| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/132 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгч У.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Л-д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын **** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөөмийч мэргэжилтэй, ******* хөөмийч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ********** оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ****** регистрийн дугаартай ******** ургийн овгийн У.Л.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Л нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөөний 8 цагийн үед Говь-Алтай аймгийн ***** сумын ****** баг ******* байрны ***** тоотод байх гэртээ эхнэр *****-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, хавирга хэсэгт гараараа цохиж, үснээс нь зулгаан 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт хавдар, зуун бугалга, зүүн эрүү, баруун бугалга, зүүн хөхний доод тал, баруун талын 12-р хавирганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
-Хохирогч *********-н “...2025 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд согтуу ирээд орилоод унтахгүй байхаар нь цагдаа дуудна гэж хэлчихээд би өөр өрөө рүү орж хүүхдүүдтэйгээ унтсан юм. Тэгтэл өглөө 08 цаг өнгөрч байхад өрөө онгойлгож орж ирээд том өрөө рүү намайг оруулж байгаад зодсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. 2018 онд танилцаж, 2020 оны 08 дугаар сарын 16-нд албан ёсны гэр бүл болсон. 2019 онд том хүү *******, 2020 онд хүү ********, 2021 онд охин *******, 2022 онд хүү ********, 2023 онд ****** төрсөн. 5 хүүхэдтэй. Манай нөхөр У.Л ***** сум ******* баг ***** байрны **** тоотод гэртээ миний нүүр, хавирга руу гараараа цохиж үснээс зулгааж чирсэн юм. Үүнээс болж миний 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт хавдар, зүүн бугалга, зүүн эрүү, баруун бугалга, зүүн хөхний доод тал, баруун талын 12-р хавирганд цус хуралт гэмтлүүд учирсан байсан. Манай 1-5 насны 5 хүүхэд байсан. Өмнө нь хэрүүл маргаан хийж, миний биед халдаж зодож цохиж Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Цагдаа дуудна гэхээр л уурлаж зодсон юм. Манай нөхөр түргэн ууртай, тэгээд л 2 цаг ч болоогүй уур нь гарчихдаг юм. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Тухайн үед би уурандаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Манай нөхөр буруу зүйл хийсэндээ гэмшиж надаас уучлалт гуйсан. Одоо бид 2 гэртээ 5 хүүхэдтэйгээ цуг амьдарч байгаа. Манай нөхөр хүүхдүүдээ зодож цохиж байгаагүй. Надад болон хүүхдүүддээ халамжтай. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,
-Гэрч Г.М-н “...2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр охин ******* Л архи ууж ирээд зодсон гээд нүүр, нүд нь хөхөрсөн байсан. Яг юунаас болсныг нь би мэдэхгүй байна. У.Л, ******* 2 түргэн ууртай биедээ хүлээцгүй байдлаас ийм байдалд хүрсэн байна. Жил дараалан төрж 5 хүүхэдтэй болсон. Өмнө нь зодуулсан, зодлоо гэж манай охин хэлж байгаагүй. Хэрэлдэж маргалдсан л гэж байдаг. Л уг нь даруухан догшин авир гаргаж байгаагүй, эхнэр хүүхдүүддээ манай хүргэн халамжтай. ****** нь огт архи дарс хэрэглэдэггүй. Манай хүргэн ч архи дарс хэрэглээд байдаггүй. Надад гомдол санал байхгүй, 5 хүүхэдтэйгээ эв найрамдалтай сайхан амьдарч байвал боллоо. Манай хүргэн Л надаас уучлалт гуйж хүү нь дахин ийм алдаа гарахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,
-Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Л.Ж-н хохирогч ******-н аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 8-9 дэх тал/,
-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-н 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ГОА0725/189 дугаартай “...******-н биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт хавдар, зүүн бугалга, зүүн эрүү, баруун бугалга, зүүн хөхний доод тал, баруун талын 12-р хавирганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх 2025.04.29- ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. М.М-н биед үүссэн гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч У.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч ********-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч У.Л нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 300,564 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч У.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Л-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овгийн У.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Л-г 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Л-д оногдуулсан 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч У.Л-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА