Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0951

 

    

 

 

 

 

 

     2022         12           15                                    128/ШШ2022/0951

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д. Х*****,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: Э.М******,

Маргааны төрөл: газар эзэмших эрхийг давхардуулан олгосон шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******, өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З********, Д.Э************, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, өмгөөлөгч Б.Ж*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулав.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.

а. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамж, газар эзэмших эрхийн ******** дугаартай гэрчилгээгээр Д.Х********** эзэмшиж буй нэгж талбарын ************ дугаарын кадастрыг мэдээллийн сангаас устгасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд нэгж талбарын кадастрыг сэргээн бүртгэхийг даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Э.М********* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

б. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийн Д.Х******** холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийг үндэслэн Э.М******** газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгохгүй байгаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон гэрчилгээ бичиж олгохыг даалгах.

Хоёр. Маргааны үйл баримт.

1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Х******** 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн ********** дугаартай гэрчилгээ олгож, газрыг  мэдээллийн санд нэгж талбарын ******************** дугаарт бүртгэсэн,

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар гуравдагч этгээд Э.М********* 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, газрыг  мэдээллийн санд нэгж талбарын ********** дугаарт бүртгэсэн, гэрчилгээ олгоогүй.

Гурав. Маргаж буй үндэслэл.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Иргэн Д.Х******** надад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зусланд байрлалтай, нэгж талбарын ******************* дугаартай 700 м.кв зуслангийн зориулалттай газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсний дагуу 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ************* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, газар эзэмших гэрээ байгуулсан юм. Улмаар Газрын тухай хуулийн 33.7-д "Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна" гэж зааснаар мэдээллийн санд бүртгүүлсэн билээ. Энэхүү газраа 2007 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг зохих хугацаанд нь төлж Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргийн зөрчилгүй, хууль ёсны дагуу эзэмшиж ирсэн юм. Миний бие өөрийн газар амины орон сууцаа бариад, тухайн газрын төлбөрөөс гадна ашиглалт буюу тог, цахилгаан, хог ачилтын төлбөрийг төлсөөр ирсэн.

2020 оны сүүлээр миний эзэмшлийн газар болон хөрш иргэдийн эзэмшлийн газартай холбоотой эрхийн зөрчил гарч байгааг хөрш Б.Д************ мэдэгдсэний дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчид нэгж талбарын дугаараа хэлж харуулахад өөр хүний нэр дээр байна гэсэн хариуг хэлсэн. СБД-ийн Газар зохион байгуулалтын албанд 2020.10.05-ны өдөр 00******** дугаартай хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгогдсон газрын бүртгэл, мэдээллийн санг шалгуулахаар өргөдөл бичгээр гаргасан ч тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч ********* нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, хуульд заасан хугацаанд хариуг өгөхгүй удаашруулсаар 2021.01.13-ны өдөр буюу 3 сарын дараа тус нэгж талбар дээр байгаа газар нь газрын маргаантай байгаа тул маргааныг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өглөө.

Газрын тухай хуулийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг зөрчиж миний хууль ёсны дагуу эзэмшиж байсан газрын нэгж талбарын кадастрыг мэдээллийн сангаас устгаж, оронд нь өөр этгээдийн нэр дээр мэдээллийн санд хууль бус бүртгэл хийж миний хуулийн дагуу газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

Газрын тухай хуулийн хуулийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасан байна. Хуульд заасны дагуу миний газар эзэмших эрхтэй холбоотой давхцалыг арилгаж, газрын мэдээллийн сан дах газрын байршлын кадастрын зургийг зөрчилгүй болгохгүй шүүхэд ханд хэмээж буй Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус үйлдэл иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байна. Миний бие 2007 оноос хуульд зааснаар эзэмшиж байсан газрыг гэнэт 2020 онд хэсэг бүлэг хүмүүс гарч ирэн булаан авахаар оролдон улмаар төрийн байгууллагатай нийлж хөөцөлдөж байгаад маш их харамсаж байна.

Иймээс иргэн Д.Х******** миний Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамж, ******** дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй нэгж талбарын ************ дугаартай газрын кадастрыг мэдээллийн сангаас хууль бусаар устгасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, иргэн миний хууль ёсны дагуу эзэмшиж буй газрын нэгж талбарын кадастрыг мэдээллийн санд сэргээн бүртгэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү.

Энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргасан өргөдлийн хариуг Нийслэлийн Засаг даргаас ирүүлэхдээ "Сүхбаатар дүүргийн 18-р хороонд дүүргийн Засаг даргын 2007.10.22-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн Ж.Б**, Э.М*********, Ч.Э***********, Д.О************ нарт газар олгохдоо дүүргийн Засаг даргын 2007.05.23-ны өдрийн 160 дугаар захирамжаар олгогдсон иргэн Д.Х***** Д.Х********* нарын газартай давхцуулан олгосон байна. Иймд 2007 оны 300 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 "газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх” заалтын дагуу хүчингүй болгож 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор тус албанд хариу ирүүлэхийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн" гэсэн хариуг ирүүлсэн. Өнөөдрийг хүртэл дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас арга хэмжээ авагдаагүй бөгөөд миний хууль ёсны дагуу эзэмшиж буй газар дээр давхцуулан иргэн Э.М*********** олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр хүчинтэй хэвээр байна.

Иймд иргэн Д.Х********** Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007.05.23-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшсэн ******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын ************** дугаартай газартай давхцуулан эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007.10.22-ны 300 дугаар захирамжийн Э.М********* холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай захирамжийн Д.Х******** холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргаж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр гаргаж байгаагаа тодорхойлох ёстой боловч нэхэмжлэлийн үндэслэлдээ энэ талаар дурьдаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг" хэлнэ гэж заасан. Гэтэл гуравдагч этгээдийн шаардлагаас харвал нэхэмжлэгч Д.Х*********** газар олгосон захиргааны акт түүний ямар эрх ашгийг хөндөж байгаа нь ойлгомжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Х*********** нь хуульд заасны дагуу өргөдөл, хүсэлтээ гаргаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн газар дээр гаргуулан авсан, харин гуравдагч этгээд нэхэмжлэгчийн газар дээр 2007оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар давхардуулан газар авчээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд тухайн газар дээр нэхэмжлэгч Д.Х******* газартай сүүлд давхардуулан газар авсан бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2007 онд газрыг очиж үзэхэд эргэн тойронд айл байхгүй, бүдэгхэн замтай цаана нь Сэлбэ амралт байсан. Манай нөхөр Д.Х******* кадастрын байгууллагаар кадастр хийлгэсний дараа Газрын албаны мэргэжилтэн давхцаагүй болохыг шалгаад, газар эзэмших хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтийг үндэслэж Засаг дарга захирамж гаргаж, гэрчилгээг олгосон. Гэрчилгээг олгосноос хойш газрын төлбөрөө төлсөөр ирсэн. 2020 онд газрын төлбөрөө төлөх гээд очиход танай газрын бүртгэл мэдээллийн санд байхгүй байна гэж хэлсэн. Гэтэл н.Д*********** эгчийн газар, манай гэр бүлийн эзэмшдэг газар, тэрний урд талд н.Б******* ахын газрын кадастрын зургуудыг устгасан байсан. н.Б******* ахтай холбогдоход 2019 онд манай урд талын айл орц гарц хаасан гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн Газрын алба дээр ирж кадастраа шинэчлэн батлуулж гэрчилгээгээ шинэчилж авсан. Тэгэхээр бидний кадастрын зураг хүчин төгөлдөр байх ёстой гээд тоож авч үзээгүй. 2007 онд тухайн газрыг авсны дараа 300 мянган төгрөгөөр хашаа бариулаад тэр хавьд мал малладаг хүнд манай хашааг харж байгаарай гэж хэлээд явж байсан. Дараа нь 2009 онд гэр барьсан, монгол хүмүүс зуслан дээр яаж амьдардаг, тэр амьдралаар 2010 онд лагерийн шовгор байшин барьж амьдарсан. Дараа нь манай гэр бүл 3 хүүхэдтэй болсон. Том хүүхэд маань аутизмтай, бага хүүхэд зүрхний цооролтой учраас агаар салхинд амьдрах шаардлагатай, тэр газрыг бодитоор нь эзэмшээд 15 жил болж байхад шударга бус хандаж байгаад нь иргэн хүний хувьд гомдолтой байгаа. Засаг даргын гаргаад байгаа үйлдлийг ойлгохгүй, шударга бус хандаад байгаатай  нь манай гэр бүл нүүр тулж байна.” гэв. 

1.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Э.М******** шүүхэд нэхэмжлэл гаргахдаа газрын төлбөрийг төлсөөр ирсэн гэж дурдсан байсан. Шүүхэд худал тайлбар нэхэмжлэл гаргасан гэж үзэж байгаа. Тухайн цаг үедээ төлөөд явахыг жил бүр, улирал бүрд төлөхийг хэлнэ. 2020 оны 06 дугаар сард айлын хашаа эвдэж ороод, хууль бусаар гэр бариад н.Д************ хашаанд буусан. 2020 онд нэг өдөр н.О*********, Э.М************ нар газрын төлбөрийг анх удаагаа төлсөн. Төлөхдөө манай үйлчлүүлэгч нарын кадастрын зургийг ашиглаж төлсөн. Үүнийгээ мэдээллийн санд хууль бусаар оруулсан. 2007 онд газраа аваад 13 жил хөөцөлдөж явсан баримт байхгүй. Газар зохион байгуулат, геодези зураг зүйн газрын албан бичиг гарах үед Нийслэлийн Засаг дарга “Д.Х*********** газартай давхардуулж олгосон Э.М***********, н.О********нарын асуудлыг шийдвэрлэнэ үү” гэсэн албан бичиг мөн гарсан. Э.М********* нь 2019 оныг хүртэл Газрын алба руу “газар эзэмших гэрчилгээ авъя” гэж хандаж байсан зүйл байхгүй. Гэрчилгээ олгохгүй 13 жил болсон гэж ярьдаг. Гэрчилгээ олгохгүй 13 жил болох Газрын алба байхгүй. Д.Х********* 2007 оны 05 дугаар сарын 23-ны захирамжтай, 06 дугаар сарын 12-ны гэрчилгээтэй, мэдээллийн санд 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр кадастр орсон, мэдээллийн сангийн хүчин төгөлдөр лавлагаатай байхад 4 сарын дараа давхцуулаад газар олгоод гэрчилгээ гаргах боломжгүй.

Д.Х********* мэдээллийг устгаад өөрийн мэдээллийг оруулсан асуудлыг тусад нь холбогдох байгууллагаар шалгуулна. 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн мэдээллийн сангаас хэвлэсэн кадастрын зураг дээр тэмдэгжүүлсэн гээд Нийслэлийн Газрын албаны албан ёсны тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан. Т********* ХХК-иар хийлгэсэн кадастрын зурагтай мэдээллийн санд бүртгэсэн кадастрын солбицол таарч байгаа. Д.Х****** гэдэг хүн 3800 м.кв эзэмшээд байгаа зүйл байхгүй. Таньдаг мэддэг хүмүүс газраа нийлүүлж нэг хашаалаад амьдарч байгаа болохоор шинжээчийн дүгнэлт  дээр Д.Х********* хашаалсан газар гэж андуурсан юм шиг байна.

Э.М********* 2007 онд 18 нас хүрээгүй байсан. Газрын тухай хуулиар 18 насанд хүрсэн хүн газар эзэмших эрхтэй гэж заасан байдаг. 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр захирамж гарсан гэж байгаа. Үүнээс 4 сарын өмнө Д.Х********* дээр захирамж гараад, гэрээ гэрчилгээ нь олгогдсон байна. Хуурамчаар хийсэн гэрчилгээ байна гэж үзвэл шинжлэн судалж үзэх хэрэгтэй. Газар эзэмших хүсэлт нь өргөдөл бүртгэл хяналтын картаар бүртгэгдсэн, хувийн байгууллагаар хийлгэсэн кадастр, тэмдэгжүүлээд улсын байгууллагаар бүртгүүлсэн кадастр гэрчилгээ гэх баримтуудаар Сэлбэ 18 дугаар хороо гээд бичигдсэн байгаа. Захирамж дээр 15 дугаар хороо гэж бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэн. Нэг захирамжаар нэг байршилд газар эзэмшсэн Б.Б**********, Л.Г*********, Д.Х*********, Б.Д********* гэх хүмүүсийн эзэмшил газрыг захирамж дээр бүгд 15 дугаар хороо гэж байгаа. Тэгэхээр Э.М******** хувьд бие даасан шаардлага нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Кадастраа устгуулсан 4 айл уулзаад ярьсан. н.Д********** гэх хүн энэ асуудлыг мэдээд газрын албан дээр очоод асуухад Сүхбаатар дүүргийн газрын алба дээр ажиллаж байсан н.Б******** гэх ах манай ээжийн газрууд юм, устгачих гээд устгуулсан гээд гэмт хэргийн шинжтэй зүйл хүртэл хэлсэн. 2019 онд кадастр бүртгэлтэй байсан, 2020 онд кадастрын зургийг устгуулсанаа 2007 онд хийсэн болгож гаргаж ирж байгаа нь баримтаар нотлогдож байгаа. Газрын албанаас, Засаг даргаас ирүүлсэн тайлбар дээр Д.Х********* гэрээ байгуулсныг зөвшөөрч байсан. Хувийн хэргээс нь кадастраас эхлээд олон зүйл алга болсон. 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Газрын албанаас хэвлүүлээд авсан нь өөрт нь үлдсэн байна. Мэдээллийн сангаас кадастрыг устгаад тэр дугаар дээр нь эзэмшигчийг өөрчлөөд 2007 онд хийгдсэн болгож кадастрын зураг үйлдэгдээд явж байгаа. Газрын албанаас гарсан хуучин мэдээллийн сангаа мэддэг хүмүүс хувийн кадастрын компани байгуулаад тэр мэдээллээ ашиглаад байдаг. Ийм учраас энэ асуудлыг зөвтгөж шийдвэрлэж, Д.Х********** гэх хүний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Э.М********** 2008 оны 04 дүгээр сард 18 нас хүрэх ёстой байсан. 2007 онд 17 настай байхад нь газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулиа зөрчиж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хийгдсэн бүх баримтуудаар 13 жил газраа эзэмшээгүй газрын төлбөрөө төлж байгаагүй гэдгээ өөрөө хэлдэг.” гэв.

2.1 Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Сэлбэд зуслангийн зориулалтаар 700 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу кадастрын зураг хийлгэж, баталгаажуулж газрын төлбөрийг төлж ирсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч хариуцсан мэргэжилтэн солигдсон, таны бичиг баримт олдохгүй байна гэж удаа дараа буцаасаар өнөөдрийг хүрсэн. Газар эзэмших гэрчилгээ олгохгүй байгаа тухай гомдлыг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд олон удаа гаргаж байсан боловч хариу өгдөггүй, тухайн үед гаргаж байсан гомдлууд олдохгүй байна гэж тайлбарладаг. Ингэж явсаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021.01.08-ны өдөр 14/259 тоот албан бичгээр “маргаанаа шүүхэд хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаагийн улмаас газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлж чадахгүй, цахилгаан, ус, хороо, нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг авч чадахгүй нөхцөл байдал үүсч, газраа өмчлөх хүсэлт гаргах, барьцаалах, өвлүүлэх зэрэг хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

Д.Х********* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд гэрээ байгуулж, гэрчилгээ авсан, 2007 оноос хойш гэрээнд заасан болзол журмын дагуу эзэмшиж газрын төлбөрийг төлж ирсэн гэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр гэрчилгээ олгогдож байж, газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэж төлбөр төлөх боломжтой болдог. Х******* газрын төлбөрийг төлсөн гэх баримт нь нэхэмжлэл үүсээгүй байхад Газар зохион байгуулалтын албаны данс руу шилжүүлсэн байна. 2007-2015 оны төлбөрийг 8 жилийн дараа төлсөн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжид заасан хороо байршилд газрыг олгох журамтай, Д.Х********* газар эзэмших эрх олгох захирамжид 2007.05.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд олгогдсон байна. Гэтэл маргаан бүхий газар нь 18 дугаар хороонд юм. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007.01.17-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 15, 16 дугаар хороог хувааж 2 хороо шинээр байгуулсан, 15 дугаар хороог хувааж 17 дугаар хороог, 16 дугаар хороог хувааж 18 дугаар хороог шинээр байгуулсан. Мөн 2012.04.11-ны өдрийн 30 дугаар тогтоолоор 15,18 дугаар хороодыг хуваан шинээр 19, 20 дугаар хороо байгуулсан ингэхэд 15 дугаар хороог хувааж 19 дүгээр хороог, 18 дугаар хороог хувааж 20 дугаар хороог байгуулсан. Д.Х******** олгогдсон 15 дугаар хорооны байршилд Сэлбийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр хамаарахгүй тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007.05.23-ны өдрийн 160 дугаартай захирамжийн Д.Х******** холбогдох хэсэг илт хууль бус захиргааны акт.” гэжээ.

2.2 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Х********* 2007 оны 05 дугаар сарын 23-ны 160 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд газар олгогдсон байгаа. 15 дугаар хороонд олгогдсон бол Засаг даргын шийдвэрийн дагуу Газрын алба гэрээ гэрчилгээг 15 дугаар хороонд бичиж өгөх ёстой. Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан байгаа. Гэтэл Д.Х****** гэдэг хүн дээр гэрээ байхгүй. Албан ёсны кадастрын зураг байхгүй, мэдээллийн санд орсон зураг байгаа. Д.Х********* гэрчилгээ 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичээд өгсөн байгаа юм. Бичихдээ нэгж талбарын дугаар байхгүй, кадастрын зураг байхгүй, газрын албатай байгуулсан гэрээ байхгүй. Гэрээ байхгүй байж газрыг яаж эзэмшээд байна вэ, газрын төлбөрийг гэрээн дээр тодорхой зааж өгдөг.

Д.Х********* гэдэг хүн дээр 3800 м.кв газар буюу 5 айлын газар бүртгэлтэй байгаа юм. Д.Х********** хашаалсан газар дээр н.М******* газар бүхэлдээ давхцаж орсон байна гээд шинжээчийн дүгнэлт гарсан. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт иргэн  бүрд 0.07 га газрыг зуслангийн зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасан байхад Д.Х********* нэр дээр 3800 м.кв газар хашаалаад эзэмшээд яваад байгаа юм. Анх н.М********* газар авахад аавтай нь би цуг очоод шонг зоосон. Тэгэхэд айлууд цөөхөн байсан. Газар зохион байгуулалтын мэргэжилтэн нь цуг очиж газрыг зааж өгсний дагуу кадастрын зураг хийлгээд цэгүүдийг тодорхойлуулаад баталгаажуулж 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шон зоосон байгаа. Шинэ кадастр компаниар зургийг нь хийлгээд материалуудаа бүрдүүлээд өгсөн. 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гарсан. Д.Х********** өөрсдөө очоод газраа сонгоод өргөдлөө өгөөд авсан байгаа юм. Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмаар Газрын албанаас хээрийн судалгаа хийгээд олгох боломжтой газраа зааж өгсөн.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 2007 оны 01 дүгээр сарын 17-ны тогтоолоор 15, 16 дугаар хороодыг 2 хуваасан байгаа. 15 дугаар хороо нь 17 дугаар хороо болоод, 16 дугаар хороо нь 18 дугаар хороо болсон. Гэтэл Д.Х******* Засаг даргын захирамжаар олгосон газар нь 15 дугаар хороонд байгаа. Тухайн үед 17 дугаар хороо болсон байх үед 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон байгаа. 2012 оны 04 дүгээр сарын 11-ний 30 дугаар тогтоолоор 15 дугаар хороо нь 19 дүгээр хороо болж хуваагдсан, 18 дугаар хороо нь 20 дугаар хороо болсон. Э.М********* олгогдсон газар нь 18 дугаар хороонд.

Хувийн хэргийг нь харахаар Д.Х***** 4 цэгийг баталгаажуулаад бэхэлсэн, эрх бүхий газрын албаны хүн хүлээж авсан баталгаажуулж авсан зүйл байдаггүй. Нэхэмжлэгч Д.Х***** байшин бариад амьдарч байгаа. 2015, 2019 онд 2 удаа газрын төлбөр тушаасан байгаа юм. Газрын төлбөрийн нэхэмжлэл журмаараа үүсэх ёстой. Э.М********* аавтайгаа цуг хүсэлтээ гаргаад, захирамж гарсан. Газрын албанд хандахаар асуудлыг нь шийдвэрлэхгүй байсаар байгаад аав нь нас барсан. 2019 онд Барилга хот байгуулалтын тушаалаар газрын бүх мэдээллүүд цахимжсан байгаа. Д.Х***** мэдээлэл яагаад ороогүй гэхээр хороо нь өөр, гэрээ байхгүй учраас ороогүй гэж үзэж байна. Э.М********* газрын мэдээлэл бүгд орсон байсан. 2019 оноос газрын төлбөрийн нэхэмжлэл үүсээд төлбөрөө төлсөн. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаад гэрчилгээг нь олгож өгнө үү гэхэд хариу өгөөгүй. Газар зохион байгуулалт,  геодези зураг зүйн газарт хандахад н.Г******** дарга “н.М********* нэр дээр эрх зүйн харилцаа нь 2020 онд үүссэн байна гэрчилгээг олгоно уу” гээд Сүхбаатар дүүргийн Газрын алба руу явуулсан. Нийслэлийн Газрын албанд хандахад мөн Сүхбаатар дүүргийн Газрын алба руу “гэрчилгээ олгох нь зөв юм байна, хариу мэдэгдэнэ үү” гэхэд шийдээгүй. Урьдчилан шийдвэрлэх бүх асуудлаар яваад шийдэж өгөхгүй байсан учраас хуулийн хүрээнд нэхэмжлэл гаргасан.” гэв.

2.3 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 160 дугаар захирамжаар Д.Х******* газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг илт хууль бус болгох тогтоолгохоор бие даасан  шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Үндэслэл нь захирамжид заасан хороонд газар эзэмших эрх олгоогүй гэсэн үндэслэлээр илэрхий алдаатай захирамж болсон учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Газар зохион байгуулалтын алба гэрээ байгуулж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна гэж үзэж байна. Э.М********* нэр дээр газар зохион байгуулалт геодези мэдээллийн санд эрх зүйн харилцаа үүссэн байна. Гэрээ баталгаажсан, гэрчилгээ бичигдээд явж байна. Мэдээллийн санд давхцалгүй учраас өнөөдрийг хүртэл нэгж талбарын дугаар явж байна. Газар эзэмших гэрчилгээ нь Д.Х********** хувьд хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна. Кадастрын зураг албан ёсоор баталгаажаагүй. Д.Х********** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэрээ байгуулж гэрчилгээ авсан. 2007 оноос хойш гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж ирсэн гэсэн. Үүнийг мөн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэрээ байхгүй нэхэмжлэл үүсээгүй байхад газрын төлбөр төлөх боломжгүй. Д.Х******** нэр дээр мэдээллийн санд ямар нэгэн бүртгэл байхгүй. Э.М********** газар эзэмших гэрээ баталгаажсан байгаа учраас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

3.1 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зуслангийн аманд дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар иргэн Д.Х******* 700 м2 газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд иргшэн Д.Х******** нэр дээр нэгж талбар бүртгэгдээгүй байгаа ч газар дээрээ хашаа барин амьдарч газраа зориулалтын дагуу ашиглаж байна. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ зуслангийн аманд тус байршилд дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар иргэн Э.М***** газар эзэмших эрх олгохдоо дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжтай иргэн Д.Х*********** газартай давхцуулан олгогдсон, гэрээ гэрчилгээ олгогдоогүй байна. Гэвч өнөөдрийн байдлаар газрын кадастрын мэдээллийн санд Э.М*********** нэр дээр нэгж талбарын *************, шинэ нэгж талбарын дугаар нь **************дугаартай зураг бүртгэлтэй байна. Иймд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Х********* дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар тус дүүргийн Сэлбэ зусланд 700 м.кв газар эзэмшүүлсэн. Мөн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар Э.М******** эзэмшүүлсэн 700 м.кв газар нь Д.Х********** эзэмшүүлсэн дээрх газартай бүхэлдээ давхцалтай. Тухай үед Нийслэлийн Газрын албанд иргэн материалаа бүрдүүлэн өгч кадастрын мэдээллийн санд газрын мэдээллээ оруулдаг байсан бөгөөд Д.Х********* Газрын албанд хандаагүй тул түүнд эзэмшүүлсэн газар мэдээллийн санд бүртгэгдээгүй байх магадлалтай. Д.Х********* өөрт эзэмшүүлсэн дээрх газраа зориулалтын дагуу эзэмших эрхтэй мөн Газрын тухай хууль, газар эзэмших гэрээг биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2007 онд эзэмшүүлж гэрчилгээ авсан газрыг 2021 онд өөр хүнд эзэмшүүлж түүний эрхийг хөндсөн тухай шүүхэд гомдол гаргаж байгаа үйлдэл нь Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх үндэслэлтэй бөгөөд Засаг дарга хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

3.2 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Гуравдагч этгээд Э.М*********** дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийн Д.Х*********холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Х********** хуульд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэн Д.Х******* хуульд заасны дагуу бичиг баримт бүрдүүлж газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар эзэмшүүлж гэрээ гэрчилгээ олгосон. 2007 оны 160 дугаар захирамжийн хавсралтыг Сэлбийн зуслангийн газар эзэмших эрх олгосон иргэдийн 18 дугаар хороог 15 гэж гаргасан байдаг. Энэ нь техникийн алдаа байсан. Хорооны дугаар, газрын хил зааг өөрчлөгдөх бүрд газрын албанд албан ёсны мэдээлэл тогтмол ирдэггүй. Тиймээс хорооны дугаар алдаатай гарсан. Хил заагийг тухайн дүүргийн тамгын газар хийлгээд хяналтын цэгийг бүгдийг тодорхойлоод түүний дагуу дүүргийн иргэдийн хурлаар  хэлэлцүүлээд хавсралттайгаар тодорхойлж өгдөг. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар дээр нэгдсэн сан үүсээд явж байгаа. Д.Х******* эзэмшүүлсэн газар нь 18 дугаар хороо байсан, 15 гэж техникийн алдаа гарсан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Х********  “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамж, газар эзэмших эрхийн ******** дугаартай гэрчилгээгээр Д.Х******** эзэмшиж буй нэгж талбарын *********** дугаарын кадастрыг мэдээллийн сангаас устгасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд нэгж талбарын кадастрыг сэргээн бүртгэхийг даалгах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Э.М****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд Э.М************ “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийн Д.Х********** холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийг үндэслэн Э.М******** газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгохгүй байгаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон гэрчилгээ бичиж олгохыг даалгах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “гуравдагч этгээдээс өмнө хүсэлтээ гаргаж захирамж, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, газрын кадастраа мэдээллийн санд бүртгүүлж, газрын төлбөр төлж, газраа зориулалтын дагуу ашигласаар ирсэн байхад давхцуулан эзэмшүүлж, газрын кадастрыг устгаж, мэдээллийн сан дахь кадастрыг  гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэсэн нь хууль бус” хэмээн, гуравдагч этгээд нь “нэхэмжлэгчид өөр хороонд эзэмших эрх олгосон захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус, нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй тул газрын төлбөрийн нэхэмжлэх үүсэх учиргүй, нэхэмжлэх үүсээгүй байхад төлбөр төлсөн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч газрын кадастраа бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, гуравдагч этгээдийн газрын кадастр мэдээллийн санд бүртгэлтэй, газрын төлбөр төлсөн тул захирамжаар эзэмшүүлсэн газарт гэрчилгээ бичиж олгоогүй Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус” хэмээн тус тус маргаж, хариуцагч нар “2007 оны 160 дугаар захирамжид хорооны дугаарыг андуурсан нь техникийн алдаа, нэхэмжлэгч Д.Х********** нь эзэмшил газраа мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс гуравдагч этгээд Э.М********* давхцуулан эзэмшүүлжээ” хэмээн тайлбарладаг.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Д.Х******** түүний 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “Сэлбэ зуслангийн өмнө” газар эзэмших хүсэлтээр 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Т***********ХХК-ийн үйлдсэн нэгж талбарын байршилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжаар 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийн *********** тоот гэрчилгээ олгож, эзэмшил газрыг мэдээллийн санд нэгж талбарын ***************** дугаарт 2007 оны 5 дугаар сарын 31-нд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан.

а. нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг бүртгэсэн бүртгэл хяналтын картаар, бүртгэл хяналтын картын дугаар захирамжийн хавсралтад бичигдсэнээр,

б. эзэмшихийг хүссэн газрын байршлын Т*********ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг болон Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга, мэргэжилтний тамга, гарын үсэг бүхий мэдээллийн санд нэгж талбарын дугаар олгогдон 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн кадастрын зургаар, эдгээр кадастрын зураг дахь эргэлтийн цэгүүдийн солбицол, тэдгээрийн уртын хэмжээ адил байгаагаар тус тус тогтоогдож[1] байна. 

2. Нэхэмжлэгч Д.Х********** 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ********** тоот гэрчилгээгээр эзэмшиж буй нэгж талбарын ***************** дугаартай газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар Э.М*********** бүхэлд нь давхцуулан эзэмшүүлж, улмаар мэдээллийн сан дахь нэгж талбарын *************** дугаартай кадастрын бүртгэлд эзэмшигчийг өөрчилж бүртгэсэн болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/1189 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, гуравдагч этгээдийн Ш************ХХК-иар хийлгэсэн кадастрын зургаар, уг зургийн эргэлтийн цэгийн солбицлуудаар тогтоогдож[2] байна.

3. Ийнхүү Э.М************ газар эзэмшүүлэхдээ Д.Х************ эзэмшүүлсэн газарт бүхэлд нь давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд олгогдсон газартай давхцаагүй байна” гэснийг зөрчжээ.

4. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-т заасан эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх чиг үүргийг нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба хэрэгжүүлэх бөгөөд хариуцагчийн “Д.Х********* нь газрын кадастраа мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс бусдад давхцуулан эзэмшүүлж” гэх тайлбар үндэслэлгүй, тодруулбал Д.Х********* нь  эзэмших хүсэлт гаргасан Т*********ХХК-ийн үйлдсэн кадастрын зургаарх нэгж талбарын кадастрыг 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн нь Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга, мэргэжилтний тамга, гарын үсэг бүхий кадастрын зураг дахь эргэлтийн цэгийн солбицлоор нэгж талбарын ************** дугаараар мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

5. Харин мэдээллийн санг эрхлэх чиг үүргийг гүйцэтгэхдээ мэдээллийн сан дахь Д.Х********* хүчин төгөлдөр захирамж, гэрчилгээгээр эзэмшиж буй газрын кадастрын зурган мэдээлэлд “газар эзэмших эрх дуусгавар болгосон эрх бүхий этгээдийн ямарваа шийдвэргүйгээр” эзэмшигчийн мэдээллийг устгаж, Э.М*********** уг нэгж талбарын эзэмшигчээр өөрчилж бүртгэсэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдэл хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

6. Нэхэмжлэгч Д.Х********** мэдээллийн санд 2007 оны 5 дугаар сарын 31-нд бүртгэгдсэн нэгж талбарын *************дугаартай кадастрын мэдээллийг ашиглаж 2007 онд Э.М********** нэрээр тухайн нэгж талбарын дугаартайгаар кадастрын зураг хэвлэж өгсөн байх бөгөөд мэдээллийн сангийн архиваас үзэхэд 2007 онд уг нэгж талбар Э.М*********** нэр дээр бүртгэгдээгүй, 2019 онд бүртгэгдсэн байдаг. Гэхдээ гуравдагч этгээд Э.М*********** эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн Ш*********ХХК-иар хийлгэсэн кадастрын эргэлтийн цэгийн солбицлууд мэдээллийн сан дахь Д.Х******* эзэмшлийн нэгж талбарын *********** дугаартай кадастрын мэдээллийг ашиглаж хийгдсэн байдаг, ийнхүү дүгнэсэн үндэслэл нь 2 өөр иргэний хүсэлт гаргаж буй газрын байршлыг харуулсан кадастрын зургийг мэдээллийн санг эрхлэх эрхгүй хувийн кадастрын компаниуд хийхдээ яг ижил эргэлтийн цэгийн солбицол бүхий хийх боломжгүй юм. 

            7. Гуравдагч этгээд Э.М******** нь 1990 оны 4 дүгээр сарын 20-нд төрсөн байх бөгөөд түүний 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 нас 2 хоногтой байхдаа гаргасан газар эзэмших хүсэлтээр мөн өдөр нь газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д  “газрын Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн ... эзэмшиж, ашиглана” гэснийг мөн зөрчиж ийнхүү газар эзэмших эрх үүсэх насанд хүрээгүй байхад нь газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Иймд бусдын эзэмшил газартай давхцуулан газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Э.М******** холбогдох хэсэг, Д.Х*********** хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрын кадастрын мэдээллийг мэдээллийн сангаас устгаж, уг нэгж талбарыг өөр этгээдийн эзэмшилд бүртгэсэн дүүргийн газар зохион байгуулалтын албаны үйлдэл тус тус хууль бус байх тул захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэгж талбарын ************** дугаарт Д.Х*********** эзэмшигчээр сэргээн бүртгэхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэлээ.

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг эрхийн гэрчилгээгээр гэрээний дагуу эзэмших бөгөөд Э.М********* газар эзэмшүүлэх захирамж гарсан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоогүй байх тул түүнийг газар эзэмшигч болсон гэж үзэхээргүй байна. Нөгөөтэйгүүр 2007 оны 10 дугаар сарын  22-ны өдрийн 300 дугаар захирамжаар түүнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар тэрээр 2019 он хүртэлх энэ хугацаанд хандаж байсан баримт байхгүйг дурдах нь зүйтэй.  

2. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан нь газар эзэмшүүлэх хууль ёсны шийдвэрийг үндэслэхийг ойлгох бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбарт бүхэлд нь давхцуулан гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй тул, нөгөөтэйгүүр дээр дүгнэсэнчлэн 18 насанд хүрээгүй иргэнд газар эзэмшүүлсэн шийдвэрийг мөн хууль ёсны шийдвэр гэж үзэх боломжгүй байх тул Э.М************ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үүрэг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хууль ёсоор үүсээгүй гэж үзэж болно.

Иймд уг хууль бус шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй, эрхийн гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлгүй юм.     

3. Д.Х******** эзэмших хүсэлт гаргасан газрыг нь эзэмшүүлсэн болох нь эзэмшихийг хүссэн газрын байршлын Т********** ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг болон мэдээллийн санд нэгж талбарын дугаар олгогдон 2007 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн кадастрын зураг дахь эргэлтийн цэгүүдийн солбицол ижил байгаагаар тогтоогдож байна. Нөгөө талаас газар эзэмшүүлсэн захирамжид хорооны дугаарыг алдаатай бичсэн нь техникийн алдаа болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь уг шийдвэрийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх, энэ үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.   

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 23 дугаар зүйлийн 23.4.4, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х********* нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь  хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн Э.М*********** холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 0066745 дугаартай гэрчилгээгээр Д.Х********** эзэмшиж буй нэгж талбарын *************** дугаарын кадастрыг мэдээллийн сангаас устгасан Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мэдээллийн санд нэгж талбарын кадастрыг сэргээн бүртгэхийг даалгаж, гуравдагч этгээд Э.М********** гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаар захирамжийн Д.Х********* холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийг үндэслэн Э.М********** газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгохгүй байгаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, гэрчилгээ бичиж олгохыг даалгах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Х********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус бүрээс 35100 төгрөг гаргуулан, шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс урьдчилж төлсөн 816.880 төгрөгийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж, тус тус нэхэмжлэгч Д.Х**********олгуулж, гуравдагч этгээд Э.М********* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХАЛИУНА

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 9-12, 24-29 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 10-11, 79-80, 2 дугаар хавтсын 94 дүгээр хуудас