| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан хийж
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2425001570405 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******,*******,*******,*******,*******,*******,,,,,,,, М овогт Ц-ийн Т /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т 2024 оны 02 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн ***** баг **-** тоотод хохирогч Н.С-ийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа гадуур хувцасны энгэрийн халаасанд нь байсан 120,000 төгрөг болон Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тухайн
картыг ашиглан 900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж нийт 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.
-шүүгдэгч Ц.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлнө гэх мэдүүлэг,
- Эрүүгийн 2425001570405 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Н.С-ийн эзэмшлийн 5091026301 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 12-р тал/
-Орхон аймаг ********* багт үйл ажиллагаа явуулдаг ****** худалдааны төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-19-р тал/
-Орхон аймаг ****** багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны төв тооцооны салбарын АТМ-ын хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 20-23-р тал/
-Д.А-ын эзэмшлийн 80688333 дугаарын орсон гарсан биллийн 2024 оны 02-р сарын 14-ний өдрөөс 02-р сарын 29-ний өдрийг хүртэлх хуулга /хх-ийн 25-27-р тал/
-Зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-36-р тал/
-Н.С-ийн эзэмшлийн **********1 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 40-41-р тал/
-Ц.Т-ын эзэмшлийн *********** дугаартай Хаан банкны депозит дансны хуулга /45-р тал/
-хохирогч Н.С-ийн мэдүүлсэн:...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би найз Э-ын гэрт очиж цай уугаад тэндээ 1 шил архи найзтайгаа хувааж уусан. Ингээд орой 19 цагийн үед гэртээ харих гээд гарсан ба замдаа явж байхад үл таних 2 залуу надтай тааралдаад ах ямар их согтуу явж байгаа юм бэ? гэрт чинь хүргээд өгье гэж хэлж байхыг нь бага зэрэг санаад байгаа боловч яг гэртээ яаж харьсан талаараа огт санахгүй байна.Өглөө гэртээ сэртэл бууз жигнээд тавьчихсан байсан ба хагас шил архи байсан, тэр архийг уучихсан байсан. Миний хаан банкны ногоон өнгийн виза карт ширээн дээр байхаар нь яагаад миний виза карт ширээн дээр байгаа юм бол /би хаан банкныхаа виза картаа гадуур куртикнийхээ энгэрийн халаасанд байнга хийдэг зуршилтай ба тэр болгон аваад байдаггүй юм./ гэж бодоод өөрийнхөө гадуур куртикнийхээ энгэрийн халаасыг үзэхэд дотор нь байсан 120,000 төгрөг байхгүй байхаар нь өөрийнхөө Хаан банкны виза картыг аваад хорооллын эцэст байрлах ********* дэлгүүрийн Хаан банкин дээр очиж виза картынхаа үлдэгдлийг шалгуулахад 2024 оны 02 дугаар сарын 14-ний 02:59 минут 03:00 минутад 2 удаагийн гүйлгээгээр нийт 900,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би өөрөө уг хүнийг хэдүүлээ манайд орж ирсэн ямар царай дүр төрхтэй хүн байсан эсэхийг огт мэдэхгүй байгаа юм. Миний хаан банкны виза картад нийт 7,387,000 төгрөг байсан одоо үлдэгдэл нь 6,487,488 төгрөг байна. Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй. Миний куртикний халаасанд байсан бэлэн 120,000 төгрөг хаан банкны виза картаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 900,000 төгрөгийн зарлага гарсан байгаа. Миний хаан банкны виза картын нууц дугаарыг надаас өөр хүн мэдэхгүй. Би согтуудаа тэр хүнд хэлээд өгчихсөн юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-н 56-57-р тал/
-гэрч Д.А-ын мэдүүлсэн:..2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө ажлаас буугаад гэртээ харьсан. Гэртээ амарч байгаад орой 21 цагийн үед таксинд явахаар гэрээсээ гараад хорооллоор явж байгаад ***** багийн самбар буюу ********** дэн буудлын урд талын зам дээрээс нэг залуу гар өргөхөөр нь тэр залууг аваад хаашаа явах вэ гэж асуухад тэр залуу город орно гэж хэлэхээр нь би тэндээсээ шууд төв замаараа уруудаад ***** худалдааны төвийн урд иртэл тэр залуу ахаа наанаас чинь нэг пиво авъя зогсоорой гэж хэлэхээр нь би ***** худалдааны төвийн урд талын зам дээр шаг зардаг хүмүүсийн урд зогстол тэр залуу шагийн хүмүүсээс 1 ширхэг том боргио аваад мөнгийг нь өгсөн. Би тэр залуугаас таксиныхаа мөнгөө авъя гэж хэлтэл тэр залуу надад ногоон өнгийн Хаан банкны виза карт өгөөд ахаа эндээс мөнгөө авчих надад та 400,000 төгрөг аваад өгөөч гэж хэлэхээр нь би Төгөл худалдааны төвийн урд талаас хөдлөөд төв Хаан банкны машины зогсоол руу орж зогсоод тэндээс Хаан банкны АТМ-рүү орж эхлээд виза картын дансны үлдэгдлийг шалгахад 7 сая гаран төгрөг байсан ба би 400,000 төгрөгийг уншуулаад мөнгийг нь аваад би тэр залууд оруулж өгтөл надад таксины мөнгө 5000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө тэр залуу өөрөө авсан. Тэгтэл тэр залуу ахаа та намайг буцаагаад гэрт хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би тэгье гээд ***** багт /одоо яг хаана гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна/. Ногоон хаалгатай хашаа байх шиг байсан. Тэр залуу машинаас буухдаа та надад гар утасныхаа дугаарыг өгчих хэрэг болбол дуудъя гэж хэлээд таксины мөнгө болох 5000 төгрөг өгөөд явсан. Би тэндээс хөдлөөд ******** байрны харалдаа зам дээрээс хүн аваад город хүргэж өгөөд явж байхад ******** дугаараас залгаад би түрүүн тантай хамт таксинд суусан хүн байна. Та манайд хүрээд ир гэж ярихаар нь ***** баг ногоон хаалгатай хашааны гадаа иртэл тэр залуу гарч ирээд тэндээсээ бид хоёр хөдлөөд хорооллын эцэс дээр байрлах GS-25 дэлгүүрийн гадаа иртэл тэр залуу ахаа та надаа 1 ундаа аваад өгөөч гэж хэлээд надад 5000 төгрөг өгөхөөр нь би машинаасаа бууж дэлгүүр орж ундаа авч өгөөд хөдөлсөн. Тэндээс доошоо уруудаж ********* буудлын гадаа ирээд ахаа та энэ буудал руу *** тоот манай найзууд байгаа нэгийг нь дуудаад өгөөч гэж хэлэхээр нь би ********* буудал руу орж жижүүрээс *** тоотод хүмүүс байгаа юу гэж асуухад жижүүр байгаа гэж хэлэхээр нь тэр хаалгыг нь тогшсон боловч хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь гарч ирээд тэр залууд хаалгаа тайлж өгөхгүй байна гэж хэлтэл тэр за за тэгвэл яахав хоёулаа АТМ-орж мөнгө авах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь аль ойрхон АТМ нь ****** худалдааны төв байсан учраас тийшээ явсан. Ингээд ****** худалдааны төвийн гадаа иртэл тэр залуу намайг та ороод энэ картаас 500,000 төгрөг уншуулаад аваад өгөөч гэж хэлэхээр нь би картыг нь авч ороод 500,000 төгрөг уншуулаад гарч ирсэн. Төв Хаан банк болон ****** худалдааны төвийн хооронд 1 цагийн зайтай мөнгө авсан байх. /Одоо уг картын нууц дугаарыг нь мэдэхгүй байна/ Ингээд би тэр залууг буцаагаад ***** баг ногоон хаалгатай хашааны гадаа хүргэж өгөөд таксины мөнгө болох 5000 төгрөгөө аваад явсан. Тэгээд гадуур хэсэг явж байгаад гэртээ харьсан. Надад үзүүлсэн зургийг харлаа. Тухайн үед таксигаар үйлчлүүлсэн согтуу залуу мөн байна. Дунд зэргийн нуруутай шөвгөр бор залуу харагдсан. Энэ зурган дээр байгаа залуу мөн байна...” гэх мэдүүлэг, /хх-н 62-64, 67-р тал/
-Хаан банкнаас ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхийн 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 71-р тал/
-гэрч Д.Д-ийн мэдүүлсэн:..2024оны 02 сард Ц.Т Орхон аймагт манай гэрт байсан. Нэг хэсэг архи уугаад гэр орондоо ирэхгүй хэд хоносон. Сураг сонсоход хорооллын эцэст байх О дэн буудалд байна гэж ярихаар нь яваад очтол гараад явчихсан байсан. Үүнээс хойш надтай холбоо барихгүй байж байгаад 04 сарын дундуур Ц.Т над руу утсаар яриад би Улаанбаатар хотод байна чи ирээд намайг аваадхаач гэж ярихаар нь би Улаанбаатар хот орж дүүргийг нь сайн мэдэхгүй байна нэг жижиг буудалд нүүр ам нь шалбарчихсан хүн амьтанд зодуулчихсан хэвтэж байсан. Ингээд би Ц.Т-ыг аваад гэртээ ирсэн.. архи уухаараа өөрийгөө гэмтээх байдаг зуршилтай архины хамааралтай... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол хуулбар /хх-ийн 102-110-р тал/
-Сум дундын 16-р шүүхийн 2014 оны 07-р сарын 29-ний 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126-128-р тал/
-Сум дундын 16-р шүүхийн 2015 оны 05-р сарын 20-ны 28 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 129-134-р тал/
-Шүүгдэгч Ц.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 02 дугаар сарын 13-ны орой гэрээсээ гараад ********* багт байрлах В дэлгүүрийн хажуу талд байрлах эмийн сан орчихоод тэндээсээ ***** багт байрлах найз Г-ын гэрээр орох гээд явж байтал гудамжинд настай ах нэлээн согтуу цасан дээр унтаж байхаар нь явж очоод ахаа босоорой гэр чинь хаана байдаг юм бэ би таныг хүргээд өгье гэж хэлээд босгоод сугадаад явсан. Тэр ах надад гэрээ зааж өгөөд бид хоёр гэрт нь орсон. Намайг тэр ахын гэрт ороход ширээн дээр Эден архи талаасаа дээгүүр байсан ба ах бид хоёр 1,1 хийж уугаад ах намайг бууз жигнэж ид гэж хэлээд гал дээр бууз жигнэсэн. Ингээд бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад ширээн дээр байсан архиа ууж дуусгасан. Тэр ах 2 татсан байх би ихэнхи архийг нь ганцаараа уугаад бууз идчихээд сууж байхад тэр ах өөрийнхөө куртикийг шкафаасаа гаргаж ирээд энгэрийнхээ халааснаас бэлэн 120,000 төгрөгийг гаргаж ирээд компьютерынхоо хажуу талд тавиад надад өөрийнхөө ногоон өнгийн виза картыг өгч дэлгүүрээс дуртай юм аа аваад нэг пиво авчих гэж хэлээд надад виза картынхаа нууц дугаарыг хэлсэн. Би тэндээс гараад такси бариад город орж ***** худалдааны төвийн гаднаас 2 ширхэг том бор пиво аваад буцахдаа таксины жолооч ахаар Төв хаан банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг авахуулаад дараа нь ****** худалдааны төв дотор байрлах бэлэн мөнгөний машинаас 400,000 төгрөгийг дахиж таксины жолооч ахаар авахуулсан. Тэгээд тэндээсээ шууд тэр ахын гэрийн гадаа хүргүүлээд буусан. Би гэрт ороод авсан 2 пиво тавиад 1 пивыг нь талд нь ортол ууж байгаад авч явсан хаан банкны виза картыг нь компьютерынх нь ард тавихдаа тэнд байсан бэлэн 120,000 төгрөгийг нь аваад халаасандаа хийсэн. Ингээд би тэднийхээс гараад явсан. Дахиж очоогүй. Би тухайн үед нэлээн согтолттой байсан ба өөрт ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй байсан учраас тэр настай ахын хаан банкны виза картаас нь 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөг авсан. Мөн гэрт нь байсан 120,000 төгрөг аваад гарсан. Би нийт авсан 1,020,000 төгрөгийг архи ууж буудалд хоноод нэг сэрсэн чинь Улаанбаатар хотод ирчихсэн байсан. Ер нь мөнгөө өөрөө зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 02 дугаар сарын 13-наас14-нд шилжих шөнө Орхон аймгийн ***** багт явж байхдаа,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан Н.С-тэй тааралдаж ***** багийн **-** тоотод гэрт нь очиж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа гадуур хувцасны энгэрийн халаасанд нь байсан 120,000 төгрөг болон Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, тухайн картыг ашиглан 900,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж нийт 1,020,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, камерын бичлэг, үзлэгийн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг,банкны дансы хуулга зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ц.Т нь хохирогч Н.С-ийн гэрт очиж хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад түүний зөвшөөрөлгүй,нууцаар гадуур хувцасны энгэрийн халаасанд нь байсан Хаан банкны виза картыг авч нь 2 удаагийн гүйлгээгээр 900,000 төгрөг,гэрт нь бэлэн байсан 120,000 төгрөгийг авч 1,020,000 төгрөгний хохирол учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл хохиролын хооронд шууд шалтгаант холбоотой байдал тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Н.С-ийн 1,120,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан дараахь хохирлын хэмжээг доор дурдснаар ойлгоно:... 4.3-д “бага хэмжээний хохирол”гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон гэмт хэргийн хохиролын доод хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ
Шүүгдэгчийн үйлдэл нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн шинжээрээ санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй.
Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эсэх талаар эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон,хохирогчийг унтаж байхад виза карт бэлэн 120,000 төгрөг авсан. Бусдын эд хөрөнгийг нууцаар, зөвшөөрөлгүй авч хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирогчид 1,020,000 төгрөг гаргуулан олгох саналтай гэж,
-шүүгдэгч Ц.Т: Гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэж бодож байна, хохирлоо төлнө гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, ял шалгуурын хуудас, шүүхийн тогтоолууд зэрэг хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал,хэргийн нөхцөл байдал,хохирол төлөгдөөгүй, эрхэлсэн ажилгүй, орлогогүй байдал зэргийг харгалзан хуульд заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэжээ.
шүүгдэгч: Би хохирол төлнө, надад бага ял оногдуулна уу гэжээ.
3. Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Н.С-д учирсан 1,020,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ц-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-с 1,020,000 төгрөг гаргуулан хохирогч Н.С /Орхон аймаг ***** багийн **-** тоот, РД:******** /-д олгуулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч төлбөр нэхэмжлээгүйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А