| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2108000000305 |
| Дугаар | 2021/ДШМ/498 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Насанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ДШМ/498
2021 5 20 2021/ДШМ/0498
Ч.Хт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Насанжаргал,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Ч.Хт холбогдох эрүүгийн 2108000000305 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Х
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Шүүгдэгч Ч.Х нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамжинд хамтран амьдарч байсан хохирогч Я.Гг “намайг хаяж явлаа” гэж хэлсэнд уурлан маргалдаж улмаар түүний зүүн нүдэнд цохиж зодсоны улмаас зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Хт сануулж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг тогтоох болон уг ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан торгох ялаас биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих асуудлыг хуульчлан зохицуулсан. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл хэргийг эцэслэн шийдвэрлэж буй шүүхээс гарч буй шийтгэх тогтоолын утга агуулга, шийдвэрлэлт, оногдуулсан ялыг хэрхэн биелүүлэх, улмаар биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд оршиж буй эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэх учиртай бөгөөд шүүгдэгчийн хувьд ойлгомжтой, тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 325 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зайлшгүй заах шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт /хуульд заасан хугацаанд/ төлүүлэхээр заасан нь торгох ялыг биелүүлэх хугацааг заагаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Б.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд торгох ялыг биелүүлэх хугацааг тодорхойгүй бичсэн. Ямар хуульд зааснаар, ямар хугацаанд гэдгийг тодорхой бичих шаардлагатай гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 90 хоногийн дотор гэж заасан. Эрүүгийн хуульд 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж ялгаатай заасан байхад шүүх “хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан нь тодорхойгүй байна. Мөн шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан 3 сарын хугацааг шүүхийн тогтоолд тусгах шаардлагагүй юм” гээд дүгнэсэн байсан. Ингэж дүгнээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуулийн хугацаанд гэж заасан учраас яг ямар хугацаанд гэдэг нь тодорхойгүй байна. Шийтгэх тогтоол ойлгомжтой, биелүүлэхэд ойлгомжгүй байдал төрүүлэхээргүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Х нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамжинд хамтран амьдарч байсан хохирогч Я.Гг “намайг хаяж явлаа” гэж хэлсэнд уурлан маргалдаж улмаар түүний зүүн нүдэнд цохиж зодсоны улмаас зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Я.Ггийн “... Х бид хоёр Орбитын 21 дүгээр гудамжинд зогсоод юм ярьж байгаад би Хт хандаж “чи таван хүүхдээ хаяад өөр хүүхэн дагаад явсан” гэж хэлэхэд хэрүүл болсон. Х миний зүүн талын нүд рүү хоёр удаа, баруун гараа зангидаж байгаад цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх 7/,
Ч.Хын яллагдагчаар өгсөн “... би 2010 онд Я.Г гэх хүнтэй танилцаад хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаасаа 5 хүүхэдтэй. 2020 оны 12 дугаар сараас эхлэн гэр бүлийн асуудлаас болж хоорондоо салцгаасан. 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ... Я.Гг замаараа гэрт нь дөхүүлээд өгье гээд найзынхаа машинд суулгаад аваад явсан юм. Тэгээд Орбитын 21 дүгээр гудамжинд машинтай зогсож байтал Я.Г тэр машины бичиг баримтыг аваад базаж урах гээд байсан учир бид хоёр хоорондоо маргалдаад ноцолдсон. Тухайн үед бичиг баримтыг авах гэтэл Я.Г урагшаагаа уначихсан. Тэгээд би босготол Я.Ггийн хөмсөг орчмоос цус гарсан байхаар нь тайвшруулж машин руу оруулахад намайг чи өөр хүүхэн дагаад явсан гэж хэлээд намайг доромжлоод байхаар нь би уурлаад зүүн талын нүд, хамар хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх 70-71/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 1774 дугаартай “Я.Ггийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний зулгаралт, хамрын нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь 2021 оны 2 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Өөртөө учруулах боломжгүй” гэх дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Хын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн “... Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хугацааг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан байхад шүүгдэгч Ч.Хт дээрх торгох ял шийтгэлийг оногдуулахдаа ямар хугацаанд төлөхийг тодорхой заахгүйгээр ялыг гүйцэтгэхийг даалгасан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.
Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.
Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.
Түүнчлэн, прокурор С.Энхням нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “... Ч.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ...” тухай саналыг шүүхэд гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Хын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялыг хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасанд нийцнэ.
Иймд дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ