Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/00975

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2022/00975

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух,  ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, ******* -д холбогдох,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* нь өөрийн эзэмшлийн 0229923 дугаартай Хан-Уул дүүрэгт орших 4383 мкв хэмжээтэй амины орон сууц барих зориулалттай газар, 0348468 дугаартай Сонгинохайрхан дүүрэгт орших 700 мкв газруудыг барьцаалан 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр*******тэй 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Би түүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй.******* мөнгөний хэрэг болоод байна,*******ээс мөнгө зээлье гэж хэлсэн. Намайг гэрээнд гарын үсэг зурчих, хоёулаа дараа нь барилга барина гээд зуруулсан. Хэрэв мөнгө авсан гэж байгаа бол*******,******* хоёр хоорондоо өгч, авсан байх.*******ээс*******д хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Гэтэл нэгэнт мөнгийг аваагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус болно. Иймд 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Өмнөх 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг гэсэн зээлийн мөнгө шууд*******д өмгөөллийн хөлсөд очсон. Энэ зээлүүдийг төлсөн. 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хүүтэй нь тооцоод 7.727.000 төгрөг болсон шүү гарын үсэг зур гээд зуруулсан. Түүнээс өмнө нь хоёр удаа л зээл авсан нь дандаа*******д очсон.******* намайг зодоод түүнд мөнгийг хүүтэй нь бүрэн төлсөн. 30.000.000 төгрөгийн зээлийг Эсүб ХХК-ийн хөрөнгөд оруулсан гэдэг худлаа.******* өмгөөлөгч болохоор итгэдэг байсан. Хүү чинь хүнд гэмт хэрэгт холбогдчихлоо гэхээр нь би айгаад түүнд 5-6 сая төгрөг өгсөн. Дараа нь миний гүйцэтгэж байсан барилгын ажилтай холбоотой өөрөө хуйвалдаад танидаг цагдаадаа намайг өгсөн байсан. Надад цагдаад очвол баригдана, очиж болохгүй гэж хэлээд сар зугатаалгасан. Гэтэл эрүүгийн хэрэг биш гээд прокуророос хаачихсан байсныг худлаа хэлсэн байсан.*******ээс авсан гэх мөнгөнүүдийг бүгдийг******* өөрөө авсан, би аваагүй гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.******* болон ******* нар надаас удаа дараа бага багаар мөнгө зээлдэг байсан. Мөнгийг нэг сарын 10 хувийн хүүтэй хоногийн 0,5 хувийн алдангитай төлүүлэхээр тохиролцдог. Хамгийн сүүлд надаас 30.000.000 төгрөг зээлэхээр хүсэхэд өгөхгүй, өмнөх зээл дуусаагүй гэдгийг хэлсэн боловч******* манай талийгаач ааваар дамжуулан гуйлгасан тул би*******, ******* нарт 2011 оны 8 дугаар сарын 04-нд 30.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлэхдээ мөнгийг хоёр хувааж 15.000.000 төгрөгөөр өгсөн. Эхний 15.000.000 төгрөгнөөс өмнөх зээлүүдийн үлдэгдэл 7.727.000 төгрөгийг суутгаад үлдэх мөнгийг*******д өгсөн. Эхний хэсгийг өгөхөд *******,******* нар хамтдаа байсан. Сүүлийн 15.000.000 төгрөгийг өгөхөд ******* байгаагүй,*******д өгсөн. Сүүлийн мөнгийг *******гийн эзэмшдэг ЭСҮБ ХХК-д зарцуулсан гэдгийг******* зөвшөөрч тайлбарлаж байгаа. Хамтран зээлдэгч болох******* мөнгийг авсанд маргаагүй, зээлээс 15.000.000 төгрөгийг манай ааваар дамжуулан бага багаар төлсөн. Харин ******* зээлээс төлөөгүй. Зээлийг төлж дуусгаагүй тул барьцаа чөлөөлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

3.Хариуцагчаас нэхэмжлэгч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Баярцэнгэл 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр *******,******* нартай зээлийн гэрээ байгуулж, үүгээр 30.000.000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан байна. Улмаар 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний дагуу 30.000.000 төгрөгийг *******,******* нарын эзэмшилд хоёр хувааж 15.000.000 төгрөгөөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт барьцаа болгож, 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18627296807265 дугаартай, Г-0229923 эрхийн дугаартай 4384 мкв бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгж талбарын 18627310746847 дугаартай, Г-0348468 дугаартай 700 мкв бүхий газрыг тус тус барьцаалсан байна.******* 2015 оны 9 дүгээр сараас эхлэн гадаад улсад суралцаж байсан бөгөөд зээлдэгч*******ээс 2015 оноос 2019 он хүртэл нийт 15.000.000 төгрөгийг түүний аав Баяртсайханд шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Үүнтэй холбоотой*******тэй 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, холбогдох баримтуудыг хүлээн авсан. Түүнчлэн хамгийн сүүлд 2021 онд 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хэтрээгүй гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг *******гаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү. Сүүлд төлсөн 100.000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцоход татгалзахгүй гэв.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:Б.Баярцэнгэл 30.000.000 төгрөгийг *******,******* нарын эзэмшилд шилжүүлсэн гэжээ. Би*******ээс нэг төгрөг ч зээлж аваагүй. Мөнгийг шилжүүлсэн бол түүнд баримт байх ёстой ч шүүхэд баримт ирүүлээгүй. Хэзээ ямар баримтаар надад мөнгө шилжүүлснийг би огт мэдэхгүй. Түүнчлэн хэрэв мөнгө зээлсэн гэж байгаа бол надаас нэхэх байсан ч тэрээр надаас нэг ч удаа мөнгө шаардаж байгаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Сүүлд байгуулсан гээд байгаа 2018 оны хэлцэлд ******* оролцоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан баримтгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог. Нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаагүй тул мөнгө төлөх үндэслэлгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Хэрэв намайг буруутгаж байгаа бол би 7.727.000 төгрөг гэсэн баримтад зурснаар л буруутай болсон байх. Би өмнөх гэрээнүүдээр ч мөнгийг аваагүй******* л өмгөөллийн хөлс гээд авсан. Гэхдээ өмнөх мөнгийг*******д төлсөн.******* надад хүнд гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хэрэгтэн болох гэж байна, мөнгө хэрэгтэй гэх мэтээр байнга худал хэлж айлган сүрдүүлдэг байснаас түүний үгэнд итгэсэн гэв.

 

3.Гуравдагч этгээдээс үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж дараах тайлбарыг гаргасан. Үүнд:*******ээс 30.000.000 төгрөгийг зээлж авсан. Өмнөх мөнгөө суутгаад үлдснийг авсан. Авсан мөнгийг *******гийн Эсүб ХХК-д оруулсан. Уг мөнгөөр компанид 40 тонн цемент, тоосго буулгасан байсан. Мөнгөөр 6 байшингийн суурь хийж, нэг байшингийн тал барьж, 10 ажилтанг цалинжуулсан. Компанийн 30 хувийн эзэмшигч нь 30.000.000 төгрөг оруулсан гэдгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. ******* энэ зээлийн хамтран зээлдэгч. Би зээлээс 15.000.000 төгрөгийг төлсөн. Өмнө нь барьцааны гэрээний асуудлыг шийдвэрлэхэд зээлийн гэрээний асуудал шийдвэрлэгдсний дараа шийдэх ёстой гэж гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байхад дахин хэргийг шийдэх гэж байна. *******гийн хүү хүчингийн хэрэгт холбогдсон, өөрөө залилангийн хэрэгт холбогдсныг өмгөөлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, би сүүлд 100.000 төгрөг төлсөн гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас баримтаар: Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банкны тодорхойлолт хуулбараар, Сонгинохайрахн дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хаяг тогтоосон тухай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 30 м-5/4118 албан тоот, тус шүүхийн 2017 оны 181/ШЗ2017/10448 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ, тус шүүхийн 2021 оны 181/ШЗ2021/02006 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Төгс жаргал зорилтод иргэдийн төв НҮТББ-ийн албан бичиг, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 87 тоот тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4250 дугаар шүүгчийн захирамж, 0229923 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /1хх 3-13, 18, 22, 141-142, 2хх 42-44, 60 /

Хариуцагчаас нотлох баримтаар: өөрийн Голомт банкны дансны хуулга, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн *******,******* нарын хоорондох итгэмжлэл, 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн газрын албанд гаргасан*******ийн хүсэлт, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн*******, Баяртсайханы дүү Нарантуяа нарын хэлцэл, *******гийн 0229923 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, *******гийн 0348468 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн*******, ******* нарын зээлийн гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн*******, ******* нарын зээлийн гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн*******, ******* нарын зээлийн гэрээ зэргийг ирүүлжээ.

/1хх 23-31, 48-50, 98-103 /

Гуравдагч этгээдээс нотлох баримтаар: 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ хуулбараар, 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б.Мөнхбат,*******,******* нарын зээлийн гэрээ хуулбараар, 0229923, 0348468 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулбараар, 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээ хуулбараар, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл хуулбараар, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хэлцэл хуулбараар, өөрийн Хаан банкны депозит дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 14и/6-4382 тоот тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хариу, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1235 дугаар шүүхийн шийдвэр, 0312760, 0229923, 0348468 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд хуулбараар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/5861 албан бичиг хуулбараар, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас хуулбараар, ЭСҮБ ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр хуулбараар, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг хуулбараар, бэлэглэлийн гэрээ хуулбараар, 0209408 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулбараар ирүүлжээ. /1хх 39-45, 80-96, 114, 129,130, 146-156 /

Шүүхийн журмаар: нэхэмжлэгч талын хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2021/06259 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн тайлбар, 181/ШЗ2022/00306 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16/122 тоот хариу, түүний хавсралтууд, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17/127 тоот хариу, түүний хавсралтууд,

Гуравдагч этгээдийн хүсэлтээр: тус шүүхийн 181/ШЗ2021/12792 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/10055 тоот албан бичиг, түүний хавсралтууд, Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/419 тоот албан бичиг, түүний хавсралтууд, гэрч Л.Амарсанаагийн мэдүүлэг,

Хариуцагч талын хүсэлтээр: тус шүүхийн 181/ШЗ2022/02542 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16/409 тоот хариу, түүний хавсралтууд зэргийг бүрдүүлжээ.

/1хх 97, 173-199, 203-224, 234-239, 2хх 11-26, 27-30, 67-74/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч *******гаас*******д холбогдуулан 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******д шилжүүлж өгөөгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан шаардлага хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. Өмнөх зээлийг төлж дуусгасан. 2.000.000 төгрөгний зээлийг хүүгийн хамт өсгөж 7.727.000 төгрөг гэсэн баримтад зуруулсан, мөнгийг компанийн хөрөнгөд оруулаагүй гэж тайлбарласан.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, мөнгөн хөрөнгийг*******, ******* нарт олгосон, мөнгийг хоёр хувааж 15.000.000 төгрөгөөр салгаж олгосон, эхний удаагийн олголтод өмнөх зээлийн үлдэгдэл 7.727.000 төгрөгийг хасч тооцон үлдэх мөнгийг*******д өгсөн, зээлийг бүрэн төлж дуусгаагүй тул барьцаа чөлөөлөх үндэслэлгүй, хамтран зээлдэгч нарын нэг мөнгөн хөрөнгийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа гэж тайлбарласан.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 30.000.000 төгрөгнөөс 15.000.000 төгрөгийг******* төлсөн тул үлдэх 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна, барьцаа хүчинтэй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулна,*******ээс 2018 онд хэлцэл хийсэн, 2021 онд хамгийн сүүлд мөнгө төлсөн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан.

5.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй тул төлөх үндэслэлгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан.

6.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

6.1.Нэг талаас*******, нөгөө талаас *******,******* нар 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийг гурван сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирч зээлийн гэрээг байгуулжээ. /1хх 29/

6.2.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа болгож, *******гийн эзэмшлийн нэгж талбарын 18627296807265 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 4384 мкв талбайтай газар, түүний эзэмшлийн нэгж талбарын 18627310746847 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилт 5-46 тоотод байрлах 700 мкв газрыг тус тус барьцаалахаар тохирч 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрөө Барьцааны гэрээ байгуулжээ. /1хх 11, 27, 28, 30/

6.3.Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 4384 мкв талбайтай газрыг дүүргийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 64 тоот захирамжаар 15 жилийн хугацаагаар *******д эзэмшүүлж, улмаар түүнд 0229923 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. Дээрх газрын эзэмшигч ******* хэвээр байгаа, барьцааны гэрээ газрын албаны архивт байгаа, харин тухайн газрын нэгж талбарын 18627296807265 дугаар өөрчлөгдөж 1781606643 болсон болох нь Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16/122, 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 16/409 тоот лавлагаагаар тогтоогдсон. /2хх 11-30, 67-74/

6.4.Мөн барьцааны гэрээнд тусгагдсан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилт 5-46 тоотод байрлах 700 мкв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133 тоот захирамжаар *******д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар түүнд 0348468 тот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. Уг газрын эзэмшигч ******* хэвээр байгаа,*******ийн барьцаа бүртгэгдсэн, харин тухайн газрын нэгж талбарын 18627310746847 дугаар өөрчлөгдөж 1802805292 болсон болох нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17/127 тоот лавлагаагаар тогтоогдсон. /2хх 27-30/

6.5.Маргааны зүйл болсон дээрх гэрээнээс гадна*******, ******* нарын хооронд 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон зээлийн гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон зээлийн гэрээ, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон зээлийн гэрээнүүд тус тус байгуулагджээ. /1хх 98-103/

Дээрх гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсанд нэхэмжлэгч маргаагүй, уг мөнгийг гуравдагч этгээдэд өмгөөллийн хөлсөд төлсөн, түүнчлэн зээлийг*******д буцаан төлсөн, хамгийн сүүлд 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээг хийхдээ 7.727.000 төгрөгийг зээл, хүүд тооцсон гэж тайлбарласан.

Хариуцагч энэ гэрээнүүдийн дагуу мөнгийг авсан, төлөөгүй үлдэгдэл болох 7.727.000 төгрөгийг сүүлийн 30.000.000 төгрөгийн зээлээс хасч дууссан гэж тайлбарласан. Зохигчид энэ гэрээнүүд дуусгавар болсонд гэдэгт маргаагүй болно.

6.6.Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1235 дугаар шийдвэрээр ЭСҮБ ХХК-ийн нэхэмжлэлтэй*******д холбогдох бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,*******ийг компанийн хувьцаа эзэмшигчээс хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх 191-199/

 

7.Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4250 дугаар шүүгчийн захирамжаар *******гийн нэхэмжлэлтэй*******д холбогдох барьцааны гэрээг хүчингүй болгуулах, барьцаанаас чөлөөлүүлэх тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /2хх 43-44/

Гуравдагч этгээдийн зүгээс энэ захирамжийг үндэслэн эрүүгийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй тул хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч анхнаасаа хамааралгүй асуудлыг хамаатуулж уг захирамж гарсан. Эрүүгийн хэргийг 2012 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, тухайн хэрэг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж гомдол гаргасан байсан хэмээн тайлбарласан.

Хэргийн 1 дүгээр хавтасны 129 дэх талд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 14и/6-4382 тоот албан бичигт ******* тус дүүргийн мөрдөн байцаах нэгдүгээр тасагт эрүүгийн 21137973 тоот хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн болно гэж тодорхойлжээ.

Хэрэгт талуудын хоорондох 2011 оны зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг одоо эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх баримт авагдаагүй, тус шүүхийн 2012 оны 4250 дугаар шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдал арилаагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, гуравдагч этгээдийн үндэслэл болгосон тухайн баримт 2012 оны 8 дугаар сарын тодорхойлолт байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос энэ талаар шүүхэд хүсэлт, баримт гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээж аваагүй,******* болон******* нарын хоорондох асуудал, зээлийн мөнгийг компанид хөрөнгө оруулалтаар оруулаагүй гэж, харин хариуцагчаас өмнөх зээлийн үлдэгдэл 7.727.000 төгрөгийг энэ зээлээс суутган хасч, үлдэх мөнгийг*******д хоёр удаа ойрхон хугацаанд тасалж бэлнээр өгсөн, хамтран зээлдэгч******* мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлав. Гуравдагч этгээд*******ээс мөнгийг хүлээн авсан, зээлээс 15.000.000 төгрөгийг төлсөн, түүнчлэн уг мөнгийг нэхэмжлэгчтэй хамтран хувьцаа эзэмшдэг ЭСҮБ ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, зээлийн хөрөнгөөр барилгад хөрөнгө оруулсан гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт баримтаар авагдсан 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн *******гаас*******д олгосон итгэмжлэлийн доод хэсэгт гараар 15 сая төгрөгөөс нийт 7.727.000 төгрөг аваагүй, хасав ******* -2011.08.04-нд гэж, түүний доод талд үлдсэн мөнгийг*******д өгөв, авсан*******, өгсөн******* гэж бичигджээ. /1хх-24/

Шүүх зохигчдын дээрх тайлбараас дүгнэвэл маргааны зүйл болсон зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр******* оролцсон, тэрээр мөнгөн хөрөнгийг хүлээн авсан хэмээн тайлбарлаж байх тул талуудын хооронд бодитоор 22.273.000 /30.000.000-7.727.000/ төгрөг зээлсэн, зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль болон гэрээнд заасан бол эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөхөөр заасан, талуудын хоорондох зээлийн гэрээнд мөнгөн хөрөнгийг хамтран зээлдэгч нарын хэнд хүлээлгэн өгөх талаар тухайлсан зохицуулалтгүй байх тул хамтран зээлдэгч болох*******д мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, улмаар гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Харин гуравдагч этгээдийн зүгээс мөнгөн хөрөнгийг ЭСҮБ ХХК-д оруулсан болох нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1235 дугаар шийдвэрээр тогтоогдсон, хүчин төгөлдөр шийдвэртэй гэж тайлбарласан ч хэрэгт баримтаар авагдсан тухайн шийдвэрт талуудын хоорондох зээлийн асуудлыг шийдвэрлээгүй, гуравдагч этгээдийг компанид хөрөнгө оруулсан эсэх талаар тусгагдаагүй тул хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэсэн гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

9.Шүүх талуудын хооронд дээрх байдлаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Мөн барьцааны гэрээг Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд бүртгүүлсэн болох нь тус газруудаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон тул барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгчээс зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлээ зөвхөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй гэж тайлбарласан, харин Иргэний хуулийн 56-59 дүгээр зүйлээр зохицуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хуульд заасан үндэслэлийг тодорхойлоогүйг дурдав.

10.Хариуцагч гуравдагч этгээд*******ээс 15.000.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж, хүү, алданги нэхэмжлээгүй хэмээн тайлбарласан. Нэхэмжлэгч зээлийг аваагүй тул төлөх үндэслэлгүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан.

Зээлээс 15.000.000 төгрөгийг хамтран зээлдэгч******* төлсөн, сүүлд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг тус тус төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул зээлдэгч нарын эргүүлэн төлөх зээлийн бодит үлдэгдэл 7.173.000 төгрөг /22.273.000 -15.000.000 100.000/ гэж үзнэ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан, гуравдагч этгээд******* болон нэхэмжлэгч ******* нар тухайн зээлийн гэрээний хувьд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчид тул хариуцагч зээлийг нэхэмжлэгчээс шаардсныг шүүх буруутгах үндэслэлгүй.

11.Гэвч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх-аар, гэрээний үүргийн биелэлт шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заасан.

Хариуцагч тус шүүхэд зээлийн гэрээний үүргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шаардаж анх сөрөг нэхэмжлэл гаргасан, үүнээс урьд шүүхэд гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч *******гаас шаардаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

Хариуцагчийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Баяртсайханы дүү Нараад*******ээс дараах материалыг хүлээлгэн өгөв утгатай Хэлцэл гэсэн хавтаст хэргийн 26 дах талд авагдсан баримт, мөн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөгийг*******ээс*******д шилжүүлсэн төлбөрийн баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэг хамтран зээлдэгч төлж байсан, баталгаа гаргасан гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчээс тухайн баримтад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж тоолох үндэслэлгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.14-т хамтран үүрэг гүйцэтгэгч нэг этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу түр зогссон нь бусад үүрэг гүйцэтгэгчдэд хамаарахгүй гэж заасан, хариуцагчийн хувьд нэхэмжлэгч *******гаас зээлийг шаардаж байсан баримтгүйгээс гадна хэрэгт авагдсан тус шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 4250 шүүгчийн захирамжаас үзвэл нэг зээлдэгч болох нэхэмжлэгч ******* гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар анх 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хэрэгт мөн сөрөг нэхэмжлэлийн талаар тусгагдаагүй зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд зааснаар тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан тул хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

12.Шүүх нэгэнт зээлийн гэрээний үүргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болох учиртай ч нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ энэ үндэслэлээр бус харин бодитоор мөнгөн хөрөнгийг олгоогүй, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул барьцаанаас чөлөөлүүлэх гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцон шийдвэрлэсэн болно.

Дээрхийг нэгтгээд шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн зүгээс хүсэлт хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмгөөлөгчөөр хангуулж шүүх хуралдааныг хойшлуулах, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийн шатанд гаргаагүйгээс гадна гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг хангаагүй явдал үндэслэл бүхий эргэлзээ-д хамаарахгүй тул үндэслэлгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг дурдав. Түүнчлэн гуравдагч этгээдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүхээс удаа дараа хангаж, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байсныг дурдав. /1хх 79, 107-108, 2хх 47-48/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан*******д холбогдуулан гаргасан 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн үндсэн нэхэмжлэлийг, *******гаас зээлийн гэрээний үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай*******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2021/02809 дүгээр шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/01435 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ