| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0149/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Б.Ундармаа
Хохирогч Т.А
Хохирогч З.С
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С-д холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны ***** сарын ***** өдөр төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ********** ажилтай, ам бүл ****, хүүхдүүдийн хамт ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ****** регистрийн дугаартай ********* ургийн овгийн Д.С.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С нь Говь-Аптай аймгийн ******* сум, ****** багт байрлах нутгийн удирдлагын ордон дотор 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Т.А-н биед халдаж 2 хацар луу гараараа алгадаж, хамар болон шүд рүү гараараа цохиж, ууц нуруу хэсэг рүү утасны цэнэглэгчээр ороолгож түүний биед дээд үүдэн 1 шүдний булгаралт, дух, эрүүнд зулгаралт, зүүн хацар, баруун шанаанд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн З.С-г гар утасны цэнэглэгчээр ар тал нуруу хэсэг, гуя хэсэг рүү хэд хэдэн удаа ороолгож, түүний биед 2 дал, 2 бөөрний орчим, 2 гуя, зүүн шуу, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна:
-Хохирогч З.С-н “...2025 оны 06 сарын 02-ны өглөө Засаг даргын Тамгын газрын 2 дугаар байрны 1 давхрын баруун талын коридорын цэвэрлэчихээд 2 давхарт гараад явж байсан чинь гаднаас С ална тална гээд орилоод орж ирж байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би Д үйлчлэгчийг угаалгын өрөө цэвэрлээд гараад ирэхэд нь доошоо буугаад С-г чимээгүй байлга одоо хүмүүс ирнэ гэж хэлчихээд 3 давхар луу гарсан. 3 давхарт гарчихсан байж байхад дуу нь сонсогдоод байсан. 1 давхраас өрөөний түлхүүр аваад буусан чинь С өмнөөс та нарыг бүгдийг нь ална гээд гар утасны цэнэглэгчээр ар тал нуруу хэсэг, гуя хэсэг рүү хэд хэдэн удаа ороолгосон. Тэгэхээр нь цагдаа дуудна гээд жижүүрийн утас авсан чинь надаас булааж аваад дахиад ороолгоод байсан. Өлгүүрээс очоод гадуур хувцасныхаа халааснаас гар утсаа авсан чинь үснээс зулгаагаад авахаар нь тавиулчихаад зугтаагаад гараад явсан. Гадаа гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/,
-Хохирогч Т.А-н “...2025 оны 06 сарын 02-ны өглөө Засаг даргын Тамгын газрын 2-р дугаар байранд цэвэрлэгээгээ хийсэн. Цэвэрлэгээгээ хийж дуусчихаад С бид 2 хогоо хаях гээд явсан. Хогоо хаячихаад С түрүүлээд би араас дагаад ажил руугаа явж байсан чинь эргэж хараад чамайг ална гээд миний үснээс зулгааж байгаад 2 хацар луу гараараа алгадаад хамар болон шүд рүү гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгсэн чинь намайг ажил руугаа оръё гэхээр нь дагаад орсон чинь гар утасныхаа цэнэглэгчийг аваад миний хуруу хэсэг рүү 7 удаа ороолгосон. Тэгэхээр нь би зугтаад гараад цагдаа руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дахь тал/,
-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д-н 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “...Т.А-н биед дээд үүдэн 1 шүдний булгаралт, дух, эрүүнд зулгаралт, зүүн хацар, баруун шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлнө. Дээрх гэмтүүдээс дээд үүдэн шүдний булгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүд мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтохгүй...” гэх ГОА0725/256 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дэх тал/,
-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д-н 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “...З.С-н биед 2 дал, 2 бөөрний орчим, 2 гуя, зүүн шуу, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх ГОА0725/255 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.А, З.С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, шүүгдэгч Д.С нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 87,340 төгрөг, 24,840 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Шүүх хуралдаанд хохирогч Т.А ...Гоо сайхнаараа хохирсон гомдолтой байна... гэж, хохирогч З.С ...10 хоног эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... гэх боловч хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.А, З.С нарын энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** ургийн овгийн Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-г 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож ял солих болохыг шүүгдэгч Д.С-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.А, З.С нар нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА