| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/1304/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1486 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1486
2025 06 03 2025/ШЦТ/1486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч Э. (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.д холбогдох эрүүгийн 2505002130095 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,, тоотод түр оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Э. нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” караокены гадна хохирогч Б.ыг “ах нарыгаа хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас нүүр хэсэгт нь гараараа олон удаа цохих, биеийн цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөх, жийх үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн доод хана, хоншоор ясны урд, ар ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун доод зовхинд шарх, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажлын газрын залуу н төрсөн өдөрт очихоор Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Парис караокед 22 цаг 30 минутын орчимд очсон, тухайн үед манай ажлын Мөнхбат байсан, бусдыг нь сайн санахгүй байна. Тэгээд би гэх залуутай үг сөрөөд муудалцсан, тэгэхэд нь намайг “Ах нарыгаа хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож эхэлсэн. Тэгээд би шөнө 02-03 цагийн үед Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Одоо баруун нүд хөхөрсөн, баруун хацар язарч оёдол тавиулсан, хамар хугарсан, зүүн талын 1 хавирга хугарсан, хүзүү улайсан, уруул бага зэрэг язарсан, духны баруун, зүүн хэсэгт улайж зулгарсан байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би караокены үүдэнд ын найз Дөлгөөнөө гэх охинтой таараад хальт мэндлээд удахгүй тэр хоёрын араас гадагшаа гараад харахад тэр хоёр зам хөндлөн гараад байрны буланд хаяг хэвлэл гэсэн газрын арагшаа орохоор нь би юм ярих гэж байгаа юм байх гэж бодоод үүдэнд хүлээгээд удаад байхаар нь араас нь яваад очиход манай найз залуу газарт ухаан алдаад дээшээ хараад хэвтчихсэн, нүүрнээс нь цус гараад байсан. Харин ах хажууд нь зогсож байсан. Тэгээд би ах руу та яагаад зодож байгаа юм бэ гээд орилоход тоосон шинжгүй явдаг газраар нь яваарай гэж хэлсэн. Тэр үед ах болон найзууд нь нэлээн согтолттой байсан. Би найз залуугийнхаа цусыг тогтоох гээд сэрээх гэхэд сэрээж чадахгүй байсан. ах хэд хэдэн удаа хувцаснаас нь татахад сэрсэн. Намайг тэр хоёр дээр явж очиход ын гадна куртик урагдаад газарт хэвтэж байсан. Тэгээд би ыг босгож авч яваад машиндаа суулгаад ын ихэр Ихэрбаярыг утсаар дуудаад гэмтэл рүү явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 1312 дугаартай: “...Б.ын биед баруун ухархайн доод хана, хоншоор ясны урд, ар ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Таньж олуулах ажиллагааг бичгийн цаасан дээр ижил насны 6 хүний зургийг 1-6 хүртэл дугаарлан тавихад хохирогч Б. нь эхний харуулсан зургаас 5 гэсэн дугаартай зургийг хуруугаараа зааж харуулав. Үргэлжлүүлэн таньж олуулах ажиллагааны зургуудын байрыг сольж дахин харуулахад 1 гэсэн дугаартай хүний зургийг зааж, нэг хүнийг хоёр удаа зааж харуулав. Би өөрийн таньсан хүнийг нүд, хөмсөгний хэлбэр болон шанаа, биеийн ерөнхий царай төрхөөр таньсан. Миний зурган дээр таньж олсон тухайн хүн намайг цохиж зодсон гэх гэх хүн мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас),
Шүүгдэгч Э.н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би зөрүүлээд зүүн талынх нь шанаа руу хоёр удаа гараараа цохиод одоо больчих гэхэд заамдаж аваад намайг булан руу шахаад хана руу түлхээд байхаар нь гарыг нь тавиулаад хойшоогоо зугтах гээд ухрахад миний хойноос цохих гээд дайрахаар нь би хөлөөрөө цээж рүү нь нэг удаа жийж өшиглөөд холдуулахад хойшоогоо халтираад унасан. ...Би ын биед учирсан хохирол төлбөртэй холбоотой зардлыг төлж барагдуулна. Эмчилгээнд нь зарцуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкны дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн эх С.гийн Хаан банкны дугаарын данснаас шилжүүлсэн байгаа, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийг би өөрөө төлж барагдуулна. Өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” караокены замын эсрэг талд хохирогч Б.ыг “ах нарыгаа хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохих, цээж рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун ухархайн доод хана, хоншоор ясны урд, ар ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Б., гэрч Э. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 1312 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүндэвтэр зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан баруун ухархайн доод хана, хоншоор ясны урд, ар ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 8 дугаар хавирганы хугарал, баруун доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Хохирогч Б.ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Э.н хууль бус үйлдэл болох гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, жийснээс үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих, цээж хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, жийсэн үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.н бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э. нь хохирогчид нийт 5,990,000 төгрөг шилжүүлэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан, мөрдөн байцаалтын явцад хохирогч Б. “...Уг асуудалд цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, эмчилгээний зардалтай асуудал байхгүй, гомдол саналгүй болно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, мөн тэрээр “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэж, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд очих боломжгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.ын эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрт 103,080 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг шүүгдэгч 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Э. хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Э.д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирогчийн “гомдол саналгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.г 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч Э.н хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.г 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Э. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА