Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2525000000075 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,, Х овогт Э-ийн Б /РД:********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Орхон аймгийнын ****** багийн нутаг дэвсгэр ******* төвийн арын засмал зам дээр явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамгаалалтын ажилтан ажилтай, цагдаагийн дэд ахлагч, хууль сахиулагч Л.И-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж “нүүрэн цус хуралт” бүхий гэмтэл учруулан эсэргүүцсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

      Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Э.Б-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Нэг найз маань гадаадаас ирээд 4-5 уулаа их уусан. Баарнаас гарч яваад тийм зүйл болсон. Болсон явдлыг сайн санахгүй байгаа гэх мэдүүлэг,   

     

      - эрүүгийн 2525000000075 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

            -Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 02 дугара сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Л.И-ыг ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай” тушаал, ажил байдлын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 8-13-р тал/

            -Цагдаагийн газрын 2024 оны 12-р сарын 31-ний өдөр “Орхон аймагын хотын төвийн багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж ажиллах алба хаагчийн хуваарь гэх баримт /хх-ийн 15-р тал/

-хохирогч Л.И-ын мэдүүлсэн... Би 2025 оны 01-р сарын 01-ний өдөр шөнийн 22 цагаас 03 цагийн хооронд ****** багийн нутаг дэвсгэрт байрлах ******* төвөөс Хаан банкны орчимд Дотоодын цэргийн алба хаагч дэд ахлагч Б.Б, дэд ахлагч Ж.П нарын хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 01 цаг 30 минутын орчим ******* худалдааны төвийн хойд талын авто зам дээр замын хөдөлгөөн хаагаад хар өнгийн малгайтай цамцтай эрүү, шанаа хэсгээрээ сахалтай 30 орчим насны махлаг залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гараа алдлаад орилоод “ааа ааа” гээд байсан. Тэгээд дэд ахлагч Б.Б, дэд ахлагч Ж.П нарын хамтаар очоод замаас гараад гэртээ хариад амраарай, замын хөдөлгөөн хааж, ингэж гудамж талбайд орилж болохгүй шөнийн 01 цаг өнгөрсөн иргэд амарч байна гэхэд тухайн согтуу******* “чамд хамаагүй пизда” гээд тавьсан шаардлага биелүүлэхгүй байхаар нь гэрийнх нь хаягийг асуугаад мэдээллийг нь авах гэтэл гэрээ зааж өгөхгүй, мэдээллээ хэлэхгүй байхаар нь хэн болох, хаана амьдардаг болохыг тогтоох зорилгоор машинд суулгаад хөдлөх гэтэл машин дотор арын суудал дээр сууж байгаад гэнэт миний нүүр хэсэг рүү хоёр удаа цохиж аваад “хоёулаа зүгээр зодолдох уу” гэсэн. Тэгээд миний хамар хэсгээс цус гараад бага зэрэг хавдсан хувцас хэрэглэл урагдаж гэмтсэн зүйл байхгүй...Надад одоо гомдол санал байхгүй. Харин “****-**** Мед” эмнэлэгт үзүүлсэн 30000 төгрөгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд хор уршиг учраагүй зүгээр”  гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21-р тал/,

-гэрч Э.Б-ын мэдүүлсэн:..Би тухайн өдөр дэд ахлагч Ж.П, дэд ахлагч Л.И бид 3 ****** багт үүрэг гүйцэтгээд явж байтал ******-ын хойд талын машин зам дээр нэг согтуу залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зогсож байхаар нь бид 3 очоод дэд ахлагч Л.И та машин зам дээр зогсож болохгүй гэж хууль ёсны шаардлага тавихад согтуу залуу шаардлага эсэргүүцээд хуц, солиор гээд машин замаас холдож өгөхгүй байхаар нь арай гэж хэлж ярьсаар байгаад замын цаад талд гарсан...Тэгээд уг согтуу залууг машины арын суудалд дээр сууулгах гэтэл машинд суухгүй гээд эсэргүүцэл үзүүлээд тэгээд дэд ахлагч Л.И-ын хамар руу нь согтуу залуу гараараа нэг удаа цохиход хамараас нь нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

-гэрч Ж.П-ын мэдүүлсэн:.. үүрэг гүйцэтгээд явж байтал пирамидын хойд талын машин зам дээр махлаг өндөр, нэг согтуу залуу архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн орилоод зогсож байхаар нь бид 3 очоод дэд ахлагч Л.И та машин зам дээр зогсож болохгүй гэж хууль ёсны шаардлага тавихад согтуу залуу шаардлага эсэргүүцээд чамд хамаагүй, хуц, солиор гээд машины замаас холдож өгөхгүй байхаар нь нь арай гэж хэлж ярьсаар байгаад замыг цаад талд гарсан Тэгээд тухайн иргэнээс гэрийн хаяг, болон өөрийнх нь хаана амьдардаг талаар асуухад огт юм хэлээгүй шууд л хэл амаар доромжилж, зодолдох уу гэж хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд уг согтуу залууг бид 3 машины арыг суудал дээр суулгах гэтэл машинд суухгүй гээд эсэргүүцэл үзүүлээд басл хэл амаар доромжилоод, хувцаснаас нь зуураад татаж чангааж байгаад дэд ахлагч Л.И-ын хамар руу нь нэг удаа цохиход хамарнаас цус гарсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирж өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

         -Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн “...Л.И-ын биед нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-н 28-29-р тал/

 Шүүгдэгч Э.Б-ийн яллагдагчаар мэдүүлсэн:… Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тухайн өдөр болсон хэргийн талаар юу ч санахгүй байна. Бүх зүйлээ цагдаа дээр ирж мэдээд уусан архи гарч ухаан орсон...”гэх мэдүүлэг  /хх-н 38-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

           Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийнын ****** багийн нутаг дэвсгэрт ******* төвийн арын төв засмал замын голд орилж хашгиран байх үед нь явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Орхон аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамгаалалтын ажилтан цагдаа нарын шаардлагыг эсэргүүцэн дэд ахлагч, хууль сахиулагч Л.И-ын нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохижээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Э.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Орхон аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамгаалалтын ажилтан цагдаа нарын шаардлагыг эсэргүүцэн, дэд ахлагч Л.И-ын нүүрэн тус газарт гараараа цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн нь  хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин гуравдугаар бүлэгт “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг зааж тогтоосон ба 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлохдоо “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол ...ял шийтгэнэ” гэж хохирол шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүний шинжтэй заасан. 

         2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Орхон аймгийнын ****** багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Цагдаагийн газрын Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамгаалалтын ажилтан цагдаа Л.И нь Ж.П, Э.Б нарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь Орхон аймгийн Цагдаагийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/34 дугаартай “Л.И-ыг ажилд томилж, цагдаагийн цол олгох тухай” тушаал, ажил байдлын тодорхойлолтын хуулбар, Цагдаагийн газрын 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн “Орхон аймагын хотын төвийн багийн нутаг дэвсгэрт эргүүл шалгалт хийж ажиллах алба хаагчийн хуваарь гэх баримт зэргээр нотлогдож тогтоогдсон, төв засмал замын голд зогсоод орилж хашхирч байсан Э.Б-д албан үүргийн дагуу шаардлага тавихад эсэргүүцэж Л.И-ын биед халдсан байна.            

      Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэв.

       Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус, нийгэмд аюултай шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.  

          Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

           Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

        5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

         Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.          

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн хууль сахиулагчийг хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

-шүүгдэгч Э.Б өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Согтуугаар хүний биед халдсандаа гэмшиж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судалж,

шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 3000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэж,

-Шүүгдэгч: Би банкны өр зээлтэй, БНСУ явахаар  виз мэдүүлсэн байгаа, торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэж тус тус санал гаргажээ.

 

3. Хохирол төлбөрийн тухайд:     

 Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдрийн 200 дугаартай “...Л.И-ын биед нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлтээр Л.И-ын биед гэмтэл хохирол тогтоогдоогүй, төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч 30,000 төгрөг төлсөн, шүүгдэгч төлөх төлбөргүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Э-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.А