Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/163

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ө.Н,

Шүүгдэгч: Г.Х-, И.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар ..... аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И з овогт И-ын Ө-т, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Г-ын Х-  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000076 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................ ..... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........ хамт амьдардаг, ..... аймгийн ......... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгэжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн, С овогт Г-ын Х-  (регистрийн дугаар:.............);

Монгол Улсын иргэн, ................-нд ..... аймгийн ......... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........ хамт амьдардаг, ..... аймгийн ......... сумын .... дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, И з овогт И-ын Ө- (регистрийн дугаар:..............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х- нь 2025 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... аймгийн ......... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.........” зочид буудлын ... тоот өрөөнд хохирогч Д.А-ын уруул тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгаралт, буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн салсад зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2025 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ..... аймгийн ......... сумын ... дугаар багийн ... тоотод байрлах хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч И.Ө-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Шүүгдэгч И.Ө- нь 2025 оны 3 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө согтуурсан үедээ ..... аймгийн ......... сумын ... дугаар багийн .. тоотод байрлах хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Х-ыг  зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Х-ын хохирогч Д.А- болон И.Ө- эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч И.Ө-ын хохирогч Г.Х-ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан хоёрын шалтгаант холбоотой байна. Г.Х-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.А-, И.Ө- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч И.Ө-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Шүүгдэгч нар нь уг үйлдлийнхээ нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн тул шүүгдэгч Г.Х-ын хоёроос дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч И.Ө-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Г.Х-ын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ хувь нэмрээ оруулдаг, И.Ө- нь том тээврийн автомашин жолоодож тээвэр хийдэг зэрэг хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь зорчих эрх хязгаарлах ял, торгох ял  гэсэн сонгох санктай тул миний үйлчлүүлэгч нарт торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Г.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Д.А-ыг цохисон нь бол яг миний 100 хувь буруу тэр үед би ямар ч ухаангүй согтсон байсан тэгээд эрүүл болчхоод Д.А-аас уучлал гуйгаад тохиролцсон. Энэ хэрэгт холбогдоод 4 сар болж байна. Ах, дүү, аав, ээжээ зовоогоод хэцүү байна. Дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлгийг,

4. Шүүгдэгч И.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт: “миний хувьд бас тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.Х-тай зодолдож хэрүүл маргаан гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа ийм алдаа дахиж гаргахгүй ээ одоо өөрөө хувиараа том тэрэг барьж байгаа тэгээд урагш нь ажил төрөл явах хэрэгтэй байгаа өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэрэгт торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн нэгтгэсэн 2535000000076 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,(1 дэх хавтаст хэргийн 01 дэх  тал, 2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал);

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 4-6 дахь тал);

3. Мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь  тал);

4. Хохирогч Д.А-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал);

5. Гэрч Б.Ш-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал);

6. ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал)

7. Хохирогч И.Ө-ын мэдүүлэг, (2 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал);

8. Хохирогч Г.Х-ын мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал);

9. Гэрч Ч.Э-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 27-28дахь тал);

10. Гэрч Э.М-гийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал);

11. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 58-60 дахь тал);

12. Гэрч А.А-ийн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал);

13. ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал);

14. ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч хэргээс:

1. И.Ө-, Г.Х- нарын хувийн байдлуудыг тогтоосон баримтууд болох ......... сумын .... дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 121-122,127-129, 132-134, 137-140 дэх тал);

2. И.Ө-, Г.Х- нарын яллагдачаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “гэм буруугаа хүлээн зөршөөрсөн” мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 115-119 дэх тал);

3. Хохирогч Г.Х-, И.Ө- нарын “ ...нэг нэгнээсээ нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг барагдуулсан, цаашид гарах сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 142 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Х-, И.Ө- нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Шүүгдэгч Г.Х- нь 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... аймгийн ......... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.........” зочид буудлын ... тоот өрөөнд хохирогч Д.А-ыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дэх хавтаст хэргийн 01 дэх  тал);

1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 5-8 дахь тал);

1.3. Мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь  тал);

1.4. Хохирогч Д.А-ын "... Би 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гадуур явж байгаад 02 цагийн үед байх "........." зочид буудал орсон бөгөөд тухайн газарт нэг сургуульд хамт сурдаг байсан Г.Х- гэх залуутай тааралдсан. Г.Х- архи уучихсан нэлээд согтолттой байсан бөгөөд бид хоёр мэнд ус мэдэлцээд Г.Х- надад хандаж би хэдэн дүү нартайгаа хамт явж байгаа, манай өрөөнд ороод гар гэж хэлэхээр нь би зөвшөөрч тухайн буудлын 202 тоот өрөө рүү Г.Х- түрүүлж орж, би түүний араас орж хаалга хаагаад эргээд харахад Г.Х- миний уруул хэсэгт баруун гараараа нэг удаа цохиход миний үүдэн хоёр шүд унаж, нэг шүд хөдөлсөн. Г.Х- яагаад намайг цохисон болохыг мэдэхгүй ч надаас уучлалт гуйж бид хоёр тохиролцсон...Г.Х- нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглээд согтуу байсан болохоороо намайг цохисон. Түүнээс биш Г.Х- бид хоёрын дунд хэрүүл маргаан гараагүй. Миний биед учирсан гэмтлийг Г.Х- баруун гараараа миний уруул хэсэгт цохиж учруулсан гэмтэл..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал);

1.5. Гэрч Б.Ш-ын "... Би ... 2025 оны 03 дугаар сарын 03-ны шөнө 01 цагийн үед "........." зочид буудлын ... тоот өрөөг авч, найз Ц.Б-тай хамт орсон. Би буудлын өрөөнд ороод шууд унтсан ба хэдэн цагт болохын мэдэхгүй, хүмүүс чанга чанга ярих чимээгээр сэрж харахад Г.Х- гэх зүс таних залуу ирчихсэн найз Ц.Б-, М.Г- нартай хамт архи ууж байхаар нь босож тэд нарын ууж байсан архийг хувааж уугаад ойр зуурын зүйл ярилцаад сууж байтал Г.Х- буудлын өрөөнөөс гарч 5 минут орчим болсны дараа буудлын өрөөнд орж ирсэн. Түүний араас нэг танихгүй эрэгтэй хүн орж ирсэн. Г.Х- нь уг танихгүй эрэгтэй хүний уруул хэсэгт гараараа нэг удаа цохиход, уг залуугийн шүд нь унасан. Би Г.Х-ыг уг залуугаас түлхэж холдуулаад, зүгээр эсэхийн асууж, Г.Х- уучлалт гуйж, хоорондоо тохирохоор болоод салсан...Тухайн залууг Г.Х- яагаад цохих болсныг мэдэхгүй. Г.Х- буудлын өрөөнөөс гараад 5 минут орчим болсны дараа уг залууг дагуулж орж ирээд ямар нэгэн зүйл ярилцалгүй уруул хэсэгт нь нэг удаа цохиход шүд нь унасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал);

1.6. ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаартай: “...Д.А-ын биед зүүн дээд 1,2 дугаар шүдний булгаралт, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн хэсгийн салсад зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Г.Х-, И.Ө- нар нь согтуурсан үедээ ..... аймгийн ......... сумын ...дугаар багийн ... тоотод байрлах хашаанд 2025 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө харилцан зодолдож, нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал);

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 4-6 дахь тал);

2.3. Хохирогч И.Ө-ын “Өөрийнхөө автомашины түлхүүр хайгаад А.А-ээс би чамд автомашины түлхүүрийг өгсөн үү, чи миний автомашины түлхүүр авсан уу гэж асуусан. Тэгтэл А.А- нь “би чиний автомашины түлхүүрээр яах юм” гээд бид хоёр маргалдаж, Э.М-н гэрээс зууралдаж гарсан. Тухайн үед Г.Х- нь гэрээс гараад явчихсан байсан. А.А- бид хоёр хашаан дотор маргалдаад “миний автомашины түлхүүрийг олж өг” гээд зогсож байхад Г.Х- нь хашааны хаалгаар гаднаас орж ирэхээр би түүнээс “миний автомашины түлхүүр хаана байна, та нар түлхүүр олж өг” гэхэд Г.Х- нь “бид нар чиний түлхүүрээр яадаг юм, өөрийнхөө эд зүйлд эзэн болохгүй юу” гээд шууд намайг заамдаж барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа цохьсон. Би тухайн үед Г.Х-ыг үсдэж барьж аваад газар унагааж, түүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж, цээж, гуя хэсэг рүү өшиглөсөн бөгөөд Г.Х-аас над руу улайрч дайраад байхаар нь би зугтаж цагдаагийн байгууллагад хандсан. Уг хэрэг үйл явдал нь ......... сумын ... дугаар багийн нутаг ... тоот хашаанд байрлах Э.М-н гэрийн гадна үүдэн хэсэгт 2025 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед ойролцоогоор 10-15 минутын хугацаанд болсон. А.А- бид хоёр гэрийн гадна маргалдаж байхад Г.Х- ирж юу болоод байгаа юм гэж асуухад А.А- гэр рүү орсон. Харин Г.Х- бид хоёр маргалдаж зодолдох үед бид хоёроос өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Уг хэргийн улмаас Г.Х- нь миний баруун нүдний хөмсөг, нүд, хамар хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон ба тухайн үед миний баруун нүдний хөмсөг язарч, хамраас цус гарсан. Би уг үйл явдал болох үед Г.Х-ыг үсдэж газар унагааж түүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж, цээж, гуя хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг, (2 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал);

2.4. Хохирогч Г.Х-ын “Гэрийн гадна маргалдах чимээгээр гарч ирэхэд А- Ө-ыг газар дарчихсан шороон дээр хэвтэж байсан. Би тэр үед боль гэж хэлээд тэднийг салгахад И.Ө- над руу дайрч намайг цохих гэхээр нь би зөрүүлээд түүний нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохисон бөгөөд И.Ө- намайг үсдэж татахад би хальтарч газар унаж бид хоёр зодолдсон. И.Ө- түрүүлж босоод миний хамар хэсэгт цохисон. Би түүнийг хойноос хальт хөөгөөд буцаж гэр рүүгээ орсон. Харин И.Ө- гарч яваад буцаж ирэх дээ цагдаа дагуулж ирсэн. Уг хэрэг үйл явдал нь ......... сумын ... дугаар багийн нутаг ... тоот хашаанд байрлах Э.М-н гэрийн гадна үүдэн хэсэгт 2025 оны 03 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед ойролцоогоор 10-15 минутын хугацаанд болсон. Уг хэрэг үйл явдал харанхуй орчинд болсон бөгөөд тухайн үйл явдлыг А- харсан байх. Уг хэрэг үйл явдал болох үед И.Ө- нь гараараа миний хамар, нүүр толгой хэсэг рүү цохиж, хамар хугалж, намайг үсдэж, миний духны зүүн дээд хэсгийн үсийг зулгалсан. Би И.Ө-ын нүүр хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 64-65 дахь тал);

2.5. Гэрч Ч.Э-ийн “А.А-, Э.М- бид гурав сууж байтал Г.Х- гэрт орж ирснээ намайг үснээс татаж байгаад дээшээ харуулаад хамар луу цохичихоод зугатчихлаа гэж хэлээд хамарныхаа цусыг арчихад хэн чамайг зодсон юм бэ гэхэд мэдэхгүй байна гэсэн. ...Ө-, Х- хоёр машины түлхүүрээс болоод хоорондоо маргалдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 27-28дахь тал);

2.6. Гэрч Э.М-гийн “И.Ө- А-эд хандаж миний машны түлхүүр хаана байна гэж асуухад А- биедээ үзээд байхгүй байна гэж хэлэхэд Ө- А-эд хандаж би чамд өгсөн гэж хэлэхэд Г.Х- И.Ө-т хандаж чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд И.Ө-, Г.Х- хоёр заамдалцаад гарсан. ...Удалгүй Г.Х- орж ирээд танай найз нар чинь намайг зодчихоод явчихлаа гэж уурласан...Ө- чинь зодчихоод зугатаад явчихлаа гэж хэлсэн. ...машины түлхүүрээс болоод хоорондоо маргалдсан. И.Ө-ын биед Г.Х- халдаж цохисон” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал);

2.7. Хяналтын камерт үзлэг хийсэн “2025 оны 03 дугаар сарын 22-ны өглөөний хяналтын камерын бичлэгийг шүүхэд И.Ө-, А.А- нар барьцалдаж, чи давраад байгаарай гээд босон хориглож...хамт газар руу унаж ноцолдож байв...06:14:14 цагт гэрийн гадна шороон дээр А.А-, И.Ө-ыг дарсан байдалтай ямар нэгэн дуу чимээгүй, огцом хөдөлгөөнгүй байв. 06:15:25 цагт Г.Х- нь И.Ө-ыг цохих гээд ноцолдож газарт унав...06:17:00 цагт И.Ө- нь хяналтын камерын өнцөг хашааны цаанаас ноцолдож гарч ирээд доороо ямар нэгэн зүйл өшиглөхөд /Г.Х-/ хүн босож ирээд түүнийг хашаа руу хөөж унагаах шиг болов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 58-60 дахь тал);

2.8. Гэрч А.А-ийн “Би түүнийг газар унагааж дараад “чи архи уучихсан автомашин жолоодож хаашаа явах гээд байгаа юм, надад чиний автомашины түлхүүр байхгүй” гэж байхад Г.Х- ирээд “та хоёр больцгоо” гэж хэлээд босгосон. И.Ө- нь босож ирээд над руу дахиж дайраад байхаар нь Г.Х- намайг өмөөрч И.Ө-ыг цохиж, тэр хоёр зодолдсон. ... Харин И.Ө-, Г.Х- нар нь гэрийн гадна ноцолдоод үлдсэн. Тухайн үед гадна харанхуй болчихсон байсан болохоор И.Ө-, Г.Х- нар нь нэг нэгнээ яаж цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Ойролцоогоор 5-10 минутын хугацааны дараа Г.Х- гэрт орж ирээд чиний найз чинь намайг зодчихоод зугтаад явчихлаа гэсэн бөгөөд түүний хамраас цус гарчихсан байсан. Уг хэрэг үйл явдал болох үед Г.Х- нь намайг өмөөрч И.Ө-тай маргалдаж тэд хоорондоо зодолдож, нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан...Уг шөнө И.Ө- Г.Х- хоёроос өөр зодолдсон хүн зүйл байхгүй. Тэд хоорондоо зодолдож нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал);

2.9. ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаартай: “И.Ө-ын биед баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, дотно булан, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Баруун нүдний дээд зовхинд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Харин баруун нүдний дээд зовхи, дотно булан, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувь хүрэхгүй талбайг хамарсан байгаа тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”- ын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал);

2.10. ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 138 дугаартай “Г.Х-ын биед хамар ясны хугарал, зулайн зүүн хэсэг, духны зүүн үстэй хэсэгт зулгаралт, духны зүүн үстэй хэсгийн халзрал, зүүн нүдний дээд зовхи, дотно булан, баруун гуяны урд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Хамар ясны хугарал хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дотно буланд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулах ба нийлэг алганы дүрмээр биеийн нийт гадаргуун 1 хувь талбайг хамарч байгаа тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зулайн зүүн хэсэгт зулгаралт, духны зүүн үстэй хэсэгт зулгаралт, духны зүүн үстэй хэсгийн халзрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

2. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр:

- шүүгдэгч Г.Х- нь 2025 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө хохирогч Д.А-ын уруул тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хохирогч И.Ө-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг,

-шүүгдэгч И.Ө- нь 2025 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө хохирогч Г.Х-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч И.Ө-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Иймд прокуророос Г.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, И.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Г.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Х-ын хохирогч Д.А-, И.Ө- нарыг зодсон үйлдэл болон шүүгдэгч И.Ө-ын хохирогч Г.Х-ыг зодсон үйлдэл, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Г.Х-, И.Ө- нар нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд Г.Х-, И.Ө- нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Шүүгдэгч Г.Х-, И.Ө- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Г.Х-ын үйлдлийн улмаас хохирогч Д.А-, И.Ө- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч И.Ө-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тус тус шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

2. Хохирогч Г.Х-, И.Ө- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг, хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт хэрэгт авагдсан баримтуудыг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

3. Хохирогч Д.А- нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан “миний бие гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухайлсан хүснэгтээр тогтоолгоно” гэх хүсэлтийг, “надад хохирол барагдуулж нэг ч төгрөг өгөөгүй, би гомдолтой байна” гэх мэдүүлгийг тус тус гаргасан (1 дэх хавтаст хэргийн 28, 91 дэх тал) байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтад заансаар хохирогч Д.А-ын сэтгэцэд “Хоёрдугаар” зэргийн хор уршиг учирсан тогтоогдсон (1 дэх хавтаст хэргийн 45  дахь тал) бөгөөд хэрэгт хохирол нэхэмжлэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч Д.А- нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан болон бусад хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Г.Х-аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Г.Х- нь Эрүүл мэндинй даатгалын санд учирсан 24,840 төгрөгийг төлснийг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч И.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн нь тус тус тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Г.Х-т Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч И.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна” гэх  дүгнэлтийг,

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Г.Х-ын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ хувь нэмрээ оруулдаг, И.Ө- нь том тээврийн автомашин жолоодож тээвэр хийдэг зэрэг хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь зорчих эрх хязгаарлах ял, торгох ял  гэсэн сонгох санктай тул торгох ял оногдуулж өгнө үү. Иймд миний үйлчлүүлэгч нарт ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч Г.Х- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Энэ хэрэгт холбогдоод 4 сар болж байна. Ажил төрлөө сайн хийж чадахгүй, ах , дүү, аав, ээжээ зовоогоод ингээд явж байгаадаа маш их харамсаж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна. Би одоо алт мөнгөний дарханы туслахаар ажиллаж байгаа, цаашдаа үсчин хийхээр багажаа захиалчихсан, удахгүй ирэхээр ажиллана. Иймд ажил хийх боломжоор хангаж, торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэв.

5. Шүүгдэгч И.Ө- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Би ... аймагт ..... уурхайд ачаа тээврийн жолооч ажилтай, сардаа 4-5 удаа явдаг. Би ээж, дүү нарын хамт амьдардаг. Ээж маань тэтгэвэртэй, дүү оюутан тийм болохоор би ажил төрөл хийх нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэв.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Г.Х- нь урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгэжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлж байсан,

-Шүүгдэгч И.Ө- нь урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь бөгөөд уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-, И.Ө- нарыг урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй, харин дээрх нөхцөл байдлыг шүүгдэгч нарын хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Х-, И.Ө- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Х- нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ... настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... нарын хамт амьдардаг,

-шүүгдэгч И.Ө- нь хувийн байдлын хувьд ....онд төрсөн, ... настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..... амьдардаг зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Х-ын хувийн зан байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 32 дахь талд авагдсан гэрч М.А-ын, 2 дахь хавтаст хэргийн 77-78 дахь талд авагдсан гэрч буюу түүний төрсөн эх С.Н-ийн тус тус мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, шүүгдэгч И.Ө-ын хувийн зан байдлын талаар 2 дахь хавтаст хэргийн 74-75 талд авагдсан гэрч буюу түүний төрсөн ах И.И-ын мөрдөн байцаалтын штанд өгсөн мэдүүлгийг тус тус тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

7. Иймд шүүгдэгч Г.Х-, И.Ө- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 (тав) сар зорчих эрх хязгаарлах ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Г.Х-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух ..... аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- Шүүгдэгч И.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгрөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Х-, И.Ө- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, И.Ө- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч С овогт Г-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд,

- Шүүгдэгч И з овогт И-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т 5 (тав) сар зорчих эрх хязгаарлах ял,

-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ө-т 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгрөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Х-т зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн байнга оршин суух ..... аймгийн ......... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Ялтан И.Ө- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Хохирогч Д.А- нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан болон бусад хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Г.Х-аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ..... аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                              

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ