| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0128/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/138 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Ө.Манзушир
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г-д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны **** сарын *** өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ****, эхнэр хүүхдүүдийн хамт ********** оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******** регистрийн дугаартай ***** ургийн овгийн Д.Г.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 22-ны шөнө Говь-Алтай аймгийн ***** сумын ******* тоотод хохирогч ****-тэй өвөлжөө бууц идлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар бүсэлхийн баруун ар хэсэгт нэг удаа хутгалж шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
-Хохирогч ********-н “...Би 2025 оны 05 сарын 21-ний орой 21 цагийн үед хөдөөнөөс **** сумын төв дээр ирсэн. Ирээд гэртээ байж байгаад шөнийн 01 цагийн үед хөдөө явахаар шатахуун авах гээд гарсан юм. Тэгээд колонк дээр очиход манай сумын хүмүүс болох Н, Г нар гар өргөөд зогсоосон юм. Тэгээд уулзахад тэр хоёр халамцуу байсан бөгөөд намайг мотоциклоо наанаа орхичих хамт явъя гэсэн юм. Тэгээд би мотоциклоо тэнд үлдээгээд тэр хоёртой машинд ороход манай сумын иргэн болох С, Х нар сууж байсан. Тэгээд тэндээсээ дэлгүүр дээр очиход бүх дэлгүүрүүд хаалттай байсан. Тэгсэн чинь Н манайд нэг шил архи байгаа тэрийг очиж ууя гээд тэднийд очсон юм. Тэрийг бид тав ууж дуусаад байж байтал Г манайд архи байгаа очиж ууя гээд тэднийд очсон. Тэгсэн чинь Г нэг бор шилтэй Виски гаргаж ирсэн. Тэгээд тэрийг тавуулаа ууж дуусгасан. Тэр Виски дуусахаас өмнө Х, Н хоёр тасраад унтаад өгсөн. Нөгөө шилтэйгээ бид гурав уугаад дуусах гэж байх үед би Г-г "Чи дандаа намар бууж өвөлжөө иддэг" гэж хэлсэн юм. Тэгэхэд Г би юу гэж иддэг юм дандаа өөр тийшээ явдаг юм гэсэн. Тэгснээ чи өвөлжөөн дээрээ түрүүлж буучихаад манай өвөлжөөг иддэг гээд над руу дайрсан. Тэгээд байж байхад хажуугаас С та нар шиг банди нар ах нарыгаа барахгүй шүү гээд байсан. Бас амандаа тамхи зуучихаад энийг асаагаадах гээд байсан. Тэгээд байхаар нь би босоод С-г нэг цохиод, Г-г гэдсэнд нь нэг цохисон. Тэгээд гараад явах гэтэл араас Г нуруун хэсэг рүү хутгалсан. Миний ар руу халуун оргиод цус гоожсон. Эргээд харахад С чи хүн аллаа гээд Г-г барьж аваад дарсан байсан. Тэгсэн чинь Г нь намайг тавь алаад гүйцээчихье гээд орилоод байсан. Тэгээд би сумын цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Г-н хүүхэд нь унтаж байсан юм. Тэр сэрж ирээд сумын эмч Д-г утсаар дуудсан. Тэгээд удалгүй цагдаа, эмч хоёр хамт ирээд намайг аваад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дахь тал/,
-Гэрч Ч.С-н “... 2025 оны 05 сарын 21-ний өдөр би ШТС дээр гараатай байсан. Тэгээд орой 20 цагийн үед доошоо дэлгүүр орж тамхи аваад буцаж явахдаа Г ах, Н нартай таарсан. Тэр хоёр машинтайгаа жаахан холдож зогсоод 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай ногоон савтай пиво уусан. Уугаад байж байхад колонк дээр машин ирсэн юм. Тэгээд би очоод Г-д шатахуун өгөөд байж байхад араас Н ирээд Г-г аваад явсан. Тэгээд Г-тэй хамт явсан Б гэдэг хүн машиныг нь бариад араас нь явсан юм. Би өрөөндөө ороод Г-с 20 литр шатахууны үнэ авахаар араас нь очсон. Тэгээд очиход нөгөө хоёр пивоо уугаад дууссан байсан. Тэгээд би хүний юм уусан юм чинь яаж зүгээр байхуу гээд доошоо дэлгүүр явж нэг 2.5 литрийн савлагаатай пиво авсан. Тэгээд хөдлөх гэж байхад ****** мотоциклтой ирсэн юм. Тэрийг ууж дуусаад Н манайд очъё гээд тэднийд очоод нэг 0.5 литрийн шилтэй архи ууцгаасан. Тэрийг ууж дуусаад Г манайд очъё гээд тийшээ явцгаасан. Тэднийд очиход Г нэг шил виски гаргаж ирж задалсан. Тэрийг уугаад сууж байхад Г, ***** хоёр буудал бууцнаас болоод маргалдаад байсан юм. Тэгж байгаад зүгээр болоод байж байсан. Тэгээд уугаад сууж байснаа санаж байна. Тэрнээс өөр юм санахгүй байна. Тэгзэд өглөө нь 07-08 цагийн үед санахад би колонк дээр байснаа санаж байгаа юм. Тэгээд колонкийн гадаа унтаж байхад манай эхнэр хүүхэд ирж авсан гэсэн. Би өөрөө мэдэхгүй байгаа юм ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-46 дахь тал/,
-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-н 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ГОА0725/228 дугаартай “ 1. *********-н биед бүсэлхийн баруун ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. 5. *****-н биед учирсан бүсэлхийн баруун ар хэсэгт үүссэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх дүгнэлт, /хх-ийн 59-60 дахь тал/,
-Хохирогч ******-с гаргаж өгсөн яаралтай тусламжийн тасгийн эмчийн үзлэг, /хх-ийн 12-14 дэх тал/,
-2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, /хх-ийн 16-21 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Э-н “...энэ хэрэгт холбогдуулан *********-н эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 209,476 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг, /хх-ийн 29- 30 дахь тал/,
-Хохирогч ******-с сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, гомдол санал нэхэмжпэх зүйлгүй байхгүй тул хүсэлтийг харгалзан үзнэ үү гэх хүсэлт, хохирол төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, / хх-ийн 5-8 дахь тал/,
-******** аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай албан бичиг, эрүүл мэндийн даатгалын санд 209,476 төгрөг төлсөн шилжүүлгийн баримт, /хх-ийн 23-25 дахь тал/,
-Яллагдагч Д.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 87 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч ******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Г нь хохирогч *******-д 3,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.Г нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 209,476 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь хар өнгийн, урд хэсэгтээ цагаан өнгийн никель хэсэгтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** ургийн овгийн Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Д.Г-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариул хэсэг нь хар өнгийн урд хэсэгтээ цагаан өнгийн никель хэсэгтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА