| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/1319/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1564 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1564
2025 06 13 2025/ШЦТ/1564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Л.Солонго (томилолтоор),
шүүгдэгч Л., түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.д холбогдох эрүүгийн 2508000000588 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “Хур” авто угаалгын газарт угаагч ажилтай,*******,*******,*******, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, овогт гийн (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Л. нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт******* М.г шалтгаангүйгээр цээж, гэдэс, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудас),
Хохирогч М.У....ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн үед найз болох , нартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг UB5 нэртэй миний ажилладаг угаалгын газар уулзаад Толгойтод гийн эгч болох Улаанаагийн гэрт очиж 0,75 литрийн ногоон экс нэртэй 2 шил архи хувааж уугаад 21 цагийн үед 21 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг Тайж нэртэй бааранд ороод дахин 2 шил архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед миний байсан бааранд хамтран амьдрагч ирсэн, тэгээд хамт сууж байгаад 02 цаг өнгөрч байхад бид хоёр уг баарнаас гарсан, цуг явж байсан З..., С... хоёр уг баарандаа үлдсэн. Тэгээд бид хоёр ажиллаж байсан авто угаалгын газар луу явж байхад надад уурлаж чи эмэгтэй хүн байж арай их архи ууж байна гэж хэлэхээр нь би толгой руу нь зүүн гараараа 2 удаа цохисон, тэгэхэд чи согтуу байна чамтай маргалдмааргүй байна гэж хэлсэн. Тэгээд явж байгаад эргээд харахад байхгүй байсан. Би зогсоолд байсан машины араар очиход сууж байсан, тэгэхээр нь би дахин толгой хэсэг рүү нь нэг цохиод авсан чинь босоод ирсэн, тэгээд хамт явж байхад надтай юм дуугарахгүй байхаар нь би эрүүл байна гэж орилсон тэгээд намайг тоохгүй болохоор нь араас нь очоод гарыг нь татахад тохойгоороо миний зүүн нүд рүү цохичихсон, тэгээд намайг орхиод яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь орилсон чинь ирээгүй, би нэрийг нь санахгүй байна нэг буудал руу ороод хүний утсыг гуйж цагдаа дуудсан юм. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Хамтран амьдрагч намайг урьд нь цохиж зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/5492 дугаартай: “...М.гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Хохирогч М.У....ийн “...гомдол санал байхгүй тул энэ асуудлыг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
Шүүгдэгч Л.Б.....ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цагийн үед хамтран амьдрагч над руу залгаад 21 дүгээр хорооллын +25 гэх нэртэй баарнаас ирж ав гэсэн. Би тухайн бааранд очиход хамтран амьдрагч хоёр найзын хамт архи уугаад сууж байсан. Бид хоёр баарнаас гараад UВ5 нэртэй ажилладаг авто угаалгын газар луу явж байхад замд таарсан хүмүүстэй маргаан үүсгэх гээд байхаар нь боль гэж хэлэхэд болихгүй хэрүүл хийгээд байхаар нь болиулаад явсан, тэгэхэд намайг хүн өмөөрлөө гэх шалтгаанаар миний толгой тус газар 4-5 удаа гараараа цохисон. Тэгээд болихгүй цамцнаас зулгаагаад татаад байхаар нь ядаргаатай юм бэ болиоч гэж хэлээд баруун гарын тохойгоор нэг удаа цохисон, тэгтэл намайг чи яахаараа намайг цохидог юм гэж хэлээд гудмаар нэг орилоод байхаар нь хаячаад яваад өгсөн. Тухайн үед миний толгой руу 4-5 удаа цохисон болохоор нь уур хүрээд цохичихсон юм. Надад учирсан гэмтэл бэртэл байхгүй, би урьд нь г цохиж зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 33-39 дүгээр хуудас), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 10-01/1269 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч Л. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л. нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 01-02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч М.гийн зүүн нүд хэсэгт тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч М.гийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/5492 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч М.гийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн ЕГ0725/5492 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Хохирогч М.гийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Батсуурийн хууль бус үйлдэл болох тохойгоороо цохисноос үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн зүүн нүд хэсэгт цохисон үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Л., хохирогч М. нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч хамтран амьдардаг болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх ба гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг бүрийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, уг үйлдэл, эс үйлдэхүй нь хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байдаг онцлогтой. Тухайлбал, огт шалтаг шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтагласан байж болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Л. нь хохирогчид “арай их архи ууж байна” гэж хэлэхэд хохирогч М. нь шүүгдэгчийн биед халдсаны улмаас зөрүүлээд тохойгоороо хохирогчийн зүүн нүд хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Л. гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Л.Батсуурийн бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн түр зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй, би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснээс гадна “...гомдол санал байхгүй тул энэ асуудлыг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт бичгээр гаргасан, мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л. хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Л. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Л.д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Л. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргав.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Л.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л. 2023 онд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Батсуурийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л. 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүгдэгч Л. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Л. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА