Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/163

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2525000000151 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******, сурагч,, У овогт Б-ын Бн (РД:*********),

 

Холбогдсон хэргийн талаар:

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасныг зөрчиж, **-** ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас Орхон аймгийн Баян-Өндөр сум, ****** багийн нутаг дэвсгэрт замын хажуу хэсэг рүү унаж осолдон, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч А.Н-ын эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны хугарал, хүзүү, хэвлий, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

           -өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

          -шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын мэдүүлсэн: Хүүгээ том болсон юм шиг л бодож явжээ. Хохирогчийг үзүүлж харуулсан зүгээр гэсэн гэх мэдүүлэг,

    

      - эрүүгийн 2525000000151 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15-р тал/

-Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-р тал/

            -насанд хүрээгүй хохирогч А.Н-ын мэдүүлсэн:..Би тухайн өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг ***** **б-** тоотод байх гэртээ байж байгаад 00 орох гээд гартал Б.Б ах "Хоёулаа ууцанд явчхаад ирье" гэж хэлээд бид хоёр хамт Б.Б ахын ээж болох Ж.М эгчийн машинтай явахаар болоод 20-р сургуулийн баруун талд байх Онцгой байдлын ойролцоо айлаас ууцаа аваад, ирсэн замаараа буцаад явах гэтэл цагдаагийн машин харагдаад тойруу замаар явахаар болоод **** дэлгүүрийн ардуур явж байгаад осолдсон... Б.Б ах хамгаалах бүс зүүгээгүй би зүүчихсэн байсан. Тухайн үед өөдөөс машины гэрэл туссан, хальтиргаа гулгаатай байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Өөдөөс машины гэрэл тусах үед Б.Б ах сандраад хааз, тормоз хоёроо зэрэг дараад шарвалт үүсээд осолдсон байх магадлалтай гэж би бодож байна. Тухайн үед Б.Б ах зогсоох арга хэмжээ авч болох байсан боловч хэт сандарсан байдлаас үүдэн шарвалт үүсгэж зүүн гар тал руу гаа дарж осолдсон байх...Миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

            -гэрч Ж.М-ын гэрчээр, иргэний нэхэмжлэгчээр, иргэний хариуцагчаар өгсөн: ...Миний хүү болох Б.Б нь 2009 онд айлын том хүү болж төрсөн...Би өөрийн хүү болох Б.Б-ыг ойр зуурын ус авах, дэлгүүр явах гэх мэт ойр зуурын юманд яваад машин барьж сураг гэж бодоод машинтай явуулаад байдаг байсан юм. Тэр өдөр миний хүүгээ Дэнж багийн нутаг дэвсгэрт байх Онцгой байдлын ойролцоо айлаас цагаан сарын ууц, шүүс аваад ир гээд явуулсан юм. Уг нь надтай хамт явахаараа болгоомжтой, удаан замын хөдөлгөөнд оролцдог юм. Энэ удаад хурд хэтрүүлсэн юм шиг байна... Манай хүү Б.Б нь А.Н-тай хамт манай гэрээс гараад явсан юм. А.Н нь миний төрсөн эгч Ц-ийн хүү байгаа юм. Манай хүү Б.Б нь архи, согтууруулах ундаан болон мансууруулах төрлийн зүйл огт хэрэглэдэггүй, тийм зүйл ажиглагдаж байгаагүй...Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...А.Н- нь төрсөн эгчийн маань хүүхэд, бид маш ойр дотно байдаг учраас бид хүүхдүүддээ өөрийн хүүхэд шиг ханддаг. Би А.Н-ыг хүүтэйгээ хамт давхар үзүүлж, эмчлүүлж байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26, 43-44, 48-49 дэх тал/

            -Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн 377 дугаартай:..А.Н-ын биед зүүн шуу, богтос ясны хугарал, хүзүү, хэвлий, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн шуу, богтос ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 54-55-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 378 дугаартай ...Б.Б-ын биед гавал яс баруун талд зулай яс чамархай руу чиглэлтэй шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи нугасны шингэний зай, баруун, зүүн бөмбөлөг завсар, тенториумд цус харвалт, тархи доргилт, дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гавал яс баруун талд зулай яс чамархай руу чиглэлтэй шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1,2-т зааснаар, тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи нугасны шингэний зай, баруун, зүүн бөмбөлөг завсар, тенториумд цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3- т зааснаар хохирлын хүнд зэрэгт, тархи доргилт гэмтэл нь дангаараа, бусад дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өвдөгт цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна..” гэсэн дүгнэлт, /хх-ийн 61-65-р тал/,

-Орхон аймгийн Авто тээврийн төвийн Техникийн хяналтын үзлэг /хх-ийн 72-80-р тал/

-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 13 дахь жил ажиллаж байгаа Б.Б-ийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн:..Тоёота приус 20 маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б (РД:********)-нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ...” тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б-д заасан "..хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх..” гэх заалтыг, мөн Б.Б-ын төрсөн******* Тоёота приус 20 маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн б-д заасан “... тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй хүнд ... жолоогоо шилжүүлэх...” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх мөрдөгчийн магадлагаа, /хх-ийн 82-84-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч Б.Б /РД:********/ нь 2009 оны 01-р сарын 05-ны өдөр төрсөн бөгөөд 2025 оны 02-р сарын 24-ний өдөр 16 нас 1 сар 19 хоногтой байсан байна” гэх нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 96-р тал/

-Ж.М-с гаргаж өгсөн Б.Б-ын өвчний түүх, клиникийн онош, хохирогч А.Н-ын яаралтай тусламжийн хуудас, холбогдох эмнэлгийн баримт бичгүүд /хх-ийн 122-139-р тал/

-өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн:.Би тухайн үед машин барьж явсан талаараа огт санахгүй байгаа. Миний толгойны гэмтлээс шалтгаалан тэр өдрийн үйл явдлыг болон ослоос хойш 14 хоногийн үйл явдлыг санахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдсон.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд **-** ОРБ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, ****** багийн нутаг дэвсгэрийн замд хөдөлгөөнд оролцох үедээ замын хажуу руу унаж осолдон, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч А.Н-ын эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны хугарал, хүзүү, хэвлий, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, яллагдагчийн мэдүүлэг, эмнэлгийн баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр  16 нас 1 сар 19 хоногтой байхдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу унаж осолдсоны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч А.Н-ын эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны хугарал, хүзүү, хэвлий, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа яллагдагчийн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогджээ.

Өсвөр насны шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ... тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б-д заасан "..хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэх заалтыг зөрчсөн, мөн Б.Б-ын төрсөн******* Тоёота приус 20 маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн б-д заасан “... тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй хүнд ... жолоогоо шилжүүлэх...” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх мөрдөгчийн магадалгаатай, хууль ёсны төлөөлөгчийн хамт танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэм буруутай  үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тогтоосон ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

    Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.           

 Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандсаны улмаас Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1-д заасан  “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.   

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

  Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь, Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага  хүлээлгэнэ” гэж зааснаар гэмт хэрэг гарах өдөр 16 нас 1 сар 19 хоногтой байсан болох нь төрсөний бүртгэлийн лавлагаа,нас тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна.            

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ санал болгоход зөвшөөрсөн гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч:..шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээсэн. Ялын агуулгыг ойлгосон, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

           Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,

  -хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах  ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч Б.Б-ын төрсөн******* Тоёота приус 20 маркийн **-** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн б-д заасан “... тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй хүнд ... жолоогоо шилжүүлэх...” гэх заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлсэн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Уургачийнхан овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Б-д оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд  хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.А