Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Ц.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б,

Шүүгдэгч З.О нарыг оролцуулан хийж

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.О-д холбогдох эрүүгийн 2325004140731 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,*******. Б овгийн З-ийн О /регистрийн дугаар РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Октябрь нь 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хорооны **--**тоот, Б.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, хушга, холимог самар, чангаанз зэрэг хүнсний барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум ****** баг **** хорооны **--**тоот хашаанд эд зүйлээ хадгалах зорилгоор ашиглаж байсан вагончикоос хохирогч Ё.О-ийн эзэмшлийн 4 ширхэг машины дугуй, 2 ширхэг бензин хийх зориулалттай 20 литрийн сав зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг **** хорооны **--**тоотод оршин суух Б.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 15 хайрцаг алпен голд шоколад, 8 шил Сабрина дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,082,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч З.О-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Г бид хоёр 3 жил гаруй хамт амьдарч байсан. Тухайн үед гэрээ цоожлоод явахаар нь гэрт нь орсон. Г-г 500,000 төгрөг өгчих тэгээд гомдолгүй гэсэн. Дугуйны эзэн залуу төлбөр авахгүй гэсэн. Г-д 500,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

2325004140731 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай:..Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, ********** багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ хорооны ***-* тоот хаягтай, саарал  өнгийн төмөр хаалгатай, төмөр хашаатай байна. Хашаа руу ороход ертөнцийн зүгээр баруун хойд талд 1 давхар гурвалжин дээвэртэй зүүн зүг рүү харсан бор өнгийн төмөр  хаалгатай, урд зүг рүү харсан хоёр модон рамтай цонхтой 1 өрөөний зохион байгуулалттай байшин байна. Байшингийн зүүн урд талын цонхны салхивч нээлттэй салхивчны доод талын дотор шил хагарч, шилний хэлтэрхийнүүд унасан байна. Байшин руу явж ороход зүүн урд талын буланд хушганы идээ, холимог самар, хатаасан болон ясгүй чангаанз, ясгүй ястай чавга, компотын холимог, алжир болон хямд хасарваань, хушга зэргийг хураалгаастай байсан гэх бөгөөд тухайн хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой өөр зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р тал/

-хохирогч Б.Г-ийн мэдүүлсэн:... Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Оросын холбооны улс руу яваад 10 дугаар сарын 10 өдрийн 00 цаг 30 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум, ******* баг, **Б-* тоотод байх байшиндаа ирсэн чинь байшингийн урд талын цонхны жижиг салхивч онгорхой цонхны дотор талын шил хагарчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирэхээр нь дотогш орж шалгахад манай байшинд хураасан байсан хатаасан жимснүүд хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Хушганы идээ 5 кг, холимог самар 15 кг, хатаасан чангаанз 20 кг, ясгүй чавга 5 кг, компотны холимог 5 кг, алжир хасарваань 5 кг, хямд хасарваань 10 кг, ястай чавга 10 кг, хушга 5 кг, ясгүй чангаанз 15 кг, нийт 1,703,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан байсан. Би тухайн эд зүйлсийг 09 дүгээр сарын 29-ний өдөр авч ирсэн барааны үлдэгдэл байсан юм. Тэгээд байшиндаа бүртгэж тоолчихоод явсан юм... Манай байшингийн тэр хавиар хулгай гардаггүй. Би 2 жил гарангын өмнө О гээд залуутай хамтран амьдарч байгаад энэ зун хамтран амьдрахаа больсон юм. Тэгсэн чинь эргэж буцаад өмнө манай гэрээс хулгай хийгээд байсан юм. Хашаандаа машин дотор байсан жимснүүдийг хулгайлж авч яваад хүмүүст зарчихсан байсан. Ер нь бол миний эд зүйлсийг хамтран амьдарч байх хугацаандаа хулгайлаад зарж борлуулчихдаг байсан... Би З.О-той 2021 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын холбооны улсын Улан-Үд хотоос өөрийн эрхэлдэг хувийн бизнесийн чиглэлээр бараа татан аваад гэртээ иртэл эзэнгүй онгорхой орхичихсон байхаар нь 2 өдөр хол замд яваад ирсэн болохоор дотроос нь түгжээд унтаж байсан чинь О ирээд хаалга нүдээд цонх тогшоод орилж хашхираад байхаар нь хаалгаа онгойлгоогүй оруулаагүй юм. Тэгсэн чинь гадаа хашаанд байсан машин дотор “хаалгыг нь түгжээгүй онгорхой орхичихсон байсан юм” байсан үлдэгдэл жимснүүдийг авч яваад зараад архи аваад уучихсан байсан. Тэгээд араас нь залгасан боловч утсаа авахгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадна талд таараад гэрт байсан хувцаснуудыг нь өгөөд явуулчихсан. Үүнээс хойш бол гэрт ирээгүй тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр буцаад дахин бараа татах гээд Улан-Үд рүү яваад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь гэрийн цонх онгорхой салхивч нь хагарчихсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ОХУ руу бараагаа татахаар яваад 4 сарын 30-ны өдөр гэртээ 23 цагийн үед ирэхэд байшингийн баруун талын цонх онгорхой, хөшгөө хаачихсан байхад нээчихсэн байхаар нь хулгай орсон байж магадгүй гэж бодоод гэр доторх эд зүйлээ үзэхэд үлдээсэн бараанаас шоколад 15 блок, 8 ширхэг дарс зэрэг зүйл алдагдсан байсан. Алпен голд шоколад 1 блок нь дотроо 21 ширхэгтэй, нэг нь 2800 төгрөгийн үнэтэй, дарс 1 ширхэг нь 25,000 төгрөг. Хамтран амьдрагч О гэх хүнийг сэжиглэж байна. 2023 оны 10 сард манай гэрт ороод хулгай хийчихсэн байсан. 04 сарын 30-ны өдөр манай хашаанд байх сүүдрэвч дотор Октябрийн хувцас байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23, 26-27-р тал/

-“**** *****” ХХК-ийн ТХҮ-ОРХ/**-** дугаартай “...хушганы идээ 5кг, холимог самар 15 кг, хатаасан чангаанз 20 кг,  ясгүй чангаанз 20 кг, компотны холимог 5 кг, алжир хасарваань 5 кг, хямд хасарваань 10 кг, ястай чавга 10 кг, хушга 5 кг, ясгүй чангаанз 15 кг, дээрх эд зүйлсийн одоогийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 10 сарын байдлаар 1,500,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо..гэх хохирлын үнэлгээ /хх-ийн 37-41-р тал/,

-хохирогч Ё.О-ийн мэдүүлсэн:..Баян-Өндөр сум ******** багийн **-**тоот нь миний эзэмшлийн газар байгаа. Уг газар нь манай хуучин хадам ахын нэр дээр хоёр айлын газар байх үедээ Г гэх эмэгтэйд нэг айлын газраа зарчихсан. Улсын бүртгэлийн кадастраар хоёр хуваачихсан байгаа. Дундуур нь тасалсан хашаа байхгүй. Г гэх эмэгтэй амьдардаг учраас тэр хүний хараа хяналтад байлгадаг юм. Тус тоотын хашаанд агуулах саваар ашигладаг нэг машины гараж, хувцас болон эд зүйлээ хадгалдаг жижиг вагончик байгаа. Хашаан дотор байх вагончикийг төмөр хаалтаар хааж, тор төмөр тавьж торлочихсон байсан. Ертөнцийн зүгээр хойд зүгт харсан цонхыг эвдээд 4 ширхэг шинээрээ байсан /13 инчийн хужаа дугуй/ 20 литрийн багтаамжтай 2 ширхэг бензиний канистр зэрэг байсан нь алга болчихсон. Г надад хэлэхдээ цуг амьдарч байсан З.О хулгайлчихсан байна. Мөн гэрийн цонхоор ороод хатаасан жимснүүдийг хулгайлсан байна гэсэн. Би мэдээд цагдаад дуудлага өгчихсөн. Чиний 4 дугуйг танил зах дээр нэг хүнд өгчихсөн гэж хэлсэн гэсэн...2021 билүү 2022 онд нэг ширхэг дугуйг 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 20 литрийн багтаамжтай бензин хийдэг канистр хэрэглэх боломжгүй болохоор үнэлэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89-р тал/

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 103-104-р тал/,

-“********” ХХК-ны 2024 оны 12 дугаар сарын 13-ны №ОРХ-****** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-127-р тал/,

-2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрийн хооронд хулгай орсон гэх ******* баг ********* **--**тоот байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 132-138-р тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 146-152-р тал/,

- гэрч Б.Б-ийн мэдүүлсэн: Тухайн өдөр би дэлгүүр дээрээ сууж байсан. Цагийг нь сайн санахгүй байна өдөр байсан санагдаад байна хааяа манай дэлгүүрээр орж ирдэг залуу 1 хайрцаг Алпен голд барьчихсан одоо зарагдаж байгаа үнээс нь 1000 төгрөгөөр татуу өгчихье манай эхнэр хойшоо явж Оросоос бараа оруулж ирдгийн гэхээр нь за за авъя гээд 1 ширхгийг нь 1800 төгрөгөөр авсан юм. Тэгээд тэр залуу тухайн үедээ мөнгөө аваагүй орой буцаж орж ирээд хиам, бэлэн хоол, 1 шил архи аваад үлдсэн мөнгийг нь аваад явсан. ******** багт байдаг хүмүүс морь Э гээд байдаг яг нэрийг нь мэдэхгүй хоч нь байх манай дэлгүүрийн араар нохой хөтлөөд яваад байдаг хаяа архи уучихсан явж байгаа харагддаг... гэх мэдүүлэг /хх-ийн 169-р тал/

-Хөрөнгийн үнэлгээний “**** *****” ХХК-ний “Алпен голд шокалад 15 хайрцаг, нэг хайрцагт 21 ширхэг, нийт 882,000 төгрөгийн, Сабрина дарс 8 ширхэг, нийт 200,000 төгрөг нийт 1,082,000 төгрөгийн үнэлгээтэй байна’’ гэх үнэлгээний тайлан /хх-ийн 175-р тал/

-шүүгдэгч З.О-ийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө хамтран амьдарч байсан Б.Г-ийн гэрт орж хулгай хийн эд зүйлс авсан талаараа мэдүүлгээ өгөөд өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин энэхүү тогтоолд нэмэгдсэн Ё.О-ийн амбаараас би 4 ширхэг машины дугуй, 2 ширхэг 20 литрийн төмөр канистр авсан маань үнэн. Би яг хэзээ орсон огноогоо санахгүй байна, ямар ч байсан Б.Г-ийг байхгүй үед тус амбаарын цонхоор орж авсан. Цонх нь шилгүй байсан бөгөөд хаасан төмөр нь уначихсан байхаар нь би орсон. Авсан 4 ширхэг дугуйг Танил зах дээр очиж нэг танихгүй хүнд нийтэд 80,000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгөө бэлнээр авсан. Харин 2 ширхэг канистрыг Баянцагаан багт зам дээр явж байсан нэг танихгүй портер маркийн машинтай залууд хоёуланг нь 20,000 төгрөгөөр зарсан бөгөөд мөнгөө бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 196-р тал/ зэргийг шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч З.О нь Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг ******** **-**тоот, Б.Г-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байрны цонхоор 2023 оны 10 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд нэвтрэн орж  хушга, холимог самар, чангаанз зэрэг хүнсний барааг нууцаар зөвшөөрөлгүй авч 1,500,000 төгрөгийн хохирол,

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэвтрэн орж 15 хайрцаг Алпен голд шоколад, 8 шил Сабрина дарс зэргийг нууцаар,зөвшөөрөлгүй авч 1,082,000 төгрөгийн хохирол нийт 2,582,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум ******** баг ***** хорооны **-**тоот хашаанд байх хохирогч Ё.О-ийн эзэмшлийн вагончикт цонхоор нь нэвтрэн орж 4 ширхэг машины дугуй, 2 ширхэг бензин хийх зориулалттай 20 литрийн сав зэрэг хөрөнгийг нууцаар, зөвшөөрөлгүй авч 520,000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч З.О нь Э.Г, С.О нарын байшин, агуулахад цонхоор нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй нууцаар орж эд зүйлийг нь өөрийн эзэмшилд авч захиран зарцуулсан ба эдгээр үйлдлийн улмаас хохирогч Э.Г-т нийт 2,582,000 төгрөгийн хохирол, хохирогч Ё.О-д 520,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Г, Ё.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

      2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.  

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд бусдын өмчлөх эрхийн эсрэг “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж, 2, 3 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан ба 2 дахь хэсгийн 2.1-д энэ гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан бол ...ял шийтгэнэ” гэж зааж тодорхойлсон.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч З.О-ийн үйлдэл бусдын өмчлөлд байгаа хүн амьдрах зориулалтай орон байр, агуулахад зөвшөөрөлгүй, нууцаар нэвтэрсэн шинжээрээ хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэргийн шинжтэйг нотолсон ба шүүгдэгчийн үйлдэл нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь хохирогч Э.Г-ийн гэрт, Ё.О-ийн эд зүйлээ хадгалах зорилгоор ашиглаж байсан вагончикт тус тус хууль бусаар нэвтэрч 3,102,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авсан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Шүүгдэгч нь хохирогч Э.Г-т учирсан хохиролд 500,000 төгрөгийг төлсөн байх тул үлдсэн 2,082,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-т, 520,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.О-д тус тус олгох нь зүйтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Хохирогч Г-т 500,000 төгрөг төлсөн, О нэхэмжлэхгүй гэсэн гэж тус тус дүгнэлт гаргасан.

           Шүүгдэгч З.Октябрийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж

2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хохирлын хэмжээ, хохирлын зарим хэсэг төлөгдсөн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч зарим хэсгийг төлсөн, гэм буруугаа хүлээсэн байх тул 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б: Хорих ялын доод хэмжээгээр оногдуулна уу гэж,

-шүүгдэгч: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хорих ялыг хөнгөрүүлнэ үү гэж тус тус санал гаргасан.

 

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Хохирогч Э.Г, Ё.О нар нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэж шүүхэд мэдэгдсэн. Шүүгдэгч З.О хохирогч Э.Г-т учруулсан хохирлоос 500,000 төгрөгийг төлсөн. Ё.О-д төлбөр төлөөгүй байна.

Шүүх, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээх болон шударга ёсны зарчмыг баримтлан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгчээс нийт 2,562,000 төгрөгийг гаргуулж 480,000 төгрөгийг хохирогч Ё.О-д, 2,082,000 төгрөгийг хохирогч Э.Г-т тус тус олгуулахаар заалаа.

Хохирогч Ё.О-ийн агуулахаас авсан 2 ширхэг бензин хийх зориулалттай 20 литрийн сав нь “хуучин эд үнэлэхгүй” гэж хохирогч мэдүүлсэн байх тул хасаж тооцсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заалаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн З-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.О-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Октябрийн цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.О-с нийт 2,562,000 төгрөг гаргуулж, 2,082,000 төгрөгийг хохирогч Б.Г /Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, *-*-** тоот, ОР********/-т, 480,000 төгрөгийг хохирогч Ё.О /Орхон аймаг Баян-Өндөр сум, *** баг *-**-** тоот РД:*********/-д тус тус олгуулсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.А