Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/137

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д*******,

Шүүгдэгч Э.О******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Э*******ын О*******д холбогдох эрүүгийн 2531001170113 дугаартай, 316/2025/0114/Э  индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, ******* ******* гол ХХК-д бэлтгэгч, тогооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сум 02 дугаар баг Б******* Н******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогт Э*******ын О******* /Регистрийн дугаар: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Гын эзэмшлийн бүртгэлтэй гар утасны дугаар, хувийн мэдээлэл зэргийг ашиглан зээлийн "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинд бүртгүүлэн хууль бусаар нэвтэрч 1,163,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Одоо нэмж ярих зүйл байхгүй гэм буруугаа хүлээж байна...” гэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.О*******ын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогчийн мэдүүлэг, аппликейшин үзсэн талаар холбогдох байгууллагын лавлагаа, шүүгдэгчийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Э.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 зүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай байж болох асуудлаар хэлэлцэгдэж ирлээ. Хулгайлах гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийн шинж нь бусдын эд зүйлийг хулгайлсан байхыг шаарддаг. Энэ зүйл ангид харууштай байна уу гэж боддог. Хохирогч Гын эд хөрөнгөд халдаад байгаа юм уу банк бус байгууллагын эд хөрөнгөд халдсан гэж үзэж байна уу? эргэлзээ бүхий байна. хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгчийн гэм буруу болон зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл эргэлзээ бүхий бол шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж болно гэж хуулийн заалт байдаг тул энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Харин кибер орчинд хууль бусаар нэвтэрч авсан үйлдэл нь тогтоогдож байна гэж үзэж байгаа тул тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Хохирогч Д.Гын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "... Би одоо цаг хугацааг тодорхой санахгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байхаа ******* сумын 2-р баг Н*******д манай урд талын гудамжны танил дүү болох О******* надтай утсаар холбогдож та иргэний үнэмлэхээ аваад манай гэрт ороод ирээч би ойн сан гэрээгээр эзэмших ойн нөхөрлөл байгуулж байгаа юм. Ойн нөхөрлөл нь 10 гишүүнтэй байна гэхээр нь би иргэний үнэмлэхээ аваад гэрт нь очсон тэр үед О******* миний иргэний үнэмлэхийн зургийг нь утсаараа дарж аваад гишүүнээр орсон хүмүүст 50.000 төгрөг өгч байгаа та дансаа өгчих таны мөнгийг одоо хийе гээд миний дансыг бичиж аваад 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд О******* таны дансаар одоо хэдэн төгрөг орж ирнэ та тэр үед нь надад хэлээрэй надад орж ирж байгаа мөнгө шүү гэж хэлээд удалгүй 370.000 төгрөг, 175.000 мянган төгрөг миний дансанд орлогоор мөнгө орж ирсэн. Тэгээд О*******д мөнгө орж ирснийг хэлэхэд цаашдаа бас мөнгө орж ирнэ тэр үед нь та надад хэлээд над руу шилжүүлнэ шүү гэхээр нь би чи өөрөө шилжүүлээд ав гээд өөрийнхөө интернэт банкны нэвтрэх нууц дугаар, гүйлгээний нууц дугаарыг хамтад нь хэлээд мөнгө орж ирсэн үед нь өөрөө авчаарай гэж хэлээд өгсөн. Тэгээд сүүлд нь О******* миний зөвшөөрөлгүйгээр надад мэдэгдэхгүй гар утасны зээлийн аппликейшинүүдэд хандалт хийж аппликейшинээс нийт 1.945.000 мянган төгрөгийн зээл авсныг нь мэдээд тэр үедээ хэл ам болоод авсан зээлээ төлж хаасан. Тэгээд одоо ямар ч асуудал байхгүй салцгаасан. Тэгээд би цалингийн шугамын зээл хөөцөлдөөд Банк орж зээлээ судлуулахад О******* миний зөвшөөрөлгүй миний өмнөөс "" ББСБ-аас 3 удаагийн үйлдлээр нийт 1.163.000 төгрөгийн зээл авч өөрөө хэрэглэсэн байсан. О******* 1.163.000 төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан болохоор сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11-р хуудас...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “... О******* надтай ойн сан гэрээгээр эзэмших ойн нөхөрлөл байгуулж байгаа талаар ярьж тэр үедээ миний дансны дугаарыг авч мөн миний иргэний үнэмлэхний зургийг дарж авсан. Тэгээд таны дансаар надад мөнгө орж ирнэ та утсаа өгч бай гээд миний утсыг авч өгөөд таны дансаар мөнгө орж ирнэ та надад мөнгө орж ирэх үед нь хэлээрэй гэхээр нь би тэр үед юм бодолгүй чи өөрөө шилжүүлээд аваарай гээд өөрийнхөө интернет банкны нэвтрэх нэр, гүйлгээний нууц дугаараа хэлж өгч байсан. Тэгээд би цалингийн шугамын зээл хөөцөлдөөд Банк орж зээлээ судлуулахад О******* миний зөвшөөрөлгүй надад хэлээгүй нууцаар миний өмнөөс "" ББСБ-ын аппликейшинээс 3 удаагийн үйлдлээр нийт 1.163.000 төгрөгийн зээл авч өөрөө хэрэглэсэн байсан. О******* аппликейшинээс авсан 1.163.000 төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан болохоор сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 

Шүүгдэгчийн Хаан банкин дахь дансны хуулга /хх-ийн 20-36-р хуудас/,

Хохирогч Д.Гын “” ББСБ дахь дансны хуулга /хх-ийн 38-р хуудас/,

Хохирогчийн зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-н 67 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/,

Шүүгдзгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 61-р хуудас/,

Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 62-р хуудас/,

Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/,

Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65-67-р хуудас/,

Шүүгдэгчийн төрсөн эцгийн эрүүл мэндийн талаарх эмчийн тодорхойлолт, эмнэлгийн баримтууд /хх-ийн 68-79-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.О*******ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

 

 Шүүгдэгч Э.О******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн аавынхаа эмчилгээний мөнгийг олох хувийн сонирхлын үүднээс "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинаас хохирогч Д.Гын хувийн мэдээллийг ашиглан зээл авах зорилгоор түүнд “Ойн нөхөрлөл байгуулж байгаа, таныг гишүүнээр элсүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж цахим хэрэгсэл ашиглан "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинаас түүний нэр дээр 1.163.000 төгрөгийн зээл үүсгэн авч ашигласан үйл баримт тогтоогдов.

 

Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогчийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 04-р хуудас/, шүүгдэгчийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07-р хуудас/, хохирогч Д.Гын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, хохирогч Д.Гын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, шүүгдэгч Э.О*******ын Хаан банкин дахь дансны хуулга /хх-ийн 20-36-р хуудас/, хохирогч Д.Гын “” ББСБ дахь дансны хуулга /хх-ийн 38-р хуудас/, хохирогчийн зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-н 67 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.О******* нь төрсөн аавынхаа эмчилгээний мөнгийг олох хувийн сонирхлын үүднээс хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн танил Д.Гыг “Ойн нөхөрлөл байгуулж байгаа, таныг гишүүнээр элсүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний дансны дугаар, Хаан банкны нэвтрэх нэр, нууц үг, иргэний үнэмлэхний зураг зэргийг авч "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинд түүний мэдээлэлээр бүртгэл үүсгэн нэвтэрч 1,163,000 төгрөгийг зээл хэлбэрээр авч ашигласан үйл баримт тогтоогдсон.

Прокуророос шүүгдэгч Э.О*******ын дээрх үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснийг ойлгоно. Энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй бол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан буюу хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, танилцсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр Д.Гд Ард аппликешнд ямар ч бүртгэл байхгүй ба шүүгдэгч Э.О******* нь Д.Гын хувийн мэдээллийг ашиглан бүртгэл үүсгэж 1.163.000 төгрөгийн зээл авч ашиглан зохих төлөлтийг хийж байсан болох нь тогтоогдсон.

Хохирогч Д.Г нь "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшин байдаг талаар мэдэгдэхүүнгүй, тус аппликешнд бүртгэл үүсгээгүй, хэдэн төгрөгийн зээлийн эрхтэй талаар мэдээгүй байсан тохиолдолд хулгайд алдсан гэх 1.163.000 төгрөгийг Д.Гын өмчлөл, эзэмшлийнх гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Түүнчлэн ийнхүү тус аппликешнд хохирогч огт бүртгэл үүсгээгүй байхад тус аппликейшинд түүний зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэх ойлголт үүсэхгүй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Э.О******* нь анхнаасаа "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинаас хохирогч Д.Гын хувийн мэдээллийг ашиглан зээл авах зорилгоор түүнд “Ойн нөхөрлөл байгуулж байгаа, таныг гишүүнээр элсүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж цахим хэрэгсэл ашиглан "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинаас түүний нэр дээр 1.163.000 төгрөгийн зээл үүсгэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлсон Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Э.О*******ын гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго зэрэг нь залилах гэмт хэргийн дээрх шинжтэй бүрэн нийцэж байна.

Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлд бусдын эд хөрөнгө хамаардаг бол залилах гэмт хэргийн халдлагын зүйлд эд хөрөнгөөс гадна эд хөрөнгийн эрх мөн адил хамаардаг онцлогтой.

Хохирогч Д.Г нь "" банк бус санхүүгийн байгууллагын цахим аппликейшинд сайн дураар бүртгэл үүсгээгүй, уг системийн талаар мэдэгдэхүүнгүй, хэдэн төгрөгийн зээлийн эрхтэй талаар мэдээгүй байсан боловч уг апп-д бүртгүүлснээр тодорхой хэмжээний зээлийн эрх түүнд үүсэх боломжтой энэ эрх нээлттэй байсан байна. Гэтэл уг эрхийг шүүгдэгч нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж цахим хэрэгсэл ашиглаж түүний хувийн мэдээллийг авах замаар буюу залилах гэмт хэргийн үйлдлийн аргаар өөрийн эзэмшилд авч ашигласан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно…” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б******* овогт Э*******ын О*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Э.О*******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хүнд төрлийн ял буюу хорих ялын хэмжээ нь 6 сараас 5 жил хүртэл, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял 6 сараас 2 жил хүртэл байна гэж заасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ял 6 сараас 3 жил хүртэл байна гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно…” гэж заасан байна.

Үүнээс авч үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хэмжээ багассан байх тул зүйлчлэл хөнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн шинжүүд нь нийлээд залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан...” гэх шинжийг бүрдүүлж байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хуурч мэхлэх аргаар хохирогчийн мэдээллийг өөрийн болгосноор зээл авах эрх үүссэн буюу уг мэдээлэл байгаагүй бол цаашдын үр дагавар үүсэх боломжгүй юм. Мөн  гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь хохирогчийн хувийн мэдээллийг ашиглан цахим системээс зээл авах байсан зэргийг анхаарах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гд 1,163,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирол бүрэн төлсөн болох нь хх-н 67 дугаар хуудаст авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.О*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс Э.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлдэг байх тул торгуулийн ялын санал гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцлоо. Үүнтэй холбогдуулаад ял шийтгэлийн талаар өмгөөлөгчийн зүгээс хувийн саналаа оруулъя. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 6 сар хязгаарлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.О*******д мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.О******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б******* овогт Э*******ын О*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б******* ургийн овогт Э*******ын О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* ургийн овогт Э*******ын О*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нь шүүгдэгч Э.О*******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож ял солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч Э.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.О******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ