| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2020/00484/И |
| Дугаар | 148/ШШ2020/00630 |
| Огноо | 2020-10-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 148/ШШ2020/00630
| 2020 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 148/ШШ2020/00630 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхзул, Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг, Даагат Ишгэнт 3-6 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй ******* овогт *******ийн Бат-Очирын /МС-85082919/ нэхэмжлэлтэй;
Хариуцагч буюу хариуцагч М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар баг Мөнхтолгойд оршин суух, эрэгтэй, одоо хувиараа мал малладаг******* овогт *******ийн ******* /МЮ-75042512/ нарт холбогдох
Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,381,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Г.Бат-Очир, түүний өмгөөлөгч Д.*******, хариуцагч Г.*******, түүний өмгөөлөгч Л.*******, иргэдийн төлөөлөгч Ж., гэрч Ц., Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай тарьсан луувангийн талбай руу Г.*******ын хонь, ямаа орж дөнгөж ургаж байсан лууванг идэн хохирол учруулсан. Тухайн өдөр нь бүтэн сайн өдөр таарч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хушаат сумын Хохирлын комисс ирж нүдээр үзэн Ургацын хохирол тооцсон акт гаргаад 2,381,500 төгрөгний хохирол учирсан гэсэн акт гаргасан. Уг газарт хохирлын комисс ирэхэд Г.*******, түүний эхнэр М.******* нар хоёулаа байлцаж тухайн үед бичлэг хийн танилцаж байхдаа хүлээн зөвшөөрч байсан. Бид мал ногооны талбай руу орсон талаар Г.*******тай очиж уулзахад Бид нар байгаагүй Дархан явсан байсан байсан, охин маань 20-30 хонь ямаа ороод буцаагаад гаргасан гэж байсан.
Уг газрыг энэ жил бид түрээслэн авч 2 га газарт төмс, лууван тарьсан. Луувангаа 2 газарт хуваан тарьсан юм. Г.*******ын хонь, ямаа орсон талбайгаас бараг л ургац хурааж авч чадаагүй. Анх бид нар лууван тарихдаа тухайн газраас 10тн лууван хурааж авах боломжтой гэсэн тооцоотой байсан. Иймд Г.*******аас Хушаат сумын Хохирлын комисс-ын актаар тогтоосон хохирол 2,381,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн өдөр 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байсан. Манай охиныг бэр гуйх гээд эхнэр бид хоёр Дархан луу юм бэлдэхээр явж, гэрээ 15 настай охиндоо даатгаад үлдээгээд явсан. Мөн манай гэрт бэр гуйхад оролцохоор ирсэн хүмүүс ч байсан. Тухайн үедээ ногооны талбайд манай мал орсон талаар мэдээгүй, Г.Бат-Очирыг манайд ирж хэлэхэд л мэдсэн. Би охиноосоо энэ талаар асуухад Ногооны талбайн хаалга нь онгорхой эхний 20-30 мал орохоор нь гаргасан гэж байсан. Би охиныхоо үгэнд л үнэмшиж, итгэж байгаа. Тухайн өдөр манай хонь бид нарыг явахад бэлчээртэй гарсан байсан. Ногооны талбайн ойрхон усанд ордог байсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумын Хохирлын комисс ирж акт тогтоогоод гарын үсэг зур гэхээр нь миний бие зөвшөөрөөгүй юм. Анх хохирол тогтооход газар дээр нь сумын нягтлан бодогч О.Цогтбаяр, 2 дугаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энхчимэг, малын эмч Д.Төрмандах, газрын даамал Ж.Болортуяа нар ирж, газрыг нь хэмжиж 2,381,500 төгрөгний хохирол гаргасан гэсэн акт тогтоосон. Дараа нь акт гараад би сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөнд танилцахад тухайн хохирол тогтооход байгаагүй Засаг даргын орлогч Г.Галбадрах, байгал хамгаалагч Б.Баярсайхан, цагдаа К.Алтанбүргэд, ХАА-н тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмягмар нар гарын үсэг зурсан байсан. Миний хувьд Хохирол тогтоосон акт-ыг хүлээн зөвшөөрөхгүй.
Г.Бат-Очирын ногооны хашаанд өдөр болгон л мал орсон байдаг, харуул хамгаалалт байдаггүй, ногооныхоо зэрлэгийг зулгаадаггүй, аль нь ногоо, зэрлэг хоёр нь мэдэгддэггүй, манай мал орсон байлаа гэхэд 2.381.500 төгрөгний хохирол учрахаар ногоо идээгүй гэж үздэг. Тэгээд ч манай мал ургасан ногоо руу ороогүй тухайн талбайд хэсэг атар газар байдаг тэр лүү орсон байгаа. Би өөрийн биеэр очиж үзсэн. Нотлох баримт болгон бичлэг хийж шүүхэд өгсөн. Тухайн манай мал орсон гэх талбайгаас энэ айл лууван хурааж авсан. Иймд би энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.
Гэрч Ц. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Миний бие нь Г.Бат-Очирын тарьсан ногоог 6 сараас 4-5 удаа усалгаа хийсэн. 3 дахь усалгаагаа өглөө эрт хийж байхад бог малын хөлийн мөр байсан. 80сот газарт лууван тарьсан гэх.
Гэрч Д. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Миний хувьд Г.Бат-Очиртой найз нөхдийн холбоотой. Заваараа найзынхаа ажилд тусалдаг. Би өөрийнхөө машинаар ногоо хураахад нь ачиж зөөсөн. Энэ намар 20 гаруй шуудай лууван хураасан. Ногооны талбайд мал орсон талаар ярьж байсан. Би энэ талаар мэдэхгүй гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч М.Учрал шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр малаа хариулж явсан. 500 гаран бог мал хариулж байсан. Ногоо руу нь яг ороогүй, хашааных нь тэнд мал очих нь очсон, би эргүүлж авсан болохоор орооогүй. Өдөр болгон хариулагатай байдаг, ихэнхдээ аав өдөр болгон хариулдаг. Г.Бат-Очир ахын ногооны талбайн хаалга байнга онгорхой байдаг, тэр өдөр бас онгорхой байсан гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Д.Батмягмарын шүүхэд өгсөн мэдүүлгээс:
2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хохирлын акт тогтоосон. Би 06 дугаар сарын 18-19-ний хооронд улаан буудайн соёолтын үзлэгээр Хушаат сумаар тойрч явж байсан. Энэ ажилд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өглөө эрт гаргаад 2020 оны 06 дугаар сарын 19-ний нилээн орой ирсэн. Ирсний дараа хохирлын акттай холбоотой баримттай танилдцаж, газар дээр нь хийгдсэн бүх бичлэгийг үзсэн, энэ талаар комиссын гишүүд ярилцсан. Тэгээд хохирлын актад гарын үсэг зурсан. Би Б.Булганчимэг, Г.Бат-Очир нартай уулзсан, бичлэг байсан учраас Г.*******тай уулзаагүй. Мөн Г.******* гэж хүн надтай ирж уулзаагүй, өөр багийн дарга нартай уулзаж, маргаж байсан мөртлөө манай өрөөгөөр орж ирээгүй. Би Г.*******тай уулзах шаардлагатай гэж бодоогүй. Үнэхээр өөрөө хохирсон гэж үзсэн бол надтай өөрөө ирж уулзаж, хэрэгтэй зүйлээ асууж лавлах байсан байх. Би хэн нэгэнд тийм мэдээлэл өгөөгүй, малын А дансыг иргэн өөрөө болон багийн дарга нар л мэддэг. Албан шаардлагатай бол авч авч болдог, гэхдээ надад тэгж албан шаардлагаар малын А дансыг авах зүйл байхгүй. Уншиж танилцсан. Яг одоо санахгүй байна. Сар гарангийн өмнөх асуудал...296 тоот толгой мал гэж хохироосон зүйл байхгүй. Энэ хүний малын тоо толгойг хороогоод хохироосон зүйл байхгүй. Манай суманд хамгийн их хохирдог хүмүүс нь тариаланч иргэд, малчид нь давуу эрх эдэлчихээд байдаг.
Г.*******ын буусан газрыг энэ жил өнжөөнө, ямар нэгэн айл зусуулахгүй гэж байсан. Уг нь жилийн жилд зусуулахгүй гэдэг. Зарим нэг хүмүүс шаардлага тавиад нэмэргүй зусдаг. Г.******* гуайнх энэ жил эхний буусан айлуудын нэг, би тэр талаар судлаагүй. Багийн дарга нар энэ талаар шаардлага тавьдаг. Г.*******ынхаа удаа дараа энэ жил тэр газар бууж болохгүй, нүүх тухай мэдэгдэл өгдөг. Мэдэгдлээр 3 хоногийн нүүх хугацаа өгдөг. Багийн дарга Х.Энхчимэг дээрх мэдэгдлийг 2 удаа өгснийг санаж байна. Гэтэл багийн засаг даргын шийдвэрийг биелүүлсэн цөөхөн хэдэн айл байгаа. Г.*******ынх мэдэгдлийг биелүүлээгүй гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч К.Алтанбүргэд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ:
...О.Цогбаяр гэж залуу над руу Ногооны талбайд мал орсон байна, хохирол тогтоох комисс явъя гэж ярьсан. Би явах боломжгүй байна, сонгуулийн хамгаалалтанд байна, та нар явчих гэхэд би яваад ирье гэж байсан. Ирээд О.Цогбаяр надад ногооны талбайн бичлэг, зураг үзүүлсэн, тэгээд би актад гарын үзсэг зурсан. Би хуулийн зөвлөгөө өгөөгүй. Би ногооны талбай очоогүй. Мэдүүлэг аваагүй. Комиссын нарийн бичгийн дарга О.Цогбаяр надад таныг яваагүй болохоор чинь бичлэг, зураг үзүүлж байна гээд үзүүлэхээр нь гарын үсэг зурсан юм. Хохирлын актад доод тал нь 5 хүний гарын үсэг байхгүй бол болохгүй гээд.. би зурчихсан юм...Урьд нь тийм зүйл байхгүй. 6 сарын 13, 14-нд мал орсон гэж байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би сонгуулийн хар хайрцаг ирчихсэн хамгаалттай байсан учраас явж чадаагүй юм. Хохирол тогтооход санхүү албаны дарга О.Цогбаяр, ХАА-н тасаг малын эмч Д.Төрмандах, газрын даамал Ж.Болортуяа, 2 дугаар багийн засаг даргын үүрэг гйүцэтгэгч Х.Энхчимэг нар явсан байсан. Хохирол тогтоох актад гарын үсэг зурсан гээд байгаа байгаль хамгаалагч Б.Баярсайхан, засаг даргын орлогч Г.Галбадрах, мөн К. Алтанбүргэд миний бие тус тус хохирол тогтоох ажиллагаанд оролцоогүй гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Очир нь Г.*******ад холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,381,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Бат-Очир нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №004 дугаартай Сэлэнгэ амйгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газартай Иргэн, хуулийн этгээдэд газар түрээслүүлэх тухай гэрээ хийж 0.8 га газарт Төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан харилцаа үүссэн байна.
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хушаат сумын иргэн Г.*******ын хонь, ямаа /бог мал/ Г.Бат-Очирын лууван тарьсан талбай руу орж хохирол учруулсан гэх талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан: ...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай тарьсан луувангийн талбай руу Г.*******ын хонь, ямаа орж дөнгөж ургаж байсан лууванг идэн хохирол учруулсан. Тухайн өдөр нь бүтэн сайн өдөр таарч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хушаат сумын Хохирлын комисс ирж нүдээр үзэн Ургацын хохирол тооцсон акт гаргаад 2,381,500 төгрөгний хохирол учирсан гэсэн акт гаргасан. Уг газарт хохиролын комисс ирэхэд Г.*******, түүний эхнэр М.******* нар хоёулаа байлцаж тухайн үед бичлэгтэй танилцаж байхдаа хүлээн зөвшөөрч байсан. Бид мал ногооны талбай руу орсон талаар Г.*******тай очиж уулзахад Бид нар байгаагүй Дархан явсан байсан, охин маань 20-30 хонь ямаа ороод буцаагаад гаргасан...Иймд Г.*******аас Хушаат сумын Хохирлын комисс-ын актаар тогтоосон хохирол 2,381,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх тайлбар,
Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан: ...Тухайн өдөр 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байсан...эхнэр бид хоёр Дархан руу..явж гэрээ 15 настай охиндоо даатгаад үлдээгээд явсан...Тухайн үедээ ногооны талбайд манай мал орсон талаар мэдээгүй, Г.Бат-Очирыг манайд ирж хэлэхэд л мэдсэн. Би охиноосоо энэ талаар асуухад Ногооны талбайн хаалга нь онгорхой эхний 20-30 мал орохоор нь гаргасан гэж байсан... 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сумын Хохирлын комисс ирж акт тогтоогоод гарын үсэг зур гэхээр нь миний бие зөвшөөрөөгүй юм...хохирол тогтооход газар дээр нь сумын нягтлан бодогч О.Цогтбаяр, 2 дугаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энхчимэг, малын эмч Д.Төрмандах, газрын даамал Ж.Болортуяа нар ирж, газрыг нь хэмжиж 2,381,500 төгрөгний хохирол гаргасан гэсэн акт тогтоосон. Дараа нь ...хохирол тогтооход байгаагүй Засаг даргын орлогч Г.Галбадрах, байгаль хамгаалагч Б.Баярсайхан, цагдаа К.Алтанбүргэд, ХАА-н тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмягмар нар гарын үсэг зурсан байсан. Миний хувьд Хохирол тогтоосон акт-ыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Бат-Очирын ногооны хашаанд өдөр болгон л мал орсон байдаг, харуул хамгаалалт байдаггүй,...ногоо, зэрлэг хоёр нь мэдэгддэггүй, манай мал орсон байлаа гэхэд 2.381.500 төгрөгний хохирол учрахаар ногоо идээгүй гэж үздэг... манай мал ургасан ногоо руу ороогүй тухайн талбайд хэсэг атар газар байдаг тэр лүү орсон байгаа. Би өөрийн биеэр очиж үзсэн. Нотлох баримт болгон бичлэг хийж шүүхэд өгсөн...Иймд би энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбаруудыг гаргасан байна.
Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/76 дугаартай Ургацын хохирол тооцох ажлын хэсэг томилох тухай захирамжид заасан сумын комисс мал идэж хохирол учруулсан гэх ногооны талбайд очин газар дээр нүд үзэн тухайн өдрөө №02 тоот Ургацын хохирол тооцсон акт-ыг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр очсон мэт гарын үсэг зуран баталгаажуулж, Г.Бат-Очирын лууван тарьсан талбайд Г.*******ын бог мал орсноор 2,381,500 төгрөгний хохирол учирсан хэмээн акт тогтоосон байна.
Шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, гэрч Д.Батмягмар, К.Алтанбүргэд нарын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн газарт үзлэг хийн хохирлын акт тогтооход Хушаат сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч О.Цогтбаяр, 2 дугаар багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Энхчимэг, малын эмч Д.Төрмандах, газрын даамал Ж.Болортуяа нар биечлэн очиж, газрыг нь хэмжиж 2,381,500 төгрөгний хохирол учирсан гэсэн акт тогтоосон байх бөгөөд харин Засаг даргын орлогч Г.Галбадрах, байгаль хамгаалагч Б.Баярсайхан, цагдаа К.Алтанбүргэд, ХАА-н тасгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмягмар оролцоогүй атлаа гарын үсэг зурсан байгаа нь ойлгомжгүй,
2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №02 дугаартай Ургацын хохирол тооцсон акт-ыг.... журамд зааснаар тогтоосон хохирлын акт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь:
Хохирлын комисс нь Г.Бат-Очирт учирсан хохирлын комиссын гишүүнээр хэн хэн очсон, хохирлын талаар тэмдэглэл хийсэн, хохирлыг юуг үндэслэн гаргасан, зах зээлийн ямар судалгааг үндэслэн хохирлын үнэлгээг тогтоосон, мөн ногооны талбайд хэдэн тооны толгой мал орсон эсэх, луувангийн талбайд мал орсон гэх газрыг нотлох баримтаар баталгаажуулсан /фото зураг, бичлэг гэх мэт/, мөн байлцаагүй хохирлын комиссын гишүүдийг байснаар нэрийг нь бичиж, гарын үсэг зуруулан Ургацын хохирол тооцсон акт үйлдсэн байгаа нь зохих дүрэм, журмыг зөрчин гаргасан акт гэж үзнэ.
Мөн хохирол тогтоох комиссын тухайн акт үйлдэхэд оролцоогүй гэх гишүүд Д.Батмягмар шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Ирсний дараа хохирлын акттай холбоотой баримттай танилцаж, газар дээр нь хийгдсэн бүх бичлэгийг үзсэн, энэ талаар комиссын гишүүд ярилцсан. Тэгээд хохирлын актад гарын үсэг зурсан... гэх,
гэрч К.Алтанбүргэд шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...О.Цогбаяр надад ногооны талбайн бичлэг, зураг үзүүлсэн, тэгээд би актад гарын үсэг зурсан... гэх боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, тухайн үед ногооны талбайн бичлэг хийсэн эсэх нь эргэлзээтэй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолж чадаагүй байна.
Иймд Г.Бат-Очирын нэхэмжлэлтэй Г.Мөнбатад холбогдох Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,381,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан нотлох баримт болох мал орсон гэх ногооны талбайн зураг, бичлэг /2 ширхэг сиди/ зэрэг үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53,054 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Г.Бат-Очирын нэхэмжлэлтэй Г.Мөнбатад холбогдох Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,381,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53,054 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал ...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХЗУЛ
Л.СОЁЛМАА