Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 29

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Наранхүүд холбогдох эрүүгийн 201701070040 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    З.Ганцоож

 Улсын яллагч                                                     Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Цэнд-Аюуш

Хохирогч                                                       С.Гэрэлмаа        

 Шүүгдэгч                                                       Б.Наранхүү нар оролцов.

Монгол улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр Наранцэцэг, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо 15 дугаар байрны 13 тоотод оршин суух, Налайх дүүргийн шүүхийн 2001  оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Налайх дүүргийн шүүхийн 2003  оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, НФ71051318 дугаарын регистертэй, Боржигон овгийн Балжиннямын Наранхүү

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Наранхүү нь 2017 оны 3 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 15 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ С.Гэрэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.Наранхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”…2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эхнэрийнхээ хамт айлаар шинэлж, орой нь манайд найзууд ирж шинэлж, хоол унд идэж, архи дарс ууцгаасан. Тэгээд орой болчихсон байсан учраас эхнэрийн найз Гэрэлмааг “цаг орой болсон байна, гэртээ харь” гэж хэлсэн. Ингэж хэлэхдээ би буруугаар хэлсэн учраас Гэрэлмаа бид хоёр хоорондоо маргалдаж, түүнийг орон дээрээс татаж унагаасан. Миний энэ үйлдлээс болж Гэрэлмаагийн биед хөнгөн гэмтэл учирсан, би Гэрэлмаагаас уучлалт гуйсан. Энэ бүх зүйл миний буруутай үйлдлээс болсон тул маш их гэмшиж байна” гэв.

Хохирогч С.Гэрэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Тухайн өдөр бид найз нарын хамт Наранхүүгийнд шинэлсэн. Бид хоол унд идэж архи ууцгаасан. Би тухайн үед гэрийн зүүн талын орон дээр сууж байхад Наранхүү намайг “гэр орондоо харь” гэж хөөгөөд байхаар нь найзынхаа гэрээс хөөгдсөндөө дургүйцэж бид хоёр хоорондоо маргалдсан. Наранхүү намайг өндөр орон дээрээс татаж чангааж орон дээрээс унагаасан. Би орноос унахдаа яг юу мөргөснөө санахгүй байгаа. Ямар ч байсан миний толгойноос цус гарсан. Наранхүү надаас уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Надад эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн тул гомдол санал  нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Мөрдөн байцаалтад гэрч Д.Наранцэцэгийн өгсөн “Манай гэрт Дамдинжав, Дугармаа, Гэрэлмаа манай нөхөр Наранхүү бид нар ирээд бууз жигнээд цай хоол хийж өгсөн. Тэгээд бүгд сууж байсан чинь Наранхүү Гэрэлмааг хөгшөөн одоо гэртээ харь одоо нөхөр чинь хүлээж байгаа гэсэн чинь Гэрэлмаа би явахгүй  чиний гэрт байгаа юм уу би найзынхаа гэрт байна гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тухайн үед би цай чанаж байсан Наранхүү Гэрэлмаа хоёр зүүн талын орон дээр сууж байсан. Наранхүү Гэрэлмааг цохиод гараад явах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 09/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 шэ/076 тоот актын:

  1. С.Гэрэлмаагийн биед баруун хөмсгөнд оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 12/

 

Б.Наранхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 2, 32-35/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан  болно.

Дээрх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байна гэж үзэж, эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, хууль ёсны, үнэн зөв гэж дүгнэж нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

  Шүүгдэгч Б.Наранхүү нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 15 дугаар гудамжны 13 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ С.Гэрэлмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг гэрийн зүүн талын орон дээрээс татаж газар унагаан, түүний баруун хөмсөгний гадна дунд хэсэгт нь босоо чиглэлтэй 4х0.2 см шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би Гэрэлмааг гэртээ харь гэж хэлээд түүнийг орноос татаж унагаасан” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Гэрэлмаагийн “Наранхүү намайг зүүн талын орон дээрээс унагаасан” гэсэн мэдүүлэг болон гэрч Наранцэцэгийн мэдүүлсэн “Наранхүү Гэрэлмаа хоёр зүүн талын орон дээр хоорондоо хэрэлдэж маргаад сууж байснаас Наранхүү Гэрэлмааг цохих шиг болсон” гэх мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн “С.Гэрэлмаагийн биед баруун хөмсгөнд оёдолтой шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09 шэ/076 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Наранхүү нь эхнэрийнхээ найз болох хохирогч Гэрэлмааг “орой болчихлоо гэртээ харь” гэж хэлснээс болж тэдний хооронд ахуйн чанартай хувийн таарамжгүй харилцаа үүссэн байх тул шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулах үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай ханджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Наранхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гэрэлмаа нь “шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан, бид эвлэрсэн” гэж мэдүүлдэг бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ. /хх-н 38-39, 54/ Иймд шүүгдэгч Б.Наранхүүг хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Наранхүү нь хамгийн сүүлд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор хүндэвтэр гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаа шийтгүүлж, уг ялаа 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эдэлж дууссан болох нь Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 16 дугаартай тогтоол, Нийслэлийн Багануур дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн 2017 оны 3 сарын 21-ний өдрийн 01/330 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 30-31/ 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар Б.Наранхүүгийн ялтай байдал нь 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр арилахаар байгаа боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Наранхүүгийн дээрх ялтай байдал нь хэрэгсэхгүй болгогдох үндэслэлтэй байна.  

    Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байна.    

          Гэвч шүүгдэгч Б.Наранхүү нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн хохирогч Гэрэлмаагийн эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж, гэм хорыг арилгасан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаархи хүсэл зоригийг илэрхийлсэн хүсэлтийг бичгээр хэрэгт ирүүлж, энэ талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2,  283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Балжиннямын Наранхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Балжиннямын Наранхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Б.Наранхүү нь хохирогч С.Гэрэлмаагийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг төлсөн,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Б.Наранхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Наранхүүд урьд авсан гадагш явж болохгүй байх тухай баталгаа авсан тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Б.Наранхүү болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Наранхүүд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАЙГАЛМАА