Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан хийж

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т-д холбогдох эрүүгийн 2425005140722 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,*******,*******, Б ургийн овогт Ш-ийн Т, /РД: *********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** техникийн захын 8-р лангуунаас бэлэн 1,120,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ш.Т-ийн мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Хохирлын мөнгийг төлсөн. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,

        -хохирогч Д.Г-ийн мэдүүлсэн: Хохирлоо төлсөн, гомдолгүй гэх мэдүүлэг,

       - Эрүүгийн 2425005140722 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж талууд шинжлэн судалснаар тооцуулсан:

-хохирогч Д.Г-ийн мэдүүлсэн:...2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********* баг ББ парк *-** тоот гэрээсээ гараад хөдөө явсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ********** баг Ф-8 павилон дээрээ ирсэн. Жижиг кокс буюу жижиг вакум сууц дотор сандал буюу дотроо юм хийдэг хэсэгт нь жижиг төмөр хайрцаг дотор 2,900,000 төгрөг хийсэн байсан. Тэр мөнгөнөөс 1,120,000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Тухайн үед би ажлаа Г-д хүлээлгэж өгөөд явсан. Г-ээс асуухад Ш.Т ирж, вакум сууц руу орж, хуушуур идээд гарч байсан гэж хэлсэн. Тэгээд Ш.Т-г сурагласан чинь хэд хоног ажилдаа ирээгүй гэж байсан. Ш.Т нь зун мотоцикл угсрах үедээ намайг мөнгөө тэнд хийдэг талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/

-гэрч Д.Г-ын мэдүүлсэн:... 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Г хөдөө явсан юм. Тэгээд 2024 оны 09-р сарын 29-ний өдөр ***** зах дээр байдаг ажил дээрээ ирээд Ф-8 дугаар лангууны гадаах вакум пүтик дотор байсан 1,120,000 төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Г-г байхгүй үед Ш.Т Мустанг-5 маркийн мотоцикл угсарсан юм. Тухайн мотоциклийн мөнгийг би аваад шилэн путик доторх сандлын хайрцагт хийсэн. Тэгээд мотоцикл худалдсан хүмүүст бичиг баримт, дагалдах хэрэгслийг нь өгсөн. Маргааш бид хоёрыг ажил дээрээ байхад Ш.Т-г мотоцикл угсруулна гэж хүн авч явсан юм. Би ажлын гадаа мотоцикл угсарч байхад Ш.Т ирээд 3 хуушуур байна, пүтик руу ороод ус халаагаад идье гэж хэлээд бид хоёр ороод би 1 хуушуур идээд Ш.Т-г үлдээгээд гарсан. Тэгээд ажил дуусах үед Ш.Т ахаа би Баруунбүрэн явлаа гээд явсан. Өөр хүн пүтик рүү ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 19-ний өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 140-143-р тал/

-шүүгдэгч Ш.Т-ийн яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ********** багт байх ***** техникийн зах дээр 8 дугаар павилон дээр Г ахтай цуг Г-ийн лангуун дээр ажиллаж байсан. Г эгч хөдөө явсан, ажил дээрээ байхгүй байсан. Гадаах вакум пүтик дотор Г бид хоёр хуушуур идэж байгаад Г ах түрүүлээд гараад явсан. Тэгээд би багаж хайж яваад нугастай сөхдөг орны доор улаан хайрцагт мөнгө байхаар нь 1,250,000 төгрөг аваад үлдсэн мөнгийг нь үлдээсэн. Манай ээжийн бие муу байсан болохоор эмчилгээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/зэргийг нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.Т нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт,өөрийн ажилладаг ***** техникийн захын 8-р павилон дотор хуушуур идэж байгаад гарахдаа сөхдөг сандал дотор байсан бэлэн мөнгөнөөс 1,120,000 төгрөгийг нууцаар, зөвшөөрөлгүй авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн. 

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ш.Т-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Г-д 1,120,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг,хохирол төлсөн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

      2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж, бусдын өмчлөх эрхийн эсрэг “хулгайлах” гэмт хэргийн шинжийг тодорхойлон зааж, өмчлөгчийн эрхийг хамгаалсан байдаг.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Ш.Т нь хохирогч Д.Г-ийн “*****” зах дотор байрлах Ф-8 дугаар павилоны дотор байсан сөхдөг сандал доороос 1,120,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчплөгчийн зөвшөөрөлгүй авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан дараахь хохирлын хэмжээг доор дурдснаар ойлгоно:... 4.3-д “бага хэмжээний хохирол”гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг,түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон гэмт хэргийн хохиролын доод хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул  шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулжээ

Шүүгдэгчийн үйлдэл нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн шинжээрээ санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Ш.Т нь хохирогч Д.Г-ийн ф-8 дугаар павилоны дотор байсан сандал дороос 1,120,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирол төлбөр төлөгдсөн тул гаргуулах төлбөргүй гэж,

 -шүүгдэгчийн өмгөөлөгч: Зүйлчлэл гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хохирол төлсөн гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Ш.Т-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж

2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан  хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай. Хохирол төлөгдсөн,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч О.С: Хохирлоо төлсөн,гэм буруугаа хүлээж байгаа. Төгсөө нь ээжтэйгээ хоёулаа амьдарч байсан.Тэр үед ээж нь хавдартай эмчилгээтэй байсан.Ээжийнхээ эмчилгээнд мөнгө хүрэлцэхгүй хүнд нөхцөлд байсан тул уг мөнгийг авч хэрэглэсэн гэдэг.Ээж нь 1 сард нас барсан.Хэрэг үйлдсэн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг тэнсэж өгнө үү гэж,

-хохирогч: ээж нь хүнд өвчтэй байсан байна лээ,ялыг хөнгөн оногдуулна уу гэж тус тус санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дэх хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, ял хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул хуульд заасан ял оногдуулахгүй тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

3. Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч Д.Г-д учирсан 1,120,000 төгрөгийн хохиролыг бүрэн нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ш-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-д хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Ш.Т-д оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.А