр үйл явдлыг хараагүй, буцаад ортол юу болоо вэ гар хуруу чинь юун цус болчихоо вэ гэтэл тухайн баарны ресепшин гарцгаа манайх хаалаа гээд бүгд гараад явсан. Тэр баар ч хаасан. Тэгээд шууд цагдаа ирээд эмнэлэг авч явж хоёр оёо тавиулж боолт хийлгэсэн. ...Бааранд таарсан тэнд дуулж бүжиглэж байсан нэлээд том биетэй хүүхнүүд байсан, бүжиглэх гэхээр талбай эзэгнэчихээд хэцүү байсан. Би тэгээд жаахан уурлаад бүдүүн юмнууд гээд хэлчихсэн юм шиг байгаа юм. Тэгээд л намайг хүнээр дуудуулж зодсон байх. Гомдолтой байна бүх хохирлоо гаргуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
-гэрч Ч.Б-ийн мэдүүлсэн:.. *** бааранд орсон цагаас хойш л Б эгч хэл амаар доромжилж манай найз Г.Э-г мөрлөж, бүжиглэж байхад нь түлхэж, ***-гийн янхнууд бөөн бөөнөөрөө биеэ үнэлэх гээд ороод ирсэн байна гээд тайван суулгахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
-гэрч Д.О-ын мэдүүлсэн:..Тухайн үед хохирогч******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэр хавиар хүн амьтан өдөж бариад нэг эгчийг зайл гэж түлхээд байсан. ..Тэр эгч намайг хохирогчийг аваад гараад ир гэсэн. Би яах гэж байгаа юм бэ хэрэггүй гэхэд зүгээр гаргаад ир гэхээр нь би учраа ололцох гээд байгаа юм байна гэж бодоод гаргаад иртэл нөгөө эгч шууд алгадсан. Хохирогч эгч баарны гадаа үүдэнд бордюр дээр уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
-гэрч Т.У-ын мэдүүлсэн:..Б, Э нартай 2,5 л Сэнгүр пиво 2 ширхэг уусан. Тэгээд 18 цагийн үед бааранд орсон. Бааранд ороод үл таних******* дуулж байхад микрофон булаацалдаж өгөхгүй гэсэн чинь муу бүдүүн янхнууд гээд хэл үгээр доромжилсон бас бүжиглэж байхад ардуур урдаар явахдаа бөгсөөрөө түлхэж биеийн хэлэмжээрээ их доромжилсон. Бид нар 20 цаг 40 минутын үед баарнаас гараад Г.Э-ын хамт явж байтал хойноос бид нарыг доромжлоод байсан. Б эгч хөөе бүдүүн янхнуудаа банзлуудаа гээд орилоод байсан. Би УБ каб такси дуудаад утсаар ярьж байгаад эргээд хартал манай найз алгадаад унагаасан байсан. Манай найз Г.Э та яасан бэ зүгээр үү гээд очоод татаад босгосон чинь босоод баар руу гүйгээд орсон. Зүгээр байгаа гээд найз Б-г хараадах гэсэн чинь зүгээр бүжиглэж байсан. Тэгэхээр нь зүгээр юм байна даа гээд дуудсан таксиндаа суугаад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №194 дугаартай “...Д.Б-ийн биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-н 26-27-р тал/
Шүүгдэгч Г.Э-ийн яллагдагчаар мэдүүлсэн:… Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг, /хх-н 35-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны орой 20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” бааранд байх үед нь хохирогч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай “***-гийн янхнууд бөөн бөөнөөрөө биеэ үнэлэх гээд ороод ирсэн байна” гэж, явахаар гарахад нь “хөөе бүдүүн янхнуудаа банзлуудаа “ гэж хашгирахад нь нүүрэн тус газар нь 1 удаа алгадаж унагаан эрүүл мэндэд нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Г.Э-ын үйлдлийн улмаас Д.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлсон.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгч Г.Э өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Согтуу хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,
шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал,хохирогчийн зүй бус үйлдэл хэрэ гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ. Шүүгдэгч өөр санал гаргаагүй.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Б шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч 300,000 төгрөг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдав.
з Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Г-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан сайн дураар төлөх 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А