| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/1154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1403 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч М.Эрдэнэзаяа (томилолтоор),
шүүгдэгч О. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.т холбогдох эрүүгийн 2405005540221 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,, гэх газарт оршин суух гэх, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, овогт ын (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч О. нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” нэртэй караокены газар иргэн Д.гээс гар утсаараа яриулаач хэмээн түүний эзэмшлийн “Самсунг Эс8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч О. нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О. мэдүүлэхдээ: “...1 дүгээр сарын 3-ны өдөр манай найз Батсүмбэрээс ирсэн, хоёулаа хотод уулзъя гэхээр нь би 61-ээс хот руу орж ирээд хорооллын эцсийн “Маск” гээд караокед пиво уугаад сууж байсан. Тэгээд байж байтал зөөгч ирээд ахаа та хоёрын ширээн дээр энэ ахыг суулгачих уу гэхээр нь зөвшөөрөөд суулгасан. Тэгээд утсаараа нэг яриулаач гээд утсыг нь авсан. Утсаар ярьчхаад хорооллын эцсийн Тэргэл төв дээр хүнтэй уулзахаар явсан. Утсыг нь зарж үрсэн эсэхээ санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” нэртэй караокед ганцаараа орж үйлчлүүлсэн. Тухайн караокед 40-45 насны хоёр******* үйлчлүүлж байсан бөгөөд дөрвөлжин хээтэй цэнхэр өнгийн срочикон цамцтай, малгай хар куртиктэй, бор царайтай залуу нь миний утсаар яриад өгье гэхээр нь зөвшөөрөөд өгтөл гадаа утсаар ярьж байгаад аваад явсан байсан. Хүлээгээд ирэхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Миний утас Самсунг Эс8 маркийн саарал өнгийн, хавтсан шар өнгийн гэртэй, хагарч, цуурсан асуудалгүй гар утас байсан. Би тухайн хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй, Баттулгын гэх хүнтэй хамт явж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би сумын залуу болох тай хамт хороололд караоке орохоор болоод хорооллын Маск гэх нэртэй нийтийн караокед 21 цаг өнгөрч байхад ороод тэндээ пиво аваад сууцгаасан. 23 цаг гэж санаж байна хажуу талын ширээнд сууж байсан залуугаас утсаараа ганц яриулаач гэж хэлээд утсыг нь аваад зугтаад алга болсон. тухайн үед урт хар өнгийн куртиктэй, дөрвөлжин хээтэй цамцтай явж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн БГ2-24-420 дугаартай: “...Samsung S8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 190,000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас),
Шүүгдэгч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Өдрийг нь сайн санахгүй байна нутгийн залуу болох тай хамт 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” нэртэй караокед ороод уух зүйлээ аваад сууж байтал үл таних залуу ширээн дээр ирж суугаад найзад нь мөнгө алга ганц пиво аваад өгчих гэхээр нь би өөрийн сууж байсан ширээн дээрээ гурван Сэнгүр нэртэй пиво захиалж аваад бид гурав ууцгаасан. Би хамт сууж байсан нөгөө үл таних залуугийн гар утсыг аваад караокеноос гараад найз хүүхэнтэйгээ ярьтал “Өргөө” кино театр дээр хүрээд ир гэхээр нь Тэргэл гээд буудлын гаднаас такси авч суугаад таксины жолоочид тухайн гар утсаа 60,000 төгрөгөөр зарсан. ...Надад өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж байна. Хохирол төлбөрийг дараа сард багтаан барагдуулах болно” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 79-80 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 63-70 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Улсын яллагч “шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй, илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О. нь хохирогч Д.г “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, хохирогчийн эзэмшлийн “Samsung Galaxy S8” загварын 190,000 төгрөгийн үнэ бүхий гар утсаар яриад буцааж өгөх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, итгэлийг нь эвдэх аргаар гар утсыг нь өөрийн мэдэлд авсан, тодруулбал, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субьектив санаа зорилгын үүднээс өөртөө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Д. нь шүүгдэгч О.ын худал үгэнд хууртаж, өөрийн эзэмшлийн гар утсаа сайн дураараа шилжүүлэн өгсөн, шүүгдэгчийн дээрх аргаар хохирогчийн эд хөрөнгийг өөрийн захиран зарцуулах боломжид хууль бус аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд прокуророос шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч О. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маск” нэртэй караокены газар хохирогч Д.г “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн “Samsung Galaxy S8” загварын гар утсыг авч, 190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.гийн “...Тухайн караокед 40-45 насны хоёр******* үйлчлүүлж байсан бөгөөд дөрвөлжин хээтэй цэнхэр өнгийн срочикон цамцтай, малгай хар куртиктэй, бор царайтай залуу нь миний утсаар яриад өгье гэхээр нь зөвшөөрөөд өгтөл гадаа утсаар ярьж байгаад аваад явсан байсан. Хүлээгээд ирэхгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Миний утас Самсунг Эс8 маркийн саарал өнгийн, хавтсан шар өнгийн гэртэй, хагарч, цуурсан асуудалгүй гар утас байсан. Би тухайн хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй, Баттулгын гэх хүнтэй хамт явж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.ын “...Тухайн өдөр би сумын залуу болох тай хамт хороололд караоке орохоор болоод хорооллын Маск гэх нэртэй нийтийн караокед 21 цаг өнгөрч байхад ороод тэндээ пиво аваад сууцгаасан. 23 цаг гэж санаж байна хажуу талын ширээнд сууж байсан залуугаас утсаараа ганц яриулаач гэж хэлээд утсыг нь аваад зугтаад алга болсон. тухайн үед урт хар өнгийн куртиктэй, дөрвөлжин хээтэй цамцтай явж байсан” гэсэн мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн БГ2-24-420 дугаартай “...Samsung S8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 190,000 төгрөг” гэсэн дүгнэлт, шүүгдэгч О.ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Нутгийн залуу болох тай хамт 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маск” нэртэй караокед ороод уух зүйлээ аваад сууж байтал үл таних залуу ширээн дээр ирж суугаад найзад нь мөнгө алга ганц пиво аваад өгчих гэхээр нь би өөрийн сууж байсан ширээн дээрээ гурван Сэнгүр нэртэй пиво захиалж аваад бид гурав ууцгаасан. Би хамт сууж байсан нөгөө үл таних залуугийн гар утсыг аваад караокеноос гараад найз хүүхэнтэйгээ ярьтал “Өргөө” кино театр дээр хүрээд ир гэхээр нь Тэргэл гээд буудлын гаднаас такси авч суугаад таксины жолоочид тухайн гар утсаа 60,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О. өөрийнх нь дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч О.ыг “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.д 190,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “...Би өргөдөл гомдол гаргахгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан нь үнэн болно” гэж, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч О. “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч О.т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргав.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч О.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өмнө нь гэмт хэрэг санаатай үйлдэж шүүхээр хоёр удаа ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч О. нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 4 (дөрөв) хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 368 (гурван зуун жаран найм) цагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.т 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
5.Шүүгдэгч О. нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О. нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА