Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 28

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Л.Одончимэгт холбогдох эрүүгийн 201701070029 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             З. Ганцоож

Улсын яллагч                                                            Х.Эрдэнэтуяа

Иргэний нэхэмжлэгч                                          Б.Нармандах

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч                  С.Өлзий-Отгон

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Л.Ганганбарс

Шүүгдэгч                                                            Л.Одончимэг нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр Б.Мөнхжаргал, 7-11 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсгийн 9 дүгээр гудамжны 3 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуу овгийн Лайгүйн Одончимэг /РД:УР84041269/

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч  Л.Одончимэг нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 36-15 БРА улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда Фит маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв замаас 16 дугаар байрны урд байрлах хороолол дундах зам руу эргэж ороод зам дээр явган зорчигч иргэн Б.Нармандахыг шүргэж зам тээврийн осол гаргаад осол гаргасан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Одончимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутад би ганцаараа өөрийн эзэмшлийн 36-15 БРА улсын дугаартай цэнхэр өнгийн Хонда Фит маркийн автомашинаа жолоодоод төв зам дагуу урагшаа Хэрлэн худалдааны төвийн зүгт явж байгаад төв замаас баруун гар тийш дохио өгч 16 дугаар байр, Хас банкны голын замаар эргэж ортол баруун талд нэг тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би тэр машины хажуугаар өнгөрөөд явтал урдаас нэг эгч гэнэт гараад ирсэн. Би тоормоз гишгэж зогстол тэр эгчийн хөлийг нь шүргэж тулаад зогссон. Тэр эгч машины баруун урд талын хамар дээр хоёр гараараа тулаад зогссон. Тэгээд би машины хаалга онгойлгож “...уучлаарай эгч ээ, гайгүй юу машинд суучих эмнэлэгт очих уу” гэхэд тэр эгч уурлаад “...балай юм чинь...” гэж хэлсэн. Яг уулзвар дээр зогсож байсан болохоор зам хаалаа гээд араас машин сигнаалдаад байсан. Би урагшаа явж замаа чөлөөлөөд эргээд хартал тэр эгч яваад өгсөн байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Шүүгдэгч Л.Одончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Нармандах эгчийн зүүн хөлийг нь шүргэсэн, тухайн үед газар унаагүй, миний машины урд хамар дээр гараа тавиад зогсоод байсан. Би тухайн үед их сандарсан байсан, тэр үед Нармандах эгч яваад өгөхөөр нь зүгээр юм байна гэж ойлгоод би ч гэсэн явсан. Намайг хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа уулзахад Нармандах эгч миний баруун талын хөл өвдөөд байгаа гээд доголоод байсан. Би Нармандах эгчийн зүүн талын хөлийг нь шүргэсэн. Нармандах эгчтэй уулзаж, уучлалт гуйсан. Жолооч өөрөө осол гаргасан тохиолдолд зохих байгууллагад мэдэгдэх ёстой. Анх хот орж үзүүлэх бүх зардлыг би өөрөө гаргасан. Бэлнээр 220.000 төгрөг өгсөн, нийтдээ 900.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Одоо 500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаад байна. Үнэн зөвийг нь харж байж болно. 2 бага насны хүүхэдтэй. Надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

             Иргэний нэхэмжлэгч Б.Наранмандахын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 25 минутын үед хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны зүүн урд талд явган хүний замаар төв зам дагуу урд зүг рүү явж байгаад явган хүний гарцаар төв замаас байрны хороолол руу ордог замаар гарч байтал төв замаас орж ирсэн цайвар цэнхэр өнгийн суудлын автомашин хүрч ирээд зүүн хөлийн гуя, өвдөг орчимд мөргөсөн. Би машины урд хамрыг нь хоёр гараараа тулаад зогссон учир газар унаагүй. Миний толгой эргээд шоконд ороод зогсож байтал нэг эрэгтэй хүн ирээд намайг түшээд авсан. Машины жолооч нь эмэгтэй, ганцаараа байсан. Машинаасаа бууж ирээгүй. Тэгээд ам нь хөдлөөд уучлаарай гээд байх шиг байсан. Араас нь машинууд ирээд сигналдаад байсан. Гэтэл намайг мөргөсөн машины жолооч хүүхэн гараараа дохиод яв гээд байсан. Тэгэхээр нь би зам тавьж өгсөн. Тэгээд тэр машины жолооч машинаа жолоодоод яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

           Иргэний нэхэмжлэгч Б.Наранмандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний хөл гишгэж болохгүй, түнхний үе гэмтсэн байгаа учраас цаашид гарах зардлаа нэхэмжилмээр байна. Одоогоор 510.380 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөөсөө бодитоор гарсан зардлаа нэхэмжилмээр байна. Би өмнө нь таталт өгч байсан, тархины зураг, нурууны зураг авахуулсан гээд тэр бүх зүйлийн зардал ороод 900.000 төгрөг болж байгаа. Сүүлд 220.000 төгрөгөөр бэлнээр авсан…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Б.Төгөлдөрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө ажлаасаа буугаад 09 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны зүүн талаар төв зам дагуу эмнэлэг чиглээд хойш алхаад явж байтал манай эхнэрийн эгч Нармандах ганцаараа таарч зөрөөд өнгөрсөн. Бид хоёр толгой дохилцоод өнгөрсөн. Тэгээд хойш 100 метр орчим явж байтал ард пид хийх чимээ гарах шиг болсон. Эргээд хартал Хас банк, 16 дугаар байрны уулзварын хороолол дундуур ордог замын гарцан дээр цагаан цэнхэр өнгийн автомашины урд Нармандах эгч тонгойгоод гараараа зүүн өвдөгөө бариад зогсож байгаад Хэрлэн худалдааны төвийн чиглэлд хазаганаад яваад өгсөн.  Нөгөө машин чигээрээ хороолол дунд ороод яваад өгсөн. Тэгэхээр нь би гайгүй юм байх гэж бодоод хойшоо яваад өгсөн...”/хх-ийн 8 дугаар тал/

             Гэрч Б.Болдбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед би өөрийн 33-55 БРА улсын дугаартай суудлын автомашинаа жолоодоод Улаанбаатар хот руу хүн тээвэрлэх гээд байж байсан. 16 дугаар байрны урдаас хэсэг хүмүүс гараад ирэхээр нь би Улаанбаатар хот руу явах юм болов уу гэж бодоод машинаасаа буугаад ирж байгаа хүмүүсийг тосоод хот явах эсэхийг нь асуугаад эргээд хартал “Миний нутаг” дэлгүүрийн арын зам дээр буюу миний автомашин зогсож байсан зам дээр хөхөвтөр өнгийн бөмбөгөр жижиг суудлын машин замын голд зогсож байсан. Тэр машин “Миний нутаг” дэлгүүрийн урдаас 16 дугаар байрны урдуур хөндлөн явах замын голд буюу явган хүмүүсийн гарцан дээр зогсож байсан. Нэг эмэгтэй машины урд жолоочийн эсрэг талд буюу тухайн машины зүүн талд машинд мөргүүлсэн бололтой зогсож байсан. Мөргүүлсэн эмэгтэй тухайн машины жолооч эмэгтэйг “тэнэг юм уу хаашаа юм, хүн мөргөчихөөд уучлаарай байхдаа яадаг юм бэ” гэж хэлж байсан, харин жолооч эмэгтэй хаалганы шилээ доош буулгаад “уучлаарай” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би мөргүүлсэн эмэгтэйд “наад машиныхаа дугаарыг тэмдэглээд ав, дараа нь хэрэг болдог юм” гэж сайн санааны үүднээс хэлсэн. Тэгтэл нөгөө мөргүүлсэн эмэгтэй юм хэлэлгүй “Миний нутаг” дэлгүүрийн урдуур алхаад яваад өгсөн. Тэр үед нөгөө мөргөсөн машины жолооч машинаа хөдөлгөөнд оролцуулаагүй зогсож л байсан. Ингээд би машиндаа суугаад Улаанбаатар хот руу хөдлөөд явсан. Дараа нь жолооч эмэгтэй машинаа хөдөлгөөд явсан эсэхийг мэдээгүй...”/хх-ийн 9 дүгээр тал/

Шинжээчийн “...Б.Нармандахын биед тархины гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 09шэ/056 тоот дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Уг осол нь зам тээврийн осол мөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тодорхойлсноор “зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: гэж заасан байдаг. Иймээс нийтийн хэрэгцээний зам дээр жолооч Л.Одончимэгийн 36-15 БРА тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн Б.Нармандахын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь зам тээврийн осол мөн байх үндэслэлтэй байна. Жолооч зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг: в/Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх: гэх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн 3 тоот дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

           Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 17 дугаар хуудас/,

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 дугаар хуудас/

           Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нармандахын Цагдаагийн байгууллагад гаргасан: “...Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Бат-Өлзий овогтой Нармандах би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 20 минутаас 08 цаг 30 минутын хооронд 139 дүгээр цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгчихөөд ажил руугаа явах замдаа 16 дугаар байрны хажууд байдаг явган хүний гарцаар гарч яваад замынхаа дунд цайвар цэнхэр өнгийн 36-15 БРА улсын дугаартай Honda Fit  маркийн машинд мөргүүлсэн. Тэр өдрөөс хойш толгой өвдөөд түнх, нуруу, хөл явж чадахгүй болсон. Иймд энэ хэргийг шийдэж өгнө үү...” гэсэн өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг бүртгэгчийн “...Сэжигтэн Л.Одончимэгийн эзэмшлийн 36-15 БРА улсын дугаартай усан цэнхэр өнгийн “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр тогтоосугай. Энэ тогтоолыг уг автомашины эзэмшигч сэжигтэн Л.Одончимэгт танилцуулсугай. Битүүмжлэгдсэн хөрөнгийг хадгалах, бүрэн бүтэн байлгахыг уг автомашины эзэмшигч сэжигтэн Л.Одончимэгт хариуцлагыг тайлбарласугай...” гэсэн тогтоол, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

          2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53-58 дугаар хуудас/,

         Иргэний нэхэмжлэгч Б.Нармандахын гаргасан: “...Бат-Өлзий овогтой Нармандах миний бие эмчилгээний зардлаа Л.Одончимэгээр барагдуулсан. Цаашид гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “Л.Одончимэгийн ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон” хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

             Шүүгдэгч Л.Одончимэг нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 36-15 БРА улсын дугаартай усан цэнхэр өнгийн Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, /ажилтан/-д мэдэгдэх, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэснийг, мөн дүрмийн 7.6 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчиж, уг зам дээр явж байсан Б.Нармандахыг мөргөж, зам тээврийн осол гарган, зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/056 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 3 тоот дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Өлзий-Отгоны шүүх хуралдааны үед гаргасан “...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зөвхөн толгойд нь учирсан гэмтлийг дүгнэж хөнгөн зэргийн гэмтэл авсан гэж үзжээ. ...Б.Нармандахын биед учирсан буюу түнхэнд учирсан гэмтлийг дахин шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд ЭБШХ-ийн 155 дугаар зүйлийн 155.2, 156 дугаар зүйлийн 156.1.2 дахь хэсгийг үндэслэн Б.Нармандахын биед учирсан түнхний гэмтэлд шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргажээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Нармандахын биед учирсан гэмтлийн талаарх шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/056 тоот дүгнэлт нь Б.Нармандахын биед үзлэг хийж, 2017.02.13-ны шинжилгээ хийлгэсэн тухай эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гарсан байх ба уг дүгнэлтэд цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болохыг заажээ. Дээрх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхээс хөдөлбөргүй тогтоогдсон үйл явдалд үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж үзлээ. Тухайлбал:

Ослын үед шүүгдэгч нь B ангиллын 770770 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхээр өөрийн эзэмшлийн 36-15 БРА улсын дугаартай “Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хэрэг хариуцах чадвартай байгаа зэрэг нь тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тодорхойлж байна.

Жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг мэдсээр байж зөрчсөн нь шүүгдэгчийн “…цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэйг мэднэ…” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон нь үйлдэлдээ санаатай, хариуцлагаас зайлсхийх гэсэн зорилготой байх гэсэн тухайн хэргийн шинжийг бүрдүүлжээ.

Иймд шүүгдэгч Л.Одончимэгийг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан зам тээврийн осол гаргасан жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид 900.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь шүүгдэгчийн “220.000 төгрөг бэлнээр өгсөн бусад эмчилгээ, замын зардлын мөнгийг төлсөн. Нийт 900.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн “900.000 төгрөгийн хохирол төлсөн, одоо 510.380 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд шинээр баримт гарган 510.380 төгрөг нэхэмжилсэнээс 60.000 төгрөгийн баримт тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлээс 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч урьд 220.000 төгрөгийг бэлнээр өгсөн байх тул нэхэмжлэлээс хасч тооцон эмчилгээний зардалд 230.380 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч Л.Одончимэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд тус тус заасан анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх бөгөөд харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, хуульд заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Одончимэг нь “...хохирол төлбөр 900.000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлж байх тул битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа Honda Fit маркийн 36-15 БРА улсын дугаартай автомашин битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Одончимэгт буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр

зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг

тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Алаг адуу овгийн Лайгүйн Одончимэгийг зам тээврийн осол гаргасан жолооч осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар Алаг адуу овгийн Лайгүйн Одончимэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав /5/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Л.Одончимэгт торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Одончимэг нь иргэний нэхэмжлэгч  Б.Нармандахын эрүүл мэндэд учирсан хохирол 900.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлээс 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 230.380 төгрөгийг шүүгдэгч Л.Одончимэгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Нармандахад олгосугай.
  5. Иргэний нэхэмжлэгч Б.Нармандах нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Л.Одончимэгт битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа Honda Fit маркийн 36-15 БРА улсын дугаартай автомашин болон битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Одончимэгт буцаан олгосугай.
  7. Шүүгдэгч Л.Одончимэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  8. Шүүгдэгч Л.Одончимэгт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Одончимэг нь урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Одончимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ